Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00428

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03785 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.М-д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 8 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэрэнханд,

Хариуцагч: Ү.М ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Жавзмаа,                                           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.О нь анх 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.Баттулга гэх хүнээр зуучлуулан түүнтэй зээлийн гэрээ хийн 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний үүргийн дагуу А.Баттулга нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.О-гаас 11 000 000 төгрөг гаргуулж А.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Д.О нь А.Баттулгад өгөх зээлийн 8 000 000 төгрөгийн өрөнд тооцож өөрийн өмчлөлийн “Соната-6” маркийн автомашиныг А.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.М-д шилжүүлэн өгсөн. Гэтэл А.Баттулгад төлөх өрнөөс хасагдаагүй Ү.М  нь “Соната-6” маркийн автомашиныг өөрийн нэр дээр 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Үүний улмаас А.Баттулгад өгөх байсан зээлийн төлбөрт тооцуулаагүй учраас Д.О нь А.Баттулгад 11 000 000 төгрөг шүүхийн шийдвэрээр төлөх болсон. Д.О-ийн өмчлөлийн 80-43 УНЯ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашиныг Ү.М нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, зохигчдын тайлбар болон автомашины гэрчилгээ зэргээр тогтоогддог. Иргэний хуулийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй “гэж зааснаар Д.О нь А.Баттулгын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр А.Баттулгын өрөнд уг автомашиныг өгсөн харилцаа үүссэн болохоос Ү.М, Д.О нарын хооронд харилцаа үүсээгүй. Авто тээврийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэх маягтанд 80-43 УНЯ улсын дугаартай, “Соната-6” автомашиныг Д.Оюунтуяагаас Ү.М-д шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “Соната-6” маркийн автомашины үнэ 8 000 000 төгрөгийг хариуцагч Ү.М өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.О-аас “Соната-6” автомашиныг би аваагүй Э.Бямбажав гэдэг хүн уг машиныг авсан тухайгаа гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг энэ тухай Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02076 тоот шийдвэртэй хэрэгт шийдвэрлэж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Д.О нь “Соната-6” автомашиныг 6 000 000 төгрөгөөр зарах хүсэлтэй байна гэж байсан. Энэ машиныг 6 000 000 төгрөгөөр зараад танд мөнгө өгнө гэж хэлсэн. Манай найз машин авах хүсэлтэй байна гэж хэлээд би Э.Бямбажав гэх залууд санал болгосон. Э.Бямбажав нь банкнаас 4 000 000 төгрөгийн зээл авч надаас 2 000 000 төгрөг авч Д.О-д тоолж өгсөн. Д.О-гаас би мөнгө авах гэтэл Д.О “Старекс” автомашиныг барьцаанаас суллаж зараад А.Баттулгын мөнгийг гүйцээж өгье гэж хэлсэн. Надад тэр өдөр 1 000 000 төгрөг өгсөн нь А.Баттулгын зээлээс хасагдсан. Уг “Соната-6” автомашиныг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр миний нэр дээр шилжүүлсэн. Дараа нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э.Бямбажавын нэр дээр шилжүүлсэн. Д.О-нь Э.Бямбажаваас 6 000 000 төгрөг авсан. Тэгээд ахиж мөнгө өгөөгүй. Миний нэр дээр шилжиж ирэхээс өмнө уг автомашин улсын дугааргүй байсан. Би Д.Оюунтуяагаас мөнгө авах зорилготой Э.Бямбажавд хүүгүй мөнгө өгсөн. Гэтэл Д.О-1 000 000 төгрөг надад өгсөн. Үлдсэн мөнгөө өгнө гэж хэлээд алга болсон. Д.О-г эрэн сурвалжилж байж Сүхбаатар дүүргээс олсон гэв. 80-43 УНЯ улсын дугаартай автомашин миний нэр дээр шилжиж байгаагүй. Ү.М ий эзэмшил, өмчлөлд уг автомашин байхгүй. Хан-Уул дүүргийн шүүхийн хурал дээр 32-48 улсын дугаартай автомашин яригдаж байсан хурлын тэмдэглэл дээр байгаа. Одоо 80-43 УНЯ гэх автомашин гарч ирж байна. Хэний машин гэдэг нь тодорхойгүй байна. Ү.М  ийм автомашин эзэмшиж байгаагүй. Д.О нь 6 000 000 төгрөг Бямбажаваас авч Ү.М-д А.Баттулгын өрнөөс хасуулах гэж 1 000 000 төгрөг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ү.М-өөс 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрт үндэслэх хэсэгт ... хариуцагч Ү.М-өөс автомашины үнэ 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв гэжээ. Гэвч бодит байдал дээр шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэсэн мэт боловч 2013 он 3 дугаар сарын 27-ны өдрийн Авто тээврийн газар тээврийн хэрэгслийн бүртгэх маягт гэсэн баримтаар энэ өдөр Ү.М ий нэр дээр Д.О-гаас автомашин шилжсэнийг нотолж тогтоосон баримт заагдсан, мөн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ү.М , Д.О нар 4 000 000 төгрөгийг өрөнд суутгаж 4 000 000 төгрөгийг бэлнээр авч өгч гарын үсэг зурсан баримт авагдсан, энэ баримтад зурсан гарын үсэг Ү.М ий гарын үсэг мөн гэдгийг тогтоосон шинжээчийн 3964 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагдсан байдаг. Энэ нотлох баримт нь Д.О-гаас Ү.М-ний нэр дээр автомашин шилжсэн Ү.М 4 000 000 сая төгрөгийг өрөнд суутгаж 4 000 000 төгрөгийг бэлнээр авч машиныг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байдаг. Гэтэл шүүх 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э.Бямбажавын нэр дээр шилжиж, автомашины үнийг Д.О-д төлсөн болох нь энэ хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтууд талын ар талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, өмнөх өмчлөгчдийн жагсаалтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь гэрч Э.Бямбажавын мэдүүлгээр уг автомашиныг Ү.М-өөс худалдан авсан болохыг нотолсон төдийгүй, цаг хугацааны хувьд Ү.М, Д.О нарын хооронд машин өгч авсан цаг хугацаанаас даруй 2 сарын дараа болсон баримтыг мэдүүлсэн байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан эргэлзээгүй, бодитой, хэрэгт ач холбогдолтой байдлаар дүгнэлт хийж чадаагүй хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Тухайлбал дээрхи талын арын хуудсанд байгаа гэх баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримт байх бөгөөд компьютерээр бичсэн хэвлэмэл бичиг байхад шүүх түүнийг үнэлж Д.О нь Э.Бямбажавт худалдсан байна гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагч Ү.М өөс “Соната-6” автомашиныг яах гэж Д.О-гаас авсан юм бэ гэхэд Баттулгын өрөнд өгөх гэж авсан гэж хэлдэг. Энэ үйл баримтыг хавтаст хэргийн 7-10, 51, 72 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдсон. Өөрөөр хэлбэл Д.О-гаас Ү.М н.Баттулгын өрөнд өгөхөөр авсан “Соната-6” маркийн автомашиныг өгөлгүй өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад зарсан бөгөөд н.Баттулга Д.О-гаас өрөндөө уг машиныг аваагүй учир шүүхэд хандаж нэхэмжлэл гарган 11 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02076 тоот шийдвэрээр тогтоогдсон байдаг. Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримт судлах явцад авто тээврийн газар тээврийн хэрэгслийн бүртгэх маягт дээрхи шилжүүлэн асан хүний гарын үсгийг Ү.М миний гарын үсэг биш гэж маргадаг. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг гарын үсгийг шинжлүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг тавьсан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй орхиж харин 80-43 УНЯ, 32-38 УНЯ улсын дугаартай хоёр машины арлын дугаар ижил гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон нь шийдвэрлэсэн. Дээрхи нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-д нөхцөл байдал үүссэн байхад уг асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6, 168.1.7-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03785 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ү.М-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч Д.О нь 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөгийг А.Баттулгаас зээлдэж авсан байх бөгөөд уг зээлийн маргаантай холбоотой хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Д.О-гаас зээлийн гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг гаргуулж А.Баттулгад олгож, нэхэмжлэлээс 6 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх тус тус хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 38-45 дугаар тал/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дээрх зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн “Соната 6” маркийн, KMHEU41MP7A271755 арлын дугаартай автомашиныг 8 000 000 төгрөгт тооцож А.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.М-д шилжүүлсэн боловч Хан-Уул дүүргийн шүүх зээлийн маргааныг шийдвэрлэхдээ 8 000 000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцоогүй тул автомашиныг шилжүүлэн авсан Ү.М үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлжээ.

Гэвч “Соната 6” маркийн, KMHEU41MP7A271755 арлын дугаартай автомашин нь 2013 оны 3 сарын 27-ны өдөр хариуцагч Ү.М-д шилжсэн боловч 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дээрх автомашин нь Э.Бямбажавын нэр дээр болон түүний эзэмшилд шилжсэн болох нь хариуцагчийн тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 34-35, 47 дугаар тал/

Түүнчлэн, хэргийн 34-35 дугаар талд байгаа гэрч Э.Бямбажавын мэдүүлэгт нэхэмжлэгч Д.О нь автомашины үнэ 4 000 000 төгрөгийг Э.Бямбажаваас авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч Ү.М ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                      ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

                                                                                                       Г.ДАВААДОРЖ