Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/03785

 

 

 

 

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/03785

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ү.Мхолбогдох,

 

Автомашины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Ү.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О нь анх 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.Б гэх хүнээр зуучлуулан түүнтэй зээлийн гэрээ хийн 20 сая төгрөгийг 5%-ийн хүүтэй зээлсэн. Гэрээний үүргийн дагуу А.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Т.Огаас 11,0 сая төгрөг гаргуулж А.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. О нь Бд өгөх зээлийн 8,000,000 төгрөгийн өрөнд тооцож өөрийн өмчлөлийн Соната-6 маркын авто машиныг Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Мд шилжүүлэн өгсөн. Гэтэл Бд төлөх өрнөөс хасагдаагүй Ү.М нь Соната-6 маркийн авто машиныг өөрийн нэр дээр 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Үүний улмаас Бд өгөх байсан зээлийн төлбөрт тооцуулаагүй учраас Т.О нь А.Бд 11 сая төгрөг шүүхийн шийдвэрээр төлөх болсон. Т.Огийн өмчлөлийн 80-43 УНЯ улсын дугаартай Соната-6 маркийн авто машинийг Ү.М нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, зохигчдын тайлбар болон авто машины гэрчилгээ зэргээр тогтоогддог. Иргэний хуулийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар Т.О нь А.Б-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр А.Б-ын өрөнд уг авто машиныг өгсөн харилцаа үүссэн болохоос Ү.М, Т.О хоёрын хооронд харилцаа үүсээгүй. Авто тээврийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэх маягтанд 80-43 УНЯ улсын дугаартай, Соната-6 авто машиныг Д.Огаас Ү.Мд шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Соната-6 маркийн авто машины үнэ 8,0 сая төгрөгийг хариуцагч Ү.Мөөс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ү.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Огаас Соната-6 автомашиныг би аваагүй Э.Б гэдэг хүн уг машиныг авсан тухайгаа гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг энэ тухай Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02076 тоот шийдвэртэй хэрэгт шийдвэрлэж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Т.О нь Соната-6 авто машиныг 6 сая төгрөгөөр зарах хүсэлтэй байна гэж байсан. Энэ машиныг 6 сая төгрөгөөр зараад танд мөнгө өгнө гэж хэлсэн. Манай найз машин авах хүсэлтэй байна гэж хэлээд би Э.Б гэх залууд санал болгосон. Э.Б нь банкнаас 4 сая төгрөгийн зээл авч надаас 2 сая төгрөг авч Т.Од тоолж өгсөн. Т.Огаас би мөнгө авах гэтэл Т.О Старекс автомашиныг барьцаанаас суллаж зараад Б-ын мөнгийг гүйцээж өгье гэж хэлсэн. Надад тэр өдөр 1 сая төгрөг өгсөн нь Б-ын зээлээс хасагдсан. Уг Соната-6 авто машиныг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр миний нэр дээр шилжүүлсэн. Дараа нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э.Бын нэр дээр шилжүүлсэн. Т.О нь Э.Баас 6 сая төгрөг авсан. Тэгээд ахиж мөнгө өгөөгүй. Миний нэр дээр шилжиж ирэхээс өмнө уг авто машин улсын дугааргүй байсан. Би Т.Огаас мөнгө авах зорилготой Э.Бд хүүгүй мөнгө өгсөн. Гэтэл Т.О 1 сая төгрөг надад өгсөн. Үлдсэн мөнгөө өгнө гэж хэлээд алга болсон. Т.Ог эрэн сурвалжилж байж Сүхбаатар дүүргээс олсон гэв. 80-43 УНЯ улсын дугаартай авто машин миний нэр дээр шилжиж байгаагүй. Ү.Мий эзэмшил, өмчлөлд уг авто машин байхгүй. Хан-Уул дүүргийн шүүхийн хурал дээр 32-48 улсын дугаартай авто машин яригдаж байсан хурлын тэмдэглэл дээр байгаа. Одоо 80-43 УНЯ гэх авто машин гарч ирж байна. Хэний машин гэдэг нь тодорхойгүй байна. Ү.М ийм авто машин эзэмшиж байгаагүй. Т.О нь 6 сая төгрөг Баас авч Ү.Мд Б-ын өрнөөс хасуулах гэж 1 сая төгрөг өгсөн. Нэхэмжлэлийн шаарлагын үндэслэл тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь хариуцагч Ү.Мөөс автомашины үнэ 8,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ Д.Огаас А.Бд 8,000,000 төгрөгийн өрөнд тооцож 80-43 УНЯ улсын дугаартай Соната-6 автомашиныг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Огаас Ү.Мд шилжүүлснийг өрнөөс тооцож хасуулахгүйгээр хариуцагч Ү.М нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар буцаан шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч Ү.М нь Д.О Соната-6 автомашиныг Э.Б гэх хүнд 6,000,000 төгрөгөөр зарж, 1,000,000 төгрөгийг надад өгч үлдэх мөнгийг өөрөө авсан, старекс маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж зарчихаад мөнгийг таньд өгье гэж намайг хуурсан, 1,000,000 төгрөг нь зээлийн өрнөөс хасагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

А.Б, Д.О нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20,000,000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой А.Б-ын нэхэмжлэлтэй Д.Од холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02076 шийдвэрээр шийдвэрлэж, Д.Огаас 11,000,000 төгрөг гаргуулж, А.Бд олгож, нэхэмжлэлээс 6,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-13-25 тал/

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02076 шийдвэртэй иргэний хэрэгт зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн ба уг хэрэгт Соната 6 автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдан авч өгөхөөр тохиролцож 4,000,000 төгрөгийг өрөнд суутгаж, 4,000,000 төгрөгийг бэлнээр авч, Мөнгөнд шилжүүлж өглөө. Авсан Мөнгөн, Өгсөн О 2013 оны 3 дугаар сарын 27 гэсэн бичвэр бүхий баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж, Соната-6 маркийн автомашиныг А.Б, Д.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт тооцохоор шилжүүлсэн гэх үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэжээ.

Иймээс шүүх хариуцагч Ү.М Соната-6 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Авто тээврийн газар тээврийн хэрэгслийн бүртгэх маягт баримтаас үзэхэд 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Огаас 80-43 УНЯ улсын дугаартай, HYUNDAI маркийн Sonata6 модель /загвар/-ийн, KMHEU41MP7A271755 арлын дугаартай автомашиныг Ү.Мий нэр дээр шилжүүлсэн талаар бүртгэгджээ. /хх-7-10 тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар Ү.Мий нэр дээр 32-38УНЯ улсын дугаартай, HYUNDAI маркийн SONATA6 моделийн, KMHEU41MP7A271755 арлын дугаартай, 2007 онд үйлдвэрлэсэн автомашиныг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж, 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүртгэлээс хасагдсан болох нь тогтоогдож байна. /хх-47-р тал /

Хариуцагч Ү.М нь Д.О нь Соната-6 автомашиныг зарах хүсэлтэй байна гэхэд би Э.Б гэх хүнд зарахаар болж, автомашиныг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр миний нэр дээр шилжүүлж, дараа нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э.Бын нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, өмнөх өмчлөгчдийн жагсаалтаар тогтоогдож байна. /хх-46-р тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 80-43УНЯ улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг Ү.Мд шилжүүлсэн гэж, хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь 32-38УНЯ улсын дугаартай Соната-6 маркийн автомашин байсан гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, авто тээврийн газрын тээврийн хэрэгсэл бүртгэх маягтаас үзэхэд маргаж буй автомашины арлын дугаар нь нэг ижил буюу KMHEU41MP7A271755 дугаартай болох нь тогтоогдож байна.

Иймд 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Огаас Ү.Мий нэр дээр шилжүүлсэн 32-38УНЯ улсын дугаартай, HYUNDAI маркийн SONATA6 моделийн, KMHEU41MP7A271755 арлын дугаартай, 2007 онд үйлдвэрлэсэн автомашиныг Э.Б худалдан авч, 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э.Бын нэр дээр шилжиж, автомашины үнийг Д.Од төлсөн болох нь хэрэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд, Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02076 шийдвэртэй иргэний хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Э.Б, Д.Сүхбаатар нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ. /хх-34-37-р тал /

Иймд хариуцагч Ү.Мөөс автомашины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ү.Мөөс 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ