Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/03676

 

 

 

 

 

 

 

 

 

            2021        11          11

                                 101/ШШ2021/03676

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.А-н гаргасан,

 

Хариуцагч: Г сургуульд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Т, Э.Г, нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын “Г” сургуульд цахилгаанчнаар 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон.

 

Би, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан бөгөөд амралттай байх хугацаанд эрүүл мэнд муудаж, улмаар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 14 хоног хэвтэн эмчлүүлж байсан. Гэтэл хариуцагч нь намайг өвчтэй байх хугацаанд ажлаас халах тухай тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гэдгийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр листээ аваад ажилдаа очихдоо мэдсэн. Би, тус өдөр захиралтай уулзахад 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/128 тоот тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас маань халж, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулсан байна.

 

Миний бие тухайн үед ажлаас халагдсан тушаал гарсныг огт мэдээгүй, хэрэв надад энэ талаар мэдэгдсэн бол нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүйгээр төлөөд явах байсан. Гэтэл хариуцагч нь надад тушаалын талаар мэдэгдээгүй тул 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй,  энэ байдлаас болж ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй нөхцөл байдалтай байгааг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Хөдөлмөрийн гэрээнд зааснаар миний ажил үүргийн хуваарь бол цахилгаанчин сантехникч гэсэн байхад хариуцагч нь надаар бүх засвар үйлчилгээ, замаск гэх зэргийг хийхийг даалгаж, хийхгүй гэхээр үл ойлголцол үүсдэг байсан. Намайг ажил дээр архидан согтуурсан гэж тайлбарладаг ч би тэр өдөр ажлаас 3 цагийн үед гарч явсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд жил бүрийн 6 дугаар сарын эхээр амраад 8 дугаар сарын дундуур ажилдаа орж үйл ажиллагаа нь эхэлдэг. Гэтэл хариуцагч нь намайг амралттай, мөн өвчтэй байхад 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халах тушаалыг гаргасан байна.

 

Иймд, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Ч.А нь тус байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цахилгаанчнаар ажилд орсон ба 2021 оны 08 дугаар сарын 4-ний өдөр халагдсан. Тэрээр ажиллах хугацаандаа “Г” сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн байдаг.

 

Үүнд, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажил тасалсан, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6 дахь заалтыг зөрчиж, ажлын цагаар архи ууж согтуу байсан, үүнээс гадна удаа дараа ажил таслах зэргээр зөрчил гаргасан тул удирдлагын баг хуралдаж, хурлаас гаргасан шийдвэр буюу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлахыг  түүнд танилцуулсан.

 

Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сургуульдаа цаашид ажиллах хүсэлтэй тул ажилд минь үлдээж өгнө үү гэсэн учраас сургуулийн захигаа үүнийг хурлаар хэлэлцээд нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авахаар өөрчилж, харин дахиад зөрчил гаргавал шууд ажлаас нь халах болсныг мэдэгдсэн. Ингээд нэхэмжлэгч Ч.А нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т зааснаар ажлын 15 хоног амраад 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орох байсан юм.

 

Гэвч 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн гадна болон цайны газрын засварын ажил эхэлсэн тул 28-ны өдөр нэхэмжлэгч Ч.Агийн дугаар руу залгаж “........сургуулийн гадна цахилгааны ил утас гарсан байна, үүнийг засах хэрэгтэй байна...” гэж дуудахад нэхэмжлэгч нь очиж амжихгүй, зургийг нь дараад явуул гэсэн хариу өгсөн тул зургийг нь илгээсэн боловч чимээгүй таг болсон. Энэ хугацаанд манай сургууль уг ажлыг өөр хүнээр гүйцэтгүүлсэн.

 

Мөн нэхэмжлэгчийг 2021 оны 08 дугаар сарын 4-ний өдөр дуудаж ажилдаа ор гэсэн боловч Дархан-Уул аймагт эгчийнхээ байшинг барьж байна, 10 сард ажилдаа орно, эсхүл өөр хүн байвал ав гэж нярав  Ад утсаар мэдэгдсэн байсан. Бид, энэ тухай захиралдаа мэдэгдэхэд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэгч Ч.Аг ажлаас нь халж, шинэ цахилгаанчин ав гэсэн даалгаварыг өгсөн. Иймээс нэхэмжлэгч Ч.Аг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Сургуулийн дотоод журмын 6.6 дахь заалтыг үндэслэн ажлаас нь халсан болно.

 

Тодруулбал, хариуцагчийг ганц архи уусан гэх үндэслэлээр ажлаас халаагүй, тушаалын үндэслэл нь 7 хоногийн ажил тасалсан шалтгаанаар ажлаас халсан. Сургуулийн онцлог нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 7 болон 8 дугаар сард бүх байр засварлаж, 9 дүгээр сар гэхэд сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Яг ажил ихтэй байх үед нэхэмжлэгч нь ажилдаа ирээгүй сургуулийн засварын үйл ажиллагаанд саад учруулсан. Гэтэл өөр хүн ажилд авна гэхээр уг хүний ажлын байр чөлөөлөгдөөгүй байсан ба нэхэмжлэгчтэй холбогдож чадаагүй, нэхэмжлэгчид ажил тасалсанд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй, сургуулийн захиргаанаас чөлөө авсан өвчтэй байгаагаа мэдэгдсэн зүйл байхгүй явсаар 8 дугаар сарын 4-ний өдөр хүрсэн.

 

Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай сургуулийн захиргаанд өвчтэй зовлонтой байсан тул миний ажлаас халагдсан 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тушаалыг мөн оны 08 сарын 26-ны өдрийн огноогоор өөрчлөн гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу сургуулийн захиргааны зүгээс тушаалын он, сар, өдрийг өөрчилж өгсөн чинь өөрийгөө 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өвчтэй байсан гээд, энэ хугацаагаа ажлын байрыг хадгалах байсан гэсэн үндэслэл ярьж тайлбарлаад байх шиг байна.

 

Хэрэгт болон манай сургуульд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2 тушаал бүгд байгаа, огноо өөрчилсөн тушаалыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан. Харъяа Нийгмийн даатгалын хэлтэст манай сургууль 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор тайлангаа өгсөн. Үүнээс гадна нэхэмжлэгчийг ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэл нь өмнөх тушаалын үндэслэл бөгөөд тэр тушаалтай маргах зүйл байхгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам батлах, ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн байна. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээ цуцлахад хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх нь ажил олгогчид байдаг.

 

Монгол Улсын дээд шүүхийн тайлбарласнаар ноцтой зөрчил гэдэг нь гэрээний талууд ажлын байр, албан тушаал, ажил үүргийн онцлогт тохируулаад ямар зөрчил болохыг тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэдэг. Иймээс манай байгууллагын хөдөлмөрийн гэрээнд 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан нь ноцтой зөрчилд тооцогддог тул ажлаас халах тушаалын хууль зүйн үндэслэл болж байгааг харгалзан үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Агээс хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын “Г” сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ. Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ч.А 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын “Г” сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус сургуульд цахилгаанчны ажил, албан тушаалд томилогдсон байна /х.х-ийн 4, 5 хуудас/.

 

Тодруулбал, зохигчид нэхэмжлэгчийг тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр томилсон үйл баримтын талаар маргаагүй бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 8 сарын хугацаатай байгуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3“хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заасан.

 

            Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн эсэх үйл баримтын талаар маргаагүй. Иймд, нэхэмжлэгч Ч.А болон хариуцагч “Г” сургууль нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна” гээд 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” гэж, мөн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, ажил олгогч нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд ажиллах ажилтантай 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаас бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол тийнхүү хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.

 

Гэвч зохигчид хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан эсэх талаар маргаагүй ба тухайн гэрээг хугацаа дууссан гэсэн үндэслэлээр дуусгавар болгоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж зааснаар талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 8 сараар сунгагдсан байна.

 

  1. Гэтэл хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын “Г” сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалаар нэхэмжлэгч Ч.Аг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэгчид уг өдрөөс хойш цалин хөлс олгоогүй ажээ /х.х-ийн 35 хуудас/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдөр ажил тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, бас сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх шаардлагатай болсон гэж тайлбарласан /х.х-ийн 40 хуудас/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гээд 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын “Г” сургуулийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/101 тоот тушаалаар энэхүү сургуулийн ажилтнуудын 2021 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан ба нэхэмжлэгч Ч.А нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд амрах хуваарьтай байжээ /х.х-ийн 31, 32 хуудас/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.А нь урьд өмнө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байран дээр архи уусан гэсэн зөрчлүүдийг гаргасан тул сургуулийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/102 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна /х.х-ийн 30 хуудас/.

 

 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил олгогч буюу хариуцагчийн зүгээс өөрийг нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хичээлийн шинэ жилийг эхлэх хүртэлх хугацаанд амрахыг зөвшөөрсөн тул 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа очих шаардлагагүй байсан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.А нь тийнхүү 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Гэвч шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Аг ажлаас чөлөөлсөн хариуцагч “Г” сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэв. Үүнд:

 

  • Хэдийгээр зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.2-т зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд үүнийг ноцтой зөрчилд тооцож, улмаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж журамласан байх боловч талуудын маргаж байгаа 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалд нэхэмжлэгч Ч.Агийн гаргасан зөрчлийг тухайлан дурдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч Ч.Аг чухам хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар ноцтой зөрчил болон давтан зөрчил гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн болохыг тогтоох боломжгүй байна. Тушаал нь ажил олгогчийн хүсэл зоригийг илэрхийлж байгаа хэдий ч ажилтны гаргасан үйлдэл, эс үйлдэлд үндэслэгдсэн байдаг тул тушаалд ажилтны зөрчлийг тодорхой бичсэнээр агуулгын хувьд ойлгомжтой болно.

 

Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байдаг учраас үүнийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж, улмаар ажилтан уг зөрчлийг гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх тушаалд тодорхой тусгах нь талуудад болон бусад этгээдэд ойлгомжтой илэрхий болох учиртай.

 

  • Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгохын сацаа зөрчил бүрийг тус тусад нь тогтоогдсон байхыг шаарддаг.

 

Гэтэл нэхэмжлэгч Ч.Ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/102 тоот тушаалд мөн адил нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тухайлан дурдаагүй байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалд зөрчлийн талаар тодорхой бичээгүй бөгөөд хожим нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийн аль нэгийг гаргасан гэж тушаалд огт байхгүй зөрчлийн талаар тайлбарлах нь зохимжтой биш байна.

 

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Тодруулбал, сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, ингэхдээ гаргасан зөрчлийг уг хугацааны дотор олж мэдэх, ийнхүү олж мэдсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах журамтай.

 

Гэтэл нэхэмжлэгч Ч.А нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд амрах хуваарьтай байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсныг хариуцагч “Г” сургууль нь тухайн үед мэдсэн боловч ажилтныг ажлаас нь чөлөөлөх тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

 Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нэхэмжлэгч Ч.Аг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 3-аас дээш өдрийн ажил тасалсан гэдгийг тэр үед мэдсэн байх боловч ямар учир шалтгааны улмаас илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар тодорхой тайлбар өгсөнгүй.

 

Ажил олгогчийн тушаал хууль бус гэдэгт тушаалын хэлбэр, агуулгыг аль алиныг нь анхаарч, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэл тогтоогдсон эсэх, сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа, эрх бүхий этгээд эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангасан тушаал гаргасан эсэх, гэрээг цуцлах хугацааг баримталсан эсэхийг тус тус хамруулна.

 

  • Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч Ч.А нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалын талаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдсэн гэх бөгөөд хариуцагч “Г” сургуульд тухайн тушаалын он, сар, өдрийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөр гаргаж өгөхийг хүссэн байна.

 

            Ингээд хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүнийг ажлаас нь чөлөөлсөн тушаалын он, сар, өдрийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/128 тоот болгон өөрчилж, уг тушаалыг нэхэмжлэгчид өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт 2 өөр огноотой тушаал байгаа боловч эдгээр тушаалд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн 1 үндэслэлийн талаар дурджээ /х.х-ийн 6 хуудас/.

 

            Гэтэл хариуцагч “Г” сургууль нь нэхэмжлэгч Ч.Ад 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/128 тоот тушаалыг гардуулсан байх тул нэхэмжлэгчийн хувьд уг тушаалын дагуу ажлаас халагдсан гэж үзэх боловч энэ тушаалд нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийн талаар дурдаагүй байх тул мөн адил эрх зүйн актад тавигдах хэлбэр, агуулгын шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

            Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ч.А нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчний учир эмнэлгийн магадлагаатай байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэсэн үндэслэлээр түүний ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах ба улмаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх боломжгүй юм.

 

            Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Аг ажлаас чөлөөлөх тухай хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын “Г” сургуулийн захирлын тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь буцаан томилох нь зүйтэй байна.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, түүнчлэн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө сүүлийн 3 /гурав/ сарын хугацаанд 1,191,472.00 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 18,472.00 төгрөг, ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх ажлын 69 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 1,274,568.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна /х.х-ийн 89-92 хуудас/.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 1 сарын дотор энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүхэд гаргах ёстой.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, түүнчлэн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж заасны дагуу дээр дурдсанаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хөдөлмөрийн маргаан таслах комисс бус, харин шүүх харъяалан хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор харъяа шүүхэд гаргах журамтай.

 

            Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын “Г” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч Ч.Ад 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан буюу гардуулсан талаарх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд харин он, сар, өдрийг нь өөрчилсөн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/128 тоот тушаалыг нэхэмжлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгчээ.

 

            Ингээд уг тушаалыг нэхэмжлэгч Ч.А нь үл хүлээн зөвшөөрч, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжт төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,140.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Аг урьд эрхэлж байсан буюу хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын “Г” сургуулийн цахилгаанчны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,274,568.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 35,140.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР