Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2020/00034

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2020/00034

 

 

 

Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай ротын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1857 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай ротын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Пүрэвт холбогдох малчнаар ажиллах хугацаанд дутагдуулсан 137 толгой буюу 8,430,000 төгрөгийн мал гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж захирагч Р.Цэрэнтогтох, хариуцагч О.Пүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус рот нь О.Пүрэвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилд авсан. О.Пүрэв өөрийн хариуцлагагүйн улмаас 84 хонь зүй бусаар, 1 морь тоолоод ачих үед хоргодсон тул 1 морь, хонь 84 толгой, шинэ төлийг тооцохдоо охин төлөг оруулахгүйгээр нас гүйцсэн эм хонь 62 толгой, үүнийг 85 хувиар тооцоход 52 толгой хурга, нийт 137 толгой мал нэхэмжилж байна.

Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн малын үнэлгээ гаргаж өгсөн албан бичгийн дагуу зах зээлийн үнэ ханшаар тооцоход дараах байдалтай байна. Үүнд: адуу 1 /соёолон үрээ/ 700,000, эм хонь 27 толгой, нэг хонь 100,000, бүгд 2,700,000, төлөг 57 толгой, нэг төлөг 70,000, бүгд 3,990,000, хурга 52 толгой, нэг хурга 20,000, бүгд 1,040,000, нийт 8,430,000 төгрөгийн малыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Пүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүнд: Нэхэмжлэлд тэмдэглэгдсэн 84 хонь 2020 оны 01 дүгээр сараас үхэж хоргодсон. Бид тухайн үед малын эмч Нарантуяад хэлж үзүүлж, үхсэн малд акт гаргуулж авч байсан. Малын эмч нь үхсэн малын тоо толгой, зүсмийн талаар тэмдэглэл үйлдэн зураг гар утсаар авч, актад хавсаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Батбаатарт холбогдох акт баримтыг хүлээлгэн өгч байсан. Гэрээнд зааснаар акт баримтыг захирагчийн зөвлөлөөр хэлэлцүүлж зохих хөдөлгөөнийг хийх байтал бидэнд одоо хүртэл мэдэгдээгүй.

... 2020 оны 6 дугаар сард холбогдох акт баримтыг өгсөн. Тэгээд энэ газраас сураг чимээ тасарсан. Би өөрөө ч сүүлийн сарын цалингаа аваагүй гэжээ.

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай ротын захирагч Э.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус рот нь хариуцагч О.Пүрэвтэй 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн түр гэрээ байгуулж, туслах аж ахуйн малчнаар авч ажиллуулсан ба 353 толгой мал хүлээлгэн өгсөн. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр тоолоход ямаа 44, хонь 102, үхэр 13 адуу 2, нийт 163 толгой мал тоологдсон бөгөөд өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй байдлаас шалтгаалж 135 толгой мал үхсэн хэмээн тайлбарласан. Манай байгууллага Элит мал эмнэлэгтэй гэрээгээр ажилладаг. Мал муудах бүр нь малын эмч очиж шалган акт үйлдэж, зураг дарж баталгаажуулдаг байсан ба 4 сард малын эмчтэй холбогдоход олон тооны мал үрэгдсэн тул акт гаргахгүй гээд харин зүй бусаар хорогдсон гэх албан тоот өгсөн. Гэтэл О.Пүрэв нь 2020 оны 6 дугаар сард буюу мал дутагдуулаад 2 сар болсны дараа малын эмчийн акт авчирч өгсөн. Үүнийг нь манай байгууллага үндэслэлгүй гэж үзэж үрэгдсэн малыг нэхэмжилсэн.

... Хэрэгт байгаа баримтад 84 толгой малаас 79 толгой мал дээр нь малын эмч акт тавьсан байна. Иймд акт тавигдсан 79 тооны хонийг нэхэмжлэхгүйгээр, тээвэрлэх үед гэмтэл авч үхсэн 1 тооны морь, 5 тооны эм хонь, 52 тооны хурга буюу нийт 2,240,000 төгрөгийн мал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Дээрх малыг яагаад дутагдуулсан талаарх баримт хэрэгт байхгүй. Дутагдуулсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон үзэж байна гэжээ.

Хариуцагч О.Пүрэв шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Малын үнэлгээг зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 84 тооны хонь онд орж чадалгүй үхсэн. Тухайн үед би нэхэмжлэгч талд хэлж байсан ба өөрийнхөө чадах хэмжээгээр малын эмчид үзүүлж акт тавиулж, үхсэн малын актыг нэхэмжлэгч талд өгсөн. Зарим үхсэн мал дээр акт тавиулж чадаагүй, хоцорсон тал ч байгаа. Хурганы хувьд 52 биш харин 51 тооны хурга үхсэн нь үнэн. Онд орж чадаагүй юм. Малын эмчид үзүүлж акт тавиулж чадаагүй. Малын эмчээс өгсөн актыг би тус байгууллагын нягтлан болон тус ротын ар талын хангалт хариуцсан орлогч И.Батбаатар нарт 2020 оны 6 сард аваачиж өгсөн. Морины хувьд би дараагийн малчинд хүлээлгэж өгсөн. Тухайн үед зүгээр байсан. Гэтэл одоо надаас гаргуулна гэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1857 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс учирсан хохиролд хариуцагч О.Пүрэвээс 3 тооны хонь буюу 300,000 төгрөг, 51 тооны хурга буюу 1,020,000 төгрөг, нийт 1,320,000 /нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 54 тооны мал гаргуулж нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 тооны морь буюу 700,000 төгрөг, 2 тооны хонь буюу 200,000 төгрөг, 1 тооны хурга буюу 20,000 төгрөг, нийт 920,000 /есөн зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 тооны малыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Пүрэвээс 36,070 /гучин зургаан мянга дал/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1857 дугаар шийдвэрээр хариуцагч О.Пүрэвээс 3 тооны хонь буюу 300,000 төгрөг, 51 тооны хурга буюу 1,020,000 төгрөг, нийт 1,320,000 /нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 54 тооны мал гаргуулах заалтыг хүлээн зөвшөөрөхгүй тул О.Пүрэв болон түүний өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. ... Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн захирагч нь малчин О.Пүрэвтэй байгуулсан малчнаар ажиллуулсан гэрээгээ дүгнээгүй.

2. 84 толгой хонь онд орж чадаагүй тул өвчнөөр болон тураалаар үхэж хорогдсон нь үнэн. Энэ талаар малын эмчийн актыг үхсэн хонины зурагтай нь байгууллагад хүлээлгэн өгсөн. Гэрээнд зааснаар ... уг актыг захирагчийн дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргах байтал гурван сар ямар ч хариу өгөлгүй гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Төл болох хурга нь шилбэгүй төллөж харангадсан, өлсөж үхсэн, мөн үхсэн хурга ч олноор гарсан. Үүнийг хаяагүй, арьсыг нь өвчиж аван 51 ширхэг хурганы арьсыг ангийн захирагчид биетээр нь хүлээлгэн өгсөн байхад хурга нэхэж, түүнийг нь төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь шударга бус байна. ... Гэрээгээ хугацаанд нь дүгнэсэн бол, захирагчийн дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэх хуралд намайг оролцуулсан бол ийм нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байсан.

... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Иргэн О.Пүрэвийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Тайлбар 1: Захирагчийн зөвлөл 2020 оны 06-р сарын 05-ны өдөр малчин О.Пүрэвийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхээр товлоод 2020 оны 06-р сарын 05-ны өдрийн 14 цагт бэлэн бай гэж урд өдөр нь дуудсан боловч тухайн өдөр малчин О.Пүрэв ирээгүй учир захирагчийн зөвлөл бид хуралдаж асуудлыг авч хэлэлцэн гэрээг дуусгавар болгож 84 толгой хонь, 52 толгой хурга, 1 толгой адууг шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдсэн.

Тайлбар 2: Малчин О.Пүрэвийнд аймгийн нөөцөөс 25 боодол өвс, зах зээлээс шинэ ногоон өвс 10 боодол нийт 35 боодол өвсийг захирагчийн ар талын хангалт хариуцсан орлогч дэслэгч И.Батбаатар, нягтлан бодогч Л.Пунсал-Орлом нар хүргэж өгч туслах аж ахуйг эргэхдээ, малын эмч Нарантуяатай уулзахад 15 малын акт өгөөд Дахиж танай малчин О.Пүрэвт малын акт бичиж өгөхгүй, өөрсдөө арай арчаагүй, өөрсдийн буруугаас бас үхүүлж байна ингэтлээ манай суманд зуд болоогүй гэж байсан. О.Пүрэвийн ажил хүлээлцэх комисс малыг нэг бүрчлэн тоолж хүлээлцэхэд дутагдсан буюу үхсэн гэх тайлбартай бусад малд малын эмчийн дүгнэлт акт огт байгаагүй. Сүүлд 2020 оны 7 дугаар сарын дундуур ажил хүлээлцэх үед малын эмчийн акт авчирч өгсөн. Иймд бөөнөөр өгсөн бусад актуудыг хүчингүй хуурамч гэж үзэж байна. Учир нь малыг үхсэн тухай бүр малын эмчид үзүүлж үхсэн оношийг тодруулж, актыг бичдэг байхад бөөнөөр бичсэнийг хуурамч гэж үзэх үндэслэл байна гэж тайлбарлаад шүүхэд хандсан.

Тайлбар 3: Тухайн үед тус ротын захирагч хошууч Э.Баттулгад 51 ширхэг үхсэн хурганы арьс өгсөн нь үнэн боловч үхсэн гэхийг нотлох малын эмчийн акт байхгүй. Манай байгууллагын малын төл мөн эсэх нь тодорхойгүй, хаанаас юун арьс өгснийг бид мэдэхгүй. Иймд бид төлүүлэхээр шүүхэд хандсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхэд хандсан иргэн О.Пүрэвийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай рот нь хариуцагч О.Пүрэвээс малчнаар ажиллах хугацаанд дутагдуулсан 137 толгой буюу нийт 8,430,000 төгрөгийн мал нэхэмжилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 58 толгой буюу 2,240,000 төгрөгийн мал нэхэмжилсэн байх ба хариуцагч ...мал үхэж хорогдсон, үхсэн малд акт гаргуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай ротын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ...Ч.Бумцэнд гарын үсэг зуржээ. Гэтэл мөн өдөр шүүхэд ирүүлсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох болон улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай албан бичигт Захирагч Э.Баттулга гарын үсэг зурж, албажуулсан байна.

Өөрөөр хэлбэл ротын захирагч Э.Баттулга ажил үүргээ гүйцэтгэж байхад ...захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч... байгууллагыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, тус ротын захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогч Ч.Бумцэнд нэхэмжлэгчийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч ийм баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон нь мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахдаа гомдол хүлээн авсан огноо, цагийг тэмдэглэн баталгаажуулаагүй зөрчил гаргасан байх ба ийм зөрчил дахин гаргахгүй ажиллавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1857 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай ротын нэхэмжлэлтэй хариуцагч О.Пүрэвээс 58 толгой буюу 2,240,000 төгрөгийн мал гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,070 /гучин зургаан мянга дал/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ