Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00597/И |
Дугаар | 130/ШШ2018/00010 |
Огноо | 2018-01-04 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2018/00010
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, И овогт Я Сэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын дарга Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ө, хариуцагч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, иргэдийн төлөөлөгч З.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 63370000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.С нь 2008 оноос 2012 оны хооронд Б аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ улсын буюу байгууллагын хөрөнгөөс 63373000 төгрөгийг албан тушаалаа урвуулан, бусадтай бүлэглэн үйлдэж завшсан нь эрүүгийн 2012040035 дугаартай хэрэгт шалгагдан тогтоогдсон юм. Яллагдагч Я.С нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өршөөлд хамрагдахаар хүсэлт гаргасан байна.
Энэ хүсэлтийг нь прокуророос хүлээн авч хэргийг нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон байдаг. Яллагдагч Я.С нь уг хүсэлтэд хохирлыг төлж барагдуулах болно гэж амлаж өршөөлд хамрагдсан байгаа. Гэтэл хоёр жилийн хугацаанд төлбөрөө хийхгүй бидний шаардлагыг биелүүлэхгүй байна.
Тус шүүхэд анх Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын өмнөөс нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч Б.Дөлгөөн буюу түүнд итгэмжлэл олгосон эрх бүхий этгээдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1869 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм.
Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ хохирлын нэхэмжлэгчээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С намайг тогтоосон тухай 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1/1185 дугаартай тус шүүхэд хаягласан албан бичиг ирсэн байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд хүсэх нь: Я.Сээс 63370000 төгрөгийн хохирлыг гаргуулах шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Миний бие Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус албан тушаалд томилогдож ирээд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж жинхлээд төрийн албаны шалгалт өгөөд одоо төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаа. Энэ нэхэмжлэлийн талаар ярихад С.Х нь 2008-2012 онд Засаг дарга байхад аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийн даргаар Я.Сийг томилсон.
Тэр үед Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийн дэргэдэх харьяа асрамжийн төвийн нярваар өөрийн хүргэн О.Фыг томилсон. Тэр үед Г хувьцаат компаниас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд олгох ортопетийн тусгай хэрэгслийг гэрээ хийж аваад сумуудаар тараасан. Уг нь үнэгүй тараах ёстой. Тэрнээс орж ирсэн мөнгийг О.Фын хувийн дансанд оруулж ирээд мөнгө завшсаныг цагдаа шалгаад прокурор хянаад эрүү үүсгээд тэр хэргийг Улаанбаатар хот руу татаж Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс Я.С, О.Ф нарыг 5 жилийн хорих ял өгсөн. Тухайн үед Я.С хоригдож байх үед өргөдөл бичсэн. Тухайн үед халамж, үйлчилгээний хэлтэстэй холбоотой 2,3 хэрэг гарсан. Тэрнээс болж Я.Сийг хоригдож байгаа газраас чөлөөлж харьяаллын дагуу Б аймагт шилжүүлсэн. Үүний дагуу энэ хүнийг шалгаад нэг хэрэг нь хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Дараагийн хүний хөгжил сантай холбогдох хэрэг нь одоо хүртэл шалгагдаж байгаа.
Энэ хэргийг цагдаагийн хэлтэс дахиад шалгаад эхлэхэд Ардчиллын 25 жилийн ойтой холбогдуулан Өршөөлийн тухай хууль гарсан. Тэгэхэд намайг өршөөлд хамруулж өгөөрэй, би энэ мөнгийг төлж өгнө гэсэн өргөдөл гаргасны дагуу Өршөөлд хамрагдсан. Гэхдээ сая үлдсэн материалуудыг хүлээлгэж өгсөн тухай нотлох баримт гаргаж өгсөн. Урьд нь энэ хүн 90570000 төгрөг завшсан байсан. Эндээс 63370000 төгрөгийг бэлнээр төлж өгөх ёстой. Үлдсэн мөнгө нь саяны хүлээлгэж өгсөн зүйлсийн үнэ байгаа. Энэ хүн Өршөөлийн тухай хуульд хамрагдсан тухай прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 тоот тогтоолд байгаа. Тэгэхдээ энэ хүн 63370000 төгрөгийг төлнө гэж дурдсан байсан. Дараа нь Улаанбаатар хотын нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Маас аймгийн прокурорын газраас лавлагаа авсан. Лавлагаа авахад энэ хүн 63370000 төгрөгийг төлөхөөр болж Өршөөлд хамрагдахаар болсон. Харин хүний хөгжил сантай холбоотой хэрэг нь дуусаагүй гэдэг талаар аймгийн Прокурорын газрын дарга Батсүхийн гарын үсэгтэй нотлох баримт байгаа. Энэхүү 63370000 төгрөгийг нийгмийн зорилтод бүлэг авах ёстой мөнгө байсан. Гэтэл энэ мөнгийг энэ хүн ашигласан. Энэ мөнгийг төлж өгнө гээд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ хүн зарим улсуудад халамжийн сангаас мөнгөө аваарай гэж явуулаад надтай заргалдаад явж байгаа. Энэ мөнгийг Я.С төлөх ёстой. Энэ хүн төлж өгвөл би зорилтод бүлэг мөнгийг нь өгнө. Тийм учраас Я.С өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт хэд хэдэн тогтоол хавсаргасан байсан. Энэ тогтоолууд бол энэ хэрэгт огт хамааралгүй. Энд нотлох баримт гэхээр прокурорын тогтоол, өргөдөл, О.Фын бичиг байгаа. О.Ф бол мөн адилхан энэ асуудалтай холбоотой, тэр хүний асуудал жич яригдана. Уг нь бол О.Фд ч гэсэн төлөх ёстой мөнгө байгаа. Тийм учраас энэ хүн өөрөө төлж өгнө гэчхээд төлөөгүй учраас би шүүхэд хандаж байгаа. Өөрөө сайн дураараа төлж өгсөн бол шүүхэд хандахгүй байсан. Хавтаст хэрэг дотор Дөлгөөн, Цэрэндорж гэдэг хүмүүс бид нар хохироогүй гэсэн баримт явж байгаа. Дөлгөөн гэдэг хүн зүгээр л нэхэмжлэгчээр орж ирсэн.
Гэхдээ Дөлгөөн бол ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас ажлаасаа гараад өөр ажилд шилжээд явсан. Энэ хэрэгт авагдсан шүүхийн тогтоолууд бол 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх зүйл байгаа. 2016 оны 7 дугаар сарын 20-ны шийдвэр бол эцсийн шийдвэр байгаа. Тийм учраас 63370000 төгрөгийг Я.Сээр төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож нийгмийн зорилтод бүлэгт зарцуулах шийдвэр гаргаж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Энэ мөнгө халамжийн сангийн 291400289864 тоот дансанд орох ёстой гэв.
Хариуцагч Я.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суудаг, Ители күйик овогт Яайн С би Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Саас тус шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 142 тоотоор гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
1. Я.С би нийгмийн халамжийн сангаас нэг ч төгрөгийг хувьдаа завшин ашиглаагүй болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрвээ Я.С би нийгмийн халамжийн сангаас 63370000 төгрөг хувьдаа завшсан бол энэ асуудал шүүхээр орж би гэм буруутайд тооцогдож ял авах байсан хангалттай хугацаа алдсан юм. Миний асуудлыг Б аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар 2012 оны 8 дугаар сарын 21-нээс 2016 оны 7 дугаар сарын 20-ныг хүртэл шалгаж нийгмийн халамжийн санд Я.С бодитой хохирол учруулсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй юм.
2. Я.С надад холбогдох эрүүгийн 201204000315 дугаартай хэргийг 201304000399 дугаартай хэрэгтэй нэгтэн мөрдөн шалгах явуулах явцад Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Нгийн үйлдсэн тогтоол ёсоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын СХНХХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч П.Б, П.Х нар Б аймгийн Нийгмийн халамжийн сангийн 2010-2013 оны нийгмийн халамжийн сангийн зарцуулалтад иж бүрэн хяналт шалгалт хийсэн юм. МХГ-ын СХНХХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Зөрчил арилгуулах тухай №04/77/124 тоот албан шаардлага үйлдсэн юм. Албан шаардлагад ...Тус хэлтэс нь 2011 онд Танан-цахиур ХХК-аас 75130,0 мянган төгрөгөөр 2012 онд 15440,0 мянган төгрөгөөр нийт 90570,0 мянган төгрөгөөр ортопедийн хэрэгсэл шууд худалдан авалт хийж, үнийг нь олгохдоо 14 сумын халамжийн сангаас чекээ авч нярав О.Фд бэлнээр болон хувийн харилцах 5180364930 дансанд шилжүүлсэн, мөн Хакур ХХК-иас 2011 оны 5 дугаар сарын 06-нд 10,0 сая төгрөгийн ортопедийн хэрэгслийн шууд худалдан авалт хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 шууд худалдан авч болох бараа ажил, ажил үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дурджээ. Я.С би тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын СХНХХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нарын 2014 оны 6 дугаар сарын 14-ны өдөр үйлдсэн №04/77/124 тоот албан шаардлагыг эс зөвшөөрч Улаанбаатар хотод Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд О.С, А.П, А.Х нарын хамтаар нэхэмжлэл гаргасан юм. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь нэр бүхий нэхэмжлэлийг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 40 тоот шийдвэрээр Я.С, О.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан юм. Тухайлбал анхан шатны шүүх нь ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.2, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.1-т заасныг тус тус баримтлан Я.С, О.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 04/77/55, 04/77/56, 04/77/57, тоот акт, 04/77/124 тоот албан шаардлагаас Я.С, О.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож... гэж шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нар хуульд заасан хугацаанд давж заалдаагүй тул одоо шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд тухайн маргаан бүхий асуудал Я.Сэд хамааралгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул би уг хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.
3. Я.С би эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа үед миний өмгөөлөгч Б.Эрдэнэбатаас Б аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цэрэндоржид 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 58 тоотоор өгсөн байлаа. Б аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цэрэндоржоос өмгөөлөгч Б.Эрдэнэбатад 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 80 тоотоор өгсөн албан бичигт ...Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Танан цахиур ХХК-иас Б аймгийн сумдад 2011-2012 онд нийлүүлсэн гэх 90570,0 төгрөгийн ортопедийн тусгай хэрэгсэл бөгөөд ННХЯС-ын баталсан тогтоолоор зөвшөөрөгдсөн хэрэгсэл, тухайн үед сумын Засаг дарга нараас хүсэлт ирүүлж байсан, нийслэлээс алс хол орших ард иргэдэд тухайн үедээ хэрэгцээ шаардлага гарсан, үүнээс 66814,0 мянган төгрөгийн ортопедийн хэрэгслийг хуульд заасан болзол шаардлага хангасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бичиг баримтыг бүрдүүлбэр ханган нэгэнт тарааж өгсөн, тайлан тэнцэлд бүрэн тусгагдсан, одоо үлдэгдэл 23756,0 мянган төгрөгийн ортопедийн тусгай хэрэгслийн тухайд чанарын шаардлага хангаагүй талаар мэргэжлийн байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гаргаагүй ба одоогоор битүүмжлэгдэж байгаа тул тараан өгөх боломжгүй байна. Түүнчлэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр болсон шүүх хуралдаанд манай дээд шатны байгууллагыг төлөөлж оролцсон Нийгмийн хангамж, үйлчилгээний ерөнхий газрын хуулийн зөвлөх, иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөн ч байгууллагын Нийгмийн халамжийн санд бодитой учирсан хохирол байхгүй, уг 23756,0 мянган төгрөгийн ортопедийн талаар Я.С, Ф нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байгааг энэ дашрамд тэмдэглэж байна гэжээ.
Я.Сэд надад холбогдох эрүүгийн 201204000315 дугаартай хэрэг нь Б аймгийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үед АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Ч.Жаргалбаатарын 23756,0 мянган төгрөгийн ортопедийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон юм. Б аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Ержан нь 23756,0 мянган төгрөгийн ортопедийн хэрэгслийг Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт албан ёсоор хүлээлгэн өгснөөр уг ортопедийн хэрэгслийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зохих журмын дагуу тарааж өгсөн байна. Иймд Я.С би нийгмийн халамжийн санд мөнгөн хэлбэрээр бодитой ямар нэгэн хохирол байхгүй гэж үзэж байна.
4. Танан цахиур ХХК ба гэрээт ажилтан О.Ф нарын хооронд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн акт нь маргаан бүхий асуудал нь Я.С надад ямар нэгэн хамааралгүй болохыг нотолж байна. Тооцоо нийлсэн акт нь хуулийн шаардлага гаргасан нотлох баримт болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон болохыг энэ дашрамд тэмдэглэж байна.
5. Я.С надад холбогдох эрүүгийн 201204000315 дугаартай хэргийг Б аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 69 тоот цагаатгах тогтоолоор цагаатгаж байсан юм.
Иймд Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Саас тус шүүхэд гаргасан Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 633370000 төгрөгийг Я.Сээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Саас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Гэхдээ нэгэнт асуудал шүүх хуралдаанаар мэтгэлцээний журмаар шийдвэрлүүлэх гэж байгаа учраас тайлбараа хэлье. Би Б аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл даргаар ажиллаж байсан маань үнэн. Ардчилсан намын зарим хүмүүсийн мэдээллээр Авилгатай тэмцэх газарт өргөдөл бичээд 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд энэ асуудал шалгагдаад явсан. Энэхүү нийгмийн халамжийн санд 63.370.000 төгрөг учруулсан гэдэг хэргийг 5 жил шалгасан. Тэгэхдээ Я.С нь 63.370.000 төгрөгийг хувьдаа завшсан гэдгийг тогтоож өгч чадаагүй. Тэрийг тогтоохын тулд миний хувийн дансанд орох ёстой, эсвэл миний ах дүү нарын дансанд орсон байх ёстой, мөн бэлнээр өгсөн байх ёстой. Эдгээр санхүүгийн нотлох баримтаар асуудлыг тогтоох ёстой. Гэтэл эдгээр асуудлыг тогтоож чадаагүй байж байгаад би 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өршөөлд хамрагдсан. Би 5 жил унтаагүй. Энэ хэргээс болж ганц худгийн шоронд хоригдож байсан. Би махан биетэй хүн. Төрийн өршөөл гарч байхдаа аргагүй эрхэнд өршөөлд хамрагдсан. Өршөөлд хамрагдахдаа хэрвээ энэ асуудлаар бодит хохирол сөхөгдвөл төлж өгнө гэсэн хүсэлтээ тодорхой бичсэн. Гэхдээ тэрэн дээр ямар нэгэн тоо бичээгүй. Өршөөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй гэсэн заалтыг хараад дараа нь маргаан гарвал иргэний журмаар явна гээд өршөөлд хамрагдсан. Надад өршөөлд хамрагдахаас өөр арга байхгүй байсан. 5 жилийн турш энэ асуудал шалгагдаад явж байсан. Энэ 5 жилийн турш энэ асуудлыг тогтоогоод шийдвэрлэх байсан. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг бол Өршөөлд ордоггүй хэрэг байсан. Тийм учраас мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй гэдгийг хэлье.
Дараа нь 2013 оны 12 дугаар сард ХААН банкны теллерүүдтэй холбоотой хэрэг гарч ирсэн. Тэр хэрэг дээр намайг яллагдагчаар татаад цагдан хорьсон. Тэгээд энэ хоёр хэргийг нэгтгэсэн байгаа. Цагдаагийн Ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай нэгдээд энэ хэргийг хамтарч шалгасан. Тэгэхдээ Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн шалгах хэсгийн ахлагч ахмад Н энэ хэрэгт шинжээч томилсон. Шинжээчийн бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б, Х нар Б аймгийн 2010 оноос 2012 оны зарцуулалтад 6 сар иж бүрэн шалгалт хийсэн. Тэр үед 90.750.000 төгрөгийн ортопетийн тусгай хэрэгслийн бүгдийг шалгасан. Тэр хүмүүс бол 4 төрлийн акт, албан шаардлага тавьсан. 4 төрлийн акт бол теллерүүдтэй холбоотой, нас барсан, Монгол улсын харьяатаас гарсан гэх мэт энэ хэрэгт хамааралгүй асуудал байсан. Энэ хүмүүс 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зөрчил арилгуулах тухай албан шаардлага гаргасан. Тэрэн дээр Тус хэлтэс нь 2011 онд Танан Цахиур компаниас 75130000 төгрөгөөр, 2012 онд 15440000 төгрөгөөр, нийт 90570000 төгрөгийн ортопетийн хэрэгслийн шууд худалдан авалт хийж, үүнийг 14 сумын халамжийн сангаас чек авч О.Фын бэлнээр болон хувийн харилцах дансанд хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.2-т шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн албан шаардлага гаргаад надад танилцуулсан. Би энэ албан шаардлагыг зөвшөөрөөгүй. Тэгээд анхан шатны 20 дугаар шүүхэд 2014 оны 9 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би цагдан хоригдож байхад нэхэмжлэгчийн хувиар шүүх хурал болоод 40 тоот шийдвэр гарч уг шийдвэрийн тогтоох хэсэгт С, С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн актууд болон 0477124 тоот албан шаардлагаас С, С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэсэн шийдвэр гаргасан. Энэ шүүхийн шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Тийм учраас 63370.000, 90.750.000 төгрөгийн асуудал надад хамааралгүй асуудал. Энэхүү мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагыг тухайн хүний эрх, ашиг сонирхолд харшилсан шийдвэр байна гэж эрхий бүхий байгууллагаас хүчингүй болгосон.
2012 онд энэ хоёр байгууллага хоёр салаад Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болсон. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар Цэрэндорж гэдэг хүн ажиллаж байсан. Цэрэндорж бол бид нарт албан ёсоор тамгаа дараад ийм албан бичиг өгч байсан. Үүнд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Танан-Цахиур компаниас Б аймгийн сумдад 2011-2012 онд нийлүүлсэн гэх 90570000 ортопетийн тусгай хэрэгсэл бөгөөд Нийгмийн хамгааллын яамнаас баталсан тогтоолоор батлагдсан зөвшөөрөгдсөн хэрэгсэл. Тухайн үед сумын Засаг даргаас хүсэлт ирүүлж байсан. Нийслэлээс алс хол орших ард иргэдэд тухайн үед хэрэгцээ, шаардлага гарсан. Үүнээс 66814000 төгрөгийн ортопетийн хэрэгслийг хуульд заасан шаардлага хангасан ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд баримт бичгийн бүрдүүлбэр ханган тарааж өгсөн. Тайланд тэнцэлд бүрэн тусгагдсан.
Одоо үлдэгдэл гэх 23756000 төгрөг ортопетийн тусгай хэрэгслийг чанарын шаардлага хангаагүй гэх мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гараагүй ба одоогоор битүүмжлэгдсэн байгаа тул тараан өгөх боломжгүй байна. Түүнчлэн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдаан манай дээд шатны байгууллагыг төлөөлж оролцсон Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын хуулийн зөвлөх, иргэний нэхэмжлэгч Дөлгөөн ч байгууллагын нийгмийн халамжийн санд бодитой учирсан хохирол байхгүй. Уг 23756000 төгрөгийн ортопетийн тусгай хэрэгслийн талаар Сьзд, Ф нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болохыг энэ дашрамд мэдэгдье гэсэн. 90570000 төгрөгөөс 66814000 төгрөгийн ортопетийн тусгай хэрэгслийг хүмүүст тараагаад өгсөн болох нь тайлан тэнцэлд тусгагдсан. Дараагийн 23756000 төгрөгийн ортопетийн тусгай хэрэгслийг мөрдөн байцаагч Ержан халамжийн хэлтэст хүлээлгэж өгсөн байгаа. Тийм учраас энэ асуудал надад ямар ч хамааралгүй.
Мөн Танан-Цахиур компани болон иргэн О.Ф нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт байгаа. Энэ актан дээр мөнгөний талаар Я.Сэд ямар нэгэн холбогдол байхгүй. Зарим мөнгийг компанийн захирал бэлнээр өгсөн, зарим мөнгийг бэлэн бусаар өгсөн гээд хоёр тал тооцоо нийлээд энэ акт өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа.
Ийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд Я.С нь 63370000 төгрөгийг хэзээ ямар журмаар ашигласан гэдгийг санхүүгийн баримтаар нотлох ёстой. Гэтэл хариуцагчаас хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариу тайлбар, өмгөөлөгчтэй хийсэн гэрээ л байна. Өөр энэ хэргийг нотлох нэг ч нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Тийм учраас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.С нь Я.Сээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 63370000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Я.С нь 2008 оноос 2012 оны хооронд Б аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ улсын буюу байгууллагын хөрөнгөнөөс 63373000 төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглан бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас нийгмийн халамжийн сангаас мөнгө ашиглаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд халамжийн санд хохирол учруулсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж маргажээ.
Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан хэрэг холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Я С, Оы Ф нарт холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөн хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсан байна.
Анхны ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно заажээ.
Хариуцагч талаас мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасан байх ба хариуцагч Я.С нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөөр мэдүүлэг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь тогтоогдохгүй байна үзлээ. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох Я.Сийн Б аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтэд ...Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан хэргийг 2015 онд батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан надад холбогдох хэргийг прокурорын шатанд өршөөн хэлтрүүлж өгөн үү. Энэ эрүүгийн хэрэгтэй холбогдуулан улсад хохирол учруулсан гэх асуудал сөхөгдвөл тогтоогдсон бодит хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэж бичигдсэн байдлаас үзэхэд хариуцагч Я.С нь гэм хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөхийг илэрхийлсэн утгыг шууд агуулахгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар бичигдээгүй, чухам хичнээн төгрөгийн хохирлыг төлөхийг илэрхийлсэн талаар тусгаагүй байх бөгөөд прокурорын тогтоолд хохирлын асуудлыг нээлттэй үлдээж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсан байгаа тул дээрх баримтуудаар Я.С нь Халамжийн санд 6337000 төгрөгийг төлөх үндэслэл тогтоогдсон байна гэж үзэх боломжгүй болно. Мөн Анхны ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй гэж заасан байх тул Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын олсон нь хэсэгт Я.С нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж бичгээр гаргасан хүсэлт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн гэж дурдсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.
Прокурорын тогтоолд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дурдсан байгаа боловч бодит хохирлыг тогтоосон нотлох баримт байхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 63373000 төгрөгийн хохирол учруулсан нь мөн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчмыг баримтлан прокурорын тогтоолыг үндэслэн хохирол гаргуулах үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөг буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн прокурорын тогтоолууд, Я.Сээс Прокурорын газарт гаргаж байсан хүсэлт зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ нотлох баримт гэж үзэх боломжгүй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.
Хариуцагч Я.С нь Нийгмийн халамжийн санд 6337000 төгрөгийн хохирол учруулсан нь санхүү бүртгэлийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байгаа ба хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хариуцагчид үүрэг хүлээлгэх үндэслэлгүй болно.
Иймд Б аймгийн Хөдөлмөр, халамжnay үйлчилгээний газрын дарга Б.С нь Я.Сээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 63370000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Я.Сээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 63370000 төгрөг гаргуулахыг хүссэн Б аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНГИЛИК
ШҮҮГЧИД К.БҮЛДИРГЕН
Х.МЕЙРАМБЕК