Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 209

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ө.Алтантуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Б.Цог-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0-192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Бямбын Цог-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201626012782 дугаартай, 188/2017/0159/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өгий нуур суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51-5 тоотод оршин суух,

урьд 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 422 дугаар магадлалаар 3 жил 6 сарын хорих ял болгон өөрчилж, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Бямбын Цог-Эрдэнэ /РД:НЫ60042573/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Б.Цог-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51-05 тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Гэрэлмаатай хамт архи уугаад түүнийг архи хэтрүүлэн уулаа, агсам тавьлаа гэх шалтгаанаар гэрээс чирж гаргах явцдаа түүний биед баруун бугалганд цус хуралт, зулгаралт, зүүн доод зовхи, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн шуу, хоёр тавхайд зулгаралт бүхий “хөнгөн” гэмтэл санаатай учруулсан,

эхнэр Ж.Гэрэлмааг хүнд зэргийн согтолтын улмаас биеэ хамгаалж чадахгүй байхад гэрээс чирж гарган амь насанд нь аюултай байдалд зориуд оруулсны улмаас осгож амь нас нь хохирсон гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь :

 

Шүүгдэгч Б.Цог-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 02-ны орой эхнэр Гэрэлмаа бид хоёр хамт 2 шил архи хувааж уусан. Бид хоёр гэртээ ач Батчимэг, Долгормаа, Тулга нартай хамт амьдардаг. Хэрэг болсон өдөр 3 ач унтсан байсан. Гэрэлмаа бид хоёр архинаас болж маргалдаад би  Гэрэлмааг байшингаас чирээд гаргаснаа санаж байна. Буцааж оруулна гэж бодож байснаа мартаад унтсан байсан. Тухайн үед архи нилээн уусан байсан болохоор согтоод унтсан байсан. Маргааш өглөө 07 цагийн орчим манай ач охин Батчимэг, Долгормаа хоёр эмээ гадаа хөлдчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд гараад харсан чинь Гэрэлмаа осгосон байдалтай байхаар нь байшин руугаа өргөж оруулаад орон дээр нь тавиад хүүхдүүддээ хэлсэн. Гэрэлмаа бид хоёр хоёулаа согтсон байсан. Бид хоёр архинаас болж маргалдаад Гэрэлмаа надад агсам тавиад байхаар нь байшингаас гаргасан. Бид хоёр өмнө нь маргалдаж муудалцаж байсан. Тэр болгон зодож цохиод байдаггүй. Олон жил ханилсан болохоор маш их хайрладаг байсан. Дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг ах Дашдаваа нь нас барахаас 5-6 хоногийн өмнө шиг санагдаж байна нүд рүү нь цохиод учруулсан. Бусад гэмтлийг яаж учирсаныг мэдэхгүй байна. Гэрэлмаа хөл гар муутай болохоор явж байгаад унасан байж магадгүй. Ер нь согтуу явахаараа их унаж, хөл гараа бэртээдэг байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118, 121-122 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчимд манай аав Цог-Эрдэнэ манай эхнэр лүү өөрийн 88403113 дугаараас залгаж ээж чинь гадаа осгож нас барсан байна гэж хэлсэн. Эхнэр Отгонбилэгтэй хамт, аав, ээжийнхээ гэрт яваад очтол ээжийг байшин руу оруулаад орон дээр хэвтүүлсэн, ээж Гэрэлмаа нас барсан байдалтай байсан. Миний ээж Гэрэлмаа 1964 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, багаасаа аав ээжийн гар дээр өссөн, тусгай дунд боловсролтой. Манай аав Цог-Эрдэнэтэй 1982 онд гэр бүл болж 1984 онд Эрдэнэцэцэг, 1986 онд Эрдэнэчимэг, 1988 онд Эрдэнэбаатар, 1990 онд Эрдэнэтуяа гэдэг 4 хүүхэдтэй болсон. Залуу байхдаа Төв аймгийн Баянхангай суманд цэцэрлэгийн багш, оёдлын үйлдвэрт, малчин хийдэг байсан. 2013 оны орчимд тархины өвчнөөр группийн тэтгэмж тогтоолгож гэртээ байдаг байсан. Би сайн мэдэхгүй байна залуу байхдаа л даралт багатай хааяа унаж татаад байдаг. Хааяа хоорондоо маргалдаж муудалцаад байдаг, би байнга хамт байдаггүй болохоор зодолдож байсаныг нь мэдэхгүй байна. Дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг нас барахаас нь хэд хоногийн өмнө амь хохирогчийн ах Дашдаваа нь хамт архи ууж байгаад уйлаад байхаар нь дуугай бай гээд цохисон. Тухайн үед би ээжийн гэрт очсон юм хийж байсан цохих үед нь хамт байсан. ... Эцэг, эх хоёр маань үр хүүхэд, ач, зээ нараа үзсэн, хүүхдүүд биднийгээ өсгөх, хийх ёстой ажлаа хийсэн болохоор хааяа нэг согтууруулах ундаа хамт хэрэглэдэг байсан. Одоо гомдол санал байхгүй, эцэг маань өндөр настай, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж ялыг нь хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хх-35-36 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Ц.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 20 минутын орчимд аав Цог-Эрдэнэ утсаар залгаад ээж чинь нас барчихлаа гэж хэлсэн. Хоорондоо хэвийн гайгүй харилцаатай байсан. Хааяа хоорондоо хэрэлдэж маргалддаг байсан. Би байнга хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна. 2010 онд зодолдоод аав ял эдэлж байсныг нь мэднэ. Миний аав өрөвч зөөлөн зантай, архи хэрэглэсэн үедээ агсандуу зантай хүн. …” гэсэн мэдүүлэг /хх-40 х/

 

Гэрч Г.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн орой би шөнө 01 цагийн орчимд орондоо ороод унтсан. Манай гэрт охин Отгонгэрэл, хүү Ууганбаяр нар хамт байсан. Шөнө 02 цагийн орчимд хөрш айл буюу толгойтын 51-5 тоот хашаанд эмэгтэй хүн хаалга онгойлгооч гээд орилоод, хаалга тогшоод байсан. Ойролцоогоор 30 минут орчим орилоод дуугүй болсон. Цогоо гэдэг ах эхнэр Гэрэлмаа болон 2 зээгийн хамт амьдардаг. Би зүс танина, ураг төрлийн холбоо байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх- 41-42 х/

 

Насанд хүрээгүй гэрч Э.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 02-ны өглөө хичээлдээ 07 цаг өнгөрч байхад яваад 13 цагийн орчим ирсэн. Намайг ирэхэд эмээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Өвөө эмээ хоёр өдөр гэртээ хоёулахнаа архи хувааж уусан. Манай дүү Тулга оройхон гэртээ ирсэн, дараа нь Батчимэг эгч ирсэн. Эмээ, өвөө хоёр архи уусаар л байсан. Батчимэг эгч, Тулга бид гурав зурагтаар кино үзэж байсан чинь өвөө унтацгаа гээд зурагт унтраалгаад бид гурав орондоо ороод унтсан. Унтаж байсан чинь эмээ өвөө хоёр хоорондоо маргалдаад эмээ миний араар ирээд хэвтсэн чинь өвөө ирээд өмсөж байсан ягаан өнгийн ханцуйгүй майкаар нь хоолойг нь боогоод татсан чинь Батчимэг эгч ягаан өнгийн майкыг нь тайлж авсан чинь өвөө эмээгийн үс гарнаас нь зулгаагаад байшингаас гаргаад үүдээ түгжсэн. Эмээ, миний хүүхдүүдээ үүдээ онгойлгооч ээ, Цогоо үүдээ онгойлгооч гээд орилхоор нь өвөө үүдээ онгойлгооч ээ эмээг оруулъя гэж хэлсэн чинь өвөө энэ муу ах шигээ бузар санаатай, архинд донтсон гээд байсан. Батчимэг эгч гараад оруулъя гэсэн чинь өвөө ална шүү унт гэж хэлсэн. Бид нар жаахан унтаж байгаад эмээгээ оруулна гээд хэвтэж байсан чинь унтсан байсан. Өглөө гэгээ ороод гэдэс өвдөөд байхаар нь Батчимэг эгчийг гуйгаад хамт гараад 00 орох гэсэн чинь гадаа эмээ хөлдсөн байсан. Батчимэг эгч бид хоёр оруулах гэсэн чинь оруулж чадахгүй байхаар нь өвөөг сэрээгээд өвөө эмээг өргөөд жижиг өрөөний орон дээр хэвтүүлсэн. Өвөөгийн архийг эмээ уусан юм шиг байна лээ, тэгсэн өвөө ах шигээ муу санаатай архинд донтсон гэж хэлээд уурлаад байшингаас чирж гаргасан. Өвөө, эмээ хоёр архи уугаагүй байхдаа хэрэлдээд байдаггүй. Харин архи уусан үедээ хэрэлдээд, архинаас болж хоорондоо зодолдож байсан. Өвөө, эмээ хоёр нийлээд 2 шил архи уусан нилээн согтуу байсан, өвөө эмээгээс арай бага согтуу байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-46 х/

 

Насанд хүрээгүй гэрч Э.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хичээлээсээ ирэхэд өвөө, эмээ хоёр архи уусан байдалтай байсан ба өвөө унтаж байсан. Эмээ харин сэрүүн байсан, гэрт дүү Долгормаа, Тулга хоёр байсан. 19 цаг 30 минутаас кино үзээд орондоо хэвтэж байгаад унтсан байсан. Өглөө унтаж байсан чинь дүү Долгормаагийн гэдэс нь өвдөөд гарсан чинь эмээ үүдэн дээр хөлдөөд үхсэн байсан. Өвөөг сэрээгээд өвөө эмээг өргөөд байшин руу оруулсан. Өвөө Эрдэнэбаатар ах руу утсаар ярьж хэлсэн. Бид хоёрыг гарахад байшингийн хаалга онгорхой байсан. Эмээ байшингийн гадаа хаалгаа нээгээч ээ гэхийг би сонсоогүй. Манай өвөө, эмээ хоёр архи, тамхинаас болж хоорондоо хэрэлдээд, архи уусан үедээ хоорондоо зодолдоод байдаг. Өмнө нь олон удаа зодолдож байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-48 х/

 

Насанд хүрээгүй гэрч Н.Тулга-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хичээлээ тараад ганцаараа ирэхэд манай гэрт Долгормаа эгч, эмээ, өвөө хоёр ирсэн байсан. Өвөө, эмээ хоёр архи уусан том өрөөний орон дээр хэвтэж байсан. Удаагүй араас том эгч Батчимэг ирсэн. Өвөө унтацгаа гээд гэрэл унтраасан. Эмээ өвөөгийн ганц аяга архийг нь уусан чинь өвөө уурлаад аяга шидээд эмээг өмссөн байсан ягаан өнгийн цамцаар нь боогоод татаад гаргах гээд байсан. Тэгсэн Батчимэг эгч цамцыг нь татаад авсан, эмээгийн гарнаас татаад үснээс нь гараараа чанга барьж байгаад газар унагаагаад байшингаас гаргаад хаалга цоожилсон. Эмээ хаалгаа онгойлгооч Цогоо гэж зөндөө орилсон. Батчимэг эгч бид хоёр гарч авах гэсэн чинь өвөө унт гарах юм бол ална шүү гэж хэлсэн. Батчимэг эгч бид хоёр орондоо орсон. Өвөө өрөөндөө бид нар луу хараад тамхи татаад хэвтээд байсан. Эмээ гадаа зөндөө орилсон, Батчимэг эгч бид хоёр гарч авах гэсэн чинь өвөө ерөөсөө гаргаагүй. Маргааш өглөө нь Батчимэг эгч, Долгормаа эгч хоёр бие засах гэж гараад эмээ хөлдчихсөн байна гээд өвөөд хэлсэн. Өвөө чи миний архийг уучихлаа гээд уурлаад эмээг зодоод байшингаас гаргасан. Эмээг газар хэвтэж байсан чинь өвөө архи уулаа гэж уурлаад толгойноос нь чирээд гадаа гаргасан. Өвөө Батчимэг эгчийн нуруу руу нь нэг удаа гараараа цохисон. Долгормаа эгч бид хоёрыг зодоогүй. Эмээ, өвөө хоёр архи уухаараа л хоорондоо хэрэлдэж зодолддог, өмнө нь олон удаа хэрэлдэж зодолдож байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-50 х/

 

Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай охин Долгормаа өвөөгийнхөө 88403113 дугаараас залгаад эмээ өөд болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан юм бэ, яагаад нас барсан юм гэж асуусан чинь Долгормаа хөлдсөн байна гэж хэлсэн. Тэгээд би 8 цаг өнгөрч байхад аавынхаа гэрт ирсэн чинь нас барсан байсан. Намайг ирэхэд дүү Эрдэнэтуяа, Эрдэнэбаатар, Эрдэнэчимэг, хүргэн Анхбаяр, Бат-Эрдэнэ, бэр Отгонбилэг нар ирсэн байсан. Манай аав, ээж хоёр хоорондоо маш сайн харилцаатай байдаг. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдах тохиолдол гардаг. Талийгаач ээж архи уухаараа их агсан зантай болчихдог. ...” гэсэн мэдүүлэг /хх-52 х/

 

Гэрч Ж.Дашдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Цог-Эрдэнэ миний хүргэн дүү, Гэрэлмаа миний төрсөн дүү. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын 51-5а тоот гэртээ байж байхад 08 цаг өнгөрч байхад манай дүү Гэрэлмаагийн зээ болох Долгормаа, Батчимэг хоёр манай гэрт орж ирээд эмээ хөлдчихсөн байна яанаа гээд ороод ирсэн. Би босоод очсон чинь Гэрэлмааг байшин дотор орон дээр нь цоохор хөнжлөөр хучсан байсан. Тухайн үед амь хохирогч Гэрэлмаагийн хөлийн хуруунуудын арьс нь шалбарсан, хэвлий хэсэг болон өмд нь шороо болсон байсан. Цог-Эрдэнэ Гэрэлмааг олон удаа цохиж зодож байсан, яагаад чи зодоод байдаг юм гээд дүүгээ өмөөрч байсан. Гэрэлмаагийн бие нь байнга өвддөг, бээцэгнээд их сонин явдаг байсан, одоогоос 5-6 жилийн өмнөөс гар, хөл нь хатингар, татангар өвчтэй байдаг байсан.

…Би Гэрэлмааг нас барахаас ойролцоогоор 7 хоногийн өмнө гэрт нь орсон чинь Гэрэлмаа, Цог-Эрдэнэ хоёр архи уугаад маргалдсан байхаар нь би байнга архи уугаад гэж загнаад нүд рүү нь цохисон. Тэгээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг учруулсан. Бусад гэмтлийг хэн яаж учруулсныг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-59-61 х/

 

Шинжээч эмч Б.Ганзориг-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа байвал гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үүнд шинэ, хуучин бүх гэмтлүүд орно. Баруун бугалганд цус хуралт, зулгаралт, зүүн доод зовхи, баруун тохой шуунд зулгаралт, зүүн шүд, 2 тавхайд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу үрэх хүчээр үүсгэгдэх боломжтой байна. Дээрх шинэ гэмтлүүд нь дээрх хэсгүүдээр чирэгдэх үед үүсэх боломжтой.   ...” гэсэн мэдүүлэг /хх-77-78 х/

 

Шинжээчийн ¹2215 тоот дүгнэлт

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал /хуучин/, цус хуралт, хоёр бугалга, шуу, сарвуу, өвдөг шилбэнд хуучин цус хуралт, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, зүүн доод зовхи, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн шуу, 2 тавхайд шинэ зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үхэлд нөлөөлөөгүй.

4.Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.

5.Талийгаач нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ.

6.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчингүй байна.

7.Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 5.0 промил спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарна.

8.2016.12.03-ны 16:30 минут үзлэгээр нас бараад 12-14 цаг болжээ. Шинжээч эмч Б.Ганзориг /хх-70-72 х/

 

Шинжээчийн ¹275 тоот дүгнэлт

1.Ж.Гэрэлмаагийн биед үүссэн баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, шуу, сарвуу, өвдөг шилбэнд цус хуралт, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, зүүн доод зовхи, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн шуу, 2 тавхайд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Ж.Гэрэлмаагийн биед баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, шуу, сарвуу, өвдөг шилбэнд цус хуралт, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, зүүн доод зовхи, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн шуу, 2 тавхайд зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3.Ж.Гэрэлмаагийн биед учирсан баруун дээд зовхины хуучин зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, шуу, сарвуу, өвдөг шилбэнд хуучин цус хуралт гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

4.Урьд гаргасан шинжээчийн ¹2215 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмч Ц.Ганболд, М.Энхтайван, Т.Сэлэнгэ /хх-ийн 84-85 х/

 

Шинжээчийн ¹90 тоот дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн улаан цамц, ягаан дотоожинд татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас эдэлгээний явцад гарсан хуучин ханзарсан уранхай гарсан байна.

-хар өмд, хар хөх өмд, ягаан дотоожинд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодсон уранхайнууд гарсан байна. Шинжээч цагдаагийн дэслэгч Ө.Тамирмаа /хх-ийн 97-99 х/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “…их бие хэсэг нь дээш харсан толгой орой хэсэг нь ертөнцийн зүгээр хойш харсан эмэгтэй хүний цогцос харагдах ба цогцос дээд хэсгээрээ улаан өнгийн даавуун цамцтай, доод хэсгээрээ хар өнгийн даавуун өмдтэй ба цогцосны цамц, өмд зэрэг нь шороо шавхайгаар ихээр бохирлогдсон байдалтай байсан. …” /хх-ийн 6 х/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 27 х/

            Эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-32 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хохирогч Ж.Гэрэлмаа нь нас барахаас өмнө архидан согтуурсны улмаас хүнд зэргийн согтолттой, биеэ авч явах чадваргүй байсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн ¹2215 тоот “ ... 7.Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 5.0 промил спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. ...Шинжээч эмч Б.Ганзориг” /хх-70-72 х/ гэсэн дүгнэлтээр нотлогдсон.

 

Шүүгдэгч Б.Цог-Эрдэнэ-н “... урьд нь бид хоёр маргалдахаар гэрээсээ гаргачихаад удалгүй ороод ирдэг эсвэл ахынхаа гэр рүү ороод унтчихдаг байсан тул би тэгэх байх гэж санасан ...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Б.Цог-Эрдэнэ нь архидан согтуурсны улмаас хүнд зэргийн согтолттой хүнийг өвлийн хүйтэн шөнө гэрийн нимгэн хувцастай чирж гаргаад хаалгаа түгжээд оруулаагүй нь түүний дээрх үйлдлийн улмаас бусдын амь нас нь хохироход хүрэх хор уршгийг хүсээгүй боловч гэрээс чирж гаргасан үйлдлээрээ түүнд зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд бус санаатай үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болж байгаа.

 

            Б.Цог-Эрдэнэ хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалах чадваргүй хүнийг гэрээс чирж гаргаад хаалгаа түгжиж гадаа хонуулсны улмаас осгож нас барсан, чирж гаргах явцдаа бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэргүүд байх бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон, үйлдсэн гэмт хэргүүд нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг дээрхи гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹1242

1.Б.Цог-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.

2.Б.Цог-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан байна.

3.Б.Цог-Эрдэнэ нь хэрэг хариуцах чадвартай байна.

4.Б.Цог-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж үгүй.

5.Б.Цог-Эрдэнэ нь сэтгэцийн өвчингүй ба Б.Цог-Эрдэнэд эмнэлгийн албадан арга хэмжээ авах шаардлагагүй байна. Эмч Д.Дэжидмаа, С.Одонгэрэл, Л.Цэрэндолгор /хх-ийн 90-93 х/ гэсэн дүгнэлтээр Б.Цог-Эрдэнэ-н хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байгаа.

 

            Хувийн байдлын талаар :

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 х/

2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 126-127 х/ зэргээс дүгнэлт хийхэд : Б.Цог-Эрдэнэ-г 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол ялаа эдэлж дууссанаас хойш 8 жилийн хугацаанд ялтайд тооцогдох боловч 2015 онд УИХ-аас батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь өршөөлд хамрагдсан байх тул Б.Цог-Эрдэнэ-г анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

 

Хохирлын талаар :

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбаатарын зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой гарсан хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Б.Цог-Эрдэнэ нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсгүүдэд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Б.Цог-Эрдэнэ нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгчийн насны байдал, шүүгдэгч, хохирогч нар нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд хохирогч талаас гомдол, санал байхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүний үйлдсэн хүндэвтэр гэмт хэрэгт хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Монгол Стандарт” гэсэн бичигтэй 0.75 литрийн лонх 1 ширхэг, “Найрсаг” гэсэн бичигтэй 0.75 литрийн лонх 1 ширхэг, ягаан өнгийн хантааз 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотоож зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус шийтгэх тогтоолд тусгах  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Боржигон овогт Бямбын Цог-Эрдэнийг

             Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Хүнд зэргийн согтолтын улмаас биеэ хамгаалж чадахгүй хүнийг амь насанд нь аюултай байдалд зориуд оруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.Цог-Эрдэнийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Цог-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг багтаан түүний биечлэн эдлэх ялыг нийт 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Цог-Эрдэнэ-д оногдуулсан 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Б.Цог-Эрдэнийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Монгол Стандарт” гэсэн бичигтэй 0.75 литрийн лонх 1 ширхэг, “Найрсаг” гэсэн бичигтэй 0.75 литрийн лонх 1 ширхэг, ягаан өнгийн хантааз 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б.Цог-Эрдэнэ-д оногдуулсан 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Цог-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ