Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01218

 

 

 

.....-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01747 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....-д холбогдох автомашин болон 7,966,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагч ....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....-ХХК нь .....той 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр автомашины түрээсийн гэрээ байгуулж, 88-95 УАВ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өгсөн. Уг тээврийн хэрэгслийн үнийг 16,200,000 төгрөгөөр тооцсон. ..... урьдчилгаа төлбөрт 3,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 12,700,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 3,5 хувийн хүүгийн хамт сард 790,900 төгрөг төлөхөөр тохиролцсон. Талууд гэрээг автомашины түрээсийн гэрээ гэж нэрлэсэн боловч зохигчийн хүсэл зориг нь түрээслүүлэгч гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад автомашин шилжүүлэх, түрээслэгч тал тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх, хэрэв түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулсан тохиолдолд тээврийн хэрэгслийг түрээслэгчид шилжүүлэх, түрээсийн гэрээний хугацааны хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтаар жилийн 42 хувийн, сарын 3,5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэвч ..... нь тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойш хуваарьт заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ямар нэг төлөлт хийгээгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан. ..... гэрээний хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сард 790,900 төгрөг төлөх үүргийн хүрээнд нийт 19,772,500 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөр 3,500,000.00 төгрөг, мөн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн 5,932,991 төгрөгийг тус тус хасаж тооцвол түрээсийн төлбөрт 10,339,509.00 төгрөг төлөхөөр байна. Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа болох 92 хоногийн хугацааны түрээсийн төлбөр 2,372,700 төгрөгийг хасаж нийт 7,966,809 төгрөгийн хариуцагчаас гаргуулж, мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээг цуцалж, автомашиныг буцаан гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

..... нь .....-ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр автомашины түрээсийн гэрээ байгуулж, Toyota prius-30 маркийн 88-95 УАВ улсын дугаартай суудлын автомашиныг худалдан авсан бөгөөд төлбөрийг 2020 оны 08 сарыг дуустал хуваарийн дагуу төлсөн. Гэвч 2020 оны 10 дугаар сард 500,000 төгрөг төлснөөс хойш Ковид-19 цар тахлын улмаас түрээслэж байсан бизнесийн үйл ажиллагааг зогсож орлогогүй болж санхүүгийн хүндрэлд орсон. .....-ХХК-д түрээсийн гэрээнд өөрчлөлт, хөнгөлөлт оруулах хүсэлтийг гаргасан боловч хүлээж авахаас татгалзсан. Нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч ....-ос 88-95 УАВ улсын дугаартай Toyota prius-30 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч .....-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,966,809 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Манай компани нь .....той 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр УТ2001/07 дугаартай Авто машины түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу 8895 УАВ улсын дугаартай Тоуоta prius -30 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Гэрээг талууд автомашины түрээсийн гэрээ гэж нэртэй байгуулсан боловч санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулж буй боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний дагуу гэрээний зүйл нь үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашиглагдах зүйл биш ахуйн чанартай зүйл байгаа тул санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн. Санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 312-317 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдохоос гадна бие даасан хууль тогтоомжийн хүрээнд буюу Санхүүгийн түрээсийн тухай хуулийн дагуу зохицуулагдах байхад Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний зохицуулалттай харьцуулан гэрээний зүйлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэгдэх, орлого олох хөрөнгө хэмээн тодорхойлж байгааг зөвшөөрөхгүй.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгө санхүүгийн түрээсийн зүйл /цаашид түрээсийн зүйл гэх/ байж болно гэж заасан тул талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ....-ос түрээсийн төлбөрт 7,966,809 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор тодорхой хуульчилсан байтал илтэд түрээсийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээг давхар үйлдсэн байгааг анхаарч хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, .....-ХХК нь автомашины түрээсийн гэрээг байгуулсан. Гэтэл шүүх зээлээр худалдах, худалдан авах харилцаа байна гэж нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй зүйлийг өөрийн санаачилгаар шийдвэрлэсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд түсгай зөвшөөрөл авсан байхыг заасан. Гэвч .....-ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх түсгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулаагүй. Нэхэмжлэгчийн өмнөөс тооцоо хийж автомашиныг буцаан гаргуулж шийдвэрлэсэн. Мөн сөрөг нэхэмжлэл гаргах, өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Манай компани .....ын нөхцөл байдлыг ойлгож гэрээний хугацааг хойшлуулж байсан. Түрээсийн төлбөрийн тодорхой хэмжээг хөнгөлсөн. Манай зүгээс өөрөөр хөнгөлөх боломжгүй. ..... тээврийн хэрэгслийг ашиглаж байх хугацаандаа 1,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч .....-ХХК нь хариуцагч ....-д холбогдуулан анх автомашин түрээсийн гэрээний үүрэгт 23,642,663 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Toyota prius-30 маркийн автомашин болон түрээсийн төлбөрт 7,966,809 төгрөг гаргуулахаар өөрчилснийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/05518 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан атлаа ....-ос 88-95 УАВ улсын дугаартай Toyota prius-30 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч .....-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,966,809 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.(хх-ийн 1-2, 35-36, 44-46)

 

2. Хариуцагч ..... нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Батзоригт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцуулахаар 1 сарын хугацаатай итгэмжлэлийг олгосон байна. Гэвч анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг төлөөлөх эрх нь дуусгавар болсон Б.Батзоригт мэдэгдэж, улмаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцээгүй байхаас гадна хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн байна. (хх-ийн 33, 51)

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч ....-д мэдэгдсэн гэж үзэхгүй ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч .....-ХХК-ийн урьдчилан төлсөн 142,420 төгрөг, хариуцагч .....ын төлсөн 238,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ