Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2020/01857

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээлийн эх-д оршин суух Хонин онход овогт Ойдовын Пүрэв /...................../-т холбогдох,

Малчнаар ажиллах хугацаанд дутагдуулсан мал болох 1 тооны морь, 27 тооны эм хонь, 57 тооны төлөг, 52 тооны хурга, нийт 8.430.000 төгрөгийн мал гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот-ын захирагч Э.Баттулга, хариуцагч О.Пүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус рот нь 2009 оны 05 дугаар сарын 31-нд О.Пүрэвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилд авсан. О.Пүрэв өөрийн хариуцлагагүйн улмаас 84 хонь зүй бусаар, 1 морь тоолоод ачих үед хоргодсон тул 1 морь, хонь 84 толгой, шинэ төлийг тооцохдоо охин төлөг оруулахгүйгээр нас гүйцсэн эм хонь 62 толгой, үүнийг 85 хувиар тооцоход 52 толгой хурга, нийт 137 толгой мал нэхэмжилж байна. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн малын үнэлгээ гаргаж өгсөн албан бичгийн дагуу зах зээлийн үнэ ханшаар тооцоход дараах байдалтай байна. Үүнд: адуу 1/соёолон үрээ/ 700.000, эм хонь 27 толгой, нэг хонь 100.000, бүгд 2.700.000, төлөг 57 толгой, нэг төлөг 70.000, бүгд 3.990.000, хурга 52 толгой, нэг хурга 20.000, бүгд 1.040.000, нийт 8.430.000 төгрөгийн малыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Пүрэв шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүнд: Нэхэмжлэлд тэмдэглэгдсэн 84 хонь 2020 оны 01 дүгээр сараас үхэж хоргодсон. Бид тухайн үед малын эмч Нарантуяад хэлж үзүүлж, үхсэн малд акт гаргуулж авч байсан. Малын эмч нь үхсэн малын тоо толгой, зүсмийн талаар тэмдэглэл үйлдэн зураг гар утсаар авч, актад хавсаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Батбаатарт холбогдох акт баримтыг хүлээлгэн өгч байсан. Гэрээнд зааснаар акт баримтыг захирагчийн зөвлөлөөр хэлэлцүүлж зохих хөдөлгөөнийг хийх байтал бидэнд одоо хүртэл мэдэгдээгүй. Ер нь нэхэмжлэгч байгууллага нь малчин бидэнтэй байгуулсан гэрээнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлж байгаагүй. Бид өөрсдийн бололцоогоор малд тариа хийлгүүлэхдээ малын эмчээс зээл авч хийлгүүлж байсан. Аль болох өөрсдөөсөө болон хүнээс өвс, тэжээл авч малаа маллаж байлаа. 2020 оны 6 дугаар сард холбогдох акт баримтыг өгсөн. Тэгээд энэ газраас сураг чимээ тасарсан. Би өөрөө ч сүүлийн сарын цалингаа аваагүй гэжээ.

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот-ын захирагч Э.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хариуцагч О.Пүрэвтэй тус рот нь 2009 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн түр гэрээ байгуулж, туслах аж ахуйн малчнаар авч ажиллуулсан ба 353 толгой мал хүлээлгэн өгсөн. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 9-ний өдөр тоолоход ямаа 44, хонь 102, үхэр 13 адуу 2, нийт 163 толгой мал тоологдсон бөгөөд өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй байдлаас шалтгаалж 135 толгой мал үхсэн хэмээн тайлбарласан. Манай байгууллага Элит мал эмнэлэгтэй гэрээгээр ажилладаг. Мал муудах бүр нь малын эмч очиж шалган акт үйлдэж, зураг дарж баталгаажуулдаг байсан ба 4 сард малын эмчтэй холбогдоход олон тооны мал үрэгдсэн тул акт гаргахгүй гээд харин зүй бусаар хорогдсон гэх албан тоот өгсөн. Гэтэл О.Пүрэв нь 2020 оны 6 дугаар сард буюу мал дутагдуулаад 2 сар болсны дараа малын эмчийн акт авчирч өгсөн. Үүнийг нь манай байгууллага үндэслэлгүй гэж үзэж үрэгдсэн малыг нэхэмжилсэн. Иймд бид О.Пүрэвээс эм хонь 27 толгой, төлөг 57 толгой, нийт 84 толгой хонь, гэрээний дагуу 52 толгой хурга, ажил хүлээлцэх үед буюу ачих үед гэмтэл авч үхсэн 1 тооны морийг тус тус гаргуулж авна. Тухайн тооллого болох үед 51 толгой малын үхэж, үрэгдсэн талаарх баримт байсан. Харин үлдэх 84 толгой малтай холбоотой баримт байхгүй, сүүлд гаргаж өгсөн нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Малын эмчийн актыг эргэлзээтэй гэж үзэж байсан бол холбогдох газарт нь хандаж гомдол гаргах эрхтэй байсан гэдгийг ойлгож мэдлээ. Хэрэгт байгаа баримтад 84 толгой малаас 79 толгой мал дээр нь малын эмч акт тавьсан байна. Иймд акт тавигдсан 79 тооны хонийг нэхэмжлэхгүйгээр, тээвэрлэх үед гэмтэл авч үхсэн 1 тооны морь, 5 тооны эм хонь, 52 тооны хурга буюу нийт 2.240.000 төгрөгийн мал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Дээрх малыг яагаад дутагдуулсан талаарх баримт хэрэгт байхгүй. Дутагдуулсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон үзэж байна гэв.

Хариуцагч О.Пүрэв шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Малын үнэлгээг зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 84 тооны хонь онд орж чадалгүй үхсэн.Тухайн үед би нэхэмжлэгч талд хэлж байсан ба өөрийнхөө чадах хэмжээгээр малын эмчид үзүүлж акт тавиулж, үхсэн малын актыг нэхэмжлэгч талд өгсөн. Зарим үхсэн мал дээр акт тавиулж чадаагүй, хоцорсон тал ч байгаа. Хурганы хувьд 52 биш харин 51 тооны хурга үхсэн нь үнэн. Онд орж чадаагүй юм. Малын эмчид үзүүлж акт тавиулж чадаагүй. Гэхдээ би арьсыг нь өвчиж, нэхэмжлэгч байгууллагад өгсөн. Дээрх мал үхэж хорогдсон нь миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Өвөлжилт хүндэрснээс болж мал үхсэн юм. Зарим нь өвчнөөр, үлдсэн нь тураалаар үхсэн. Малын эмчээс өгсөн актыг би тус байгууллагын нягтлан болон тус ротын ар талын хангалт хариуцсан орлогч И.Батбаатар нарт 2020 оны 6 сард аваачиж өгсөн. Тухайн үед юм хэлээгүй авсан байж 3 сарын дараа 9 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Морины хувьд би дараагийн малчинд хүлээлгэж өгсөн. Тухайн үед зүгээр байсан. Гэтэл одоо надаас гаргуулна гэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот нь хариуцагч О.Пүрэвээс малчнаар ажиллах хугацаанд дутагдуулсан мал болох 1 тооны морь, 27 тооны эм хонь, 57 тооны төлөг, 52 тооны хурга, нийт 8.430.000 /найман сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 тооны морь, 5 тооны эм хонь, 52 тооны хурга буюу нийт 2.240.000/ хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн мал гаргуулахаар нэхэмжилж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот-д нь хариуцагч О.Пүрэвтэй хөдөлмөрийн түр гэрээ байгуулан малчнаар ажиллуулсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч О.Пүрэвээр 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл малаа маллуулж, хөлс өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээг талууд байгуулж, ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн туслах аж ахуйн малчинтай байгуулсан гэрээ, үйлдвэрлэлийн даалгаврын гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 01 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарын захирагчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дугаартай Хөдөлмөрийн түр гэрээ байгуулж, ажилд авах тухай тушаал, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болдог.

Хариуцагч О.Пүрэв нь энэхүү тохиролцооны үндсэн дээр ажиллах хугацаандаа 3 тооны эм хонь буюу 300.000 төгрөг, 51 тооны хурга буюу 1.020.000 төгрөг, нийт 54 тооны буюу 1.320.000 төгрөгийн мал дутагдуулсан Тухайлбал:

Хариуцагч О.Пүрэвийн...84 тооны хонь онд орж чадалгүй үхсэн.Тухайн үед би нэхэмжлэгч талд хэлж байсан.Өөрийнхөө чадах хэмжээгээр малын эмчид үзүүлж акт тавиулж, үхсэн малын актыг нэхэмжлэгч талд өгсөн.Үлдсэн үхсэн мал дээр акт тавиулж чадаагүй, хоцорсон тал байгаа. Харин үхсэн 51 тооны хургыг малын эмчид үзүүлж акт тавиулаагүй нь үнэн... гэх тайлбар, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай ротын дотоодын хяналт шалгалтын байнгын комиссын өгүүлбэр, нотломж, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу мал нөхөн төлүүлэх тухай мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр О.Пүрэв нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч, тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх гэсэн хуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй болно.

Харин 1 тооны морь буюу 700.000 төгрөг, 2 тооны эм хонь буюу 200.000 төгрөг, 1 тооны хурга буюу 20.000 төгрөг, нийт 4 тооны буюу 920.000 төгрөгийн мал дутагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл морийг О.Пүрэв нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх ба түүнийг тээвэрлэх явцад гэмтэл авч үхсэн болох нь нотлогдохгүй,

Мөн нэхэмжлэгч нь...О.Пүрэв гэрээний хугацаанд 84 тооны хонь дутагдуулснаас 5 толгой эм хонийг хэрхэн яаж дутагдуулсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй гэх боловч хэрэгт 81 тооны хонь үхэж хорогдсон талаарх малын эмчийн акт авагдсан.

Түүнчлэн нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн даалгаврын гэрээгээр төллөх малаас 85%-иар төл авах ёстой тул 1.040.000 төгрөгийн үнэ бүхий 52 толгой хурга гаргуулж авна гэх боловч 52 толгой хурга буюу төл мал хүлээн авсан эсэх тодорхойгүй, үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй. Гэвч хариуцагч О.Пүрэв нь 51 толгой хурга хорогдсон нь үнэн хэмээн мэдүүлж байх тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд О.Пүрэвээс хөлсөөр ажиллах гэрээнээс учирсан хохиролд 3 тооны эм хонь буюу 300.000 төгрөг буюу, 51 тооны хурга буюу 1.020.000 төгрөг, нийт 1.320.000 төгрөгийн үнэ бүхий 54 тооны малыг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700.000 төгрөг буюу 1 тооны морь, 200.000 төгрөг буюу 2 тооны эм хонь, 20.000 төгрөг буюу 1 тооны хурга, нийт 920.000 төгрөг үнэ бүхий 4 тооны малыг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан Тосонцэнгэл сумын малчин Х.Бямбачулууны гаргасан тодорхойлолт нь хаана юуны учир бичсэн нь тодорхойгүй, Тосонцэнгэл сумын Тээл багийн иргэн Монгол улсын аварга малчин М.Баатардаваа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн засаг дарга Б.Дэлгэрдалай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.Мөнхөө нарын гаргасан тодорхойлолт нь Зэвсэгт хүчний 0321 дүгээр ангийн захиргаанд хандсан байхаас гадна нотариатчаар баталгаажуулаагүй хуулбар хувь, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 01/163 дугаартай Зэвсэгт хүчний 0321 дүгээр ангид гаргасан мэдээ, УЦУОШТ-ийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны цасны зузаан болон хур тунадасны мэдээ зэрэг баримтууд нь нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж аваагүй, хуульд заасан шаардлага хангахгүй баримт байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэдэг дээрх баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч талын мал үнэлсэн үнэлгээтэй маргаагүй тул нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1.320.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 36.070 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс учирсан хохиролд хариуцагч О.Пүрэвээс 3 тооны хонь буюу 300.000 төгрөг, 51 тооны хурга буюу 1.020.000 төгрөг, нийт 1.320.000/нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 54 тооны мал гаргуулж нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 тооны морь буюу 700.000 төгрөг, 2 тооны хонь буюу 200.000 төгрөг, 1 тооны хурга буюу 20.000 төгрөг, нийт 920.000/есөн зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 тооны малыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Пүрэвээс 36.070 /гучин зургаан мянга дал / төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ