Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2582

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02582

 

 

 “ПЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03320 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ПЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Бд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 36 056 377 төгрөг, гэрээг цуцалснаар учирсан хохиролд  12 900 төгрөг, нийт 36 069 277 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Цэрмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Билгүүн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарантуул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ПЛ ББСБ” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Голден вилл 102 байр 302 тоотод оршин суух Б.Бт 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Д-ЗГ0100160011 тоот зээлийн гэрээ байгуулан, 25 000 000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн.

Зээлдэгч Б.Б нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүүд 1 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн хүүд 881 439 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118 560 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн хүүд 426 482 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73 518 төгрөг тус тус төлсөн боловч үлдэгдэл зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн.

Иймд үндсэн зээлд 25 000 000 төгрөг, үндсэн хүүд 10 822 079 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 234 298 төгрөг нийт 36 056 377 төгрөгийг, нотариатын зардал 12 900 төгрөгийн хамт 36 069 277 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Бөөс 35 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ПЛ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 569 277 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Уг хэрэг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 23-ны 11 цагт зарлагдсан байсан бөгөөд миний бие уг шүүх хуралдаанд биечлэн оролцохоор Баянзүрх дүүргийн шүүхийн байранд 10 цаг гэхэд очсон бөгөөд шүүгчийн туслахтай очиж уулзан, ирсэнээ мэдэгдсэн. Шүүгчийн туслах нь надад "Үүдэнд суугаад хүлээж бай. Заал олдохоор хэлье" гэсэн боловч намайг дуудахгүй хүлээлгэсээр байсан. Шүүх хуралдааны цаг болоод би гайхаад, туслах руу нь орж асуутал, шүүх хуралдаанд намайг биечлэн оролцуулалгүйгээр, намайг ирээгүй мэтээр мэдүүлж, шүүх хуралдаанаа эхлүүлчихсэн байсан. Ингээд намайг шүүх хуралдаандаа оролцохоор цагтаа биечлэн ирсээр байхад оролцуулалгүйгээр хэргийг хянан хэлэлцэж.шүүх шийдвэрээ гаргасан.

Би өөрөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан бөгөөд намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй гадаанаа хүлээлгэж байгаад шийдвэрлэсэнд маш их гомдолтой байгаа.

Мөн шүүх "Хэдийгээр дээрх зээлийн гэрээний дагуу 25 000 000 төгрөгийн зээл олгогдсон талаар санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч нь зээл олгосон эсэх талаар маргаагүй байна. Иймд дээрх гэрээний дагуу зээл олгогдсон гэж үзлээ" гэжээ. Гэтэл хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцож мэтгэлзэх боломж олдоогүй тул хариуцагчаас маргаагүй гэж шүүх үзэж байгаа нь хэт нэг талыг баримталсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд дүгнэлт дутуу хийсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, нэхэмжлэгчийн нэрийг алдаатай бичсэн зэрэг алдаа гаргасныг давж заалдах  шатны шүүх залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч “ПЛ ББСБ” ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 056 377 төгрөг, гэрээг цуцалснаас учирсан хохиролд 12 900 төгрөг, нийт 36 069 277 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Б.Бт нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардуулан өгч, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор тайлбар ирүүлэх, тайлбар ирүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг түүнд тайлбарлан өгсөн нь баримтаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбарыг ирүүлээгүй тул анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Анхан шатны шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт явуулах тухай товыг хариуцагчид утсаар мэдэгдэж, хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирж хэргийн материалтай танилцсан тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Хариуцагч Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Нарантуулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон итгэмжлэлийг Э.Нарантуулд олгосон тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд оролцох эрхгүй байжээ. Иймд шүүх хуралдаанд оролцохоор очсон байхад оролцуулаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

 

            Хариуцагч тайлбар гаргаж өгөөгүй тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргах юм.

 

            “ПЛ ББСБ” ХХК болон Б.Б нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 25 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй зээлэх, зээлдүүлэх талаар тохиролцож зээлийн гэрээг байгуулсан, гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон тохиолдолд аль нэг тал гэрээнээс татгалзах, цуцлах эрх үүсэх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

 

Хариуцагчаас зээлийн төлбөрт 2 500 000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал гаргаж, нэхэмжлэлдээ хасч тооцсон нь зөв болжээ. 

 

            Хариуцагч нь зээлийг төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эсэргүүцээгүй тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь Иргэний 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.  

 

            Иймд хариуцагчаас үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 13 000 000 төгрөг төлөх үүргээс төлсөн 2 500 000 төгрөгийг хасч 35 500 000 төгрөгөөр хариуцагчийн үүргийг тодорхойлсныг зөв гэж үзнэ. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж хэтэрсэн тохиолдолд хуулиар нэмэгдүүлсэн хүү тооцох Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулна.

 

            Талууд гэрээний 4.2.1 дэх хэсэгт тохирсон хуваарийн дагуу зээлийн хүүг төлөхгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зөв тайлбарлажээ.

 

            Харин нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардсан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээв.

 

   Нэхэмжлэгч гэрээ цуцалсантай холбоотойгоор учирсан хохиролд нотариатын зардал гэж 12 900 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцэж буй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүйгээс гадна шүүгчийн туслахын буруутай үйлдлээс болж шүүх хуралдаанд хариуцагчийг биечлэн оролцуулах эрхийг хангаагүй гэх байдал баримтаар тогтоогдоогүй.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн  нэрийг буруу бичснийг зөвтгөх боломжтой.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03320 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “Прайм лөүд” ХХК гэснийг “ПЛ ББСБ” ХХК гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “453 дугаар зүйлийн 453.1” гэснийг “452 дугаар зүйлийн 452.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 335 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА