Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00015

 

 

 

 

 

Ч.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/03676 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын “Г” сургууль БСБ-д холбогдох, тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гансүх, Ү.Тэгшбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Ч.А- нь Нийслэлийн ерөнхий боловсролын “Г” сургууль БСБ-д 2020 оны 10 сарын 13-ны өдөр цахилгаанчин албан тушаалд томилогдож, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан бөгөөд амралттай байх хугацаанд эрүүл мэнд муудаж, улмаар 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 сарын 06-ны өдөр хүртэл 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Ийнхүү өвчтэй байх хугацаанд буюу 2021 оны 08 сарын 26-ны өдөр сургуулийн захирлын Б/128 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан. Эмнэлгийн акт, листээ аваад 2021 оны 09 сарын 06-ны өдөр ажилдаа очих үедээ 2021 оны 08 сарын 04-ний өдөр ажлаас халсан байсныг мэдсэн. Тушаал гармагц мэдэгдээгүйн улмаас 2021 оны 08 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, хэрэв мэдэгдсэн бол сайн дураар төлөөд тасалдуулахгүй байсан. Энэ байдлаас болж ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваарь бол цахилгаанчин, сантехникч гэсэн байхад хариуцагч нь бүх засвар үйлчилгээ, замаск гэх зэргийг хийхийг даалгадаг, хийхгүй гэснээс үл ойлголцол үүсдэг байсан. Ажил дээр архидан согтуурсан гэж тайлбарладаг ч тэр өдөр ажлаас 3 цагийн үед гарч явсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд жил бүрийн 06 сарын эхээр амраад 08 сарын дундуур ажилдаа орж үйл ажиллагаа нь эхэлдэг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг амралттай, өвчтэй байхад 2021 оны 08 сарын 04-ний өдөр ажлаас халах тушаалыг гаргасан байна. Иймд ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

 

          2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь тус байгууллагад 2020 оны 10 сарын 13-ны өдөр цахилгаанчнаар ажилд орсон ба 2021 оны 08 сарын 04-ний өдөр халагдсан. Тэрээр ажиллах хугацаандаа “Г” сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн. Тодруулбал, 2021 оны 05 сарын 17-ны өдөр ажил тасалсан, 2021 оны 05 сарын 18-ны өдөр Дотоод журмын 6.6 дахь заалтыг зөрчиж, ажлын цагаар архи ууж согтуу байсан, үүнээс гадна удаа дараа ажил таслах зэргээр зөрчил гаргасан тул удирдлагын баг хуралдаж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэснийг түүнд танилцуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 05 сарын 20-ны өдөр “сургууль цаашид ажиллах хүсэлтэй тул ажилд минь үлдээж өгнө үү” гэсэн учраас сургуулийн захиргаа хүсэлтийг нь хурлаар хэлэлцээд нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авахаар өөрчилж, дахин зөрчил гаргавал шууд ажлаас нь халах болсныг мэдэгдсэн. Ч.А- нь 2021 оны 06 сарын 02-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын 15 хоног амраад 2021 оны 06 сарын 22-ны өдөр ажилдаа орох байсан боловч ороогүй. 2021 оны 06 сарын 25-ны өдөр сургуулийн гадна болон цайны газрын засварын ажил эхэлсэн тул мөн сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ч.А-гийн утасны 8007-8081 дугаар руу залгаж “...сургуулийн гадна цахилгааны ил утас гарсан байна, үүнийг засах хэрэгтэй байна...” гэж дуудахад “очиж амжихгүй, зургийг нь дараад явуул” гэсний дагуу зургийг нь илгээсэн боловч хариу өгөөгүй. Энэ хугацаанд уг ажлыг өөр хүнээр гүйцэтгүүлсэн. Мөн 2021 оны 08 сарын 04-ний өдөр “ажилдаа ор” гэсэн боловч “...Дархан-Уул аймагт эгчийнхээ байшинг барьж байна, 10 сард ажилдаа орно, эсхүл өөр хүн ав...” гэж нярав А.Амаржаргалд утсаар мэдэгдсэн байсан. Энэ талаар захиралд мэдэгдэхэд 2021 оны 08 сарын 04-ний өдрөөс нэхэмжлэгч Ч.А-г ажлаас нь халж, шинэ цахилгаанчин ав гэсэн даалгавар өгсөн. Иймд нэхэмжлэгч Ч.А-г 2021 оны 06 сарын 21-ний өдрөөс 08 сарын 04-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сургуулийн дотоод журмын 6.6 дахь заалтыг үндэслэн ажлаас нь халсан болно. Тодруулбал, хариуцагчийг ганц архи уусан гэх үндэслэлээр ажлаас халаагүй, тушаалын үндэслэл нь 7 хоногийн ажил тасалсан шалтгаан юм. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө саруудад ажил ихтэй байхад нэхэмжлэгч ирээгүй сургуулийн засварын үйл ажиллагаанд саад учруулсан. Өөр хүн ажилд авах гэхээр ажлын байр чөлөөлөгдөөгүй байсан ба нэхэмжлэгчтэй холбогдож чадаагүй, нэхэмжлэгч ажил тасалсан хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар удирдлагад мэдэгдээгүй. Гэтэл 2021 оны 09 сарын 06-ны өдөр сургуулийн захиргаанд “өвчтэй байсан тул ажлаас халагдсан 2021 оны 08 сарын 04-ний өдрийн тушаалыг мөн оны 08 сарын 26-ны өдрийн огноогоор өөрчлөн гаргаж өгөөч” гэсэн хүсэлт гаргасны дагуу сургуулийн захиргааны зүгээс тушаалын он, сар, өдрийг өөрчилж өгсөн. Үүнд үндэслэн 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл өвчтэй байсан гээд, энэ хугацаагаа ажлын байрыг хадгалах байсан гэсэн үндэслэл тайлбарлаад байх шиг байна. Хэрэгт болон ажил олгогч талд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2 тушаал байгаа, огноо өөрчилсөн тушаалыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан. Харьяа Нийгмийн даатгалын хэлтэст байгууллагын зүгээс 2021 оны 09 сарын 05-ны өдрийн дотор тайлангаа өгсөн. Үүнээс гадна нэхэмжлэгчийг ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэл нь өмнөх тушаалын үндэслэл бөгөөд тэр тушаалтай маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам батлах, ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээ цуцлахад хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх нь ажил олгогчид байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарласнаар ноцтой зөрчил гэдэг нь гэрээний талууд ажлын байр, албан тушаал, ажил үүргийн онцлогт тохируулаад ямар зөрчил болохыг тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэдэг. Иймээс манай байгууллагын хөдөлмөрийн гэрээнд 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан нь ноцтой зөрчилд тооцогддог тул ажлаас халах тушаалын хууль зүйн үндэслэл болж байгааг харгалзан үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

          3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.А-г урьд эрхэлж байсан буюу хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Г сургуулийн цахилгаанчны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,274,568.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 35,140.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

          4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          а/. Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдаагүй, талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн. 2021 оны 08 сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалд Ч.А-гийн гаргасан зөрчлийг тухайлан дурдаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэх агуулгаар дүгнэлт хийсэн. Гэвч нэхэмжлэгч нь ажлаас халагдсан үндэслэл болох 2021 оны 06 сарын 23-ны өдрөөс мөн оны 08 сарын 04-ний өдрийн хооронд ажил тасалсанд болон өмнө нь сахилгын ноцтой зөрчил гаргаж байсан гэдэгт маргаагүй. Талууд нэхэмжлэгчийг өвчтэй байсан гэх 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс мөн оны 09 сарын 06-ны өдрийн хооронд халсан эсэх мөн өвчтэй байсан хугацаа нь 2021 оны 08 сарын 04-ний өдрийн тушаалын үйлчлэлд хамаарч байгаа эсэхэд маргасан болно. Тушаалд ажлаас халсан үндэслэлийг заагаагүй нь хэлбэрийн алдаа гэдэгтэй санал нийлж байгаа ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх болсон хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөнийг заагаагүй байхаас гадна тушаалыг талууд болон бусад этгээдэд ойлгомжтой, илэрхий байлгах хууль зүйн шаардлагыг шийдвэрт тодорхойлж өгөлгүйгээр хариуцагчийг шууд буруутгасан.

          б/. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүйгээс гадна талууд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлсэн талаар огт маргаагүй. Ч.А- нь 2021 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл ажилдаа огт ирээгүй бөгөөд ажлаас халагдсан үндэслэлээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин түүнийг ирэхгүй байх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 2021 оны 08 сарыг хүртэл төлсөн. Учир нь Хөдөлмөрийн гэрээний 5.4.2-т “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд үүнийг ноцтой зөрчилд тооцож, улмаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан. Гэрээний дээрх заалтаар ажил олгогчид тухайн ажилдаа ирэхгүй байгаа ажилтныг хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх болон 3 ба түүнээс дээш хоногийг хэзээнээс тооцож эхлэхийг тодорхойлох зэрэг үүргүүдийг хүлээж байгаа гэдгийг шүүх харгалзсангүй.

          в/. Хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.А- нь 2021 оны 08 сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ч уг тушаалтай маргаагүй, харин өөрийнх нь хүсэлтээр огноог өөрчилж гаргаж өгсөн 2021 оны 08 сарын 26-ны өдрийн Б/128 тоот тушаал өөрийг нь өвчтэй байсан гэх  2021 оны 08 сарын 23-ны өдрөөс мөн оны 09 сарын 06-ны өдрийн хугацаанд хамаарч байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх 2021 оны 08 сарын 26-ны өдрийн Б/128 тоот тушаалыг 2021 оны 09 сарын 06-ны өдөр танилцуулсан гэж дүгнэснээс үзвэл, Ч.А- 2021 оны 06 сарын 02- ны өдөр ээлжийн амралтаа аваад 2021 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй гэдгийг тогтоосон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2021 оны 08 сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсон нь ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх байсан гэж үзэх үндэслэл, холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан түүнийг өвчтэй байх хугацаанд ажлаас нь чөлөөлөөгүй “Г” сургуулийн захирлын Б/128 тоот тушаал 2021 оны 08 сарын 04-ний өдөр гарсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

          5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: “Г” сургууль нь бусад сургууль цэцэрлэгийн жишгээр 05 сарын 31-ний өдрөөс 08 сарын 24-ний өдөр хүртэл амарсан. Нэхэмжлэгч нь ажил таслаагүй, өвчтэй байсан. Ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг ойлгоогүй. Бүх ажилчид 2021 оны 08 сарын 24-ний өдөр ажилдаа очсон. Утсаа тасалж, ажил тасалсан зэргээр хариуцлага алдаагүй, тус сургуульд 3 хүний ажлыг хийж байсан. Сайн ажиллаж байсан тул ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. 

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийг /1999.07.01/ буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

  1. Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын “Г” сургууль БСБ-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 21-23/

 

  1. Хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн гэрээ” /хх 4-5/, Ч.А-гээс “Г” сургууль БСБ-д гаргасан хүсэлт /хх 42/, тус сургуулийн захирлын 2021 оны 05 сарын 03-ны өдрийн Б/101 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал, түүний хавсралт /хх 31-32/ зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 13-ны өдрөөс хариуцагч байгууллагын цахилгаанчин /мужаан, слесарийн ажилд туслах/ албан тушаалд ажиллаж, улмаар  2021 оны 06 сарын 02-ны өдрөөс мөн сарын 23-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан, ажил олгогчийн зүгээс ажилтан Ч.А-г 2021 оны 08 сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалаар ажлаас халсан боловч түүний хүсэлтээр уг тушаалын огноог 2021 оны 08 сарын 26-ны өдөр болгож өөрчилсөн үйл баримтууд тус тус тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгчийг ээлжийн амралттай, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байхад ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн эсэх буюу дээр дурдсан Б/128 дугаартай тушаал хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Ажил олгогч нь 2021 оны 08 сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2-т заасныг тус тус үндэслэн Ч.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх 35/

 

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн боловч хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр дуусгавар болгосон талаар буюу ажилтны гаргасан зөрчлийг тодорхой нэрлэн заагаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Гэвч нэхэмжлэгч Ч.А-гийн нэхэмжлэлдээ дурдсан “...ажиллаж байх хугацаандаа 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс мөн оны 09 сарын 06-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, өвчтэй байх хугацаанд 2021 оны 08 сарын 26-ны өдөр Б/128 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан буюу ноцтой зөрчил гаргасан...” гэх агуулга, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаас гаргасан “...2021 оны 06 сарын 21-ний өдрөөс мөн оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан цахилгаанчин Ч.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сургуулийн дотоод журмын 6.6 дах заалтыг ноцтой зөрчсөн тул ажлаас халсан... ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөх гэж байгаа тул дээрх тушаалыг 08 сарын сүүлээр гаргаж өгнө үү гэснийх нь дагуу 2021 оны 08 сарын 26-ны өдрөөр тушаалыг гаргаж өгсөн...” гэх тайлбараас үзвэл, Ч.А- нь өөрт олгогдсон ээлжийн амралтын хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 06 сарын 23-ны өдрөөс мөн оны 08 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ажил үүргээ эрхлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ “өвчтэй байх хугацаанд” гарсан гэж тайлбарлан 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс мөн оны 09 сарын 06-ны өдрийн хооронд өвчний улмаас 14 хоног амбулаториор эмчлүүлсэн тухай “Эмнэлгийн хуудас”-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч ээлжийн амралтын хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 06 сарын 23-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн 2021 оны 08 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй талаар маргаагүй.

 

Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.4.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд юуг тооцох талаар тодорхой нэрлэн заасан байх бөгөөд үүнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан тохиолдлыг дурдсан байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй талаараа хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад “...сургуулиуд 6 дугаар сарын эхээр амраад 8 дугаар сарын дундуур үйл ажиллагаа нь эхэлдэг...” гэж /хх 97/ мөн “...Дарханд явж байхдаа Ковид өвчний нэгдүгээр хавьтагч болсон. Тухайн үед би гэрийн хорионд Сүхбаатар дүүрэгт дүүгийнхээ хамт тусгаарлагдсан. Би ажлынхандаа хавьтагч болсон гэж хэлээгүй, өвчтэй байгаа гэж хэлсэн...” гэж /хх 100/ тус тус тайлбарлах боловч эдгээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй. Иймд ажилтан Ч.А- нь Хөдөлмөрийн гэрээний 5.4.2-т заасан ноцтой зөрчил буюу 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан нь тогтоогдсон гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн буюу байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл болон сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

6. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн Ерөнхий боловсролын “Г” сургууль БСБ-ын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн Б/128 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн буюу нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан байх тул түүнийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзлээ.

 

          Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ч.А-гийн хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын “Г” сургууль БСБ-д холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/03676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын “Г” сургууль БСБ-д холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ч.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын “Г” сургууль БСБ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО                                                    

                           ШҮҮГЧИД                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР