Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/03320

 

 

 

 

 

 

     2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/03320

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: П ХХК

 

            Хариуцагч: Б.Б

 

            зээлийн гэрээний үүрэгт 36,056,377.22 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нотариатын зардалд 12,900 төгрөг, нийт 36,069,277.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “П” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П” ББСБ нь Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Голден вилл 102 байр 302 тоотод оршин суух Б.Б 2016 оны 06 сарын 15-ны өдрийн Д-ЗГ0100160011 тоот зээлийн гэрээ байгуулан, 25 000 000 төгрөгийг сарын 3,9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Б.Б нь зээл авсан үеэс хойш зээлийн төлбөрөөс 2016 оны 08 сарын 02-нд зээлийн үндсэн хүүнээс 1 000 000 төгрөг, 2017 оны 02 сарын 14-нд зээлийн хүүний төлбөрөөс 881 439.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118 560.77 төгрөг, 2017 оны 04 сарын 05-нд зээлийн хүүний төлбөрөөс 426 482.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73 518.43 төгрөг, төлсөн боловч үлдэгдэл зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн шаардлага, мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ төлөх арга хэмжээ аваагүй байна. иймд үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, үндсэн хүү 10 822 079.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234 298.02 төгрөг нийт 36 056 377.22 төгрөг /нотариатын зардал 12 900 төгрөг, тэмдэгтийн хураамж болох 338 286 төргөр нийт төлөх дүн 36 069 277 төгрөг/ хариуцагч Б.Бөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 25 сая төгрөгний зээлийн гэрээ байгуулсан. 24 сараар, сарын 3,9 хувийн хүүтэй байсан. Эргэн төлөлт нэг ч удаа хуваарийн дагуу хийгдээгүй. 3 удаа төлөлт хийсэн. 2017 оны 4 сараас хойш төлбөр хийгдээгүй. Зөвхөн хүү төлөөд явдаг. Иймд бид хуваарийн дагуу төлөх талаар байнга мэдэгддэг. Гэвч хариуцагч нь ямар нэг арга хэмжээ авч төлбөр хийдэггүй. Иймд гэрээг цуцалж байгаа. Гэрээний 7.2.2-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Иргэний хуулийн 225.1-д зааснаар татгалзах эрхтэй тул гэрээг цуцалж байгаа. Үндсэн зээл 25 сая төгрөг, хүү  10 822 079.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  234 298.02 төгрөг, нийт 36 056 377.22 төгрөг нэхэмжлинэ. Мөн нотариатын зардал 12 900 төгрөг  гэрнээий 5.3-т зааснаар нэхэмжилж байгаа гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “П” ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 36,056,377.22 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нотариатын зардалд 12,900 төгрөг, нийт 36,069,277.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Б 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд шүүхэд тайлбар ирүүлээгүй байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 12 болон 16-ны өдөр шүүх хуралдаан хойшлогдож байсан байна. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид хэргийн материалыг дахин танилцуулсан боловч мөн оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ЗГ0100160011 дугаар зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр 25,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар зээлж, сарын 3,9 хувийн үндсэн хүү, 0,78 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

            Хэдийгээр дээрх зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгний зээл олгогдсон талаар санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч нь зээл олгосон эсэх талаар маргаагүй байна. Иймд дээрх гэрээний дагуу зээл олгогдсон гэж үзлээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 2,500,000 төгрөгний буцаан төлөлт хийсэн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2,500,000 төгрөгнөөс илүү төлөлт хийсэн эсэх талаар маргаагүй, нэмэлт баримт ирүүлээгүй тул буцаан төлсөн төлбөрийг 2,500,000 төгрөг гэж үзнэ.

            Зээлийн гэрээ нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан байна. Энд нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийг буцаан төлөх хуваарийг удаа дараа  зөрчсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй тул гэрээний үүрэг биелэгдээгүйгээс гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Үүнээс тооцвол зээлийн гэрээ нь 13 сар 10 хоног хэрэгжсэн байна. Иймд 25,000,000 төгрөгнөөс зээлийн хүүг тооцвол сард 3,9 хувь буюу 975,000 төгрөг, 13 сард 12,675,000 төгрөг, хоногт 0,13 хувь буюу 32,500 төгрөг, 10 хоногт 325,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгний хүү тооцогдоно. Үүнийг нэгтгэн тооцвол хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүүнд 13,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ. Үүнээс төлсөн 2,500,000 төгрөгийг хасвал хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 35,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

            Харин зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусах байсан боловч нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч талаас гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д нийцэхгүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байх боловч нотариатын үйлчилгээний зардалд хэдэн төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учир хохирол гэж нэхэмжилсэн 12,500 төгрөгний шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Бөөс 35,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 569,277.22 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД