Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 25

 

                                             “Б”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00469 дүгээр шийдвэртэй

            “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.О-д холбогдох

эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 565 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч С.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Л, хариуцагч С.О, хариуцагчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “С.О гэгч нь өөрийн урилгаар авчирсан Р.У гэдэг хөгжмийн зохиолчийг “би төлбөрийг нь төлөх юм” гэж хэлээд 2019.04.01-2019.04.23-ныг дуустал Жаргалант зочид буудалд нийт 22 хоног байрлуулсан. Тэгээд “14 хоноод хөлсийг нь төлчихье” гээд миний дансны дугаарыг аваад хэсэг чимээгүй болсон. Тэгэхээр нь утсаар ярьтал “хүүхдийн бие муу хотод байна, төлбөрийг нь бөөнөөр хийе” гэж хэлсэн. Нийт зардал төлбөр 565 000 төгрөгийг удаа дараа нэхэхэд өнөөдөр, маргааш өгнө гэж ярьсаар сүүлдээ утсаа ч авахаа больсон. Ингээд эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн. С.О нь ирж уулзаад “14 хоногийн дотор төлнө” гэж хэлсэн. Хугацааг нь дуустал хүлээсэн. Одоо харин эвлэрэхгүй гэсэн өргөдөл өгсөн. Р.У  гэдэг хүнээс нэхэхэд С.О төлөх ёстой гэж хэлсээр өдий хүрлээ. Иймд С.О-ээс нийт төлбөр болох 565 000 төгрөг гаргуулж өгнө үү. “ гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: ““Б” ХХК нь С.О надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.О миний бие тус буудалд байрлаагүй бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00469 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.О-ээс 565 000 /таван зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 600 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.О-ээс 17 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч С.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: ““Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.О надад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00469 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Учир нь:

            1. Буудлын тооцооны бүртгэлд миний бие төлбөр төлөх талаар тохиролцож баталгаажуулсан гарын үсэг байхгүй. Энэ буудалд буусан хүн өөрөө тооцоо хийнэ гэдгийг хэлсэн.

            2. Нэхэмжлэгч, буудалд буусан иргэний Эрэгтэйчүүдийн холбоо төлбөр төлөхийг нотолсон мэдүүлэг байх бөгөөд миний зүгээс буудалд буусан иргэн тооцоо хийнэ гэдгийг мэдэгдсэн байхад иргэн намайг хариуцагч гэж шууд үзэж байгаа нь хууль бус байна.

            3. Маргаан бүхий буудлын хөлс надад хамаагүй гэдгээ илэрхийлсэн.

            Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00469 дугаартай шийдвэр нь гэрээ, хэлцэл байгуулж нөхцлөө тодорхойлоогүй байхад эд хөрөнгө хөлслөх болон худалдах-худалдан авах гэрээ хийгдсэнээр шийдвэрлэсэн хууль бус шийдвэр гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан хариуцагч С.Оюунгэрэлийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд хариуцагч С.О-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 565 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн Жаргалант зочид буудалд 2019.04.01-2019.04.23-ны өдрийг хүртэлх хугацаанд Р.У-г байрлуулсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ““С.О гэгч нь өөрийн урилгаар авчирсан Р.У гэдэг хөгжмийн зохиолчийг “би төлбөрийг нь төлөх юм” гэж хэлээд 2019.04.01-2019.04.23-ныг дуустал Жаргалант зочид буудалд нийт 22 хоног байрлуулсан... Нийт зардал төлбөр 565 000 төгрөгийг удаа дараа нэхэхэд өнөөдөр, маргааш өгнө гэж ярьсаар сүүлдээ утсаа ч авахаа больсон.“ гэж тайлбарлажээ.

Хариуцагч С.О “...С.О миний бие тус буудалд байрлаагүй бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй.” гэж нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ тайлбарласан байна.

“Б” ХХК нь өөрийн өмчлөлийн Жаргалант зочид буудалд Р.У-г 2019.04.01-2019.04.23-ны өдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгө хөлслөх гэрээгээр байрлуулжээ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсан, нэхэмжлэгч “Б” ХХК өөрийн өмчлөлийн зочид буудлын өрөөг Р.У-ийн эзэмшилд хөлслүүлсэн байх тул тус хэлцлийн үүрэг гүйцэтгэгч нь Р.У байна. С.О нь буудлын захиалгыг өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч “Б” ХХК, С.О нарын хооронд анхнаасаа эрх зүйн харилцаа үүсээгүй, уг өрөөнд Р.У байрласныг аль аль нь мэдэж байгаа, бодит байдалд Р.У уг өрөөг хөлсөлсөн талаар маргаагүй, С.О тухайн өрөөний төлбөрийг хариуцан төлөх талаар ямар нэгэн хэлцэл хийгдээгүй нөхцөлд нэхэмжлэлийг хариуцна гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

Дээрх хэлцлийн үүрэг гүйцэтгэгч этгээд С.О биш байх тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар “Б” ХХК-аас зочид буудлын өрөөг Р.У-д хөлслүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.О-д холбогдох 565 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангасан тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00469 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан С.О-д холбогдох 565 000 төгрөг гаргуулах “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч С.О-ийн 17 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН

                                                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ