Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 320

 

Ш.З-д холбогдох ял

дүйцүүлэн хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар магадлалтай, Ш.З-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Ш.З-ын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, Хэнтий аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар 25 жил хорих ял шийтгүүлж, ял эдэлж байгаа Б овогт Ш-ын З.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.З-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар оногдуулсан 25 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялтай дүйцүүлэн 20 жил хорих болгож, Ш.З-д оногдуулсан 20 жил хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 8 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг хасч, эдлэх ялыг 11 жил 1 сар 08 хоногоор тогтоож хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Ш.З-од урьд оногдуулсан хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнд нийцүүлэн хасч, 20 жил хорих ялаар шинэчлэн тогтоосугай” гэж, захирамжийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.З-ын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, Ш.З-ын өмнө эдэлсэн ялын тооцоог гаргаж, шинэчлэн тогтоосон ялаас нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хасч тооцохыг түүний ял эдлүүлж байгаа хорих байгууллагад мэдэгдэж, түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Ш.З гаргасан гомдолдоо “...Ш.З миний бие Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар 25 жил хорих ял шийтгүүлж 409 дүгээр хорих ангид хүмүүжиж байна. Шинэ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ төрлийн гэмт хэрэгт 20 жил оногдуулахаар хуульчилсан ба танхайн бүрэлдэхүүн нь хасагдсан. Надтай адилхан хэргийн зүйлчлэлтэй хоригдлоос 8 жил хүртэл хассан. Хуульд оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байтал хуулийн энэ заалтыг ялгаварлан хэрэгжүүлж, миний ялыг шинэ хуульд нийцүүлэн хасаагүй болно. Иймд танхай гэж хүндрүүлэн оногдуулсан хорих ялын тодорхой хувийг адил тэгш хасч өгч, миний гомдлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ш.З-д 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд дүйцүүлэн хасч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

Уг зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх явдал нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод, дээд, эсхүл аль алиныг нь багасган тогтоосон тохиолдолд зөвхөн уг багасгасан хэмжээнд нийцүүлэн хасах байдлаар хэрэгжинэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэсэн шинж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас хасагдсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Учир нь шүүх Ш.З-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д заасан хорих ялын дээд хэмжээ болох 25 жил хорих ял шийтгэсэн байх бөгөөд уг гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 20 жил хорих ялтай дүйцүүлж тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

Иймд ялтан Ш.З-ын ялыг дүйцүүлэн хассан анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан ялтны гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан Ш.З-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН