Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.С****;

Хариуцагч: Ш**;

Гуравдагч этгээд: Ж.Д**********;

Иргэдийн төлөөлөгч: Н.Н********,

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Ш**ийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай /Ф** захирал томилсон/ Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгох,

2.Ф** захирлыг шинээр томилсон тушаал гаргахыг Ш**ид даалгах /Ингэхдээ захирлын сонгон шалгаруулалтын 2 дугаар шатнаас буюу санал хураалтыг ажиллагааг Ф** 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажилтнууд буюу эрдмийн хамт олныг оролцуулан дахин явуулах/ шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******, Ж.Н*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А********С.Ч**********, иргэдийн төлөөлөгч Н.Н********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н********** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч С.С**** 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр тодруулж, өөрчлөн, а/Ш**ийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай /Ф** захирал томилсон/ Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгох, б/Ф** захирлыг шинээр томилсон тушаал гаргахыг Ш**ид даалгах /Ингэхдээ захирлын сонгон шалгаруулалтын 2 дугаар шатнаас буюу санал хураалтын ажиллагааг Ф** 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажилтнууд буюу эрдмийн хамт олныг оролцуулан дахин явуулах/ гэж тодорхойлсон болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

2.1.Нэхэмжлэгч С.С**** шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш**-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зарлагдаж, уг Академийн харьяа Ф** захирлын албан тушаалд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.С**** миний бие нэрээ дэвшүүлж, тавигдах шаардлагыг хангасан талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн уг сонгон шалгаруулалтанд оролцсон. Захирлын албан тушаалд тавигдах шаардлага хангасан нэр дэвшигчдийн хууль, эрх зүйн мэдлэг, монгол хэлний бичгийн чадвар, цахим орчин, компьютерийн хэрэглээний программ ашиглах чадварын шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөл дээр өгч, тэр өдрөө Ш**-ийн Тэргүүлэгчдийн газарт ярилцлагад орсноор би эхний шатанд тэнцсэн.

Ш**-ийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаас баталсан Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам-ын 2.4.7-д Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна гэсэн байх тул Үндэсний тэргүүлэх эрдмийн байгууллагын сүлжээнээс олон улсын эрдмийн байгууллагын сүлжээнд өрсөлдөх чадвар бүхий тогтолцоо руу хэмээх өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Ф** эрдмийн хамт олонд танилцуулахаар бэлтгэсэн. Ш**-ийн хүрээлэнгийн захирал сонгон шалгаруулах комиссоос Ко*******-19 цар тахлын энэ үед нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг танхимаар болон Zoom-ээр зохион байгуулна гэж байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ф** эрдмийн хамт олон нэрийн дор бүх ажилтнуудыг оролцуулж санал хураалт явуулсан. Өөрөөр хэлбэл, нийт ажилчдын хурал хийж, эрдэм шинжилгээний ажилтнуудаас гадна захиргаа аж ахуйн ажилтнууд, үйлчилгээний ажилтнууд, тэтгэвэрт гарсан ажилтнууд, гэрээт ажилтнуудыг оролцуулан хууль бус ирцтэйгээр санал хураалтыг явуулсан.

Энэхүү санал хураалтанд нийт 86 хүн оролцсоноос 75 хүн саналаа өгч, 11 хүн санал өгөхөөс татгалзсан буюу санал хураалтыг эсэргүүцсэн, учир нь эрдмийн хамт олонд хамаарах эрдэм шинжилгээний ажилтнууд 56 хүн байхад дээрээс нь нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, жолооч зэрэг аж ахуй, үйлчилгээний 20 ажилтан, төслийн 8 гэрээт ажилтан, тэтгэвэрт гарсан 2 хүнийг гаднаас дуудаж нийт 30 хүнийг нэмж оролцуулан санал өгүүлж байгаа нь журмаа зөрчсөн, илт хууль бус санал хураалт болж байна гэсэн. Энэ талаар би Ш** Д.Р*******д 2021 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдөр бичгээр гомдол гаргаж, зөвхөн эрдмийн хамт олныг оролцуулан ахин санал хураалт явуулахыг хүссэн. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.3-т Эрдэм шинжилгээний байгууллага нь өөрийн эрхэлсэн салбарын эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулсан шинжилгээний ажлын чиглэл болон хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион судалгаа, бүтээх ажлын явц, үр дүнг хэлэлцэн, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Эрдмийн зөвлөл байгуулан ажиллуулна гэсэн байдаг бөгөөд Ф** Эрдмийн зөвлөл нь доктор зэрэгтэй 25 гишүүнээс бүрддэг, харин Эрдмийн хамт гэдэгт Эрдмийн зөвлөлийн 25 гишүүнээс гадна магистр, бакалавр зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтнууд хамаардаг. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.7-д эрдэм шинжилгээний ажилтан гэж шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэдэг мэргэшсэн судлаачийг хэлэх бөгөөд хуулиар тодорхойлсон эрдэм шинжилгээний туслах (ЭШТУА), дадлагажигч (ЭШДА), ахлах (ЭШАА) болон тэргүүлэх (ЭШТА) ажилтны зэрэг, дэвтэй, 4 жил тутамд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны аттестатчилалд хамрагддаг, Эрдэм шинжлгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм-ийг мөрддөг судлаач байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 454 дугаар тушаалын хавсралтаар баталсан Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм-ийн 2.6-д Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг гэж магистрын дипломын ажил, боловсролын доктор (PhD), шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний ном, товхимолд, судалгааны ажлын тайланг Эрдмийн хамт олны хурлаар хэлэлцэхийг хэлнэ гэснээс үзэхэд захиргаа, аж ахуйн ажилтнууд, гэрээт ажилтнууд нь эрдмийн хамт олонд хамаарахгүй юм. Түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтнууд ТҮШУ ангиллаар цалинждаг бол аж ахуйн ажилтнууд ТY ангиллаар цалинждаг ба аттестатчлалд огт хамрагддаггүй, эрдмийн хэлэлцүүлэгт орох эрхгүй болон судалгааны ажилд туслах ажилтнаар ч ажилладаггүй болно. Цаашилбал захирлын сонгон шалгаруулалтын зарлалд тухайн нэр дэвшигчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь Шинжлэх ухааны академ-ийн болон Ф** 2020-2025 оны стратегийн төлөвлөгөө, Ш**ийн мөрийн хөтөлбөртэй уялдахыг шаардсан нь эрдмийн хэлэлцүүлэг болохыг гэрчилж байна.

Гэтэл Ш** Д.Р******* 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ф** захирлаар Ж.Д**********г томилсон тушаал гаргаж, тухайн өдөр нь Ф** Эрдмийн зөвлөлийн хурлаар батламжилсан нь журмаа зөрчсөн дүрмийн бус үйл ажиллагаа болсон. Миний гомдлын хариу ирээгүйг сануулж, сонгон шалгаруулалт маргаантай болсон байхад захирал томилсныг хүлээн зөвшөөрөхгүй талаараа Ш** Д.Р*******д 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дахин гомдол бичгээр гаргахад 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр захирал сонгон шалгаруулах ажлын комиссын ахлагч Г.Ч*******аас хариу бичиг өгсөн. Уг хариу бичигт дурьдснаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтнууд нь хүрээлэнгийн захирал буюу төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд саналын эрхтэй оролцох эрх, үүрэгтэй гэх байдлаар тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Физик, технологийн хүрээлэн гэх байгууллага нь Засгийн газрын тогтоолоор үүсгэн байгуулагдсан, Ш**-ийн харьяанд хамаарагдах салбар хүрээлэн гэх статустай, хуульд зааснаар эрдэм шинжилгээний байгууллага болно. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллана гэсэн байх боловч чадахуйн зарчмаар иргэнийг захирлын албан тушаалд сонгон шалгаруулдаг, нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдсан тусгай журамтай, захирлын албан тушаалын жишиг тодорхойлолттой, эхний шатны сонгон шалгаруулалт нь Төрийн албаны зөвлөлийн оролцоотой явагддаг буюу захиргааны байгууллагуудын харилцан туслах чиг үүрэгтэй, Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хууль, дүрэм, журамд заасан үйл ажиллагааны хүрээнд нийтийн эрх хэм хэмжээгээр зохицуулагддаг зэргээс үзэхэд Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирал сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа нь захиргааны үйл ажиллагаа юм.

Түүнчлэн Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам-ын 3.2-т Захирлыг томилохоос өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.57-д заасан мэдүүлгийг холбогдох байгууллагаас авсан байна гэсэн нь Физик технологийн хүрээлэнгийн захирал нь нийтийн албан тушаалтан болохыг тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд Ш**-ийн хүрээлэнгийн захирал сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагаа нь иргэний сонгогдох эрхэнд хамаарах гадагш чиглэсэн, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болохын хувьд уг ажиллагаанд оролцохоор хүсэлт гаргаж, материалаа өгсөн, шалгалтанд тэнцсэн иргэнтэй холбогдох харилцаа Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдах учиртай байтал Хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлан холбогдох журмын заалтыг илтэд гуйвуулан иргэн миний сонгогдох эрхийг дордуулж, хууль бусаар санал хураалт явуулсан гэж үзэж байна. Энэ асуудал бол миний болон Ф** нийт ажилтнуудын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал биш байтал Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа нийт ажилтны эрх, үүргийг хязгаарлахгүй гэх агуулгаар үйлчлэгч, жолооч зэрэг мэргэжлийн бус хүмүүсийг зориудаар оролцуулж, санал хураалтыг будлиантуулсан.

2015 онд Ш**-ийн Ф** захирлын сонгон шалгаруулалтанд оролцож, Ш**-ийн Тэргүүлэгчдийн хурлаар өрсөлдөгчөөсөө илүү санал авч, танилцуулагдсан боловч Ш**-ийн академич Д.Р******* тухайн санал хураалтыг хүчингүй хэмээн будлиантуулж, дахин санал хураалт явуулсан.

Энэ талаар би тухайн үед Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдад гомдол гаргасан бөгөөд миний гомдлыг судалж, хариу өгсөн тус яамны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Д********** нь өнөөдөр Ф** захирлаар томилогдон ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Ш** Д.Р*******, Ф** захирал Ж.Д********** нар нь 2015 оноос хамтарч ажиллаж ирсэн, албан тушаалын сүлжээ үүсгэж, сонгон шалгаруулалтын булхай, будлиан зохион байгуулдаг гэж хардаж байна. Тухайн үедээ би шүүхэд хандаагүй, цаг хугацаа өнгөрөхөд засагдах байх гэж найдсан боловч өнөөдөр буюу 6 жилийн дараа ч нөгөө бүлэг хүмүүсийн нөлөөлөл, албан тушаалд ээлжлэн хууль бусаар томилогдох үз******* хэвээр үргэлжилж байна.

Хэрэгт авагдсан Хурлын тэмдэглэлд А******* ирж хурал нээв, үг хэлэв гэх хуурамч мэдээлэл бичигдсэн. Ажилтнуудад урамшуулал өгсөн байсан гэв.

2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэмтэн С.С**** Ш**-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал сонгон шалгаруулалтад оролцоход 2 хүн хоёрдугаар шатанд тэнцээд гуравдугаар шат болох тэр санал хураах, илтгэлээ танилцуулах шатанд оролцсон. Энэ сонгон шалгаруулалтыг шударгаар хууль ёсны дагуу зохион байгуулах, үр дүн гаргах энэ процесс ажиллагаа алдаа гарсан. Нэхэмжлэлийн шаардлага хууль бус үйл ажиллагааны үр дүнд захирал томилсон 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах. Хоёрдугаарт Физик технологийн хүрээлэнгийн захирлыг шинээр томилсон тушаал гаргахыг ШУА-ийн Ерөнхийлөгчид даалгах буюу ингэхдээ захирлын сонгон шалгаруулалтын 2 дугаар шатнаас буюу санал хураалтын ажиллагааг Физик технологийн хүрээлэнд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажилтнууд буюу эрдмийн хамт олныг оролцуулан дахин явуулахыг даалгах гэж байгаа. Энэ эерэг нөлөөлөл бүхий Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д энэ эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг тодорхойлсон байгаа. 48 дугаар зүйл дээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр энэ эерэг нөлөөлөл бүхий акт маань нэхэмжлэгч С.С****гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн акт гэж үзсэн. Мөн актыг гаргахдаа хууран мэхэлсэн, хууль бус арга хэрэглэж буюу тэр сонгон шалгаруулалтад захиргааны аж ахуйн ажилчдыг оролцуулж тэгээд захиргаа нь тухайн ажилчдадаа цалингийн урамшуулал өгөх замаар энэ санал авах ийм ажиллагаа хийгдсэн гэж үзэж байгаа учраас Ж.Д**********г томилсон захиргааны актыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байгаа. Ер нь 3 үндэслэл гаргаж байгаа. Нэгдүгээрт, Физик технологийн хүрээлэнгийн захирал сонгон шалгаруулах ажиллагаа нь ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаас баталсан Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам"-ын 2.4.7-д заасныг зөрчиж эрдмийн хамт олноос санал хураалт явуулаагүй, 2 дугаарт тус журмын 2.4.7-д заасан комисс санал хураалтыг зохион байгуулаагүй буюу хууль бус бүрэлдэхүүн санал авах ажиллагааг зохион байгуулж явуулсан. 3 дугаарт үйлчилгээний болон захиргааны ажилтнуудад санал хураалт болохоос өмнө тодорхой хэмжээний урамшуулал цалин дээр нь нэмж олгох хэлбэрээр хууль бус арга хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын 2.4.5-д зааснаар журмын 2.4.3, 2.4.4-т заасан шалгалтын нийт авбал зохих онооноос 60 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэнд тооцно. 2.4.7-д сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна гэж захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үе шат, дарааллыг журамлан тогтоосон байна. Нэхэмжлэгч С.С**** эхний шатанд тэнцсэн, дараагийн шат буюу мөрийн хөтөлбөрөө хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулан санал авах ажиллагаанд захиргаа алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь хэргийн материалд авагдсан баримтуудаас харахад Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын 2.3-т заасны дагуу Ш**өөс 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргасан А/16 дугаартай комисс байгуулах тухай тушаал гаргасан, гэтэл Физик, технологийн хүрээлэн дээр 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр болсон захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтын ажиллагаанд энэхүү комисст багтсан гишүүдээс нэг ч ирж оролцоогүй. Өөрөөр хэлбэл хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хууль бусаар санал хураалтын ажиллагааг зохин байгуулан явуулж, уг санал хураалтын дүнг үндэслэж Ш** Ф** захирлыг томилсон тушаал гаргасан. Санал хураалтын ажиллагаанд зөвхөн эрдмийн хамт олныг бус захиргаа, үйлчилгээний ажилтнуудыг нэмж оролцуулсан, урамшуулал олгосон талаарх баримтууд хэргийн материалд хавсаргасан байгаа. Ш** Ф** захирлыг томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 тушаалыг хүчингүй болгосон тохиолдолд захирал сонгон шалгаруулах буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах шаардлагатай болох бөгөөд ингэхдээ шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэж байгаа санал хураалтын ажиллагаанаас эхлүүлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож хамгаалах юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд Ш**өөс баталсан ажлын комисс санал хураалтын ажиллагааг зохион байгуулж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн үеэс буюу 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Физик технологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон буюу тус байгууллагад ажиллаж эрдмийн ажил хийдэг, академик мэдлэгтэй хүмүүсийг оролцуулан санал хураалт явуулсан тохиолдолд шударга өрсөлдөөн болно гэж үзсэн. Түүнээс өмнөх шигээ Физик технологийн хүрээлэнгийн нийт ажилтнуудын хурал хийж, тус байгууллагын нийт ажилтнуудын бараг 35 хувийг нь бүрдүүлж байгаа захиргаа, үйлчилгээний болон гэрээт ажилтнуудыг оролцуулах, тэдгээр ажилтнууд захиргаанаас тодорхой урамшуулал авсан, тушаал заавар биелүүлсэн гэх хардлагатайгаар санал хураалтад оролцох нь шударга ёсонд нийцэхгүй юм. Түүнчлэн гуравдагч этгээд Ж.Д********** нь Физик технологийн хүрээлэнгийн захирал болоод тодорхой хугацаа өнгөрсөн, шинээр орсон ажилтнуудтай ажил олгогчийг төлөөлөн Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагийн хувьд эдгээр хүмүүст нөлөөлөх магадлалтай гэж үзээд дахин санал хураалтад шинээр ажилд орсон хүмүүсийг оруулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Ш**ийн Ф** захирлыг томилсон захиргааны актыг хүчингүй болгож, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зорчиж явуулсан санал хураалтыг хууль бус болохыг тогтоон санал хураалтын шатнаас дахин захирал сонгон шалгаруулах ажиллагааг явуулж, захирал томилсон захиргааны акт гаргахыг ШУА-ийн ерөнхийлөгчид даалгах нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байна . Эрдмийн хамт олон гэдэг дээр маргадаг. Эрдмийн буюу академик гэдэг үгийг дэлхий нийтээрээ энэ академик үйл ажиллагаа буюу эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн нэгдсэн ойлголттой байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол яг тухайн үед эрдмийн хамт олон нь хэн байсан тэр хүмүүсээр дахиж санал хураалгана гэсэн үндэслэлтэй. Ж.Д********** захирлаар томилогдсоноос хойш энэ байгууллагын эрдмийн хамт олонд орох ийм олон тооны судлаачид эрдэмтдийг ажилд томилсон хүн учраас тэр хүмүүсээс санал авхуулах юм бол тодорхой хэмжээний нөлөөлөлд автах, шударга санал өгөх энэ хүний зөрчигдсөн эрх ашиг сэргэхгүй байх нөхцөл байдал одоо бүрдчихсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэв.

2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдмийн хамт олон гэдэг тайлбарыг бид ингэж гаргаж байгаа. Журмын 2.4.7-д эрдмийн хамт олноор хэлэлцүүлнэ гэсэн байгаа. Хуралд 86 хүн оролцуулахаар нэрсийн жагсаалт гарсан, 75 хүн саналаа өгч, 15 хүн саналаа өгөхөөс татгалзсан, татгалзсан 15 хүн нь энэ эрдмийн хамт олон биш гэж эсэргүүсэн. Нярав, нягтлан, жолооч, үйлчилгээний ажилтан гэх 20 гаруй хүмүүсийг оруулж ирж санал хураалт явуулсан. Эрдмийн зөвлөл гэж байгаа. Эрдмийн хамт олон гэх нэршлийн Я.Цэвлийн толь-с гаргаж нотлох баримтаар өгсөн.

Хариуцагч талаас Хэл зохиолын хүрээлэнгээс эрдмийн хамт олон гэдэг тайлбар гаргуулж хэрэгт өгсөн. Энэ тайлбарыг бид өөрийнхөө доод албан тушаалтан болох Хэл зохиолын хүрээлэнгээс гаргуулсан тайлбар тул нотлох баримтаар үнэлэхгүй гэж маргалдаж байгаа.

Ингээд эрдмийн хамт олон гэдгийг эрдмийн ажил хийдэг, тэгээд цалингийнхаа цэс дээр энэ ТҮШУ гэдэг ангилалд хамаарагдах, мөн аттестатчилалд хамрагддаг ажилтнуудыг эрдмийн хамт олон гэж өргөн хүрээнд нэрлэнэ. Тэгэхээр эрдмийн хамт олон гэдэг бол эрдмийн зөвлөлийн 25 хүнээс гадна тэр зөвлөлд ороогүй эрдмийн ажил хийдэг эрдэм шинжилгээний ажилтнууд энэ санал хураалтад оролцсоноор тухайн санал хураалт яг журмынхаа дагуу журмынхаа үг үсэгт нийцсэн байдлаар явагдах байсан гэж үзэж байгаа. Хэрвээ энэ нөхцөлөө явагдсан бол 3 дугаар сарын 09-ний өдрийн 75 хүнээс нь хасагдаад нийтдээ 52 эрдэмтэд судлаачдын дунд санал хураалт явагдаад, энэ санал хураалтаас магадгүй С.С**** доктор өнөөдөр сонгогдон гарах боломж байсан байх гэж харж байгаа. Захиргааны байгууллагын гадагш чиглэж байгаа ажиллагаанууд Захиргааны ерөнхий хуульд нийцэж явагдах ёстой. Гэтэл энэ үйл ажиллагаагаа явуулахдаа дотооддоо тэр баталсан журмаа мөрдөхгүй. Санал хураах тэр ажлын комиссоос нь ч хүмүүс ирэхгүй. Хууль бус бүрэлдэхүүнээр гаднаас хүмүүс оруулж ирээд санал хураалтын үйл ажиллагааг будлиантуулж байгаа энэ нөхцөл байдлаас болж нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж маргаж байгаа.

С.С****гийн хувьд 65 оноо авсан. Өөрөөр хэлбэл, эхний 2 шатаа давчихсан. Мөн хариуцагчаас тайлбараа энэ журмын 2.7-д эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг эрдмийн хамт олонд танилцуулаад цааш нэр дэвшигч хоёр хүний мэдээллийг Ерөнхийлөгчид явуулаад ерөнхийлөгч нь нэг ёсондоо саналыг нь харгалзаж байгаад сонгодог юм аа. Тийм учраас хариуцагчийн гаргаад байгаа тайлбар нь С.С****, Ж.Д**********гаас өндөр оноо авсан байсан ч гэсэн захирлаар томилох эрх мэдэл нь 2.4.8-д заасны дагуу манай ерөнхийлөгчид байгаа. Бид бүхэн эрдмийн хамт олны саналыг харгалзаж байгаад томилно гэсэн тайлбарыг өгч байна. Гэтэл Шинжлэх ухааны академи гэдэг нь нийтийн эрх зүйн байгууллага, тусдаа эрх зүйн хууль, дүрэм, журамтай, журмынхаа дагуу томилох ёстой. Хариуцагч байгууллагад нийтдээ 96 хүн ажилладаг юм байна. Гэтэл өөрсдөө гэрээт ажилтнуудаа дотор нь хоёр хуваагаад манай талд өгөх хүмүүс нь эд нар, нөгөө талд өгөх хүмүүс нь эд нар гэсэн байдлаар өөрсдөө хүмүүстээ ялгамжтай хандчихаад хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гэдэг тайлбар хэлж байгааг үндэслэлгүй гэж харж байна. Шинжлэх ухааны академи нь захирлыг сонгон шалгаруулахдаа бодит нөхцөл байдал зорилгодоо нийцсэн акт үндэслэлүүдийг ерөнхий хуульд заасан зарчмуудаа баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заагдсан шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах хуулийн заалтуудыг баримталж ажиллаагүй, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаандаа сонсгох, мэдэгдэх зарчмуудыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Учир нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийг тодорхойлно. Сонсгох ажиллагааны талаар мэдэгдлийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг дараах байдлаар хүргүүлнэ гэж хуульчилсан. Тухайн хуулийн 28 дугаар зүйлд ... гэж мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулахгүй байх нөхцөлүүдийг заасан байгаа. Энэ бүхнээс үзвэл хариуцагч нь мэдэгдэх сонсгох гэдэг зарчмыг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Хүрээлэнгийн захирлыг сонгохдоо тэнд ажиллаж байгаа цэвэрлэгч, үйлчлэгч, жолооч, нярав гэх мэт үйлчилгээний ажилчдыг тус сонгон шалгаруулалтад оруулаад ажилчдад маш их хэмжээний мөнгөн урамшуулал олгож, эдгээр хүмүүсдээ нөлөөлсөн. Тусад нь эдгээр хүмүүсийг анги, танхимд оруулж байгаад санал хураалтыг нь авсан гэв.

2.4.Хариуцагч Ш**, Академич Д.Р*******ээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11, Монгол Улсын Ш**-ийн дүрмийн 292 дүгээр зүйлд заасны дагуу Шинжлэх ухааны Академи нь харьяандаа Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан 14 эрдэм шинжилгээний хүрээлэнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Засгийн газрын 1997 оны 91 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Ш**-ийн дүрмийн 303 дугаар зүйлд заасны дагуу Ш** нь Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлыг томилж чөлөөлөх эрхийг хэрэгжүүлдэг. Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хууль, Ш**-ийн дүрмийн дагуу Академийн харьяа 14 эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын сонгон Тэргүүлэгчдийн хурлаар баталсан Ш**-ийн харьяа шалгаруулалтыг Ш**-ийн хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын дагуу 2021 оны 3 дугаар сард явуулсан. Тус шүүхэд Ш**-ийн харьяа Ф** захиралд нэр дэвшсэн С.С**** тус хүрээлэнгийн захиралд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг танилцсан хамт олны хурлын бүрэлдэхүүнд зөвхөн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох ёстой байтал нийт хамт олныг оролцуулсан нь журам зөрчсөн гэж үзжээ.

Хүрээлэнгийн захирал нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хүний нөөц, захиргаа, санхүү, төсвийн зарцуулалт болон хамт олны өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж, хүрээлэнг дотоод, гадаадад төлөөлж ажилладаг учраас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг эрдмийн хамт олонд танилцуулж дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулахаар журамласан. Хүрээлэнгийн хамт олныг дотор нь ямар нэгэн нэршилээр хувааж ангилсан зүйл байхгүй тул хүрээлэнгийн хамт олныг шинжлэх ухаан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг уламжлалаар л эрдмийн хамт олон гэж эртнээс нэрлэж ирсэн.

Тиймээс эрдмийн гэсэн тодотгол бол ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэх боломжгүй бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдыг эрдмийн гэж тодотгосон хэлц үгийн хэлбэр шинжийг агуулсан. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний хүрээлэн нь эрдэм шинжилгээний буюу академик байгууллагын хувьд тэнд ажиллаж буй нийт хамт олныг эрдмийн гэж тодотгосон. Нөгөө талаас нэр дэвшигчийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр бол эрдэм шинжилгээний бүтээл, тайлан биш учраас нийт эрдмийн хамт олонд танилцуулж, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулдаг. Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын 2 дугаар зүйлийн 2.4.7-д Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна гэж заасан. Үүний дагуу Ф** захиралд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэгт 80 хүн оролцсоноос 75 санал хүчинтэй, 5 санал хүчингүйд тооцогдсон. Үүнээс нэр дэвшигч Ж.Д**********г 52 ажилтан дэмжиж 65 хувийн санал, С.С****г 23 ажилтан дэмжиж 28,75 хувийн санал өгсөн байна. Журмын 2.4.8-д Эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг танилцаад дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн материалыг Ш**ийн нэр дээр ирүүлнэ гэж заасны дагуу тус хүрээлэнгээс уг хурлыг явуулсан хурлын тэмдэглэл, санал хураалтын дүнг Академийн ерөнхийлөгчид ирүүлсэн.

Журмын 3.1-д Эрдмийн хамт олны саналыг харгалзан Ш** харьяа хүрээлэнгийн захирлыг томилох тухай тушаал гаргаж, Академийн Тэргүүлэгчдэд мэдээлнэ гэж заасны дагуу академич Ж.Д**********г Ш**-ийн Ф** захирлаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон.

Журмын 2.4.8 дахь зохицуулалтаар хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчдээс аль нэгийг нь сонгож хүрээлэнгийн захирлаар томилох эрхийг Ш**ид олгосон. Ш** нь хүрээлэнгийн захирлыг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.37-д заасан чадахуйн буюу мерит зарчимд үндэслэн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан эрдэмтнийг сонгон томилдог.

Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журамд заасны дагуу хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт дараах 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан.

Иймд Ш**-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох асуудал нь холбогдох хууль тогтоомж, журмын дагуу явагдсан тул С.С****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч********** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Шинжлэх ухааны академын тэргүүлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хуралдаж Үндсэн хууль, Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухааны академын дүрэм, Шинжлэх ухааны академын тэргүүлэгчдийн газрын дотоод журамд нийцүүлэн Иргэний эрхийг хангах тогтолцоог бүрдүүлж хүний эрхийг хамгаалж Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцэж тогтоолын төслийг тэргүүлэгч гишүүдийн 100 хувийн саналаар баталсан.

Шүүх хуралдааны явцадНэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Энэ хэрэгт гол нь эрдмийн хамт олон гэдэг үг дээр маргалдаад байдаг. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Ш**-ийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Монгол Улсын Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна гэж, хоёрдугаарт, Монгол Улсын Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Академийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган мөн гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлд Их чуулганы чөлөөт цагт түүний өдөр тутмын үйл ажиллагааг Академийн тэргүүлэгчид удирдана гэсэн. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 91 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол улсын Ш**-ийн дүрмийн 20 дугаарт тус тус заасны дагуу заасны дагуу Тэргүүлэгчдийн газар нь Монгол Улсын Ш**-ийн Засгийн газраас баталсан орон тоо бүтцээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Их Бага чуулган, Тэргүүлэгчид Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Академийн тэргүүлэгчдийн байнгын газар ажиллаж өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байна. Байнгын ажиллагаатай Академийн удирдах дээд байгууллага болох Ш**-ийн Тэргүүлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцэж тогтоолын төслийг тэргүүлэгч гишүүдийн 100 хувийн саналаар баталсан. Энэхүү төслийг МУ-ын Ш**-ийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор албажуулсны дагуу 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комиссыг Ш**ийн А/16 дугаартай тушаалаар байгуулан сонгон шалгаруулалт явагдсан. Ш**-ийн дээд байгууллагын баталсан Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын заалттай холбогдон өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаарх гомдлоо нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан гомдол гаргах журмаар Академийн дээд байгууллага болох Академийн тэргүүлэгчдийн байнгын газар гаргаж шийдвэрлүүлээгүй. Ш**ид 2021 оны 3 дугаар сарын 10, 11, 30-ны өдөр гаргасан гомдлууд нь гомдол гэж хаягласан хэдий ч доторх агуулга нь хуралд оролцсон хүмүүсийн нас, боловсрол, ажил мэргэжилтэй холбоотой, урьд ажиллаж байсан захирлын ажлыг шүүмжилсэн, ажлын тайланг тавиулах зэрэг хүсэлт байсан. Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд бас гомдол гаргасан бөгөөд Үйлдвэрчний эвлэл нь ажилтан, ажилчдын эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан байнгын ажиллагаатай ардчилсан байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн зорилго нь ажлын байран дээр байгаа ажилчдаа хамгаалах, ажилтан, ажилчдын ажлын нөхцөлийг нь сайжруулах, аливаа зүйлийг бүгдээр нь хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэх, амьдралынх нь нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх, нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгсэл, нөхцөл бололцоо бүрдүүлж өгөх зэрэгт үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь заалттай нийцэхгүй юм. Анхны нэхэмжлэл нь урьдчилсан байдлаар энийг шийдвэрлээгүй байна гээд буцсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бол дараах байдлаар эс зөвшөөрч байгаа юм. Хүрээлэнгийн захиралд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг танилцсан эрдмийн хамт олны хурлын бүрэлдэхүүнд зөвхөн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох ёстой байтал нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, жолооч зэрэг үйлчилгээний 20 гаруй ажилтан тэтгэвэрт гарсан 2 ажилтныг хамруулж нийт хамт олны оролцуулсан нь журам зөрчсөн гэж үзсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.2-т заасан хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн хуулийн заалт нь С.С****гийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болсон санал хураалтад зөвхөн эрдэм шинжилгээний ажилтан докторын зэрэгтэй хүмүүс оролцох ёстой гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Үндсэн хууль зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан Шинжлэх ухааны Академи нь энэхүү Үндсэн хуулийн заалтыг ханган хүний эрхийг дээдэлж эрхэлсэн ажил, албан тушаал, нас, боловсролоор нь ялгаварлан гадуурхаагүй санал хураалтад эрдмийн хамт олныг оролцуулсан байна. Хүрээлэнгийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан зүйл заалтыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй тул хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хүний нөөц, захиргаа, санхүү, төсвийн зарцуулалт болон өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж, хүрээлэнг дотоод болон гадаадад төлөөлж ажилладаг учраас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг эрдмийн хамт олонд танилцуулж дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулахаар журамласан байна. Аливаа эрдэм шинжилгээний байгууллагад тусгайлсан эрхэлсэн ажил, албан тушаал, нас, боловсролоор нь ялгаварлан бий болгосон эрдмийн хамт олон гэж байдаггүй эрдмийн зөвлөл гэж байдаг. Эрдмийн зөвлөлд эрдмийн зэрэг цолтой эрдэм шинжилгээний ажилтан болон гаднын байгууллагад ажиллаж байгаа эрдэмтэд сонгогддог бөгөөд энэхүү зөвлөлөөр Эрдэм шинжилгээний ажил, төслийн үр дун, эрдмийн зэрэг цол олгохыг хэлэлцдэг. Монгол хэлний их тайлбар тольд хүрээлэн их дээд сургуулийн эрдмийн зөвлөлийг эрдмийн дээд хурал гэж тайлбарласан байдаг. Хүрээлэнгийн хамт олныг дотор нь ямар нэгэн нэршлээр эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан хувааж ангилсан зүйл байхгүй бөгөөд хамт олныг эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний буюу академик байгууллагад ажиллаж буй учир эрдмийн хамт олон гэж нэрлэж ирсэн. Нэр дэвшигчдийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь тухайн хувь хүний салбарын хөгжлийн талаарх үзэл баримтлал, бодлого зорилтыг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг урьдчилан төлөвлөсөн баримт бичиг бөгөөд энэхүү нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг дэмжих эсэх нь эрдмийн зөвлөлийн эрхлэн явуулах асуудалд хамааралгүй тул эрдмийн хамт олонд танилцуулж, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжих эсэх талаар нууц санал хураалт батлагдсан журмын 2.4-т заасан чиг уургийг хэрэгжүүлэх арга зүйгээр хангаж явагдсан. Энэхүү санал хураалтын дүн нь тухайн хүний мөрийн хөтөлбөрийг дэмжих эсэх талаарх саналын тоо байсан бөгөөд сонгон шалгаруулалтын оноонд хамааралгүй байсан. Журмын 2.4.8-д эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн материалыг Ш**ийн нэр дээр ирүүлнэ. Нэг нэр дэвшигч байгаа тохиолдолд санал хураалтын дүнг ирүүлнэ гэж заасны дагуу 2 нэр дэвшигч Ж.Д**********, С.С**** нарын материалыг шалгалтын дүнгийн онооноос үл хамаарч ирүүлсэн. Ерөнхийлөгч академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын нэгт заасан нийтлэг зүйлийн 1.1-д заасныг баримталж захиргааны акт гаргасан. Нэхэмжлэгч энэ сонгон шалгаруулалтын дүнтэй маргадаггүй. Сонгон шалгаруулалтын дүн нь захиргааны актын үндэслэл юм. Монгол хэлний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Монгол Улсын Ш**-ийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий монгол хэл шинжлэлийн хүрээлэн /цаашид эрх бүхий судалгааны байгууллага/ гэх ажиллана гэж заасан бөгөөд энэхүү хуулийн дагуу Монгол хэл шинжлэлийн хүрээлэн нь эрдмийн хамт олон гэсэн үгийг албан ёсоор тайлбарласан. Нэхэмжлэгч тал тус хүрээлэнгээс эрхлэн гаргасан Цэвэлийн толиноос эрдэм гэдэг үгийн тайлбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд энэхүү тайлбарт эрдмийн хамт олон гэсэн хэлц үгийг тайлбарласан зүйл байхгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу гомдол гаргах захиргааны актыг гаргасан. С.С**** нь хуульд заасан Академийн дээд байгууллагад гомдол гаргаагүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Хуулийн дагуу явагдсан бол Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хууль, Академийн дүрэм, Академийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар баталсан Ш**-ийн харьяа 14 хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын одоо маргаж буй нэхэмжлэлийн шаардлага урьдчилан шийдвэрлэгдэж, дээд байгууллагаас гомдлыг шийдвэрлэсэн захиргааны актыг үл зөвшөөрч, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх байсан.

Мөн сонгон шалгаруулалтад орж хөтөлбөрийг эрдмийн хамт олон гэж нэршсэн нийт хамт олноороо хэлэлцүүлэн томилогдсон бусад 13 хүрээлэнгийн захирлын асуудал хамтдаа яригдана. Хэрвээ гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байгаа бол нэг журмаар сонгон шалгаруулалтад орж томилогдсон 13 захирлын асуудал ч яригдах ёстой. Академийн удирдах дээд байгууллага байнгын ажиллагаатай Тэргүүлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж Үндсэн хууль, хууль, дүрэм, дотоод журамд нийцүүлэн иргэний эрхийг хангах тогтолцоог бүрдүүлж хүний эрхийг хамгаалж Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцэж тогтоолын төслийг Тэргүүлэгч гишүүдийн 100 хувийн саналаар баталсан. Уг хуралдааны явцад академич, Ш**-ийн дэд ерөнхийлөгч Хууль зүйн ухааны шинжлэх ухааны доктор С.Н******* хэлэхдээ ...хамт олон, эрдмийн хамт олон хөтөлбөрийг хэлэлцэнэ, танилцуулна гэж зөрүүтэй яригдаад байна үүнийг нэг мөр болгох талаар үг хэлсэн. С.Н******* академичийн асуултад Дэд ерөнхийлөгч Г.Ч******* ...шинжлэх ухааны байгууллагуудын хамт олныг эрдмийн хамт олон гэж нэрлээд тогтчихсон эрдмийн хамт олон, хамт олон гэдэгт ялгаа байхгүй хүрээлэнгийн нийт ажиллагсдыг эрдмийн хамт олон гэж хэлж байгаа. Журамд нэр дэвшигч эрдмийн хамт олонд хөтөлбөрөө танилцуулна, танилцсан хөтөлбөрийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулна гэсэн бөгөөд нийт ажиллагсдыг эрдмийн хамт олон гэж нэг мөр болгосон байна, эрдмийн хамт олныг нийт хамт олон гэж ойлгоно гэж тодорхой хариулсан бөгөөд санал асуулга 14 хүрээлэнд ижил явсан. Санал асуулгын дэмжих эс дэмжих нь нь сонгон шалгаруулалтын дүнд ороогүй бөгөөд нөлөөлөөгүй юм.

Мөн уг маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь сонгон шалгаруулалтын дүнтэй холбогдолгүй, хуралд оролцсон хүмүүсийн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж хамгаалагдсан эрхийг зөрчсөн шаардлага болно. Комисс нь тухайн нэр дэвшигч нар эхний шалгаруулалтад тэнцсэн тухай мэдээллийг удирдлагаар ханган хүрээлэнгийн хамт олонд цахимаар танилцуулагдаж санал өгөх хүмүүсийн нэр, санал өгөх байрыг зохион байгуулсан.

Эрдмийн хамт олон энэ 2 нэр дэвшигчийн хөтөлбөрийг дэмжих эсэх талаар саналаа өгсөн. Уг журамд комиссын гишүүд өөрийн биеэр ирж танилцуулна гэсэн заалт байхгүй бөгөөд комиссын 5 гишүүн 1 өдөр санал асуулга зэрэг явж байгаа 14 хүрээлэнд биечлэн очих боломжгүй бөгөөд чиг үүргээ цахимаар гүйцэтгэсэн.

Санал авах ажлыг өөр комисс зохион байгуулаагүй, зөвхөн саналын хуудсыг тоолох хөндлөнгийн тооллогын комиссыг дундаасаа нэр дэвшүүлэн олны саналаар баталж тэрхүү саналын хуудсыг тоолсон. Энэ нь шударга ёсны аль ч албан байгууллагад тогтсон зарчим юм. Үүнийг журам зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Захиргаанаас томилогдсон комисс өөрийн чиг үүргийн хүрээнд уян хатан үйл ажиллагаагаа явуулах боломжтой байх учраас захиргааны дотоод асуудлыг алдаа гаргасан гэж үзэхгүй. Тухайн байгууллагын эрдмийн хамт олны саналыг аваагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Санал хураалт болсон үед буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг оролцуулан дахин санал хураалтыг явуулах шаардлага нь Санал хураалтаас хойш ажилд орсон хүмүүсийг дахин санал хураалтад оролцуулахгүй байх шаардлагыг давхар агуулж байна. Энэхүү шаардлага нь байгууллагын дотоод харилцааны асуудалд хөндлөнгөөс оролцож байх бөгөөд байгууллагын дотоод асуудлыг хуулиар зохицуулахгүй. Тухайн үед ажиллаж байсан Хүрээлэнгийн захирал н.Алтанцог нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан зүйл заалтыг хэрэгжүүлэн ажиллаж хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хүний нөөц, захиргаа, санхүү, төсвийн зарцуулалт болон өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж, хүрээлэнг дотоод болон гадаадад төлөөлж ажиллаж байсан бөгөөд Байгууллагын ажилтнуудад батлагдсан төсвийн дагуу урамшуулалт цалин олгосныг зөвхөн ажилтнуудтай холбож тэднийг урамшуулал авснаараа санал хураалтад захиргааны тушаал заавар биелүүлэн оролцсон гэх нь зохисгүй бөгөөд уг цалинг өөрөө ч авсан байдаг. Ажилтнуудыг хэний төлөө санал өгснийг нь баримтаар нотлох нь зүйтэй.

Урамшуулалт цалин өгсөн гэж яриад байна. Энэ бол хуулийн дагуу явагдана, Төсвийн тухай хууль байна, 16 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж, эрх бүхий хүрээлэнгийн захирлын хуульд заасан урамшуулал олгосон асуудал. Даваасамбуу гэдэг хүний төлөө Хүрээлэнгийн захирал байсан Алтанцог гэдэг хүний олгосон урамшууллыг холбогдуулж байгаа нь үндэслэлгүй юм. С.С**** урьдчилан ажиллагаа явагдаагүй, хүнийг ажил, мэргэжил боловсрлоор нь ялгаварлан гадуурхаж байгаа нь арга хэмжээ авагдаж байгаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...сонгон шалгаруулалтын гуравдугаар шатанд сонгон шалгаруулалтад оролцсон бүх нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хамт олонд танилцуулаад 5, 6, 7, 8 нэр дэвшигч нар байсан ч гэсэн хамгийн өндөр оноо авсан хоёр нэр дэвшигчийн материалыг Академийн ерөнхийлөгчид ирүүлдэг. Академийн ерөнхийлөгч удирдан зохион байгуулах чадвар, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөл байдал энэ бүгдийг үзээд эцсийн хоёр нэр дэвшигчийн аль нэгийг тухайн албан тушаалд томилох эрх нь Академийн ерөнхийлөгчид хадгалагддаг. Энэ нь манай журамд маш тодорхой зааж өгсөн. Хоёр нэр дэвшигчээс аль нэгийг нь буюу хамгийн өндөр оноо авсныг сонгоно. Өөрөөр хэлбэл чадавхын буюу мерит зарчимд үндэслэн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан эрдэмтнийг сонгон томилдог. Тэрнээс шууд эхний хамт олны санал хураалтаар хамгийн өндөр оноо авсан хүнийг шууд томилно гэсэн зохицуулалт манай журамд байхгүй.

С.Н******* гуай энэ өгүүлбэр дээр маш их сууж, ямар өгүүлбэр байх ёстой бэ гэдгийг тодорхойлсон. Эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд Журмын 4.2.8-д дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн материалыг ирүүлнэ. Нэг нэр дэвшигч байгаа тохиолдолд санал хураалтын дүнг ирүүлнэ. Эрдмийн хамт олны саналыг харгалзан гэж журамласан. Эрдмийн хамт олны саналыг үндэслэн гэж анх явж байсан бол гэтэл үндэслэн гэвэл шууд хамгийн олон санал авсан хүнийг шууд томил гэсэн тулгасан асуудал болно гээд томилж байгаа хүнд өрсөлдөөнийг хангах, аль давуу, аль илүү ур чадвартай хүнийг сонгож томилох боломжийг нь олгохын тулд эрдмийн хамт олны саналыг харгалзан гэж үгийг оруулсан.

Тэгэхлээр захирлыг буюу төсвийн шууд захирагчийг сонгох ажиллагаанд захиргааны болон үйлчилгээний албан хаагчид оролцож болохгүй гэж сонгох ажиллагаанд захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг оролцож болохгүй гэж хүний эрхийг хаах ямар ч боломжгүй.

Сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хууль болон Шинжлэх ухааны академид мөрдөгдөж байгаа эрх зүйн актын хүрээнд хийгдсэн. Гурван шаттай сонгон шалгаруулалтын гурван шатанд нь Саран доктор өрсөлдөгчөөсөө харьцангуй бага үнэлгээ авсан гэв.

2.7.Гуравдагч этгээд Ж.Д********** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Аливаа эрдэм шинжилгээний байгуулагад тусгайлсан эрдмийн хамт олон гэж байдаггүй эрдмийн зөвлөл гэж байдаг. Эрдмийн зөвлөлд эрдмийн зэрэг цолтой эрдэм шинжилгээний ажилтан болон гадны байгууллагад ажиллаж байгаа эрдэмтэд сонгогддог бөгөөд энэхүү зөвлөлөөр Эрдэм шинжилгээний ажил, төслийн үр дүн, эрдмийн зэрэг цол олгохыг хэлцдэг. Монгол хэлний их тайлбар тольд хүрээлэн их дээд сургуулийн эрдмийн зөвлөлийг эрдмийн дээд хурал гэж тайлбарласан байдаг.

Ж.Д********** миний хувьд 2015 оноос эхлэн тус хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ нь сонгуульт ажил болно. Хүрээлэнгийн хамт олныг дотор нь ямар нэгэн нэршилээр эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан хувааж ангилсан зүйл байхгүй бөгөөд хамт олныг эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний буюу академик байгууллагад ажиллаж буй учир эрдмийн хамт олон гэж нэрлэж ирсэн. Нэр дэвшигчидийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь тухайн хувь хүний салбарын хөгжлийн талаарх үзэл баримтлал, бодлого зорилтыг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга зам, хүрэх дүнг урьдчилан төлөвлөсөн баримт бичиг бөгөөд энэхүү нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг дэмжих эсэх нь эрдмийн зөвлөлд хамааралгүй тул Эрдмийн хамт олонд танилцуулж, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжих эсэх талаар нууц санал хураалт батлагдсан журмын дагуу явагдсан. С.С**** нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтнаас чөлөөлөгдсөн байдаг.

Ш**-ийн тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар эрдмийн хамт олныг нийт хамт олон гэж ойлгох талаар комиссын дарга Шинжлэх ухааны Академын дэд ерөнхийлөгч сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дарга Г.Ч******* тодорхой хэлсэн байх бөгөөд санал асуулга 14 хүрээлэнд ижил явсан гэжээ.

2.8.Иргэдийн төлөөлөгч Н.Н********гийн дүгнэлтдээ: Миний бодлоор компаниар бодвол захирлыг сонгох, цалин урамшууллыг олгох журам гэж байдаг байх үүнийг харах ёстой байх гэж бодож байна. Нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.Маргаж буй эрх зүйн харилцааны төрөл, маргааны зүйл:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь төрийн албаны харилцаан дахь төрийн албан тушаалын сонгон шалгаруулалт хуульд нийцээгүй, дахин сонгон шалгаруулалтыг явуулах ёстой, нэхэмжлэгч төрийн албан тушаалд сонгогдон, томилогдох эрх хөндөгдсөн гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч С.С****гийн нэхэмжлэлийг шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.2.Монгол Улсын Ш**-ийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар Ш**-ийн харьяа Хүрээлэнгийн захирлын албан тушаалын нийтлэг тодорхойлолтыг батлах, Ш**-ийн харьяа Хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн баталж тус тус тогтоолд гаргасан байна.

2.3.Мөн Ш**ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/16 дугаар тушаалын 1 дэх заалтаар Ш**-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комиссыг байгуулж, даргаар Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Ч*******, гишүүдэд эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.А*******, С.Н*******, Т.С*******, нарийн бичгийн даргаар Т.А******** нарыг томилж тушаалын, 2 дахь заалтаар Шинжлэх ухааны харьяа хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг 2021 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтаан зохион байгуулахыг комиссын дарга Г.Ч*******т үүрэг болгожээ.

2.4.Төрийн албаны зөвлөлөөс Хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалтын эхний шатыг 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж явуулснаас, Ф** захирлын сонгон шалгаруулалтын сорилын шалгалтад нэр дэвшигч Ж.Д********** 60 оноо, нэхэмжлэгч С.С**** 44 оноо тус тус авч, тэнцжээ.

2.5.Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулах комиссын 2 дахь шатны сонгон шалгаруулалт болох ярилцлагын шалгалтын дүнгээр Ж.Д********** 26,0, С.С**** 22,0 оноо тус тус авч, нийлбэр дүнгээр Ж.Д********** 86,0 оноо,С.С**** 64,0 оноо авсан болох нь тогтоогдсон ба хэргийн оролцогчид энэ шалгалтын дүнтэй маргахгүй байна. /ХХ-1-н 74-76 дахь тал/

2.6.Ш**-ийн харьяа Хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын 2.4.7-т Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна гэж заасны дагуу Ш**-ийн Ф** 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн нийт ажиллагсдын /эрдмийн хамт олон/ хурлаар тус хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ж.Д**********, С.С**** нарын мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг танилцуулж, үүнийг үндэслэн нууц санал хураалт явуулжээ. /ХХ-1-н 77-80 дахь тал/

2.7.Энэ хуралд тус хүрээлэнгийн 80 ажилтан оролцсоноос хурлын зааланд 38, өрөөнөөсөө цахимаар 33, гэрээсээ цахимаар 9 ажилтан орсноор, хурлын ирц 93,2 хувь болсон болох нь тогтоогдлоо. /ХХ-1-н 77 дахь тал/

2.8.Энэ хуралдаанд Ф** Захирлын сонгуульд нэр дэвшигч Ж.Д********** Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гэх нэртэй, нэр дэвшигч, доктор С.С**** Үндэсний тэргүүлэх эрдмийн байгууллагын сүлжээнээс олон улсын эрдмийн байгууллагын сүлжээнд өрсөлдөх чадвар бүхий тогтолцоо руу гэх нэртэй мөрийн хөтөлбөрийг тус тус танилцуулсан байна.

2.9.Тооллогын комисс нэр дэвшигч нарт өгсөн саналын хуудсыг тоолоход 71 ажилтан цаасаар, 9 ажилтан гэрээсээ цахимаар нийт 80 саналын хуудас ирсэн, үүнээс хүчинтэй саналын хуудас 71 байхаас 71, хүчингүй саналын хуудас байхгүй, цахим саналын хуудсыг нээхэд хүчинтэй саналын хуудас 9 байхаас 4 хүчинтэй, хүчингүй саналын хуудас 5 байжээ. /ХХ-1-н 81 дэх тал/

2.10.Санал хураалтын дүнгээр Ж.Д********** 52 ажилтны буюу 65 хувийн санал, доктор С.С**** 23 ажилтны санал буюу 28.75 хувийн санал тус тус авсныг Ш**ид уламжлахаар тогтсон байна. /ХХ-1-н 82 дахь тал/

2.11.Нэхэмжлэгч С.С**** эдгээр үйл баримтуудад маргахгүй байна.

2.12.С.С**** нь дээрх сонгон шалгаруулалтыг эс зөвшөөрч 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус Ш** Д.Р*******д хандаж гомдол гаргасан байх бөгөөд гомдолдоо санал хураалтыг зөвхөн эрдмийн хамт олны оролцоотой дахин зохион байгуулж өгөхийг хүссэн, мөн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин гомдол гаргахдаа мөн л эрдмийн хамт олон санал өгөх гэх журмын заалтыг зөрчсөн, тэтгэвэрт гарсан 2 хүнийг оролцуулсан, П.Алтанцог 2017 онд хүрээлэнгийн захирлаар томилогдохдоо мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй, дахин санал хураалт явуулж өгөх зэрэг үйл баримтад гомдол гаргасан байна. /ХХ-1-н 14, 15, 18 дахь талууд/

2.13.Нэхэмжлэгч С.С****гийн дээрх гомдлуудаас үзвэл шүүх хурал дээр маргаж байгаа Комисс хуралд оролцоогүй, протоколд А******* хурал нээв гэсэн худал тэмдэглэл бичигдсэн, эрдмийн хамт олон оролцох ёстой гэж олон хүн эсэргүүцэж хурлыг хаяж гарсан гэсэн асуудлаар гомдол гаргаагүй тул уг асуудлаар шүүхийн өмнөх шатанд маргаж байгаагүй гэж үзэх ёстой.

2.14.Монгол Улсын Ш** нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн шалгалтын дүн, 03 дугаар сарын 09-ний өдрийн Ф** эрдмийн хамт олон гэх нийт эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, бусад ажилтан, ажиллагсдын хамтын хурлын санал хураалтын дүнг үндэслэн Ж.Д**********г 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Ш**-ийн Ф** захирлаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон байна.

2.15.Ф** эрдмийн хамт олны хурлаар захиралд нэр дэвшигчид өгөх Санал авах ажлыг зохион байгуулах комисс явуулах ёстой байсан бөгөөд уг Комисс нь хурлын зааланд байгаагүй болох нь тогтоогдсон ба үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Комисс нь нэг зэрэг 14 хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэгтэй байсан тул аль нэг хүрээлэн дээр байх боломжгүй байсан тул уг санал хураалтыг цахимаар зохион байгуулалт хийж, ажлаа явуулсан гэж тайлбарласан болно.

2.16.Нэхэмжлэгч С.С**** нь 1961 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, одоо 61 нас 8 сартай болох нь тогтоогдож байгаа бөгөөд Ф** захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар түүнийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэн, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн /ХХ-1-н 103 дахь тал/ зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Нэхэмжлэгч С.С**** Ш**ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ:

-Хүрээлэнгийн захирлыг сонгох санал хураалтад зөвхөн Эрдмийн хамт олон буюу зөвхөн эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд санал өгөх эрхтэй оролцох ёстой;

-Хүрээлэнгийн нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, жолооч, тэтгэвэрт гарсан гэрээт ажилчид, инженер хүмүүс санал хураалтад оролцох ёсгүй, эдгээр хүмүүсийг оролцуулаагүй бол би ялах боломжтой байсан, эдгээр хүмүүсийг оруулахыг эсэргүүцэж зарим гишүүд санал өгөхгүй хурлыг хаяж гарсан;

-Санал авах ажлыг зохион байгуулах комисс явуулах ёстой байсан, комисс ажиллаагүй гэх үндэслэлүүдээр маргаж байгаад доорхи дүгнэлтийг өгч байна.Үүнд:

3.1.1.Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Академийн удирдах дээд байгууллага нь Академийн бүх гишүүдийн чуулган мөн гэж, мөн зүйлийн З-т Их чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ гээд мөн хэсгийн З-т Академийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, ... гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д Их чуулганы чөлөөт цагт түүний өдөр тутмын үйл ажиллагааг Академийн тэргүүлэгчид удирдана, 8.4-т Академийн Ерөнхийлөгч нь Академийн тэргүүлэгчдийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдана гэж заажээ.

3.1.2.Хуулийн энэ заалтын дагуу Академийн Их Чуулганаар баталсан дээрх дүрэм нь тухайн байгууллага, түүний харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, бусад салбар нэгжүүдийн заавал дагаж мөрдөх хэм хэмжээний акт мөн байна.

3.1.3.Монгол Улсын Ш**-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 20-д Академийн Тэргүүлэгчид Их чуулганы чөлөөт цагт түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдана, 22.в-д Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, бусад байгууллагыг байгуулах, татан буулгах, тэдгээрийн дүрмийг батлан үйл ажиллагааг зохицуулах, 6 дугаар зүйлийн 30-д Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн захирал, бусад байгууллагын удирдлагыг Академийн ерөнхийлөгч томилно гэжээ.

3.1.4.Монгол Улсын Ш**-ийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 02 дугаар тогтоолоор баталсан Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам-ыг Академийн Тэргүүлэгчид баталсан нь эрх бүхий этгээдийн шийдвэр мөн бөгөөд тэдгээрээс журмыг батлахдаа уг журмын утга санаа, агуулга, үг өгүүлбэрээр хоорондоо маргаагүй, эргэлзээтэй асуудлаа хэлэлцэж тохирсон тохиолдолд асуудлыг нэг мөр ойлгон тогтоож, баталсан гэж үзнэ.

3.1.5.Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын 12.4.7-д Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна, 2.4.8-д Эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр дахь нэр дэвшигчийн материалыг Ш**ийн нэр дээр ирүүлнэ, 3.1-д Эрдмийн хамт олны саналыг харгалзан Ш** харьяа хүрээлэнгийн захирлыг томилох тухай тушаал гаргаж, Академийн Тэргүүлэгчдэд мэдээлнэ гэж тус тус заасан байна.

3.1.6.Нэхэмжлэгчийн маргаж байгаа Эрдмийн хамт олон гэдэг нь хууль зүйн ойлголт биш бөгөөд Ш**-ийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай хуралдаанаар Академийн тэргүүлэгч гишүүн С.Н*******ээс хамт олон, эрдмийн хамт олон гэсэн нэр томьёог нэг мөр болгох саналд /ХХ-1-н 58 дахь талд/ Ш**-ийн дэд ерөнхийлөгч Г.Ч******* нь ...Шинжлэх ухааны байгууллагуудын хамт олныг эрдмийн хамт олон гэж нэршээд тогтчихсон, эрдмийн хамт олон, хамт олон гэдэг ялгаа байхгүй хүрээлэнгийн нийт ажиллагсдыг эрдмийн хамт олон гэж хэлж байгаа гэж тайлбарласан тэмдэглэл, уг асуудлаар бусад гишүүн маргаагүй зэргээс үзвэл энэхүү ойлголтыг Г.Ч*******ын тайлбарласнаар ойлгож, журмыг баталсан гэж үзэх тул энэхүү эрдмийн хамт олон гэх ойлголт нь академийн ажиллагсдын хувьд эрх зүйн маргаан дагуулах ойлголт биш гэж үзлээ.

3.1.7.Ш** нь маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг гаргахдаа хууль зүйн үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Ш**-ийн дүрмийн 29, 30 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам болон хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын дүн зэргийг баримталсан нь эрх зүйн зөрчилгүй байна.

3.1.8.Тодруулбал, Ш**-ийн салбар хүрээлэнгийн захирал нь хүрээлэнгийнхээ эрдэм шинжилгээ, хүний нөөц, захиргаа, санхүү төсвийн зарцуулалт болон өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ажиллах ажилтны хувьд түүнийг хүрээлэнгийн нийт ажиллагсад, түүний дотор нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, жолооч, сантехникч, инженер зэрэг ажилчдыг оролцуулан явуулсан санал хураалтын дүнг харгалзан томилсныг хууль зүйн зөрчил гэж үзэхгүй болно.

3.1.9.Нөгөө талаас харвал, Ш**-ийн Тэргүүлэгчдийн баталсан Хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулж томилох чөлөөлөх журмыг батлах эрх нь тэргүүлэгч гишүүдэд хадгалагддаг байх бөгөөд журмын эрдмийн хамт олон гэх ойлголтын талаар нэхэмжлэгч С.С**** аливаа байдлаар маргаж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байгаагүй байна.

3.1.10.Мөн түүнчлэн Ф** захирлыг сонгох санал хураалтад нийт ажилчид-ыг оруулан санал хураалт явуулсан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан дээр бусад ажилтан ажиллагсад болон нэхэмжлэгч С.С****гаас зөвхөн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан оролцох ёстой эсэх талаар ямар нэг санал, гомдол, эсэргүүцэл гаргаагүй, хуралдааныг орхиж гараагүй болох нь уг хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

3.1.11.Иймд уг хуралдаанаар ийнхүү санал хураалт явуулсныг С.С**** зөвшөөрсөн гэж үзэхээс гадна, Хүрээлэнгийн нийт ажиллагсдын олонх дэмжсэн, эсхүл зөвшөөрсөн гэж үзэх ба С.С****гийн шүүх хуралдаан дээр гаргасан 11 эрдэмтэн хуралдааныг орхиж гарсан гэх тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

3.1.12.Ийнхүү нэхэмжлэгч С.С****, түүний өмгөөлөгч нарын Эрдмийн хамт олон гэдэгт зөвхөн Эрдмийн зөвлөлийн 25 гишүүнээс гадна магистр, бакалавр зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтнууд хамаарах ёстой, инженер, нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, сантехникч, жолооч зэрэг хүмүүсийг оролцуулан санал хураалт явуулах ёсгүй гэсэн үндэслэл нь илт хууль бус бөгөөд хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг зөрчсөн тайлбар, нотолгоо байна.

3.1.13.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, ...эрхэлсэн ажил, албан тушаал, ...боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Энэ нь аливаа байгууллагын удирдах албан тушаалтан болон өмгөөлөгч нараас заавал мэдвэл зохих хүний эрхийн хамгааллын суурь шаардлага юм.

3.1.14.Хоёрдугаарт, Ф** нийт ажилтан, ажиллагсад нь өөрийн байгууллагыг удирдах, өдөр тутмын удирдлагаар хангах хүнийг сонгох сонгуульд бүгд оролцох эрхтэй болохоо нийтээрээ зөвшөөрч, уг санал хураалтад оролцсон нь тус байгууллагад ажиллагсдын ашиг нийтлэг сонирхолд нийцсэн байхад С.С**** ийнхүү зөвхөн эрдмийн зөвлөлийн гишүүн эрдэмтэн, магистр, бакалавр зэрэг боловсролтой, хэсэг хүмүүс орох ёстой гэж ялгаварлал гаргасан нь зохисгүй бөгөөд Үндсэн хууль зөрчсөн шаардлага тул шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

3.1.15.Нэхэмжлэгч С.С****гаас шүүх хуралдаан дээр гаргасан инженер, нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, сантехникч, жолооч зэрэг хүмүүсийг оролцуулахгүй санал хураалт явуулсан бол би ялах байсан, эдгээр хүмүүс нь Хүрээлэнгийн захирлаас айгаад надад санал өгөөгүй гэх агуулгатай тайлбарууд нь нотлох баримтаар нотлогдоогүй, үүнийгээ нотлох эх сурвалжаа нэрлэж чадаагүй тул уг тайлбарыг илт үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

3.1.16.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын Санал авах ажлыг зохион байгуулах комисс явуулах ёстой байсан, комиссыг хууль бус бүрэлдэхүүнтэй явуулсан гэх тайлбаруудыг шүүх хүлээн авах үндэслэл байхгүй байна.

3.1.17.Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбараар Ш**-ийн 14 хүрээлэнгийн захирлыг сонгох санал хураалт 14 хүрээлэнд зэрэг явагдсан учраас санал хураалтыг цахимаар удирдлагаар хангасан гэснийг буруутгах үндэслэл байхгүй юм.

3.1.18.Тодруулбал, Комиссын 5 гишүүн нь Ш**-ийн харьяа 14 хүрээлэнд зэрэг явагдсан захирлуудыг сонгох санал хураалтын ажиллагааг 14 хүрээлэнд зэрэг очиж удирдах бодит боломж байхгүй тул байгууллага энэ үйл ажиллагаагаа цахимаар явуулсныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй, хуулиар хориглоогүй үйл ажиллагаа байна.

3.1.19.Харин Ф** захирлыг сонгон шалгаруулалтын эрдмийн хамт олноос гаргасан санал тоолох тооллогын комисс нь Ш**ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн А/16 дугаар тушаалаар баталсан Ш**-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комиссын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажиллагаа биш, аливаа эрх зүйн болоод эрх зүйн биш харилцаанд олон хүнээс санал авахад саналаа тоолох нийтэд ойлгомжтой зохион байгуулалтын ажиллагаа байдаг тул нэхэмжлэгчийн энэ тайлбарыг хүлээн аваагүй болно.

3.1.20.Түүнчлэн С.С****, түүний өмгөөлөгч нараас энэхүү 14 хүрээлэнгүүдийн захирлуудыг сонгох санал хураалтын ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй Комисс хуралд ирж оролцоогүй гэж маргасан болохоос цахимаар явуулсан гэдэгтэй маргаагүй, няцаасан нотлох баримт гаргаагүй, нөгөө талаас 14 хүрээлэнгүүдийн захирлуудыг сонгох санал хураалт нэг зэрэг явагдсан гэдгийг үгүйсгээгүй тул энэ ажиллагааны талаар тогтоогдсон, маргаантай асуудал биш тул анхан шатны шүүх нотлох баримт цуглуулж, нотлох шаардлагагүй байна.

3.1.21.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Ш**-ийн 14 хүрээлэнд нэгэнт энэ ажиллагаа зэрэг явагдсантай холбоотой талууд маргаагүй, үүнээс гадна 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурал дээр С.С**** энэ талаар гомдол гаргаагүй байх тул түүнийг зөвшөөрсөн гэж үзэхээс гадна аливаа төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимаар явуулах нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа тул Санал хураалтыг зохион байгуулах комиссыг зохих ёсоор ажиллаагүй гэж үзэх эрх зүйн болоод ёс зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэв.

3.2.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд маргахдаа тухайн сонгон шалгаруулалтын 2 дахь шат болох эрдмийн хамт олноос авсан санал хураалт-ыг хүчингүй болгож, 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Ш**ид даалгуулах шаардлага гаргаж, энэ шаардлагынхаа үндэслэлийг заавал тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг оролцуулж санал хураалгах-ыг шаардсан нь эрх зүйн үндэслэл бүхий биш шаардлага гэж үзлээ. Учир нь:

3.2.1.Аливаа эрх зүйн харилцаанд байгууллага болон түүнд ажиллагсад нь өөрийгөө удирдах хүнийг шалгаруулж, сонгоход санал өгөх эрх хадгалагддаг эрх зүйн зарчим байхад, С.С****, түүний өмгөөлөгч нарын Ш**-ийн Ф** захирлыг дахин шинээр сонгох тохиолдолд түүнд ажиллаж байсан Эрдмийн зөвлөлийн 25 гишүүн, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамт бусад үйлчилгээний ажилтан болох инженер, нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, сантехникч, жолооч нарыг ажлаас гарсан ч бай ирүүлж санал авах ёстой гэх тайлбар нь эрх зүйн болон хууль зүйн үндэслэлгүй шаардлага юм.

3.2.2.Өөрөөр хэлбэл, тухайн хүрээлэнд ажиллахаа больсон хүн нь Хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулж томилох чөлөөлөх журам-ын 2.4.7-д заасан эрдмийн хамт олон гэдэгт хамаарахгүй, ийм этгээдүүд нь саналын эрх байхгүй тул эдгээрээс санал авхуулах гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар нь зөвхөн эрдмийн хамт олноос санал авах ёстой гэж маргаж байгаа үндэслэлээсээ зөрсөн логикгүй, илт хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3.2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...Хүрээлэнгийн хамт олныг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг уламжлалаар эрдмийн хамт олон гэж эртнээс нэрлэж ирсэн, эрдмийн гэсэн тодотгол бол ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэх боломжгүй ...,сонгон шалгаруулалтын өмнөх шатны асуудалд маргаагүй, зөвхөн санал хураалтыг хүчингүй болгох, дахин явуулах боломжгүй гэж няцаасныг үндэслэл бүхий үзсэн.

3.3.Нэхэмжлэгч С.С****гаас тэтгэврийн хүмүүсийг оролцуулж санал хураалт явуулсан гэж маргасан боловч мөн дээр дурдсанаар тэрээр эдгээр хүмүүсийн талаар уг өдрийн хуралдаанд санал, гомдол гаргаагүй байгаа нь С.С****г зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохоос гадна хариуцагчийн тайлбарласнаар тэтгэвэрт гаргасан боловч хүрээлэнд гэрээгээр ажил гүйцэтгэдэг 5-6 хүн, ажиллаж цалин авч байгаагийнх нь хувьд санал хураалтад оролцуулсан, тэтгэвэрт гарсан гэж ялгаварлан гадуурхаж болохгүй гэж тайлбарласныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

3.4.Учир нь Ш**-ийн хүрээлэнгийн захирлыг сонгох журам-д эрдмийн хамт олон оролцуулж санал авахаар томьёолсноос өөрөөр гэрээт ажилтан оролцож санал өгөхийг хориглосон заалт тусгаагүй, энэ гэрээт ажилтан буюу тэтгэвэр тогтоолгож, гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс санал хураалтад оролцох үед хэн нэгнээс маргаагүй тул бүгд зөвшөөрсөн гэж ойлгохоос гадна энэ харилцаанд иргэн, хуулийн этгээдэд хуулиар хориглоогүй бол зөвшөөрнө гэх эрх зүйн суурь зарчим үйлчилнэ.

3.5.Дээр тогтоогдсон байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч С.С****гаас Хүрээлэнгийн нийт ажилтнуудыг оролцуулан явуулсан хуралд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, улмаар хуралд оролцогчдын асуулт, хариулт, санал хураах ажиллагааны явцад бүхэлд нь оролцсон байгаа үйл баримт нь тухайн хуралд оролцогсод болон хурлыг удирдан зохион байгуулж явуулах цахим процесс ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэж шүүхээс үзэх үндэслэл болсон бөгөөд Хүрээлэнгийн нийт ажилтнуудыг оролцуулан явуулсан уг санал хураалт нь дээр дурдсан салбарын хууль болон журамд нийцсэн, тухайн санал хураалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.6.Нэхэмжлэгч С.С**** нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө гээд, мөн зүйлийн 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж, мөн зүйлийн 46.3-т Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, энэхүү үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, энэхүү захиргааны шийдвэртэй маргаагүй байгаа бөгөөд төрийн албаны харилцаа нь энэ үндэслэлээр дуусгавар болжээ.

3.7.Эдгээрийг нэгтгэн үзвэл Ш**-ийн Ф** 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн санал хураалтын ажиллагаа хууль зөрчөөгүй нь нотлогдсон тул Ш**ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож нийт оноо болон санал хураалтаар хамгийн олон хүний санал авсныг тус тус үндэслэн нэр дэвшигч Ж.Д**********г тус Хүрээлэнгийн захирлаар томилсон нь Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4-т заасан хариуцагчийн эрх хэмжээнд болон холбогдох журам, дүрэмд нийцсэн гэж үзлээ.

3.8.Иргэдийн төлөөлөгч Н.Н******** дүгнэлтдээ компанийн захирлыг сонгох, цалин урамшууллын журамтай адилтгаж, нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзсэн боловч энэхүү маргаанд хэлэлцэгдсэн үйл баримт нь төрийн албан тушаалтан болох Ш**-ийн Ф** захирлыг сонгох тусгайлсан журмын дагуу явуулсан ажиллагаа тул компанийн захирал сонгохтой адилтгах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзэж, хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

3.9.С.С****гийн төрийн албаны харилцаа дуусгавар болсон, маргаан бүхий акт хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь нотлогдсон тул түүний нэхэмжлэлээр Ш**ийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ш**-ийн Ф** захирлын албан тушаалд С.С**** нэр дэвшигчийг болон тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг оролцуулан санал өгөх сонгон шалгаруулалтыг дахин явуулах эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Зургаа.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

6.1.Шүүх нь талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

6.2.Түүнчлэн хүрээлэнгийн ажиллагсдыг эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан болон эрдэмтэн биш бага тушаалын албан хаагчид гэж ялгаж харуулж нотлохоор гаргасан баримтууд, нэхэмжлэгчээс Ш**ид хандан гаргасан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөдөлд бичигдсэн аж ахуйн ажилтны нэрс доторх 2 тэтгэвэрт гарсан хүн /Эдгээр нь гэрээт ажилтан байсан гэх хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч маргаагүй/, 2020 оны эцэст гаргасан нийт ажиллагсдын нэрсийн жагсаалтад 1 сарын байдлаар Б.Сувд-Эрдэнэ, Т.Меруерт, түүнчлэн ажлаас гараад 2 ба түүнээс дээш жил болсон Л.Мөнхжаргал нарын 5 иргэний нэр байна /Эдгээр нь захирлыг сонгох санал хураалтад оролцоогүй иргэд болно/ гэх үйл баримт нь шүүх маргаан бүхий актын үйл баримт, хууль зүйн үндэслэлд хамаарахгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн тул ийм баримтыг цуглуулаагүй, бас үнэлээгүй болно. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/

Долоо.Шүүхийн хэргийн харьяаллын талаар:

7.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 126 дугаар магадлалын Үндэслэх хэсгийн 2-т Анхан шатны шүүх Ш**ид холбогдуулан гаргасан тус Академийн Ф** захирлын сонгон шалгаруулалтын талаар маргасан С.С****гийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх эсэхийг тогтоолгүй захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай 2007 оны 32 дугаар тогтоолын 3.1-д заасантай нийцээгүй гэж дүгнэхийн хамтаар бусад асуудлыг шалгаж дүгнэлт хийхийг даалгасан нь уг нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт байсан бөгөөд үүнийг нь анхан шатны шүүхээс заавал биелүүлбэл зохих дээд шатны шүүхийн шийдвэр мөн байсан болно.

7.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

7.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 0095 дугаар тогтоолоороо хэргийг иргэний хэргийн шүүхийн харьяаллын гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

7.4.Шүүхийн энэ тогтоолыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0570 дугаар тогтоолоор захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн гэж дүгнэн, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснээр энэхүү хэргийг анхан шатны шүүхэд хянан хэлэлцлээ.

7.5.Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2 удаагийн магадлалаар илтэд зөрүүтэй дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хэргийн оролцогчдыг удаа дараа шүүх хуралдаанд ирүүлж чир******* учруулснаас гадна анхан шатны шүүхэд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэн, давж заалдах шатны шүүхийн аль тогтоолыг дагаж мөрдөх тодорхойгүй нөхцөл бий болгосон болно.

7.6.Гэсэн хэдий ч анхан шатны шүүх нь нэгэнт С.С****гийн нэхэмжлэлээр 2021 оны 5 дугаар сард захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 жил, 4 сар орчим үргэлжлүүлж явуулж чирэгдүүлсэн нөхцөл байдлыг харгалзан хэргийн шүүхийн харьяаллын талаар дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрээр гаргаж байна.

Найм.Ирцийн талаар:

8.1.Гуравдагч этгээд Ж.Д**********гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нараас түүнийг байлцуулах санал гаргаагүйг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно гэж заасныг баримтлан түүнийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн болно.

Ес.Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар:

9.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ш**-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын заалттай холбогдон өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаарх гомдлоо нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан гомдол гаргах журмаар Академийн дээд байгууллага болох Академийн тэргүүлэгчдийн байнгын газар гаргаж шийдвэрлүүлээгүй гэж маргасан.

9.2.Нэхэмжлэгч С.С**** нь Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг дахин явуулах гомдлоо Ш**ид хандан 2021 оны 03 дугаар сарын10, 11, 30-ны өдөр гаргасан байх бөгөөд шүүх энэхүү захиргааны хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүсгэсэн 1 жил 4 сар орчмын хугацаанд хариуцагч талаас энэ талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй, энэ урт хугацааны туршид хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжгүй гэсэн тул маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг журмыг хангуулах шаардлагагүй болох нь тогтоогдсон үзсэн.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ш**-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С****гаас гаргасан, Ш**ийн, Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Ш***-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ