Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2018/00454

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/00233/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Ж.Г /РД: ..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, өөрийн байранд байрлах ... аймгийн ... сумын 12 жилийн ... дүгээр дунд сургууль /Утас: .../-д холбогдох

 

“2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот захирлын тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Н.С, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 12-нд ... сумын Ерөнхий боловсролын ... сургуульд хөгжмийн багшаар ажилд орж тухайн үеийн захирал Г.Дтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2017 оны 9-р сарын 22-нд шинэ захирал Н.Стай дахин хөдөлмөрийн гэрээ хийсэн ба дахин ажилд авсан тушаал гаргаагүй болно. 2018.01.24-ний өглөө ажилдаа очиход нярав Аээр дамжуулж 2018.01.23-ны өдрийн Б/04 тоот ажлаас халсан тушаалыг гардуулж өгсөн юм. 1-р сарын 24-нд эхний 2 цагийн хичээлээ заачихаад захиралтай уулзах гэхэд байгаагүй учир 1-р сарын 26-нд уулзаж, яагаад халсан учрыг асуухад 1-р сарын 4, 5-нд ... хот руу туршлага судлахаар яваагүй ажил тасалсан, чамтай өөр ярих зүйлгүй, тушаал дээр чинь тодорхой байгаа, шүүхээр явж болно гэж хэлснээр бид хоёрын яриа дууссан. Багш нар 2018.01.04-ний өдрөөс 05-ны өдөр ... хот руу туршлага судлахаар явна гэж  төлөвлөсөн байсан. Гэтэл 2018 оны 01.03-ны өдөр миний эрүүл мэндийн байдал муу байсан тул 16:00 цаг өнгөрч байхад сургалт хариуцсан менежертээ хэлж чөлөө хүссэн боловч тийм боломж байхгүй явна шүү гэсэн. Маргааш өглөө нь 8 цагийн үед явах байсан ба орой нь миний гэдэс гүүлгээд эм уугаад унтсан.  Өглөө 9  цагийн үед биеийн байдал арай гайгүй болохоор нь 09:00 цаг өнгөрөөгөөд ажлын байрандаа очоод дугуйлангаа хичээллүүлэх ёстой гээд  ажил руугаа явсан. Тэгтэл С захирал ажил тасалсан гээд ажлаас халсан. Би тухайн үед ажлын байрандаа байсан. Иймд ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2018.01.23-ны өдрийн Б/04 тоот тушаалыг зөвшөөрөхгүй байгаа. Байгууллагын дотоод журмын 11.6 дугаар зүйлд заасан заалтыг баримталж тушаалаа гаргасан байсан. Дээрх тушаалд сахилгын зөрчлийг давтан гаргасан бол гэж байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулинд сахилгын шийтгэлийг давтан гаргасан бол гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т захиргааны журмаар гэж бичсэн байгаа. Мөн хуулийн 40.1.4-т зааснаар арга хэмжээ авсан байна. Үүнийг би ойлгохдоо 2 ба түүнээс дээш цагаар ажлын цаг тасалсан бол гэдэг дээр арга хэмжээ авсан гэж ойлгож байна. Гэтэл Ж.Г нь 2018.01.04-ний өдрөөс 2018.01.05-ны өдөр ... хотод туршлага судлах ажлаар яваагүй боловч ажил дээрээ ирээд цагаа бүртгүүлээд ажлаа хийгээд явж байсан. Хүний бие хэзээ ч өвдөж болно. Тухайн үед бие нь өвдсөн талаар өөрийг нь хариуцсан менежертээ хэлж мэдэгдэж утсаар ярьсан гэдэг нь мобикомын лавлагаагаар нотлогдож байгаа. Сургалтын менежер нь би чөлөө өгөх боломжгүй гэж хэлсэн гэсэн энэ талаар маргахгүй. Ж.Гын эрүүл мэндийн байдал тааруу байсан учир ажлынхантайгаа хамт хол газар яваад байх боломж байсан уу гэдгийг хүн өөрөө мэднэ. Энэ талаараа хэлсэн. Тэгээд маргааш нь бие нь арай гайгүй болохоор нь ...  хот явж чадаагүй учир сургууль дээрээ очоод ажлын цагаа бүртгүүлээд явсан. Тухайн үед ажилласан гэдэг нь бүртгэгдсэн байгаа. Сахилгын шийтгэлтэй байхдаа давтан гаргасан уу? гэдэг нь яригдана. 2017.11 сард сахилгын сануулах арга хэмжээ авагдаж цагдаагийн байгууллагаас 100.000 төгрөгөөр торгуулсан гэдэг. Энэ асуудалд маргаан байхгүй, ажлын байрандаа байгаагүй бол ажил тасалсан гэж үзэх байсан. Гэтэл менежертээ хэлээд ажилласан. Иймд ажлын цагийн 2  ба түүнээс дээш цаг тасалсан гэдэг нь үндэслэлгүй. Мөн туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилдаа хангалтгүй, багшлах эрхгүй гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т хамааралгүй, үнэхээр тэгж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн бусад заалтаар арга хэмжээ авах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие 2017.09.17-ны өдөр тус сургуулийн захирлаар томилогдож ажилласан. ... хотруу явах ажил нь намайг томилогдохоос өмнө төлөвлөгөөнд орсон ажил байсан. 2018.01.02-ны өдөр Даваа гариг байсан. Тухайн өдөр туршлага судлах төлөвлөгөөт ажлын талаарх бэлтгэл ажилтай холбогдуулан ярилцаж шийдвэрлээд албан ёсоор чөлөө хүссэн Э, Б, Х, Т гэх 4 ажилтнаа чөлөөлөөд үлдсэн хүний тоогоор зардлаа тооцоолоод явсан. 2018.01.03-ны өдөр энэ талаар хэлээд 2018.01.04-ний өглөө 06:00 цаг өнгөрч байхад явцгаасан. Ж.Г яваагүй. ... хотоос ирээд Ж.Гтой уулзаад яагаад яваагүй талаар асуухад эрүүл мэндийн шалтгаанааар яваагүй гэж амаараа хэлсэн. Өвчтэй байсан бол нотлох баримттай байх ёстой, чөлөө авахаар байсан бол албан ёсоор чөлөө авах байсан. Би өмнөх өдөр нь сургууль дээр 19:00 цаг хүртэл байсан. Мөн багш ажилчид 1 жилд 2 удаа ажлаа дүгнүүлдэг. Тухайн үед 2-р улирал дууссан байсан 2018.01.17-ны өдөр байгалийн ухааны заах аргын тайлан хамгаалалт болсон. Хагас жилийн үнэлгээгээр Ж.Г нь хангалтгүй үнэлэгдсэн. Өмнө нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар иргэнээс ирсэн хүсэлтийн дагуу 2017.11.14-ний өдрийн тушаалаар сахилгын сануулах шийтгэлтэй байсан. Сургуулийн дотоод журамдаа сахилгын шийтгэл давтан гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасан байгаа. 2018.01.22-ны өдрийн захирлын зөвлөлийн дэргэдэх зөвлөлийн хурал дээр зөрчил гаргасан ажилчдын талаар хэлэлцсэн. Тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалаа үндэслэлтэй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ажил олгогч ажилчдын хоорондын харицааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байгаа. 2018.01.23-ны өдрийн Б/04  тоот ажлаас чөлөөлөх тушаалыг нэрнээс нь уншихаар ойлгомжтой байгаа. Сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.2-т ажил олгогчийн санаачилгаар гэж байгаа. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т сахилгын шийтгэл давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор заагаад өгсөн байгаа. Дээрх 2 заалтыг давхар барьсан байгаа боловч давхар барьсан гэдгээрээ хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, нөхцөл байдал нь бүрдсэн учраас хоёуланг нь  барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-131.1.3 хүртэл урьдчилсан нөхцлийн талаар заагаад өгсөн байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6-д ажлыг 2 ба түүнээс олон цаг тасалсан бол гэж байгаа. Нэхэмжлэгч  өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талыг яг юун дээр маргаад байгааг ойлгохгүй байна. Тэр өдөр бие өвдсөн гэж байгаа боловч тэрийгээ нотлох ёстой гэтэл хэргийн материалд эмнэлгийн акт болон эмийн жорын нэг ширхэг хуудас ч байхгүй, дотоод журмаа мэдэж байж ямар ч баримтгүй өөрийгөө зөвтгөнө гэж байхгүй. Дотоод журмын 7 дугаар зүйлийн 10-т 1 хоногоос дээш хугацаагаар чөлөө авахаар бол захирлаас авна гэж тодорхой заагаад өгсөн байгаа. Тухайн үед албан ёсоор 4 багшид чөлөө өгсөн. Энэ тушаал шийдвэрийг захирал бодож байгаад гаргачихдаг юм биш. Хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах гэж байгаа учир харж үзье гээд тухайн үйлдэл болсноос хойш 10 гаран хоногийн дараа захирлын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг санал оруулаад олонхийн саналаа энэ шийдвэрийг гаргасан. Шийдвэрийг нотлох баримтанд тулгуурлаж гаргадаг. ... хотоос ирээд уулзсан гэдэгт маргаан байхгүй, туршилтын хугацаагаар ажилд орсон зүйл байхгүй гэж байна. 2017.04.10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар ажилд орсон. Тушаалын үндэслэлд түр гэж бичээгүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд түр гэж байгаа. 2017.11.14-ний өдөр хүүхэд зодсон асуудлаар сануулах арга хэмжээ авсан. Тухайн үед ажлаас халж болох байсан гэвч тэгээгүй. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 1 жилийн хугацаанд дахин сахилгын шийтгэл аваагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно гэж байгаа. Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй. Өмнөх тушаалд гомдол гаргаагүй зөвхөн захирал ч биш цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авсан. 2018.01.23-ны өдрийн Б/04  тоот тушаалын бичвэр хэсэгт товчхон бичсэн хэдий ч 1 хоногийн өмнө захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч ... аймгийн ... сумын 12 жилийн ... дүгээр дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот “Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах” тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг гаргажээ.

 

Ж.Г  нь ... аймгийн ... сумын 12 жилийн ... дүгээр дунд сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн захирлын 2018 оны  01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Б/04 тоот тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Дээрх Б/04 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 131.1.3, 40.1.4 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 11.6 дахь заалтыг тус тус үндэслэл болгон сахилгын шийтгэлтэй байхдаа  давтан сахилгын зөрчил гаргасан, мэргэжлийн заах арга ур чадвар муутай, хагас жилийн ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн, туршилтын хугацаагааар ажиллаж байсан, багшлах эрхгүй зэрэг зөрчил гаргасан гэж Ж.Гыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс тасалбар болгон цуцлахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.С шүүхэд гаргасан тайлбартаа ...Сургуулийн багш нар ... хотод мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах зорилгоор сурагчийн амралтаар 2018 оны 01 дүгээр сарын 4, 5-нд ажиллахад албан ёсны ажлыг ямар нэгэн  чөлөө зөвшөөрөлгүйгээр тасалсан үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчил гэсэн жагсаалтад багтсан, 1 сарын 4-5-нд ажилдаа ирж дугуйлангаа хичээллүүлэн ажлаа хийж өнгөрөөсөн гэсэн нь төлөвлөгөөт ажлаа таслан өөрийгөө хаацайлсан арга тайлбар, хагас жилийн ажлын тайлангаар хангалтгүй үнэлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Багшийн хөгжлийн багийн хамт олноос гаргасан туршлага судалж багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан удирдамжаар ...  сумын 4 дүгээр сургуулийн баг, ажилчид 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны хооронд ... хотод ... сургууль, ... дугаар сургуулийн сургалтын орчин, багш нарын үйл ажиллагаатай танилцан, лекц, чөлөөт ярилцлага хийхээр товлогдсон байна.

Тус сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар 5 асуудал авч хэлэлцэн үүнээс ... хотод багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд багш нарыг бүрэн хамруулах талаар ярилцан эрүүл мэндийн болон хүндэтгэх шалтгаантай багш нараа хэлэлцэн, багш нар сургалт туршлага судлах үйл ажиллагаанд хамрагдаж ажилдаа хэрэгжүүлэх нь зүйтэй гээд нэр бүхий 4 багшид чөлөө олгон 55 багш, сургуулийн захирал, сургалтын менежерүүд, номын санч, нийгмийн ажилтан нар туршлага судлах үйл ажиллагаанд оролцохоор болсон байна.

Уг арга хэмжээнд оролцох ёстой хөгжмийн багш Ж.Г ...Явахын өмнөх өдөр эрүүл мэндийн шалтгаантай байгаа тухайгаа хариуцсан менежер Б.От хэлсэн боловч чөлөө өгөх эрхгүй гэдгээ менежер хэлсэн, явах боломжгүй байсан ч маргааш нь бие гайгүй болсон тул ажилдаа ирэн дугуйлангаа хичээллүүлсэн тул би ажил таслаагүй... гэж тайлбарлаж байна.

Багшийн хөгжлийн багийн хамт олноос гаргасан Туршлага судалж багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны хооронд ... хотноо зохих хөтөлбөрийн дагуу явагдсан бөгөөд уг ажиллагаанд оролцоогүй байдлыг ажил тасалсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн нэг болгосон нь үндэслэлгүй байна.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 4 дүгээр сургуулийн багш нарын 1 дүгээр сарын багш нарын ажлын цаг бүртгэлийн 38-д Ж.Г 4,5-ны өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажилд ирснээр бүртгэгдсэн бөгөөд хотод болсон үйл ажиллагаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө олгогдсон Б.Э, Л.Б, Б.Х нарыг ч мөн ажилд ирснээр бүртгэсэн байна.

Бага дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар Ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага нь сургуулийн зөвлөл байна гэснээр багш нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2–д зааснаар сургуулийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.3-д зааснаар онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх үүрэгтэй ч биеийн эрүүл мэндийн байдлаас  тухайн арга хэмжээнд яваагүй атлаа ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан нь нотлогдож байна.

Мөн тушаалд Ж.Гыг ажлаас чөлөөлөх үндэслэлийг ...мэргэжлийн заах арга ур чадвар муутай, хагас жилийн ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн... гэж тодорхойлсон байна.

Ажилтан Ж.Гын тухайд салбарын болон тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс зэрэг эрх бүхий субъектын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн тушаалд Ж.Гыг туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэсэн бөгөөд түүний ажиллаж байсан хөгжмийн багшийн орон тоо байнгын ажлын байр бөгөөд ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй байна.

Мөн нөгөө талаар түүнийг ажилд анх авсан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалд түүнийг туршилтын хугацаагаар ажилд авсан талаар дурдаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-ыг үндэслэсэн бөгөөд хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохыг хуульчилсан ч сургуулийн дотоод журмын 7.3-т хугацааг тогтоогоогүй, 3 сар гэж хар өнгийн балаар бичсэнийг дотоод журмыг  батлах үед тогтоосон хугацааг нөхөн оруулсан эсэх, 3 сар гэж тогтоосон байсан эсэх нь тогтоогдохгүй, энэ талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

Мөн тушаалд Ж.Гыг тушаалд ...багшлах эрхгүй  зэрэг зөрчил гаргасан... гэжээ.

Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т багш нь багшлах эрхтэй байна, 21.Збагш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна гэж хуульчилсан байна.

Сургуулийн дотоод журмын 7.7-д ажилд орохыг хүссэн иргэнд тавигдах шаардлагад багшлах эрхийн үнэмлэх байхыг шаардаж байгаа боловч мөн журмын 1-д зааснаар ажилд орохыг хүссэн иргэдээс сонгон шалгаруулалтыг зохих журмаар авч Ж.Гыг ажилд авч  хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Иймд түүнийг хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилд авч, гэрээ байгуулан ажиллуулсан атлаа мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах үндэслэл болохгүй болно.

... аймгийн ... сумын 12 жилийн ... дүгээр дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот “Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах” тухай тушаалыг хүчингүйд тооцож, Ж.Гыг хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

Нэхэмжлэгч Ж.Г нь ажлаас халах тухай шийдвэр гарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 60 /түүний 1 дүгээр сард 7 хоног, 2 дугаар сард 19 хоног, 3 дугаар сард 21 хоног, 4 дүгээр сард 13 хоног ажиллах байсан/ хоног ажилгүй байсан, сарын цалин 578 109 төгрөг, нийт олговол зохих цалин 1,698,034 төгрөг /түүний 1 дүгээр сард 183,939 төгрөг, 2 дугаар сард 579,109 төгрөг, 3 дугаар сард 578,109 төгрөг, 4 дүгээр сард 357,877 төгрөг/ байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу …олговор олгох… хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Год хариуцагч ... аймгийн ... сумын 12 жилийн ... дүгээр дунд сургуулиас 1,698,034 төгрөг гаргуулан олгох нь зүйтэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж,  түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ...-Уул аймгийн ... сумын 12 жилийн ... дүгээр дунд сургуульд нэхэмжлэгч Ж.Гын  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээр дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар ...-Уул аймгийн ... сумын 12 жилийн ... дүгээр дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот “Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах” тухай тушаалыг хүчингүйд тооцож, Ж.Гыг хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 1,698,034 төгрөгийг ... сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ж.Год олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гын шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт  хийхийг ажил олгогчид даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ... аймгийн ... сумын 12 жилийн ... дүгээр дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 112,319 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод болгосугай. 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ