Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 11

 

М.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00929/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1287 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.А-д холбогдох

          “0106470-ДА тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003017236 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-4 дүгээр байрны 013 тоот 00-н өрөөг суллуулах” тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б-гаас:

2004 оны 8 дугаар сард Дархан сумын 9 дүгээр багийн 4-4 дүгээр байрны 13 дугаар орцны 00 тоот өрөөг хувьчилж авсан боловч ар гэрийн гачигдлын улмаас Улаанбаатар хот руу шилжсэн юм. Хэсэг хугацааны дараа Сууц өмчөгчдийн холбоогоор дамжуулж өрөөгөө авах талаар ярихад бид нар мэдэхгүй гэсэн. Би С.А-гаас миний өрөөг 13 жил ашигласны хөлсөнд мөнгө нэхээгүй, суллаж өгөх шаардлага тавьсан. Намайг энэ өрөөг хувьчилж авч байхад 2004 онд 00-н өрөөний түрээс сарын 10.000 төгрөг байсан, одоо 15.000 төгрөг болсон. Иймд хариуцагч С.А- нь миний өмчлөлийн өрөөг өөрийн сайн дураар суллаж өгөхгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос:

М.Б- нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 13 орцны 00 тоотод 1996 оноос амьдарч байгаад 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын 140 тоот тогтоолын дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн уг 00 тоот өрөөг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Гэтэл С.А- ямар нэгэн гэрчилгээгүй байж одоог хүртэл уг байранд амьдарч байна. Маргаан бүхий 00 тоотын хууль ёсны өмчлөгч нь М.Б- болох нь уг орон сууцны ордероос харагдаж байх бөгөөд мөн 2004 онд Засгийн газрын тогтоол гарсан. Хариуцагч 13 жилийн хугацаанд шитний өрөөний хувьчлалын талаар ямар нэгэн гомдлыг холбогдох газарт гаргаж байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч С.А- нь 1999 оноос хойш 13 жил амьдарч байна гэж байгаа боловч Улсын бүртгэлээс харахад С.А- нь уг байранд 2012 оноос хойш амьдарсан байна гэжээ.

Хариуцагч С.А-гаас:

Би 1990 онд анх Дархан хотод ирж ажиллаж амьдарч байгаад 1999 онд Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-4 дүгээр байрны 013 дугаар орцны 00-ын шитний өрөөнд нөхөр Д.Ажаатай хамт амьдарч эхэлсэн. Тус 0-ын шитний өрөөнд 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу 18 жил амьдрахдаа 4 хүүхэдтэй болсон. 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор намайг 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгааг тодорхойлсон байдаг. Мөн манай 13 дугаар орцны оршин суугчид намайг энэ орцны шитний өрөөнд 1999 оноос хойш амьдарсныг гэрчилнэ. Гэтэл гэнэт энэ шитний өрөө 2004 онд хувьчлагдаж эзэнтэй болсонд гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ам бүл зургуулаа тэр шитний өрөөнд амьдардаг бөгөөд энэ өрөөнөөс гарвал очих газар үгүй тул энэхүү шитний өрөөг хууль бусаар бусдад олгуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгээс:

Итгэмжлэл болон хэргийн материалаас харахад М.Б- өөрөө нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Учир нь хэрэгт авагдсан итгэмжлэл дээр 3 өөр төрлийн Б- гэх гарын үсэг байдаг. Тухайн үед эзэмших эрхийн гэрчилгээ байгаагүй. Учир нь маргаан бүхий 00 тоот нь цахилгааны шитний өрөө байсан. 1996 онд М.Б-гийн эзэмшилд маргаан бүхий шитний өрөө байсан. Гэхдээ М.Б- Эрдэнэт рүү шилжиж, 1999 оноос С.А- уг шитний өрөөнд амьдарч байна. Нэхэмжлэгч М.Б-д С.А-г маргаан бүхий шитний өрөөнд амьдарч байгааг мэдсэнээс хойш 3 жилийн дотор хууль бус эзэмшигчээс хөрөнгөө шаардах эрх нь байсан. Гэвч шаардлага гаргах хугацаа нь өнгөрсөн. Харин хариуцагч С.А- нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М.Б-г нэхэмжлэл гаргаснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн тул шүүхэд  нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч С.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Би 1999 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4.4 дүгээр байрны Сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажилд орсноос хойш Дархан сумын 9 дүгээр багийн 4.4 дүгээр байрны 013 тоот үйлчилгээний өрөөнд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Намайг энэ байранд 1999 оноос хойш амьдарч байгааг 9 дүгээр багийн Засаг дарга, Сууц өмчлөгчдийн холбооны дарга, ажилчид, оршин суугчид бүгд мэднэ. Би өөрийн амьдарч байгаа байраа өмчилж авъя, гэрчилгээгээ гаргуулъя гээд аймгийн Орон сууц хувьчлалын товчоо, аймгийн Захирагчийн албанд очиход “Шитний өрөөнд гэрчилгээ олгохгүй байгаа” гэдэг хариу өгсөн. 2004 онд аймгийн Орон сууц хувьчлалын товчооны нарийн бичгийн дарга М.Батболд гэж хүн ирээд “Шитний өрөөнүүдийг оршин сууж байгаа иргэдэд нь хувьчлахаар болсон. Гэтэл нэхэмжлэгч М.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өөрийн эрх зөрчигдсөн талаар олж мэдлээ. 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 140 дүгээр “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолоор “хүн амьдрах шаардлага хангасан өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн байдаг. Би энэ тогтоол гарахаас өмнө амьдарч байсан байраа өмчилж авах давуу эрхтэй. Иймд Дархан-Уул, Дархан сум, 0106470-ДА тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003017236 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-4 дүгээр байрны шударга эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Б- би Дархан сум, 9 дүгээр баг, 4-р хороолол, 4-р байрны 013 тоот өрөөнд анх 1996 оноос амьдарч байгаад Орхон аймаг руу шилжсэн. Энэ хооронд 2004 оны 5 сарын 26-ны өдрийн 140 тоот Засгийн газрын тогтоол гарч “Хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн нэр дээр хувьчилж авсан юм. Гэтэл хариуцагч С.А- нь дээрх байрыг эзэмших, өмчлөх ямар ч эрхийн гэрчилгээгүй байж одоо болтол миний байранд амьдарч суллаж өгөхгүй, намайг хохироож байна. Би дээрх байрны хууль ёсны  өмчлөгч гэдэг нь зохих байгууллагаас олгосон улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1287 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-гийн хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан Дархан сумын 9 дүгээр баг 4/4 байр 13 дугаар орц 00 тоот  шитний зориулалттай 1 өрөө орон сууцнаас  нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хариуцагч С.А- Дархан сумын 9 дүгээр баг 4/4 байр 13 дугаар орц 0  тоот  шитний  зориулалттай 1 өрөө орон сууцанд 1999 оноос 2017 оны 12 дугаарын 14-ний өдрийг хүртэл амьдарч байгаа болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ХААН банк төрийн сан 190.000.941 тоот дансанд төлсөн 80.880 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, С.А-г сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч С.А- нь хуулийн хүчин төгөлдөр бичиг баримттай байрыг үнэ төлбөргүй 10 гаруй жил ашиглачихаад хууль ёсны эзэн нь өмч хөрөнгөө авъя гэхэд өгөхгүй, би энд олон жил амьдарсан учир миний өмч гэж байгаа нь шударга бус үйлдэл гэж үзэж байна. Байрны түрээс, хөлс мөнгө гэж нэг ч төгрөгийг хариуцагч С.А-гаас одоог хүртэл нэхээгүй. М.Б- нь уг өрөөг хувьчилж авахаар хөөцөлдөж, бичиг баримтаа бүрдүүлж байх үед буюу 2004 оны 5,6 дугаар сард С.А-, Д.Ажаа нарт Дарханы цахилгаан станцаас хуучин Дарханы өнгөт хороололд байр өгч тэндээ амьдарч байсан. Хариуцагч С.А-г нөхөр хүүхдүүдтэйгээ амьдарч байхад нь 4-4-р байрны 013 тоот өрөөг хувьчилж аваагүй, харин М.Б-г гачигдлын улмаас Улаанбаатар хот явсны дараагаас хариуцагч нь өнөөдрийг хүртэл үнэ төлбөргүй уг өрөөг эзэмшиж байна. Иймд М.Б-гийн өмч хөрөнгөө эзэмших эрхийг хуулийн дагуу хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Б- хариуцагч С.А-д холбогдуулж, Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 13 тоот шитний өрөөнөөс нүүлгэн гаргах шаардлага бүхий нэхэмжлэл, хариуцагч С.А- маргаж буй байрны шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Б-гийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.А-гийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар  маргаж буй 1 өрөө орон сууцанд 1999 оноос 2017 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэл амьдарч байгаа болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд эс зөвшөөрч “нэхэмжлэгч М.Б-гийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших эрхийг холбогдох хуулийн дагуу хангаж шийдвэрлэж өгнө үү” гэж давж заалдах  гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзвэл нэхэмжлэгч М.Б- Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 13 тоот 12 ам метр талбай бүхий 1 өрөө орон сууцыг хувьчлан авч Улсын бүртгэлийн Ү-2003017236 дугаарт бүртгүүлж, 0106470 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Нэхэмжлэгч М.Б- уг орон сууцыг хувьчилж авснаас хойш тус байранд амьдраагүй, Улаанбаатар хот руу шилжин явсан байна.

Тус байранд хариуцагч С.А-г амьдарч байгааг нэхэмжлэгч М.Б- мэдэж байсан бөгөөд 2017 оны хавар хүртэл энэ 1 өрөө орон сууцны талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т ”Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх  ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар шаардлага гаргаж байгаагүй болох нь өөрийнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад баримтуудаар нотлогдоно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”, 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч М.Б- өөрт нь хуулиар олгогдсон шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуулийн үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч С.А- Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 13 тоот 1 өрөө орон сууцанд 1999 оноос хойш өнөөг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь С.А-, түүний нөхөр Д.Ажаа, охин Ажаагийн Отгонзул, Ажаагийн Баярзул нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 9 дүгээр багийн засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1940 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2188 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2344 дугаартай тодорхойлолтууд, 9 дүгээр багийн хүн ам, өрхийн бүртгэл, хүн амын тооллого, иргэний бичиг баримт, шилжих хөдөлгөөний улсын үзлэгийн хуудас, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”, цахилгаан бичилт төлбөрийн тооцоо, тооцооны хуудас, иргэдэд үйлчлэх автомат машины тодорхойлолт, гэрч Т.Урансайхан, Н.Алтангэрэл, Ч.Гэрэлмаа нарын мэдүүлгүүдээр тус тус  нотлогдож байна.

Харин дээрх байдлаас үзвэл хариуцагч С.А-г Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар маргаж буй 1 өрөө орон сууцны  шударга эзэмшигч мөн гэж үзнэ.

Хариуцагч С.А- тус 1 өрөө орон сууц 2004 онд бусдын нэр дээр хувьчлагдсан гэдгийг 2017 он хүртэл мэдээгүй бөгөөд өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байжээ.

С.А-гийн сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд тэрээр маргаж буй шитний өрөөний шударга эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх шаардлагаас өөрөөр дүгнэлт хийснийг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь хуульд харшлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:  

 “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-гийн хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан Дархан сумын 9 баг, 4/4 дүгээр байрны 13 тоотын 1 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

 “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-гийн хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан Дархан сумын 9 баг, 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 13 тоотын 1 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

  2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хариуцагч С.А-  Дархан сумын 9 баг, 4/4 дүгээр байрны 13 тоотын 1 өрөө орон сууцанд 1999 оноос 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл амьдарч байгаа болохыг тогтоосугай” гэснийг

“Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хариуцагч С.А- Дархан сумын 9 баг, 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 13 тоотын 1 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.880 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХЖАРГАЛ

                                     ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           Л.АМАРСАНАА