Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Сгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2021/0831 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч С.С, түүний өмгөөлөгч Ж.Н нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:  

            Нэхэмжлэгч С.С

            Хариуцагч Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч  

Нэхэмжлэлийн шаардлага: Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид даалгуулах  

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч С.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

 

Хэргийн индекс: 128/2021/0398/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2021/0831 дүгээр шийдвэрээр “Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Сгаас гаргасан “Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.   

2. Нэхэмжлэгч С.С, өмгөөлөгч Ж.Н нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэдгийг шүүх тогтоохдоо Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 02 дугаар тогтоолоор “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын дагуу явуулсан захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшин оролцсон, уг журам болон сонгон шалгаруулалтын эхний 2 шатны талаар маргаагүй, улмаар тухайн журмын дагуу тус хүрээлэнгийн нийт ажилтнуудыг оролцуулан явуулсан сонгон шалгаруулалтын 3 дахь шат болох санал хураалтад өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан оролцсон атлаа 29 хүний санал авах ёстой байсан гэх үндэслэлээр тухайн санал хураалтыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл С.Сд 6 хүн санал өгөөгүй гэх асуудал нь тухайн санал хураалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа огт ийм зүйл дурдаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр шүүгчийн асуултад хариулахдаа зөвхөн эрдмийн хамт олныг буюу эрдэм шинжилгээний ажилтнуудыг оролцуулан санал хураалт явуулсан бол эрдэм шинжилгээний 52 ажилтнаас 29 ажилтны саналыг авч, ялах боломжтой байсан гэх утгаар тайлбарласныг шүүх нэхэмжлэгчийн эсрэг ашиглаж, шийдвэртээ тусган нэхэмжлэлийн шаардлагаас хальсан хийсвэр дүгнэлт гаргасан байна.

Шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн маргаагүй буюу сонгон шалгаруулалтын эхний 2 шатны шалгалтын талаар дурдаж, нийт оноогоороо нөгөө нэр дэвшигчээсээ бага оноотой байсан буюу анхнаасаа захирлаар томилогдох боломж бага байсан мэтээр дүгнэжээ. Тэгсэн хэрнээ хамгийн гол буюу сонгон шалгаруулалтын 3 дугаар шатанд эрдмийн хамт олныг оролцуулан санал хураалт явуулаагүй гэх маргаад байгаа асуудалд дүгнэлт хийгээгүй байна.

“Эрдмийн хамт олон” гэдэг Хүрээлэнгийн нийт ажилтнуудыг хамруулаагүй энэ нь зөвхөн эрдэм шинжилгээний ажилтнуудыг хамарсан ойлголт гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба үгийн шууд утгын хувьд  эрдмийн хамт олон гэх ойлголт нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг хэлэх агуулгаар ойлгогдож байх боловч Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдээс тухайн хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, журмыг батлахдаа эрдмийн хамт болон гэх үгийг хүрээлэнгийн нийт ажиллагсад гэсэн утгаар хэрэглэхээр тусгайлан журамласан, уг журмын талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй гэсэн хэрнээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэж, журамд заасан эрдмийн хамт олон гэх үгийн талаар дүгнэлт хийх боломжгүй гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна.

Нэхэмжлэгчийн хувьд дээрх журмыг батлах хурал дээр “эрдмийн хамт олон” гэх үгийг хэрхэн тайлбарласныг олж мэдэх боломжгүй буюу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад л олж мэдсэн бөгөөд эрдмийн хамт болон гэдгийг өөрийн мэдлэг, дотоод итгэл үнэмшлээрээ эрдмийн ажил хийдэг, сургалт судалгаа эрхэлдэг хүмүүсийг ойлгоно гэж үзсэн тул нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл шүүх Монгол хэлний зүй тогтол, утга агуулга, суурь зарчмыг баримтлан дүгнэлт хийх байтал хэн нэгэн хувь хүний тайлбар, үзэл бодолд хөтлөгдөн, нэгэнт тогтсон ойлголтыг гажуудуулан маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид 3 удаа буюу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2021оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус тус бичгээр хандаж, санал хураалтыг зөвхөн эрдмийн хамт олныг оролцуулан дахин явуулахыг хүсэхэд хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Г.Чулуунбаатараас 2021  оны 3 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 02/69 дүгээр албан бичгээр татгалзсан хариу өгсөн байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ санал хураах өдөр болсон хуралд нийт 80 ажилтан оролцож, үүнд хурлын зааланд 38, өрөөнөөсөө цахимаар 33, гэрээсээ цахимаар 9, цар 93.2 хувь, тооллогын комисс саналын хуудсыг тоолоход 71 ажилтан цаасаар, 9 ажилтан гэрээсээ цахимаар нийт 80 саналын хуудас ирсэн, хүчинтэй саналын хуудас 71 байхаар 71, хүчингүй саналын хуудас байхгүй, цахим саналын хуудсыг нээхэд хүчинтэй саналын хуудас 9 байхаас 4 хүчинтэй, 5 хүчингүй гэсэн дүгнэлтийг хийхдээ үнэн бодит баримтад тулгуурлаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас хариу тайлбараа ирүүлэхдээ гаргаж өгсөн хурлын тэмдэглэл, тооллогын дүн гэсэн баримтуудыг үнэлж, хэргийн материалд огт авагдаагүй саналын хуудаснуудад тухайлбал цаасан болон цахим саналын хуудас, хүчинтэй болон хүчингүй гэдгийг шүүх үзэж хараагүй байж хэрхэн яаж үнэлээд байгаа нь тодорхойгүй, хэрэгт байхгүй нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Физик, технологийн хүрээлэнгийн ажилтнуудын тоог тодорхой болгох зорилгоор 2021 оны 1-3 дугаар сарын цалингийн цэсийг шүүхийн журмаар гаргуулан авч, 2-3 дугаар сард буюу захирлын сонгон шалгаруулалт явагдахын өмнөхөн захиргааны ажилтнуудад урамшуулал олгосон нь санал хураалтыг будлиантуулах зорилготой болохыг нотолж харуулсан байтал шүүх уг нотлох баримтуудыг огт үнэлээгүй.

2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухайд уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болохын хувьд хуулийн 48.2-т заасан үндэслэлүүдээр хүчингүй болох ёстой болохыг нотлох баримтуудаар нэхэмжлэгч хангалттай нотолж байхад шүүх үнэлж дүгнээгүй.

Хариуцагч тал тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бүх хүнийг санал хураалтад оруулж Үндсэн хуульд заасан сонгох эрхийг нь хэрэгжүүлсэн гэх хэрнээ шүүхийн үзлэг, гэрчийн мэдүүлгээр хөдөлмөрийн гэрээтэй нийт 101 ажилтан байгаагаас ажиллаж буй 96 ажилтан, үүнээс 86 хүнийг сонгож үлдсэн 10 гэрээт ажилтныг оруулахгүйгээр, гэрээт ажилтнуудыг 2 хэсэгт хуваан ялгаж түүнээс 8 ажилтныг захирлын сонгуулийн санал хураалтад оруулж байгаад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхтэй холбоотой тодруулах шаардлагатай байхад холбогдох баримтыг дутуу цуглуулж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан тус академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын талаар маргасан С.С-гийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх эсэхийг тогтоолгүй, захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь Улсын Дээд шүүхийн “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” 2007 оны 32 дугаар тогтоолын 3.1-д заасанд нийцээгүй байна.

3. Учир нь Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага мөн. Академи нь төрийн ивээлд байна” гэж, 5 дугаар зүйлийн 4-д “Академийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилна. Академийн ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхий сайдын шинжлэх ухаан, технологийн зөвлөх байна” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагчаар татагдсан Академийн ерөнхийлөгч нь захиргааны байгууллага, албан тушаалтанд хамаарах эсэх нь тодорхойгүй, энэ талаар тодруулах шаардлагатай байна.

4. Мөн хэрэгт авагдсан Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалд зааснаар Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал нь ТҮШУ-5 зэрэглэлээр цалинждаг, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 02/850 дугаар албан бичигт “... Шинжлэх ухааны академи нь яам, агентлагт харьяалагддаггүй тусдаа эрх зүйн байдлын тухай хуультай байгууллага” гэж дурдсан, мөн Хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилохдоо Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг баримталдаггүй, харин Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчийн хурлын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ыг баримталдаг байдлаас үзвэл Хүрээлэнгийн захирлын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь ямар үндэслэлээр үүсдэг нь тодорхойгүй байна.

5. Иймд Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна. ... 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан ... зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж,  54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж ... хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу төсвийн шууд захирагч мөн эсэх, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулдаг, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг эсэхийг тогтоохтой холбоотой баримт цуглуулах шаардлагатай.

6. Дээр дурдсан холбогдох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал болон хариуцагчийн эрх зүйн байдлыг тодорхойлж хэргийн харьяаллыг тогтоож, зохих журмаар шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2021/0831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ