Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 129/ШШ2020/00469

 
 

                             129/ШШ2020/00469

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                      

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.О-д холбогдох

565.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Л, хариуцагч С.О, хариуцагчийн өмгөөлөгч С.П, гэрч С.Т, Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... С.О гэгч нь өөрийн урилгаар авчирсан Уртнасан гэдэг хөгжмийн зохиолчийг би төлбөрийг нь төлөх юм гэж хэлээд 2019 оны 4 сарын 1-нээс 2019 оны 04 сарын 23-ныг дуустал Жаргалант зочид буудалд нийт 22 хоног байрлуулсан. 14 хоноод хөлсийг нь төлчихье гээд миний дансны дугаарыг аваад хэсэг чимээгүй болсон. Тэгэхээр нь утсаар ярьтал хүүхдийн бие муу хотод байна, төлбөрийг нь бөөнөөр хийе гэж хэлсэн. Нийт зардал төлбөр 565.000 төгрөгийг удаа дараа нэхэхэд өнөөдөр маргааш өгнө гэж ярьсаар сүүлдээ утсаа ч авахаа больсон. Иймд С.О-с нийт 565.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.О миний бие тус буудалд байрлаагүй бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.О-г таньдаг. С.О над руу 2019 оны 03 сарын 30-ны өдөр утсаар ярихдаа  “Би Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон, нэг  хүн урилгаар авчирсан, тэр хүнээ танай буудалд хэд хонуулах гэсэн юм төлбөр мөнгийг нь би даана” гэж надад хэлсэн. Би С.О-г таньдаг учраас зөвшөөрч С.Оюунгэрэлтэй аман гэрээ хийсэн. Тэгээд С.О тэр хүнээ манай буудалд 2019 оны 04 сарын 01-ний өдөр авчирсан. Тэр үед манай үйлчлэгч нар ажлаа хүлээлцэх гээд байж байхад хөгжмийн зохиолч гээд таяг тулсан хөгшин настай хүнтэй С.О өөрөө хамт манай буудалд ирсэн. С.О Р.У-г манай буудалд дагуулж орж ирчихээд ерөнхийдөө хоол унд нэг их өгөөд яах вэ, төлбөр тооцооны тал дээр санаа зоволтгүй, би төлбөр тооцоог нь хийчихнэ гэж хэлсэн. Р.У-н хувьд манай буудалд байрлахдаа манай буудлын тогийг ашиглаад хоол ундаа хийж идэж байсан. С.О өдөр болгон Р.У-тай уулзах гээд манай буудалд ирдэг байсан. С.О надтай буудлын төлбөр тооцоог өөрөө хийнэ гэж тохирсон болохоор Р.У-г  манай буудалд 7 хоносны нь дараа С.О-г буудалд орж ирэхээр нь буудлын төлбөр тооцоо юу болсон бэ? гэхэд С.О дансны дугаараа өгчих гэж хэлэхээр нь би дансны дугаараа өгсөн. С.О дансны дугаар авчихаад төлбөрөө төлөөгүй болохоор нь  би С.О-ийн дугаар руу залгаж төлбөрөө нэхэхэд хийчихэе гэж хэлсэн. Тэгснээ ерөөсөө бөөнөөр нь хийнэ гэж хэлсэн. Би ажил дээрээ байх байхгүй үе байдаг бөгөөд буудлынхаа үйлчлэгч нарт С.О ирвэл буудлын төлбөрөө төлөөрэй гэж хэлсэн шүү гэдгийг С.О-д хэлээрэй гэж захидаг байсан. С.О буудлын төлбөр төлөөгүй 23 хоног болсон бөгөөд С.О сүүлдээ утсаа авахаа байсан, мөн Р.У ч буудлаас гарах болсон. Би Р.У-аас “С.О буудлын төлбөр тооцоог хийнэ гэдэг нь үнэн үү” гэхэд “С.О буудлын төлбөр төлнө гэсэн нь үнэн, би ч гэсэн С.О-ээс мөнгө авах ёстой” гэж хэлсэн. С.О утсаа авахгүй байж байгаад нэг удаа утсаа авахдаа ар гэрийн гачигдалтай хотод байна гэж хэлсэн. С.О буудлын төлбөр тооцоогоо төлөхгүй байхаар нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл бичиж өгсөн. С.О шүүхийн эвлэрүүлэн зуучлалд ирчихээд би 14 хоногийн дотор буудлын төлбөр тооцоог хийнэ гэж хэлэхэд би итгэсэн. Намайг хотод байхад эвлэрүүлэн зуучлалаас С.О буудлын төлбөр тооцоог төлөхгүй хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу өгсөн, та шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэхээр би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо ингэж хэлж байгааг гайхаж байна. Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэх байх. С.О-ээс У-ийн 25.000 төгрөгийн үнэтэй өрөөнд 22 хоносны мөнгө 550.000 төгрөг болон 15.000 төгрөгөөр текнээс ойр зуурын хэрэглээнийхээ зүйл авсны үнэ, нийт 565.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.У гэдэг хүнээр дуу зохиолгох гэж байгаа гэж Х.Л-тэй утсаар яриагүй. Р.У надад хэлэхдээ Буян зочид буудлаас хямд үнэтэй зочид буудалд оруулаад өгөөч гэсэн. Тэгэхээр би Р.У-г дагуулаад Х.Л-ийн зочид буудалд очсон. Тэгэхэд буудалд нь үйлчлэгч байгаагүй. Би Р.У-г нэг жолоочтой хамт Х.Л-ийн зочид буудалд оруулж өгөхдөө Р.У-д хандаж “та хүмүүсийнхээ дууны мөнгөөр тооцоогоо хийгээд яваарай” гэж хэлчихээд явсан. Би өөрөө тэр зочид буудалд байрлаагүй, би зочид буудлын төлбөр тооцоог төлнө гэж хэлээгүй. Тэр буудалд Р.У гэдэг хүн л байрласан. Миний хувьд буудлын төлбөр тооцоог хийнэ гэж ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Р.У-ийн хувьд буудалд ирэхээсээ өмнө хөгжим драмын театр, хүүхэлдэйн театр гэх мэтчилэн олон хүнтэй уулзаж дуу хийж байсан. Тэгээд дуу хийлгэх хүн байна уу? гэхээр нь нэг хүн санал болгосон. Тэр хүн Р.У-аар дуу хийлгэж байсан. Би өдөр болгон Р.У дээр очиж байгаагүй. Р.У-г буудалд оруулсан өдрөө нэг удаа очсон дараа нь Онцгой байдлынхан дуу хийлгэх гэж байгаа гэхээр нь тэд нартай хамт Р.У дээр очсон. Түүний дараа нэг хүн Р.У-аар дуу хийлгэх гэж байгаа, хэлээд өгөөч гэсэн. Би тэрийг нь Р.У-д хэлж чадаагүй. Манай хүүхэд эмчилгээнд орох гээд би хүүхдээ аваад хот руу явсан. Би Х.Л-д хандаж Р.У-г хүлээж аваарай текний, хоол ундны төлбөр тооцоог би төлөхгүй шүү гэж хэлсэн. Р.У Архангай аймагт дуу, хөгжмийн зохиол хийж байгаа гэсэн, хэд хонохыг нь мэдэхгүй байна гэж Х.Л-д хэлж байсан. Миний хувьд хэнтэй ч гэрээ хийгээгүй. У буудалд ороод өөрөө гэрээ хийсэн байх. Би 2019 оны 04 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод байсан бөгөөд Х.Л-г утсаар ярихаар нь би тооцоо хийхгүй шүү Р.Уртнасантай тооцоо хийгээрэй гэж хэлсэн. Би энэ хүн ирлээ шүү. Ямар өрөөнд оруулах вэ? Хүлээж аваарай гэж хэлсэн. Текин дээрээс юм авсан гэж байна. Би энэ  хүний хоол ундыг хариуцахгүй гэж хэлж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч С.О-ээс зочид буудалд байрласны хөлс нийт 550.000 төгрөг, худалдан авсан барааны үнэ 15.000 төгрөг, нийт 565.000 төгрөг нэхэмжилж, хариуцагч С.О “миний бие тус буудалд байрлаагүй, гэрээ хэлцэл хийгээгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байна.

 

“Б” ХХК-ийн “Ж” зочид буудалд Р.У 2019 оны 04 сарын 01-нд байрлаж 2019 оны 04 сарын 23-ны өдөр уг зочид буудлаас гарсан үйл баримттай зохигч маргаагүй.

 

С.О нь Монголын Эрэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөлийн зохицуулагчаар 2019 оны 06-р сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан нь Монголын Эрэгтэйчүүдийн холбоо НҮТББ-ийн 2020 оны 02 сарын 22-ны өдрийн 20/04 тоот албан бичгээр тогтоогддог. Эрэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөл Р.У-аар шүлгэнд ая зохиолгохоор ажиллуулсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч С.О нь Р.У-г буудалд байрласны хөлс хэрэглээний зүйл худалдан авсны үнийг өөрөө төлөх ёстой гэсэн тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

 

Хариуцагч С.О нь Р.У-г “Б” ХХК-ийн “Ж” зочид буудалд байрлуулсан, Р.У-ийн “Б” ХХК-ийн Ж зочид буудлын өрөөг ашигласны хөлс болон худалдан авсан барааны үнийг хариуцагч С.О төлөхөөр тохиролцсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч Р.У-ийн “2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 сарын 23-ны өдрийг дуустал Жаргалант зочид буудалд би байрласан. Төлбөрийг би төлнө гэж С.О хэлсэн. Буудлынханд төлбөрийг одоо хийнэ, удахгүй хийнэ, маргааш хийе, дансаар хийе” гэж хэлдэг байсан. Энэ талаар би их сайн санаж байна” гэх мэдүүлэг,  гэрч С.Т-ын “2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд манай буудалд Р.У гэдэг хүн байрласан. Байх хугацаанд нь С.О гэдэг хүн байнга ирдэг байсан.  Би үүдэнд суудаг байсан болохоор орж гарч байгааг мэднэ. Савтай хоол барьчихсан хүртэл ирж байсан. О-д У гуайн төлбөр тооцоог 2, 3 удаа хэлж байсан. Р.У ах ч үүнийг мэднэ. Тэгэхэд С.О “одоо би хийчихнэ. Л-тай ярьчихсан байгаа” гэдэг байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Д-аагийн “2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Р.У гэдэг хүн манай буудалд байсан. Миний ээлжинд ирсэн, би бүртгэж авсан. Р.У-г анх буудалд авчирахдаа “би Эрчүүдийн холбооны тэргүүн хийдэг. Би энэ хүний төлбөрийг нь хийнэ” гэж С.О эгч хэлж байсан. Бас текнээс юм идэж уух юм бол хөгшин хүн юм чинь өгч байгаарай, би тооцоог нь хийнэ гэж хэлсэн. С.О Р.У буудалд оруулахдаа өөрөө ногоон пальтотой ирж байсан. С.О Р.У-г “Онцгой байдлын хөгжмийг хийх гэж байгаа” гэж байсан. Дараа нь хүүтэйгээ хөгжмийн клип хийлгэнэ гээд ирж байсан, мөн өөрөө дуу хийлгэж байгаа гэж байсан.С.О эгчид удаа дараа төлбөрийг нь төл гэж хэлж байсан. 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд буудлын өрөөг Р.У эзэмшсэн” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 

Буудлын өрөөг ашиглаж буй этгээд нь Р.У хэдий ч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хариуцагч С.О-ийн Р.У-г буудалд байрлуулах, үүнтэй холбоотой төлбөрийг өөрөө төлөх хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч “Б” ХХК хүлээн авч Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Р.У-д буудлын өрөө хөлслүүлэх үүргээ биелүүлж өрөөг хүлээлгэн өгсөн, Р.У уг өрөөг ашигласан үйл баримттай талууд маргаагүй.

 

Эд хөрөнгө хөлсөлж буй этгээд болох Р.У нь үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр нэхэмжлэгч “Б” ХХК-тай тохиролцоогүй, Р.У-ийн буудалд байрласан хөлс болон текнээс худалдан авсан зүйлийн үнийг С.О төлөхөөр “Б” ХХК-тай тохиролцсон нь гэрч Р.У, С.Т, Г.Д нарын мэдүүлгээр тогтоогддог, буудлын өрөөний хөлсийг С.О-ээр төлүүлэх нь үүргийн шинж чанарт харшлаагүй тул хөрөнгө шилжүүлж авсан этгээд болох Р.Уртнасанг хөлс төлөх үүрэгтэй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч С.О-ийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний үүргийг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмнө хариуцах үүрэгтэй Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Р.У-ийн буудалд байрласны хөлс 550.000 төгрөг, зочид буудлын текнээс бараа худалдан авсан 15.000 төгрөг, нийт 565.000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн үнэтэй хариуцагч маргасан тайлбарыг гаргаагүй.

 

Иймд хариуцагч С.О-ээс Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар буудлын хөлс 550.000 төгрөг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар буудлаас худалдан авсан барааны үнэ 15.000 төгрөг нийт 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.О-ээс 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17.600 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.О-ээс 17.600  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.БАЙГАЛМАА