Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 66

 

Ж.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00233/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 454 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуульд холбогдох

“2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот захирлын тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч  Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирал Н.С-, өмгөөлөгч Б.Содболд нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Ж.Г-оос:

           ...Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 12-д Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуульд хөгжмийн багшаар ажилд орж тухайн үеийн захирал Г.Д-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2017 оны 9 дүгээр сарын 22-д шинэ захирал Н.С-тай дахин хөдөлмөрийн гэрээ хийсэн ба дахин ажилд авсан тушаал гаргаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө ажилдаа очиход нярав А-ээр дамжуулж 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот ажлаас халсан тушаалыг гардуулж өгсөн юм. 2018 оны 1 дүгээр сарын 24-д эхний 2 цагийн хичээлээ заачхаад захиралтай уулзах гэхэд байгаагүй учир 2018 оны 1 дүгээр сарын 26-д уулзаж, яагаад халсан учрыг асуухад 2018 оны 1 дүгээр сарын 4, 5-д Улаанбаатар хот руу туршлага судлахаар яваагүй ажил тасалсан, чамтай өөр ярих зүйлгүй, тушаал дээр чинь тодорхой байгаа, шүүхээр явж болно гэж хэлснээр бид хоёрын яриа дууссан. Багш нар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр Улаанбаатар хот руу туршлага судлахаар явна гэж төлөвлөсөн байсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний эрүүл мэндийн байдал муу байсан тул 16:00 цаг өнгөрч байхад сургалт хариуцсан менежертээ хэлж чөлөө хүссэн боловч тийм боломж байхгүй явна шүү гэсэн. Маргааш өглөө нь 8 цагийн үед явах байсан ба орой нь миний гэдэс гүйлгээд эм уугаад унтсан. Өглөө 9 цагийн үед биеийн байдал арай гайгүй болохоор нь 09:00 цаг өнгөрөөгөөд ажлын байрандаа очоод дугуйлангаа хичээллүүлэх ёстой гээд ажил руугаа явсан. Тэгтэл Н.С- захирал ажил тасалсан гээд ажлаас халсан. Би тухайн үед ажлын байрандаа байсан. Иймд ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатаас:

           2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот тушаалыг зөвшөөрөхгүй байгаа. Байгууллагын дотоод журмын 11.6 дугаар зүйлд заасан заалтыг баримталж тушаалаа гаргасан байсан. Дээрх тушаалд сахилгын зөрчлийг давтан гаргасан бол гэж байхгүй, Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэлийг давтан гаргасан бол гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т захиргааны журмаар гэж бичсэн байгаа. Мөн хуулийн 40.1.4-т зааснаар арга хэмжээ авсан байна. Үүнийг би ойлгохдоо 2 ба түүнээс дээш цагаар ажлын цаг тасалсан бол гэдэг дээр арга хэмжээ авсан гэж ойлгож байна. Гэтэл Ж.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод туршлага судлах ажлаар яваагүй боловч ажил дээрээ ирээд цагаа бүртгүүлээд ажлаа хийгээд явж байсан. Хүний бие хэзээ ч өвдөж болно. Тухайн үед бие нь өвдсөн талаар өөрийг нь хариуцсан менежертээ хэлж мэдэгдэж утсаар ярьсан гэдэг нь мобикомын лавлагаагаар нотлогдож байгаа. Сургалтын менежер нь би чөлөө өгөх боломжгүй гэж хэлсэн гэсэн энэ талаар маргахгүй. Ж.Г-ын эрүүл мэндийн байдал тааруу байсан учир ажлынхантайгаа хамт хол газар яваад байх боломж байсан уу гэдгийг хүн өөрөө мэднэ. Энэ талаараа хэлсэн. Тэгээд маргааш нь бие нь арай гайгүй болохоор нь Улаанбаатар хот явж чадаагүй учир сургууль дээрээ очоод ажлын цагаа бүртгүүлээд явсан. Тухайн үед ажилласан гэдэг нь бүртгэгдсэн байгаа. Сахилгын шийтгэлтэй байхдаа давтан гаргасан уу? гэдэг нь яригдана. 2017 оны 11 дүгээр сард сахилгын сануулах арга хэмжээ авагдаж цагдаагийн байгууллагаас 100.000 төгрөгөөр торгуулсан гэдэг. Энэ асуудалд маргаан байхгүй, ажлын байрандаа байгаагүй бол ажил тасалсан гэж үзэх байсан. Гэтэл менежертээ хэлээд ажилласан. Иймд ажлын цагийн 2 ба түүнээс дээш цаг тасалсан гэдэг нь үндэслэлгүй. Мөн туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилдаа хангалтгүй, багшлах эрхгүй гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хамааралгүй, үнэхээр тэгж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн бусад заалтаар арга хэмжээ авах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Н.С-аас:

            ...Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус сургуулийн захирлаар томилогдож ажилласан. Улаанбаатар хот руу явах ажил нь намайг томилогдохоос өмнө төлөвлөгөөнд орсон ажил байсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Даваа гариг байсан. Тухайн өдөр туршлага судлах төлөвлөгөөт ажлын талаарх бэлтгэл ажилтай холбогдуулан ярилцаж шийдвэрлээд албан ёсоор чөлөө хүссэн Эрдэнэжаргал, Буяа, Хишигжаргал, Туул гэх 4 ажилтнаа чөлөөлөөд үлдсэн хүний тоогоор зардлаа тооцоолоод явсан. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр энэ талаар хэлээд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 06:00 цаг өнгөрч байхад явцгаасан. Ж.Г- яваагүй. Улаанбаатар хотоос ирээд Ж.Г-той уулзаад яагаад яваагүй талаар асуухад эрүүл мэндийн шалтгаанаар яваагүй гэж амаараа хэлсэн. Өвчтэй байсан бол нотлох баримттай байх ёстой, чөлөө авахаар байсан бол албан ёсоор чөлөө авах байсан. Би өмнөх өдөр нь сургууль дээр 19:00 цаг хүртэл байсан. Мөн багш ажилчид 1 жилд 2 удаа ажлаа дүгнүүлдэг. Тухайн үед 2 дугаар улирал дууссан байсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгалийн ухааны заах аргын тайлан хамгаалалт болсон. Хагас жилийн үнэлгээгээр Ж.Г- нь хангалтгүй үнэлэгдсэн. Өмнө нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар иргэнээс ирсэн хүсэлтийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар сахилгын сануулах шийтгэлтэй байсан. Сургуулийн дотоод журамдаа сахилгын шийтгэл давтан гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасан байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн захирлын зөвлөлийн дэргэдэх зөвлөлийн хурал дээр зөрчил гаргасан ажилчдын талаар хэлэлцсэн. Тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалаа үндэслэлтэй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболдоос:

             Ажил олгогч ажилчдын хоорондын харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг нэрээс нь уншихаар ойлгомжтой байгаа. Сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т ажил олгогчийн санаачилгаар гэж байгаа. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т сахилгын шийтгэл давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор заагаад өгсөн байгаа. Дээрх 2 заалтыг давхар барьсан байгаа боловч давхар барьсан гэдгээрээ хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, нөхцөл байдал нь бүрдсэн учраас хоёуланг нь барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-131.1.3 хүртэл урьдчилсан нөхцөлийн талаар заагаад өгсөн байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6-д ажлыг 2 ба түүнээс олон цаг тасалсан бол гэж байгаа. Нэхэмжлэгч өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талыг яг юун дээр маргаад байгааг ойлгохгүй байна. Тэр өдөр бие өвдсөн гэж байгаа боловч тэрийгээ нотлох ёстой гэтэл хэргийн материалд эмнэлгийн акт болон эмийн жорын нэг ширхэг хуудас ч байхгүй, дотоод журмаа мэдэж байж ямар ч баримтгүй өөрийгөө зөвтгөнө гэж байхгүй. Дотоод журмын 7 дугаар зүйлийн 10-т 1 хоногоос дээш хугацаагаар чөлөө авахаар бол захирлаас авна гэж тодорхой заагаад өгсөн байгаа. Тухайн үед албан ёсоор 4 багшид чөлөө өгсөн. Энэ тушаал шийдвэрийг захирал бодож байгаад гаргачихдаг юм биш. Хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах гэж байгаа учир харж үзье гээд тухайн үйлдэл болсноос хойш 10 гаран хоногийн дараа захирлын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг санал оруулаад олонхын саналаа энэ шийдвэрийг гаргасан. Шийдвэрийг нотлох баримтад тулгуурлаж гаргадаг. Улаанбаатар хотоос ирээд уулзсан гэдэгт маргаан байхгүй, туршилтын хугацаагаар ажилд орсон зүйл байхгүй гэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар ажилд орсон. Тушаалын үндэслэлд түр гэж бичээгүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд түр гэж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүүхэд зодсон асуудлаар сануулах арга хэмжээ авсан. Тухайн үед ажлаас халж болох байсан гэвч тэгээгүй. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 1 жилийн хугацаанд дахин сахилгын шийтгэл аваагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно гэж байгаа. Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй. Өмнөх тушаалд гомдол гаргаагүй зөвхөн захирал ч биш цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авсан. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот тушаалын бичвэр хэсэгт товчхон бичсэн хэдий ч 1 хоногийн өмнө захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 454 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, Ж.Г-ыг хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 1.698.034 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-од олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Г-ын шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 112.319 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирал Н.С-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нар  давж заалдсан гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

             1. ...нэхэмжлэгч Ж.Г-ыг ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсан нь үндэслэлтэй эсэхийг шүүх бодитоор дүгнэж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль тогтоомжийг хэрэглэж тушаал шийдвэр гаргаж, төрийн ажлыг хэрэгжүүлсэн хариуцагчийн буюу ажил олгогчийн эрхийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

             2. ...удирдамжаар баталгаажсан, сурагчдын улирлын амралтыг тохиолдуулан явагдсан албан ёсны үйл ажиллагааг анхан шатны шүүх дүгнэхдээ чухам яг ямар баримтад үндэслэсэн үгүйсгэсэн дүгнэлт хийсэн болох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл шүүх уг дүгнэлтийг хийхдээ ямар ч баримтгүй хийсвэр дүгнэлт хийсэн нь эсрэгээрээ тодорхой нотлох баримтаар нотлогдож буй албан ёсны үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй. ... багш нарын ажлын цагийн бүртгэлийн дэвтэрт 4,5 өдрүүдэд 09:00, 17:00 цаг хүртэл ажилд ирснээр бүртгэгдсэн бөгөөд хотод болсон үйл ажиллагаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө олгогдсон 4 багшийг мөн адил ирснээр бүртгэсэн байна хэмээн дүгнэсэн байх бөгөөд тус бүртгэлийн дэвтрийг тус сургуулийн хичээлийн зохицуулагч багш нь сүүлд бөөнд нь нөхөж ажлын хариуцлага алдсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 04-05 өдрүүдийн бүртгэл бодитой биш болох нь чөлөөтэй багш нарыг хүртэл ирснээр бүртгэсэн байгаагаас тодорхой харагдаж байгаа бөгөөд тус бүрийг ямар ч хяналтгүйгээр зөвхөн гар бүртгэл хийх хэлбэрээр хөтөлдөг тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчиж байна. Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх хууль зүйн процессыг ноцтой зөрчсөн. ...хэргийн материалд эмчийн болон эмнэлгийн магадалгаа байхгүй төдийгүй эмийн жор ч нотлох баримтаар байхгүй байхад шүүх ямар ч баримтгүй нэхэмжлэгч талын тайлбарт дулдуйдан эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар явж чадаагүй тогтоогдож байна хэмээн дүгнэсэн явдал зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд харшилж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч Ж.Г-ын  “... 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  Б\04 тоот  тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах”  тухай нэхэмжлэлийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд  сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  эс зөвшөөрөхдөө “...2018 оны 01 дүгээр сарын  4.5-ны өдөр  сургуулийн нийт багш нар Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах  албан ёсны ажил тасалж,  сахилгын зөрчил давтан гаргасан гэжээ”.

            Анхан шатны шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж  шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр  дунд сургуулийн /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд байгаа нэр/  захирлын  2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн  Б\18 дугаар тушаалаар ажилтан  Ж.Г-ыг хөгжмийн багшийн ажилд  томилсон \хх-ийн 20 дугаар тал\, 2018 оны  01 дүгээр сарын 23-ны өдөр захирлын Б\04 дүгээр тушаалаар Ж.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.

            Хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн  38 дугаар  зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Бага дунд боловсролын  тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.1,  Хөдөлмөрийн дотоод журмын  11.6-г  тус тус  үндэслэл болгожээ.

            Ажилтан Ж.Г-од 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Б\37 дугаар тушаалаар сануулах сахилгын  шийтгэл  ногдуулсан байжээ.

            Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажилтны үндсэн  үүрэг  нь 2-ын а, б, в, г, 3-ын  а, б, в, г, 5-ын а, б, в,  9-ын а, б, в, г ангиудад  хөгжмийн хичээл заах, нэмэлт гүйцэтгэх ажил  үүрэг нь  1-12 дугаар ангийн сурагчдад  хичээлээс гадуурх хөгжмийн дугуйлан  сонгон хичээллүүлнэ гэж тодорхойлжээ. \хх-4, 91дүгээр тал\  Тэгвэл Ж.Г-ын ажил нь хөгжмийн багш юм.

            2018 оны 01 дүгээр сарын 4, 5-ны өдөр тус сургуулийн нийт багш нар  Улаанбаатар хот туршлага судлахаар явсныг Ж.Г-ын  гэрээгээр хүлээсэн үүрэг гэж үзэх боломжгүй.

            Хөдөлмөрийн гэрээний 2.3-т Багшийг мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд тусална гэж захиргааны  хүлээх үүрэг байхаар тодорхойлсон  байна.

            Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд “хөдөлмөрийн сахилгын хариуцлага”, “сахилгын зөрчил” гэсэн  ойлголтууд байдаг, ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих мөн ёс зүйн алдаа гаргах  зэргээр  зөрчсөн гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүй байна.

Сургуулийн захиргаа багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхээр зохион байгуулсан ажилд  оролцоогүй байдлыг ажил тасалсанд тооцох нь Хөдөлмөрийн хуульд нийцэхгүй гэж үзнэ.

Ж.Г-ыг ажлаас халах тушаалын үндэслэлийг туршлага судлах ажилд оролцоогүй сахилгын зөрчил гаргасан гэснээс гадна мөн тушаалд  ...мэргэжлийн заах арга, ур чадвар муутай, хагас жилийн ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн, туршилтын хугацаагаар ажиллаж байсан, багшлах эрхгүй... гэж дурдсаныг анхан шатны шүүх  үгүйсгэхдээ  хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар цаг ашиглалтын бүртгэл нь санхүүгийн анхан шатны бүртгэлийн маягт бөгөөд уг бүртгэл нь аж ахуйн нэгж, байгууллагын  ажилчин албан хаагчдын ажлын цаг ашиглалтад байнгын хяналт тавих , үйлдвэрлэлд зарцуулсан хөдөлмөр, цалин хөлсний хэмжээг зөв тодорхойлох, хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор  ашигладаг  баримт  болдог.

Ажилтан Ж.Г- 1 дүгээр сарын 03-ны орой явах боломжгүй талаар  менежерт утсаар мэдэгдэж,  4,5-ны өдөр  ажлын байрандаа ирж хөгжмийн дугуйлангийн  сурагчдад дадлагын хичээл орсон нь тус сургуулийн сурагч  У.Ариунбаяр, О.Тэлмэн нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон цагийн бүртгэлээр тогтоогдсон, түүнийг  хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тохирсон ажил үүргээ гүйцэтгэсэн  гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар анхан шатны шүүхэд ажлын цагийн бүртгэлийг  нотлох баримтаар ирүүлсэн ба  уг  бүртгэлийг  нөхөж бичсэн  гэсэн тайлбар татгалзлыг шүүх  хуралдаанд гаргаж  байгаагүй  байна.

Мөн цагийн бүртгэлийг бүртгэх эрх бүхий ажилтны зөв буруу бүртгэсэн нь  Ж.Г-ыг ажил тасалсан  гэх  маргаанд   буруутгах үндэслэл болохгүй.

Иймд Ж.Г-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захирлын тушаал  хуульд нийцээгүй  гэж  үзнэ.

Шүүх  дээрх хэргийг шийдвэрлэхдээ,  хэргийн оролцогчийн  хуулиар олгогдсон эрхийг  зөрчөөгүй,  хэрэгт авагдсан нотлох баримтыг  хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй,  маргааны харилцааг зохицуулсан хуулийг оновчтой зөв хэрэглэсэн  байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан “...эрх хэмжээнийхээ хүрээнд...,  ...тушаал гаргаж...,  ...төрийн ажлыг  хэрэгжүүлсэн...,   ...ажил олгогчийн эрхийг зөрчсөн...,  ...удирдамжаар баталгаажсан...,  ...албан ёсны  үйл ажиллагааг...,  ...ямар баримтад үндэслэн үгүйсгэсэн нь тодорхойгүй...,  ... бүртгэлийн дэвтрийг хичээлийн зохицуулагч багш нь сүүлд бөөнд нь нөхөж ажлын хариуцлага алдсан бөгөөд 4,5-ны өдрүүдийн бүртгэл бодитой биш баримтаар үнэлсэн...,  ... нэхэмжлэгчийн тайлбарт  үндэслэн эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар явж чадаагүй..., ... хэмээн дүгнэсэн..., ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэсэн давж заалдах гомдлыг   хангах үндэслэл дээрх нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байх тул гомдлыг хангах  үндэслэл тогтоогдсонгүй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн  42.119 төгрөгийг  хариуцагчаас  гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.          

                                    

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ       

                                                                 ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ