Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/01747

 

 

 

 

 

                          

 

 

 

                  2022       04           18   

           101/ШШ2022/01747

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК-н гаргасан,

 

Хариуцагч: Э.Ч-д холбогдох,

 

тоёото приус-30 маркийн автомашин болон 7,966,809.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч Э.Чтой 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авто машины түрээсийн гэрээ байгуулж, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өгсөн. Уг тээврийн хэрэгслийн үнийг бид нар 16,200,000.00 төгрөг гэж тогтоосон ба хариуцагч тал урьдчилгаа төлбөрт 3,500,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 12,700,000.00 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны  өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 3.5 хувийн хүүгийн хамт сард 790,900.00 төгрөг төлөх байдлаар дуусгавар болгохоор тохиролцсон.

 

Гэрээг талууд автомашины түрээсийн гэрээ нэртэй байгуулсан боловч зохигчдын хүсэл зориг нь түрээслүүлэгч гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, түрээслэгч тал тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх, хэрэв түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулсан тохиолдолд тээврийн хэрэгслийг түрээслэгчид шилжүүлэх, түрээсийн гэрээний хугацааны хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтаар жилийн 42 хувийн /сарын 3.5 хувь/ хүүтэй байхаар тохиролцсон нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан гэж үзэж байна.

 

Гэвч хариуцагч нь тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойш хуваарьт заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ямар нэг төлөлт хийгээгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан. Тэрээр гэрээний хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сард 790,900.00 төгрөг төлөх үүргийн хүрээнд нийт 19,772,500.00 төгрөг төлөх ёстойгоос урьдчилан төлсөн 3,500,000.00 төгрөг, мөн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн 5,932,991.00 төгрөгийг тус тус хасч тооцвол түрээсийн төлбөрт 10,339,509.00 төгрөг төлөхөөр байна.

 

Энэхүү түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгчийн зүгээс ковид-19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа болох 92 хоногийн хугацааны түрээсийн төлбөр 2,372,700.00 төгрөгийг хасч, нийт 7,966,809.00 төгрөгийн хариуцагчаас гаргуулж, мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээг цуцалж, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг буцаан авах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Би, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч “А” ХХК-иас тоёота приус-30 маркийн улсын дугаартай суудлын автомашиныг худалдан авсан бөгөөд төлбөрийг 2020 оны 08 сарыг дуустал хуваарийн дагуу төлсан. Гэвч 2020 оны 10 дугаар сард 500,000.00 төгрөг төлснөөс хойш ковид-19 цар тахлын улмаас түрээслэж байсан ТҮЦ, караоке барны үйл ажиллагаа зогсож орлогогүй болсон. Мөн манай гэр бүлд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шинэ хүн мэндэлж, бид ямар нэг орлого шинээр бий болох ямар ч боломжгүй болсон.

 

Дэлхий даяар бий болсон хүндрэл бидний санхүүд хүндээр тусч, хүсээгүй энэхүү нөхцөл байдал үүссэн бөгөөд түрээсийн гэрээнд өөрчлөлт, хөнгөлөлт оруулах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан боловч миний хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, надтай ёс бус харьцаж, хэл амаар дайрч басамжлан доромжлох үйлдэл гаргасан.

 

Миний хувьд гэр бүлийн санхүүгийн байдал огт сэргээгүй, орлогогүй болсон тул нэхэмжлэлд дурдсан өр төлбөрийг зөвшөөрөхгүйгээс гадна төлж барагдуулах боломжгүй байна. Иймд, энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

            Нэхэмжлэгчийн өгсөн баримт,

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 379,725.00 төлсөн баримт,
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  4. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн автомашины түрээсийн гэрээ,
  5. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21212 тоот Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,
  6. Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт,
  7. Нэхэмжлэлийн шаардлагын дэлгэрэнгүй задаргаа.

 

Хариуцагчийн өгсөн баримт,

 

  1. Хариу тайлбар.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь


           Нэхэмжлэгч “А” ХХК-иас хариуцагч Э.Чод холбогдуулан улсын дугаартай тоёото приус-30 маркийн автомашин болон 7,966,809.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Э.Чтой 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр автомашин түрээслэх гэрээ байгуулж, 16,200,000.00 төгрөгийн үнэтэй улсын дугаартай тоёото приус-30 маркийн автомашиныг түрээслэхээр тохиролцсон байна /х.х-ийн 6-9 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь тус 16,200,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг түрээслэхдээ нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрт 3,500,000.00 төгрөгийг өгч, үлдэх 12,700,000.00 төгрөгийг сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүгийн хамт төлөхөөр болж, сар бүрийн 25-ны өдөр 790,900.00 төгрөгийг тогтмол төлсөн тохиолдолд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн авах ажээ.

 

Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлахдаа талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэсэн. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 312.3-т “Түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч Э.Ч нар уг автомашиныг аж ахуйн үйл ажиллагаанд хэрэглэхээр тодорхой хугацаанд түрээслэх, ийнхүү түрээслэж байгаад түрээсийн гэрээний хугацаа дуусахад автомашины өртөг бүрэн төлөгдсөн бол худалдан авах буюу өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирч болно.

 

            Зохигчдын байгуулсан түрээсийн гэрээний 2 дугаар зүйл, эргэн төлөх хуваарь зэргээс үзвэл хариуцагч Э.Ч нь 16,200,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг түрээслэхдээ урьдчилгаанд 3,500,000.00 төгрөгийг төлсөн, мөн үлдэх 12,700,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүгийн хамт төлж, улмаар 5,882,665.00 төгрөгийн хүүг үлдэх 12,700,000.00 төгрөгийн үндсэн төлбөрийн хамт төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авах нөхцөлтэй байгаа нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

 

            Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг анхдагч түрээс гэж үзнэ” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх” гэж тус тус заажээ.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь автомашиныг бусад этгээдээс худалдан авах, аль эсхүл өөрийн өмчлөлийн зүйлийг тодорхой хугацаанд хариуцагчид түрээслүүлж, хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрийг төлсөөр автомашины өртгийг төлж барагдуулсан бол өмчлөх эрх нь хожим түүнд шилжихээр тохиролцож болох бөгөөд зохигчид түрээсийн төлбөрт хүү тооцож болно.

 

            Энэ талаар тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь дор дурдсан үнэ, төлбөрөөс бүрдэнэ” гээд 7.1.1 түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр” гэж, мөн 7.1.2-т “түрээсийн хүү” гэж тус тус заасан.

 

  1. Гэтэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө түрээслэх гэрээний шинж нь түрээсийн зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах, эсхүл тийм үйл ажиллагаа явуулахтай холбоотой дүрэмд заасан зорилгоо биелүүлэхээр ашиглах боломжтой /үр шим болгох бололцоо бүхий/ эд хөрөнгө байх учиртай. Санхүүгийн түрээс нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой түрээсийн гэрээний нэгэн төрөл болохын хувьд тухайн гэрээний зүйлийг түрээслэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах, эсхүл дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхдээ ашигтай шинж чанарыг нь ашиглахаар түрээслэдэг.

 

Тодруулбал, санхүүгийн түрээсийн гэрээний зүйл нь түрээслүүлэгч болон эзэмшигчид эрх зүй, эдийн засгийн хувьд үр шим өгөх /орлого олох үйл ажиллагаанд ашиглагдах/ шинжийг илүү агуулах ба үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хэрэглэгдэж, тодорхой бүтээмж буюу үр дүн гаргахад ашигтай байдаг шинж чанарыг нь чухалчилдаг байна.

 

Гэтэл нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч Э.Ч нарын байгуулсан түрээсийн гэрээний зүйл болох 88-95 УАВ тоот улсын дугаартай тоёото приус-30 маркийн автомашиныг талууд дээр дурдсан үндэслэлээр түрээслэсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн шүүхэд өгсөн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тус тус үзвэл зохигичд ердийн хэрэглээний буюу ахуйн зориулалтанд хэрэглэхээр худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

 

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Тайлбарлавал, бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх энэхүү гэрээний эрх, үүргийн хүрээнд зохигчид гэрээнд төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа бүрэн, эсхүл хэсэгчлэн төлдөг учир хэрэв хүү төлөхөөр тохиролцсон бол тэдгээрийн хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар талууд гэрээний зүйлийн үнийг тэр даруй бус тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцлөөр тохирсноос гадна автомашины үнэ гэрээ байгуулах үеийн үнээс 5,882,665.00 төгрөг /зээлийн хүү/-өөр нэмэгдсэн байна.

 

Энэ талаар Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т “Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана” гээд 263.2.1-т “бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ” гэж, бас 263.2.2-т “хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа” гэж, 263.2.3-т “төлбөл зохих хүүгийн хэмжээ” гэж, 263.2.4-т “үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний үнийг шууд худалдагчид төлдөггүй, тийнхүү төлөөгүй хэмжээгээр худалдагч талын төлбөр авах хугацаа нь хойшлогддог, худалдан авагч нь өөртөө шилжүүлэн авсан бөгөөд бүрэн төлөөгүй үлдсэн тэрхүү хэмжээ нь түүнд санхүүжилт болж үлддэг /худалдагчийн мөнгө/ тул зохигчид хүү тохирч, гэрээнд хэсэгчлэн төлөх хэмжээ, хуваарийн талаар тусгаж болно.

 

Мөн энэ хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар зохигчид зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах бөгөөд 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болох журамтай.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигчид 16,200,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сарын 3.5 хувийн хүүтэйгээр сар бүрийн 25-ны өдөр 790,000.00 төгрөгийг тогтмол төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байгаа нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.   

 

  1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас худалдагчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.

 

Зохигчдын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний эргэн төлөлтийн хуваариар хариуцагч Э.Ч нь гэрээний үлдэгдэл төлбөр 12,700,000.00 төгрөгийг хүү 5,882,665.00 төгрөгийн хамт 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сарын бүрийн 25-ны өдөр 790,900.00 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээсэн.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчдын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан байхад хариуцагч нь хэдийгээр гэрээний хүүнд 5,932,991.00 төгрөгийг төлсөн боловч үндсэн төлбөрийн үлдэгдэл 12,700,000.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

Ингээд нэхэмжлэгч “А” ХХК-ийн зүгээс хариуцагч Э.Чод холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 16,200,000.00 төгрөгийн үнэтэй улсын дугаартай тоёото приус-30 маркийн автомашин болон 7,966,809.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Э.Чыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээг цуцлах эрхтэй.

 

Энэ талаар дээр дурдсан хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу сар бүр төлөх ёстой 790,900.00 төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд талууд гэрээгээр авсан, өгсөн бүх зүйлээ харилцан буцаах үүрэг үүсдэг. Үүнийг тус хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй...............” гэж тодорхой байдаг.

 

Гэтэл зохигчид гэрээг цуцлахад хариуцагч Э.Чын урьд өмнө нэхэмжлэгч “А” ХХК-нд төлсөн 9,432,991.00 төгрөг /3,500,000+5,932,991/-ийг мөн адил буцаах эсэхийг шалгах учиртай юм. Зүй нь, нэхэмжлэгч тал 16,200,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг хариуцагчаас буцаан шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Э.Чод 9,432,991.00 төгрөгийг, хариуцагч нь нэхэмжлэгчид 88-95 УАВ тоот улсын дугаартай тоёото приус-30 маркийн автомашиныг тус тус буцаан өгөх ёстой.    

 

Гэвч зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагчийн зээлээр худалдан авсан бөгөөд төлөөгүй үлдсэн үнэ /худалдагчийн мөнгө/-ийг худалдан авагч нь гэрээний хугацаанд санхүүжилт хэлбэрээр ашигласан байдаг тул автомашиныг буцааж өгөх хүртэлх хугацааны хүүг буцаан авах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, зохигчид хэлцлийн дагуу авсан бүх зүйлийг харилцан буцаах тохиолдолд гэрээний зүйлийг хариуцагч нь эзэмшиж, ашиглаж үр шимийг хүртэж байсан байдлыг нэхэмжлэгчид буцаах боломжгүй учраас энэ утгаараа хариуцагчийн гэрээний хүүнд төлбөл зохих төлбөрийг буцаахгүй.

 

Ингээд хариуцагч Э.Чын нэхэмжлэгч “А” ХХК-нд төлбөл зохих зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүүг тооцвол:

 

  • 12,700,000x3.5%=444,500 төгрөг /1 сарын хүү/, 444,500x12=5,334,000 төгрөг /1 жилийн хүү/, 5,334,000:365=14,613.70 төгрөг /1 өдрийн хүү/. Талуудын гэрээ байгуулсан буюу автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 718 хоног бөгөөд нэхэмжлэгчийн чөлөөлсөн 90 хоногийг хасахад 628 өдөр болж байна. Үүнээс хариуцагчийн төлөх хүүгийн хэмжээ нь 628x14,613.70=9,177,404.00 төгрөг ба тэрээр үндсэн төлбөр 3,500,000.00 төгрөгийн хамт 5,932,991.00 төгрөг, нийт 9,432,991.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул нэмж хүү төлөх үүрэг үүсээгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 88-95 УАВ тоот улсын дугаартай тоёото приус-30 маркийн автомашиныг буцааж гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,966,809.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Э.Чоос улсын дугаартай тоёото приус-30 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,966,809.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,350.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР