Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2017/01287

 

 

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2017/01287

Дархан-Уул аймаг

 

2016.01.

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00929

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ..........................................тоотод оршин суух, .............. овгийн М-ийн Б- /РД: .................., утас: ..................... /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .............................. тоотод оршин суух, . овгийн С-ын А- /...РД: .................., утас: ....................../-д холбогдох

 

..............-ДА тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ..................... дугаартай, Дархан-Уул аймаг, ...................................... тоот өрөөг суллуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э-, хариуцагч С.А-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н- нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Би 2004 оны 8 дугаар сард Дархан сумын .................................................... тоот өрөөг хувьчилж авсан боловч ар гэрийн гачигдлын улмаас Улаанбаатар хот руу шилжсэн юм. Ингээд хэсэг хугацааны дараа СӨХ-оор нь дамжуулаад өрөөгөө авах талаар ярихад ...бид нар мэдэхгүй ээ, та нар өөрсдөө л учраа ол... гэсэн. Би С.А-гаас миний өрөөг 13 жил ашигласны хөлсөнд мөнгө нэхээгүй, суллаад өгчих гэсэн юм. Намайг энэ өрөөг хувьчилж авч байхад 2004 онд 0-н өрөөн.ий түрээс сарын 10,000 төгрөг байсан, одоо 15,000 төгрөг болсон юм билээ. С.А- миний өмчлөлийн өрөөг өөрийн сайн дураар суллаж өгөхгүй байгаа тул түүнийг хуулийн дагуу шийдүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

...М.Б- нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ........................................... орцны 00 тоотод 1996 оноос амьдарч байгаад 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын 140 тоот тогтоолын дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн уг 00 тоот өрөөг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Гэтэл С.А- ямар нэгэн гэрчилгээгүй байж одоог хүртэл уг байранд амьдарч байгаа. Маргаан бүхий 00 тоотын хууль ёсны өмчлөгч нь М.Б- болох нь уг орон сууцны ордероос харагдаж байгаа. 2004 онд Засгийн газрын тогтоол гарсан. Хариуцагч 13 жилийн хугацаанд шитний өрөөний хувьчлалын талаар ямар нэгэн гомдлыг холбогдох газарт гаргаж байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч С.А- нь 1999 оноос хойш 13 жил амьдарч байна гэж байгаа боловч Улсын бүртгэлээс харахад С.А- нь уг байранд 2012 оноос хойш амьдарсан байна. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С- овогтой А- миний бие 1990 онд анх Дархан хотод ирж ажиллаж амьдарч байгаад 1999 онд дээрх маргаад байгаа Дархан-Уул аймаг, Дархан сум, ...................................... шитний өрөөнд нөхөр Д.А-тай хамт амьдарч эхэлсэн. Миний ажил бол 4-4 дүгээр байрны зургаан орцны үйлчлэгчийн ажлыг хариуцан ажиллаж байсан. Тус 0-ын шитний өрөөнд 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу 18 жил амьдрахдаа 4 хүүхэдтэй болсон. 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор намайг 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгааг тодорхойлсон байдаг. Мөн манай 13 дугаар орцны оршин суугчид намайг энэ орцны шитний өрөөнд 1999 оноос хойш амьдарсныг гэрчилнэ. Гэтэл гэнэт энэ шитний өрөө 2004 онд хувьчлагдаж эзэнтэй болсонд гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул би Дархан сумын 9 дүгээр багийн 4-4 дүгээр байрны 013 тоот өрөөний Улсын бүртгэлийн ..................... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болно. Ам бүл зургуулаа тэр шитний өрөөнд амьдардаг бөгөөд энэ өрөөнөөс гарвал очих газар үгүй тул энэхүү шитний өрөөг хууль бусаар бусдад олгуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

...С- овогтой А- би 1999 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4.4 дүгээр байрны Сууц Өмчлөгчдийн Холбоонд үйлчлэгчээр ажилд орсноос хойш Дархан сумын 9 дүгээр багийн ................... тоот үйлчилгээний өрөөнд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа билээ. Намайг энэ байранд 1999 оноос хойш амьдарч байгааг 9 дүгээр багийн Засаг дарга, СӨХ-ны дарга, ажилчид, оршин суугчид бүгд мэднэ. Би өөрийн амьдарч байгаа байраа өмчилж авъя, гэрчилгээгээ гаргуулъя гээд аймгийн Орон сууц хувьчлалын товчоо, аймгийн Захирагчийн албан дээр очиход Шитний өрөөнд гэрчилгээ олгохгүй байгаа гэдэг хариу өгдөг байсан. 2004 оны хавьцаа аймгийн Орон сууц хувьчлалын товчооны нарийн бичгийн дарга М.Батболд гэж хүн ирээд Шитний өрөөнүүдийг оршин сууж байгаа иргэдэд нь хувьчлахаар болсон. Одоо энэ байрыг таньтай хэн ч булаацалдахгүй гэж хэлээд явсан. Гэтэл М.Б- гэдэг хүн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.А-гаас ..............-ДА тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ..................... дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, . ................................тоот өрөөг суллуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар өөрийн эрх зөрчигдсөн талаар олж мэдлээ. 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 140 дүгээр Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолоор ...хүн амьдрах шаардлага хангасан өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх-ээр шийдвэрлэсэн байдаг. Би энэ тогтоол гарахаас өмнө амьдарч байсан учраас Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар амьдарч байсан байраа өмчилж авах давуу эрхтэй. Иймд Дархан-Уул, Дархан сум, ..............-ДА тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ..................... дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ............................ дүгээр байрны шударга эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү. гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э- шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тайлбартаа:

...Иргэн М.Б- би Дархан сум, ................................................. тоот өрөөнд анх 1996 оноос амьдарч байгаад Орхон аймаг руу шилжсэн. Энэ хооронд 2004 оны 5 сарын 26-ны өдрийн 140 тоот Засгийн газрын тогтоол гарч Хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн нэр дээр хувьчилж авсан юм. Гэтэл иргэн С.А- нь дээрх байрыг эзэмших, өмчлөх ямар ч эрхийн гэрчилгээгүй байж одоо болтол миний байранд амьдарч суллаж өгөлгүй намайг хохироож байна. Би дээрх байрны хууль ёсны өмчлөгч гэдэг нь зохих байгууллагаас олгосон улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа болно. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Итгэмжлэл болон хэргийн материалаас харахад М.Б- өөрөө нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Учир нь хэрэгт авагдсан итгэмжлэл дээр 3 өөр төрлийн Болормаа гэх гарын үсэг байдаг. Тухайн үед эзэмших эрхийн гэрчилгээ байгаагүй. Учир нь маргаан бүхий 00 тоот нь цахилгааны шитний өрөө байсан. 1996 онд М.Б-гийн эзэмшилд маргаан бүхий шитний өрөө байсан. Гэхдээ М.Б- Эрдэнэт рүү шилжиж, 1999 оноос С.А- уг шитний өрөөнд амьдарч байгаа. М.Б-д С.А-г маргаан бүхий шитний өрөөнд амьдарч байгааг мэдсэнээс хойш 3 жилийн дотор хууль бус эзэмшигчээс хөрөнгөө шаардах эрх нь байсан. Гэвч шаардлага гаргах хугацаа нь өнгөрсөн. Харин С.А- нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М.Б-г нэхэмжлэл гаргаснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар нэхэмжлэлээ гаргасан гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б-гийн хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан Дархан сумын 9 дүгээр баг................................. тоот шитний өрөөнөөс нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч М.Б- нь Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор маргааны зүйл болж байгаа Дархан сумын ............................................... тоот шитний зориулалттай 1 өрөө орон сууцыг дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт хувьчлан авсан байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна.

Маргааны зүйл болж байгаа шитний зориулалттай орон сууц нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарах байна.

Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...2004 оны 08 дугаар сард хувьчилж авсан боловч ар гэрийн гачигдлын улмаас Улаанбаатар хот руу шилжсэн. Ингээд хэсэг хугацааны дараа СӨХ-оор нь дамжуулаад өрөөгөө авах талаар ярихад бид нар мэдэхгүй ээ, өөрсдөө учраа ол гэсэн гэж тодорхойлон нэхэмжлэлээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэснээр нэхэмжлэгч М.Б- нь 2008 оны 08 дугаар сард хувьчлалаа өмчлөх эрхтэй болсон шитний зориулалттай 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхээ хэрэгжүүлээгүй буюу хэрэгжүүлэх үйлдэлд М.Б- болон бусад этгээд саад болж байсан эсэх, 2004 оны 08 дугаар сард Улаанбаатар хот ар гэрийн гачигдлаар шилжсэн, СӨХ-оор дамжуулаад мэдэгдсэн гэх байдлууд буюу Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл байдал үүссэн гэж үзэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд өөрийн өмчлөлийн зүйлийг шаардаж байсан талаархи нотлох баримтыг ирүүлээгүй, 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өмчлөх эрхтэй болсон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааны талаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хариуцагчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би 1999 оноос одоог хүртэл амьдарч байгаа, надад шитний өрөөг хувьчлахгүй гэж хариу өгч байсан гэсэн хариуцагчийн татгалзал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, маргаж байгаа орон сууцанд С.А-, гэр бүл хүүхдүүдийн хамт амьдарч байхад өөр этгээдэд хувьчилсан... гэсэн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Хариуцагч С.А-гийн Дархан сумын ....................тоот шитний зориулалттай 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч С.А- сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...1999 онд СӨХ-нд үйлчлэгчээр ажилд орсноос хойш 013 тоот үйлчилгээний өрөөнд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэсэн бөгөөд энэ үйл явдал нь Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын ...Иргэн С- овогтой А- / РД............................./ ............................................................шитний өрөөнд нөхөр хүүхдүүдийн хамт ам бүл зургуулаа 1999 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа, нөхөр Д.А-, хүү А.Б- нар эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн 2188 тоот, мөн даргын С.А- 13-0 тоотод ам бүл зургуулаа оршин суудаг. Нөхөр хүүхдүүдийн хамт 1999 оноос хойш оршин сууж байгаа нь хуучин өрхийн бүртгэлийн дэвтэр, архивт байгаа бичиг баримтаар нотлогдож байгаа болно гэсэн 2344 тоот, гэрч Ч.Г-гийн ...С.А- 1999 оноос хойш шитний өрөөнд амьдарч байгаа... гэсэн мэдүүлэг, гэрч Н.А-ийн ...С.А- манай хөрш, манайх 2006 онд 4/4 дүгээр байранд нүүж орсон. Манай охин 2001 онд 4/4 дүгээр байранд амьдарч эхэлснээс С.А-г 2001 оноос амьдарч байгаа гэдгийг санаж байна... гэсэн мэдүүлэг, гэрч Т.У- ...2000 онд 4/4 дүгээр байрны .............. СӨХ-ны байцаагчаар ажиллаж байсан. С.А- 1999 оноос..... тоотод амьдарч байгаа, өөр хүн амьдарч байгаагүй... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд С.А-г маргааны зүйл болж байгаа Дархан сумын ....................тоот шитний зориулалттай 1 өрөө орон сууцанд 1999 оноос 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл амьдарч байгаа болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-гийн хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан Дархан сумын ....................тоот шитний зориулалттай 1 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хариуцагч С.А- Дархан сумын ....................тоот шитний зориулалттай 1 өрөө орон сууцанд 1999 оноос 2017 оны 12 дугаарын 14-ний өдрийг хүртэл амьдарч байгаа болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд төлсөн 80,880 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, С.А-г сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ