Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00656/И |
Дугаар | 130/ШШ2018/00015 |
Огноо | 2018-01-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2018/00015
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, хаягт үйл ажиллагаа явуулах, ЖХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын дугаар багт үйл ажиллагаа явуулах, Ж ХХК /захирал М.Т/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Ж ХХК-ийн захирал М.Т, хариуцагч байгууллагын өмгөөлөгч К.З, гэрч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу төлсөн 20880000 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн алданги 17400000 төгрөг, материал болон гар зөөврийн үнэ 13589000 төгрөг, нийт 51869000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч ЖХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн нэхэмжлэлтэй "Ж" ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 32280000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан болно. "Ж" ХХК-тай ЖМ16/624 тоот Техникийн ажил гүйцэтгэх 34800000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулан Б аймгийн Дэлүүн сум Рашаант багт сайтын тоног төхөөрөмж суурилуулахаар тохиролцож ажил гүйцэтгэх урьдчилгаанд нийт төлбөрийн 60% буюу 20880000 төгрөг төлсөн байсан. Гэвч "Ж" ХХК нь гэрээгээр тохиролцсон цэгт сайтыг бариагүйгээс сайтыг шилжүүлэн дахин барих шаардлага үүссэнээр тухайн сайтыг өөр зөв цэгт нь шилжүүлэн дахин барьсан болно. Дээрх хариуцагч компанийн өөр цэгт сайтыг барьсан буруутай үйлдэл нь гэрээний үүргийн огт биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн гэрээний дагуу урьдчилан төлсөн 20880000 төгрөгийг буцаан нэхэмжилж, хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу тооцсон алданги 17400000 төгрөг тус тус нэхэмжилж нийт 38280000 төгрөг байна. Мөн хариуцагч нь дээрх сайтыг буруу цэгт барихдаа манай компанийн материалаар барьсан бөгөөд технологийн буруу горимоор барьсны улмаас нэг бүр нь 610000 төгрөгийн үнэ бүхий нарны толь салхинд хийсэж хагаран 15 ширхэг толь дахин ашиглах ямар ч боломжгүй болсон, 1 ширхэг нарны толины рак стандартын бус нарийн угольникоор хийгдсэнээс болж зарим хэсэг нь эвдэрсэн тул шинээр солиулсан, буруу барьсан цэгээс зөв цэг хүртэл 1,2 км гар зөөврөөр уулын оройд гаргасны төлбөр 3500000 төгрөг болсон. Иймд, гэрээний дагуу төлсөн 20880000 төгрөг, гэрээний үүргээ огт гүйцэтгээгүйн алданги 17400000 төгрөг, бараа, материал болон гар зөөврийн үнэ 13589000 төгрөг, нийт 51869000 төгрөгийг "Ж" ХХК-иас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: ЖХХК нь Ж ХХК-тай 2016 оны 09 дүгээр сард Техникийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Б аймгийн Дэлүүн сумын Рашаант багт холбооны антен буюу сайт барихаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 20880000 төгрөгийг Ж ХХК-д шилжүүлж өгсөн. Үүнд Ж ХХК маргахгүй байх гэж бодож байна. Улмаар бид нар тухайн сайтыг хүлээж авах хугацаа нь болоход гэрээний хавсралтад заасан координатын дагуу сайтыг бариагүй, барих ёстой газраасаа 2,1 км-ийн наана барьчихсан байсан. Ингэж барьснаар тухайн сайтыг зөвшөөрөгдсөн цэг буюу анх тохиролцсон цэг рүү зөөх ажил гарсан. Энэ талаар Ж ХХК-д хандаж мэдэгдэж байсан. Үүний дараа манайх Ж ХХК-д албан тоотоор тухайн сайтыг өөр газар барьсан байна, үүнийг анх тохиролцсон цэгт шилжүүлэх шаардлагатай байна, хэрвээ шилжүүлэхгүй юм бол танайхаас өөр компаниар бариулж гарсан зардлыг танай компаниар төлүүлэх болно гэдгийг мэдэгдсэн.
Гэвч үүнээс ямар нэгэн хариу ирээгүй, усанд хаясан чулуу шиг л алга болсон. Тэгээд бид нар тухайн сайтыг анх гэрээгээр тохиролцсон кондинатын дагуу зөөж барьсан. Ингэхдээ дахин шинээр барьсантай дүйцэх зардал гарсан. Бид нар нэгэнт барьсан сайтыг дахин буулгаж, зөөж шинээр барихад их зардал гарсан бөгөөд үүнийг Ж ХХК нь гэрээгээр тохиролцсон буюу зөвшөөрөгдсөн цэгт бариагүйгээс гарсан зардал гэж үзэж байна. Тийм учраас алданги хариуцагч Ж ХХК-аас урьдчилгаа болгож шилжүүлсэн 20880000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн алданги 17400000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь Иргэний хуулийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байгаа. Мөн тухайн антений тэжээлийн нарны толийг горимын дагуу суулгаагүй, муу суулгаснаас болж салхинд хийсэж 15 ширхэг нарны толь хагарсан. 15 ширхэг нарны толины нэг бүрийн үнийг 610000 төгрөгөөр тооцож нийт 9115000 төгрөг, гар зөөврийн төхөөрөмжийн үнийн хамт 13589000 төгрөг болж байгаа. Иймд хариуцагч Ж ХХК-аас нийт 51869000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ж ХХК-ийн захирал М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ЖХХК-ийн нэхэмжлэлтэй "Техникийн ажил гүйцэтгэх ЖМ16/624 тоот гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой "Ж" ХХК-иас 51869000 төгрөг нэхэмжилсэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. "Ж" ХХК нь "Ж" ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан "Техникийн ажил гүйцэтгэх" тухай М16/624 тоот гэрээг Б аймгийн "К" ХХК-иар гүйцэтгүүлж хуулийн хугацаанд Б аймгийн Дэлүүн сумын Рашаант багт сайтын тоног төхөөрөмжийг суурилуулж бэлэн болгосон. Тухайн үед "Ж" ХХК нь гэрээнд заасан захиалагчийн үүрэг болох гэрээний үүргийн үр дүнг хүлээж авахгүй саатуулсан болно.Тийм учраас бид Дэлүүн сумын удирдлага болон шууд хэрэглэгч нарт хүлээлгэн өгсөн ба бид хэрэглэгч нарт хүлээлгэж өгөхөд биет байдлын доголдолгүй, хэвийн ажиллаж байсан болно.
Хоёр. ЖХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ж ХХК нь "Ж" ХХК-ийг "гэрээний үүргийг огт биелүүлээгүй" гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Манай компани сайтын тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотоос өөрийн зардлаар 1900 км газар тээвэрлэн ирж Дэлүүн сумын Рашаант багт туслан гүйцэтгэгч компаниар барьж байгуулсан болно.
2. "Ж" ХХК-иас "Техникийн ажил гүйцэтгэх" гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу алданги 17400000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "Хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг "алданги" гэнэ" гэж заасан. "Ж" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн явдал байхгүй тул "алданги" төлөхгүй болно. Мөн "Ж" ХХК-д "Ж" ХХК нь ажлын хөлсөнд урьдчилгаа болгож 20880000 төгрөг шилжүүлсэн мөртлөө алдангид 17400000 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан анзын нийт дүнгийн 50 хувиас хэтэрсэн байна.
3. Нэг бүр нь 610000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг нарны толь хагарсан, түүний үнийг нэхэмжилж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Уг 15 ширхэг нарны толь нь салхинд унаж хагарсан бол "Ж" ХХК-д үзүүлж захиалагч болон ажил гүйцэтгэгч тал харилцан акт тогтоох байсан. Мөн захиалагч "Ж" ХХК нь гэрээний 2.1-д заасан "Суурилалтын цэгийг зааж өгөх", 2.3-д заасан "Хяналт тавих", 2.5-д заасан Гэрээт ажлыг хүлээн авах комисс байгуулж гүйцэтгэгчээс актаар хүлээж авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн түл Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2-д заасан ёсоор "толь хагарсан" гэх эрсдэлийг хариуцахгүй болно.
4. 3ахиалагч "Ж" ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдээгүй учир Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар болон Гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан "алданги" төлүүлэх эрхийг хуулиар алдсан болно.
5. Захиалагч "Ж" ХХК нь ажлын үр дүнг хугацаанд хүлээж аваагүй бөгөөд тухайн 15 ширхэг толь салхинд хийсэж унаж хагарсан бол Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-д зааснаар "үр дагаврыг захиалагч хариуцна" гэсний дагуу гүйцэтгэгч "Ж" ХХК нь хариуцлагаас чөлөөлөгдөнө.
6."Ж" ХХК нь сайтын тоног төхөөрөмж угсрах, байрлуулах ажлыг 2016 оны 11 дүгээр сарын эхээр хэрэглэгч Дэлүүн сумын Засаг дарга, Рашаант багт хүлээлгэж өгөхөд хэвийн ажиллаж байсан тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д зааснаар "биет байдлын доголдолгүй" гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж ХХК-ийн захирал М.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ЖХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой бичсэн. Манай компани ЖХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр техникийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. Энэ гэрээнд Б аймгийн Дэлүүн сумын нутаг Рашаант багийн Жын сайтын тоног төхөөрөмжийг угсрах ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Манай компани сайтын тоног төхөөрөмжийг ажлын мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүднээс Кендал ХХК-тай техникийн гүйцэтгэх гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан. Манай компани уг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Улаанбаатар хотоос тоног төхөөрөмжийг хүлээж авч, Дэлүүн Рашаант багт өөрсдийн зардлаар тээвэрлэн хүргэж, угсрах, хашаа татах зэрэг гүйцэтгэвэл ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, орон нутгийн оршин суугчдын ард иргэдийн төлөөллүүдийг оролцуулан хүлээлгэж өгсөн. Талуудын байгуулсан гэрээний 2-р хавсралтад зааснаар сайтын тоног төхөөрөмжийг угсрах ажлыг төсөвт 3480000 төгрөг байсан. Үүнээс ЖХХК урьдчилан 20880000 төгрөгийг төлж, үлдсэн 1392000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй. 15 ширхэг толь хагарсан, ашиглах боломжгүй, сайтын цэг буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 15 ширхэг нарны толь хагарч, ашиглах боломжгүй болсон гэх талаар Ж ХХК-ний төлөөлөл бид нарт мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй. Тухайн үед бид нар уг гэрээний үүргээ биелүүлж хүлээлгэж өгөх үед тухайн сайт хэвийн ажиллаж байсан тул заасан цэгт бариагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиалагч өөрөө гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээж аваагүй. Бид нар хийж гүйцэтгэсэн бүх ажлаа баримтжуулж өгсөн боловч хүлээж аваагүй. Энэ нь бидний буруутай ажиллагаа биш юм. Гэтэл өнөөдөр манай компанийг ямар ч ажил гүйцэтгээгүй мэтээр төлбөр, алданги нийт 51869000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Бид нар тухайн үед ажил гүйцэтгэх явцад байдлыг гэрэл зургаар бэхжүүлж байсан. ЖХХК тухайн сайтыг өөр цэгт өөр компаниар шилжүүлэн барьсан нь манай компанид хамаагүй. Тухайн сайтыг ямар үндэслэлээр шилжүүлэн барьсан болохыг мэдэхгүй, бид нарт энэ талаар мэдэгдэж байгаагүй. Иймд ЖХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ЖХХК нь хариуцагч "Ж ХХК-тай байгуулсан Техникийн ажил гүйцэтгэх ЖМ16/624 дугаартай гэрээний дагуу төлсөн 20880000 төгрөг, гэрээний үүргээ огт гүйцэтгээгүйн алданги 17400000 төгрөг, бараа, материал болон гар зөөврийн үнэ 13589000 төгрөг, нийт 51869000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч "Ж" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...Дэлүүн сумын Рашаант багт туслан гүйцэтгэгч компаниар барьж байгуулсан, алданги 17400000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн явдал байхгүй, ажлын хөлсөнд урьдчилгаа болгож 20880000 төгрөг шилжүүлсэн мөртлөө алдангид 17400000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэг бүрийн 610000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг нарны толь хагарсан, түүний үнийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, тухайн үед 15 ширхэг толь салхинд хийсэж унаж хагарсан тул хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж маргасан болно.
Хариуцагч "Ж" ХХК-ийн захирал М.Тд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргийг нь танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотолж, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй болно.
Хариуцагч "Ж" ХХК-ийн захирал М.Тйн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 697 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-гээр компанийг удирдаж, үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа учир Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д зааснаар хэлцэлд төлөөлөх эрхтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас ЖХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Г.Магнай нөгөө талаас "Ж" ХХК-ийг төлөөлж захирал М.Т нар нь харилцан тохиролцож, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЖМ16/62443 дугаар Техникийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 6.1-д энэхүү гэрээг 2% үйлдэж, 6.2-т гэрээ нь хоёр тал гарын үсэг зурж, тамга дарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ гэснээр хоёр тал харилцан тохиролцож, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Талуудын хооронд байгуулагдсан Техникийн ажил гүйцэтгэх гэрээ-ний ЖМ16/624 тоот хавсралт 1-ээр Техник угсралтын ажлын даалгавар /сайт байгуулах, тоног төхөөрөмж угсрах/ буюу сайтын нэр байршлын тодорхойлсон, план зураг, 2 дугаар хавсралтаар төсөвт өртгийн нэгдсэн товчоо, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128 дугаартай төлбөрийн даалгавраар 20880000 төгрөгийг шилжүүлсэн баримт зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрээнд зохигчид маргаагүй ба уг гэрээг талууд чөлөөтэй, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан байна.
Ажил гүйцэтгэгч "Ж" ХХК нь захиалагч ЖХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ЖМ16/624 тоот гэрээний 3.1-т ... ажлыг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд, барилгын ажлын норм, дүрэм, стандарт, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэн, захиалагчаас томилогдсон холбогдох мэргэжилтнээр хяналт тавиулж, ил далд ажлын болон бусад холбогдох актыг бүрэн үйлдэн баталгаажуулж, хамааралтай схем, фото зургуудыг бүрэн хавсарган захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
Хариуцагч "Ж" ХХК нь К ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Техникийн ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 24 хоногт хийхээр харилцан тохиролцож, Дэлүүн сумын Рашаант багт сайт байгуулах, тоног төхөөрөмж угсрах ажлын зураг, тайлбарын хамт хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, сайт угсрах ажлыг заасан цэгт бариагүй болох нь зохигч нарын шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбар болон сайт угсрах ажлыг заасан цэгт бариагүйгээс 2 км газар зөөж байрлуулсан нь хавтаст хэрэгт авагдсан фото зургуудаар тус тус нотлогдож байна.
Мөн ажил гүйцэтгэгч "Ж" ХХК-ийн гүйцэтгэсэн Б аймгийн Дэлүүн сум Рашаант багт байрлах шинэ сайтын угсралтын ажлыг 2016 оны 11 дүгээр сард шалгахад 1. Сайт баригдах цэг зөрүүтэй, байгууллагаас өгсөн координат нь E90.699193 , N47.622456 боловч E90.717638 , N47.627557 цэгт сайтыг барьсан. Зөвшөөрөгдсөн цэгт сайтыг зөөвөрлөх шаардлагатай. 2. Одоо баригдсан сайтад хашаа стандарт бус хийгдсэн 1,58*4м хэмжээтэй хийгдсэн, гагнуур муу тул салж унах магадлалтай. 3. Сендвич байрны битүүмжлэл муу тул шалаараа цас орж ирдэг. 4. Сендвич хаалга тогтоохдоо хүрээ төмөр зангидаагүй шууд хөөсөн дээр нь тогтоосон тул унах магадлалтай. 5.VSAT-н антенна зургийн дагуу хийгдээгүй ба сайтын байранд хэт ойрхон хийгдсэн учир ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан. 6. Нарны толины рак зургийн дагуу хийгдээгүй, бэхэлгээ муу тул толь салхинд хийсэж унах магадлалтай. Эдгээр зөрчлүүдийг арилгахаас нааш тухайн сайтыг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг сайт хүлээн авах комиссын гишүүд гаргасан байна.
2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ЖМ16/624 дугаартай гэрээний 2.4-т угсралт, суурилуулалтын зураг төсөл, гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт хийлгэх эрхтэй, мөн гэрээний 2.5-т гэрээт ажлыг хүлээн авах комисс байгуулж, гүйцэтгэгчээр актаар хүлээн авна, 2.6-т баталгаат хугацаанд илэрсэн аливаа зөрчлийг гүйцэтгэгчээр арилгуулах эрхтэй, 2.7-т гүйцэтгэгч нь ажлын даалгавар, зураг төсөл зөрчсөн, шаардлага хангахгүй материалаар хийсэн зэрэг ноцтой зөрчлүүд гарвал захиалагч гэрээг дангаараа цуцлах эрхтэй бөгөөд энэ нөхцөлд урьдчилан олгосон төлбөрөө нөхөн төлүүлж, ажлын гүйцэтгэлээс үл хамааран ямарваа төлбөрийг гүйцэтгэгчид төлөхгүй гэж тус тус гэрээгээр талууд харилцан тохиролцсон байна гэж үзлээ.
Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор ажил гүйцэтгэгч "Ж" ХХК нь гүйцэтгээгүй учир гэрээний 2.7-т ... захиалагч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасны дагуу гэрээ цуцлагдсан гэж үзэж, мөн гэрээгээр тохиролцсон урьдчилгаа олгосон төлбөр 20880000 төгрөгийг нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.
2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн "Ж" ХХК болон "Ж" ХХК-ийн хооронд байгуулсан ЖМ16/624 дугаартай гэрээний 1.2-т гэрээгээр гүйцэтгэгч захиалагчаас өгсөн техникийн даалгавар, батлагдсан зураг төслийн дагуу заасан цэгт захиалсан ажлыг хийж гүйцэтгэнэ гэснийг хариуцагч "Ж" ХХК нь зөрчсөн байна.
Нэхэмжлэгч "Ж" ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/2746 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр "Ж" ХХК-нд ... дээрх ажил нь заасан цэгт баригдаагүй, чанаргүй хийгдсэнээс шалтгаалан ашиглалтад хүлээн авах боломжгүй байсан. Одоогоор нарны толины бэхэлгээ муу байснаас 15 ш нарны толь салхинд хийссэн, хашаа нурсан, VSAT-ын антен сууринаасаа хөдөлж сүлжээ доголдож байгаа ба 9735000 төгрөгийн хохирол учраад байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 10440000 төгрөгөөс суутгаж, сайт шилжүүлэх болон нэмэлтээр гарах зардлыг танайхаас нэхэмжлэхээр болсныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч "Ж" ХХК нь С ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЖМ-17/559 дугаартай Техникийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЖМ17/859 дугаартай Техникийн ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлтээр Б аймгийн Дэлүүн сумын Рашаант баг сайтад нэмж 1 ш нарны толины рак хийх, 1,2 км гар зөөвөр хийх ажлыг гүйцэтгэхээр тус тус харилцаж тохиролцож, Б аймгийн Дэлүүн сумын Рашаант багт сайт шилжүүлэх ажлыг С ХХК нь хийж гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч "Ж" ХХК нь хариуцагч "Ж" ХХК-тай байгуулсан Техникийн ажил гүйцэтгэх ЖМ16/624 дугаартай гэрээний 1.4-т гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажлын 21 хоногт ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч ажил гүйцэтгэсэн "Ж" ХХК нь уг хугацаанд ажлыг гүйцэтгэж чадаагүй ба хариуцагч "Ж" ХХК-ийн "К" ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Техникийн ажил туслан гүйцэтгэх гэрээ /2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл /-гээр энэ хугацаанд уг ажлыг гүйцэтгэсэн нь К ХХК-ийн захирал К.Еийн гадаа хүйтэрсэн байсан, сайтыг заасан цэгт байрлуулаагүй, өөр газар буюу өөр цэгт бариулсан, гэхдээ сүлжээ сайн барьж байсан, нарны толинууд нүүр хэсгээр зурагдсан байсныг харсан, гэхдээ ашиглах боломжтой байсан гэх шүүх хуралдааны шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээр хүйтний улиралд ажлыг чанаргүй гүйцэтгэсэн гэдэг нь нотлогдож байна.
Хариуцагч "Ж" ХХК нь нарны толиноос 15 ширхэг нь хагараагүй гэх боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгч нотолж чадаагүй ба 15 ширхэг нарны толь хагарсан, дахин ашиглах боломжгүй болж акталсан нь актын дүгнэлт болон фото зургаар нотлогдож байгаа ба нэг ширхэг нарны толь буюу SSM260BP60 барааны нэгжийн үнэ 610000 төгрөг болох нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЖМ17/454 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-гээр нотлогдож байх тул хагарсан 15 ширхэг нарны толины үнэ /15ш х 610000 = 9150000 төгрөг/ 9150000 төгрөгийг хариуцагч "Ж" ХХК-наас гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн материал болон гар зөөврийн үнэ 13589000 төгрөг гаргуулахыг хүссэнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар 9150000 төгрөгийн үнэтэй нарны толины үнэ орж байгаа гэснийг хасаж тооцож, үлдсэн 4439000 төгрөгийн материал болон зөөврийн үнэ гэдэг нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч "Ж" ХХК нь техникийн ажил гүйцэтгэх гэрээний үнэ 34800000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон боловч хариуцагч "Ж" ХХК нь хугацаандаа ажил гүйцэтгээгүй, чанаргүй хийгдсэний улмаас өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэсэн буюу гэрээний 5.6-д заасны дагуу гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хийх ёстой ажлаа хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол саатуулсан хоног тутам хийх ёстой ажлын үнийн дүнгийн 0,3% -аар алданги төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч "Ж" ХХК нь хариуцагч "Ж" ХХК-иас алданги 17400000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч "Ж" ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 34800000 төгрөгийн 50 хувь болох 17400000 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЖМ16/624 дугаар Техникийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан байна.
Нэхэмжлэгч "Ж" ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч Ж ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн үүргээ зөрчиж, төслийн дагуу сайт угсрах ажлыг заасан цэгт бариагүй, барилгын ажлын норм, дүрэм стандарт, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгээгүй учир хариуцаг ч "Ж" ХХК-иас ажлын урьдчилгаа төлбөр 20880000 төгрөг, алданги 17400000 төгрөг, хагарсан нарны толь 9150000 төгрөг нийт 47430000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Ж" ХХК-нд олгож нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4439000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575245 төгрөгөөс 573590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1655 төгрөгийг төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч "Ж" ХХК-нд буцаан олгож, хариуцагч "Ж" ХХК-ийн санхүүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 395100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Ж" ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч "Ж" ХХК-иас ажлын урьдчилгаа төлбөр 20880000 төгрөг, алданги 17400000 төгрөг, хагарсан нарны толь 9150000 төгрөг, нийт 47430000 /дөчин долоон сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Ж" ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4439000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575245 төгрөгөөс 573590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1655 төгрөгийг нэхэмжлэгч "Ж" ХХК-нд буцаан олгож, хариуцагч "Ж" ХХК-ийн санхүүгээс 395100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Ж" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН