Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2018/00377

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар баг, Цагаан эрэг гудамжны 2-9 тоотод оршин суух, утас: 0000, РД:БЮ00000 Х овогт О-ы Ун нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын У багт оршин суух, утас: 90000, РД:БГ00000 Ш  овогт Х  Х (хоч нэр Т)-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.У, хариуцагч Х.Х, орчуулагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 4 настай монгол үнээ нэг буюу 650000 төгрөг, үнэлгээний хураамжид төлсөн 20000 төгрөг бүгд 670000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Миний бие жирийн танил Х.Хд 2016 оны 5 дугаар сарын дундуур өөрийн амины Хар алаг зүсмийн, сүүний чиглэлийн тарлан үүлдрийн үнээг итгэмжлэн маллуулахаар өгсөн юм. Х.Хгаас 2017 оны 11 сард үхрээ авах гэж Хад утсаар ярьтал тэр таны үхэр алга болоод хэдэн сар өнгөрч байна хэмээн хариу өгсөн. Хариуцагч Х.Х нь нэгэнт миний үхрийг итгэмжлэн авч маллаж хариулахаар амлаж аман хэлцэл хийж, үхрийг андаас хүлээн авсан байсан тул уг үхрийг бүрэн бүтэн байдлыг хариуцаж алдвал цаг хугацаанд мэдэгдэж, эрэл сураг тавьж хайж олох үүрэгтэй юм. Энэ талаар иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д хадгалагчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн юм. Хариуцагч Х.Х нь уг үүргийг ноцтой зөрчсөн тул төлбөр хариуцах нь зайлшгүй юм. Иймд Х.Хгаас 4 настай монгол үнээ нэг буюу 650000 төгрөг, Ө сумын үнэлгээний газарт үнэлгээний хураамжид төлсөн 20000 төгрөг бүгд 670000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие О.У гэдэг хүнийг танихгүй.Төрөл садангийн холбоо, харилцаагүй, дотно харьцаж байгаагүй. Магадгүй зүс үзэж байсан байх. Насаар их зөрөөтэй хүн байх гэж нэхэмжлэлийг нь аваад бодож байна. О.У гэдэг хүн надад итгэмжлүүлэн үхэр, мал хариуцуулан маллуулж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар тайлбарлаж байна. Би О.Ун гэр орон, хаана оршин сууж амьдарч байдгийг ямар малтайг мэдэхгүй. О.У нь надад ямар малаа ямар баримт үйлдэж харилцан гэрээ хийж хүлээлгэн өгсөн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч тогтоолгон биз. Би О.Уг танихгүй. Түүний малыг итгэмжлэн авч хариулж байгаагүй гэдгийг дахин тайлбарлая. Харин аав маань олон хүнтэй харьцаж байдаг бөгөөд зарим иргэдийн малыг гаднаас нь харж хариулан хамгаалж явдаг тусч хүн юм. Тэгж аавын бусдад тусалж байсан сэтгэлийг ашиглан алдуул малаа төлүүлэх гэж зүтгэж байсныг нь харсан юм. Энэ О.У нь аавтай тохирсон байдлаа надтай андуурч эсвэл надыг айлган сүрдүүлж байж малаа төлүүлж авахаар санаархаж байж магадгүй. Иймд миний бие энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч О.У шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгсөн мэдүүлэгт: Нэхэмжлэгчийн эцэг нь болох Х гэдэг хүн манай төрсөн ах Орал гэдэг хүнтэй их дотно, байнга харилцаатай холын хамаатан хүн юм. Тийм учраас Хгийн эцэг Хыг би сайн мэднэ. 2016 оны 05 дугаар сарын эхэнд малын зах дээр явж байгаад Хтай тааралдсан. Тэр үед хоёр үхэр хариуцсан маллуулах хүн хайж явна гэж тэр хүнтэй яриа өрнүүлсэн. Тэгэхэд Хгийн эцэг Х Б сумын У багт миний малчин хүүхэд байгаа. Тэнд аваачиж өгөхгүй юу, хариуцан маллаж өгнө биз гэсэн. Тэгээд Х.Хд аваачиж өгөхөөр тохирч, хэд хоногийн дараа хоёр үхрээ ачиж аваад голын цаанаас нэхэмжлэгчийн эцгийн дагуулж Х.Хгийн гэрт очсон. Учир байдлаа хэлж, хоёр үхрийг хариуцаж маллаж өгөхийг Х.Хгаас хүслээ. Тухайн үед зохих хэмжээний гарын бэлэгтэй очоод ярьсан. Тэгсэн энэ нөхөр хүлээн зөвшөөрч хоёр үхрийг буулгаад, хашаанд нь уяж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа Х.Х утастаж, улаан халзан үхэр чинь алга болсон, би малаас гарч чадахгүй байна. Та өөрөө ирж хайхгүй юу гэсэн хүсэлт тавьсан. Би тэгье гэж хэлсэн. Удалгүй нэг өдөр эрт гараад, мал бэлчээрт гарахаас өмнө олж авъя гэж Хгийн эцэг Хыг дагуулж аваад Шындаваагийн айлуудаар явсан. Айлуудаар явж байхад нэг Монгол айлд улаан халзан үхэр явж байсныг барьж аваад машин ачиж, аймагт авчирч өөр хүний хариуцлагад өгсөн. Тэрнээс хойш хар алаг үхэр маань алга болох бий гэж хариуцагчтай ярьж л байсан. Утсаар ярихад танай хар алаг үхэр чинь байна. Санаа зоволтгүй, хажуу айлын үхрийн дунд явж байна. Зусланд хамт зусах юм чинь зусланд очихоор авчихна гэсэн. Тэгээд би за гэж хэлсэн. 2016 оны 06 дугаар сарын эхэн үед Х.Х над руу утастаж миний эхнэр хүүхэд аймагт аавын гэрт байгаа. Тэднийг хүргэж өгөхгүй юу, надад бас нэг шуудай хивэг хэрэгтэй байна. Тэрнийг авчирч өгөхгүй юу гэхэд би тэгье гэсэн. Өөрийн машинаар явж хариуцагчийн эхнэрийг аавынх нь гэрээс авч, наана нэг айлаас 7-8 дугаар ангийн хүүхэд бололтой нэг эмэгтэй хүүхдийг авч, захаас нэг шуудай хивэг авч талдаа 50 км явж, хариуцагчийн эхнэр хүүхдийг хүргэж өгсөн. Наанаас суусан хүүхэд бол хариуцагчийн гэрээс наана 1 км орчимд байгаа Сейт гэдэг айлын хүүхэд байсан байна. Эхлээд тэр хүүхдийг буулгаж, дараа нь хариуцагчийн эхнэр хүүхдийн буулгаж өгөөд буцсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа Х.Х над руу залгаж малд хужир хэрэгтэй байна. Хужир олоод өгөөч гэсэн. Би нэг хүнд захиж 60 орчим кг хужир олж, Хгийн эцэг Хы гэрт хүргэж өгсөн. Нэг уут хивгийн үнэ 20000 төгрөг, 100 км явсан замын хөлс 60000 төгрөг, 60 орчим кг хужрын үнэ 20000 төгрөг, нийтдээ 100000 төгрөгийн тусламжийг Х.Хд үзүүлсэн. Х надад өгсөн зүйлийн, үзүүлсэн үйлчилгээний үнэ гэж 1 төгрөг өгөөгүй. Би малаа маллуулж байсан учир хүнлэг чанар гаргаад хариуцагчаас 1 ч төгрөг гуйгаагүй. Хариуцагч ч надад мөнгө өгөөгүй. 2017 оны хавар хар үхэр алга. Хамт өвөлждөг олон айлууд Улаанхус сумын Д гэдэг газарт зусланд нүүсэн. Тийшээ явсан байж магадгүй. Тэд 11 дүгээр сард өвөлжөөнд орж ирнэ. Тэгэхэд олдоно биз гэж хариуцагч надад хэлсэн. Тэгээд би тийш ээ явсан бол уу ? үгүй болов уу ? гэж бодоод өөрөө Б сумын У багийн дарга, олон хүнтэй уулзаж эрж хайсан боловч олдсонгүй. Тэгээд 11 дүгээр сар болж Дгийн айлууд өвөлжөөндөө ирсэн. Тэр үед өвлийн идэшний үе бас болсон. Хариуцагчаас хар алаг үхэр байгаа юу ?, явж байна уу ? гэж асуухад байхгүй байна, дагаж яваагүй байна гэж хэлсэн. Байхгүй бол би өвчин зовлонтой хүн, олон удаа хагалгаанд орсон. Биеийн байдал муу, би өвлийн идшиндээ хэрэглэе гэж бодсон. Ах дүүгийн журмаар хоёулаа тохиръё, маргалдаж яах вэ гэж би олон удаа хэлсэн. Гэвч хариуцагч чамд өгөх юм алга гэж төлж өгөхгүй гэсэн учраас би шүүхэд хандсан. Иймд үхрийн үнэ 650000 төгрөг, үхрийг орон нутгийн ханшыг тогтоолгоход төлсөн 20000 төгрөг бүгд 670000 төгрөгийг Х.Хгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнийг урьд нь үнэхээр танихгүй. Би энэ хүнтэй эцгээрээ дамжуулж танилцсан. Гаднаас нь таних болохоос нэрийг нь мэдэхгүй. Би 3 дугаар сард мал төллүүлж байхад аавыг дагуулж цагаан машинаар 2 бяруу авч ирсэн. Бид хөгшин хүмүүс юм. Чи надад тус болж, энэ хоёр бярууг хариуцан маллаж өгөөч гэсэн. Тэгэхэд би таны тэжээвэр бярууг сарлаг үхэрт тогтоож чадахгүй. Одоо хонь мал маань төллөж байгаа. Одоо яах вэ гэж хэлж байна. 2015 оны 05 дугаар сард эхнэр маань аймагт ирж эмнэлэгт үзүүлсэн. Энэ үед нэхэмжлэгч О.У Өгээс манай хөрш айл Сейт гэдэг хүний бэр, миний эхнэрийг хүргэж ирэхдээ хоёр бярууг ачиж ирсэн. Би хонинд явсан хойгуур хоёр бярууг хашаанд уяад үлдээсэн байна. Би түүнээс хүлээж аваагүй. Орой нь би үхрийнх нь уяаг тайлж явуулъя гэж бодсон боловч тэнээд алга болох байх гэж бодоод тайлаагүй. Маргааш өглөө нь сарлагт нийлүүлье гэсэн боловч нийлээгүй зугтсан. Тэгээд хөөж гэрийн хажууд хөлийг нь уяж тавьсан. Хоёр өдөр өнгөрч 3 дахь өдөрт нь хоёр үхэр нь уяагаа тасалж зугтаж, би алдчихсан. Би нэхэмжлэгчид утастаж таны хоёр бярууг алдчихлаа, би танд хариуцан маллаж чадахгүй гэж хэлсэн шүү дээ, одоо яах вэ гэж хэлсэн. Тэгээд надад асууж лавлаад олж өгөөрэй гэсэн учраас би асууж лавласан. Тэгэхэд С гэдэг таньдаг хүн алаг бяруу энд байна гэж хэлсэн. Хар алаг бярууг нь асууж сураглаж явахад Жомарт гэдэг хүний үхэрт байсан нь тогтоогдсон. Би нэхэмжлэгч рүү утастаж, энэ хоёр бяруу тогтохгүй юм байна. Ирээд аваад яваарай гэж хэлсэн. Тэгэхэд нэхэмжлэгч миний эцэг Хтай хамт Сын гэрт очиж алаг бярууг авсан байна. Би дахин утастахад нэхэмжлэгч аймаг руу орж явсан байна гэж хэлсэн. Тэгэхэд би та хамт байсан хоёр бярууг салгаж аваад явсан нь яаж байгаа юм вэ? Би энэ үхрийг хаанаас олох вэ? Би маллаж чадахгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч надад наана байж байг, та нар өөрсдөө гаднаас нь тэр үхрийг харж байхгүй юу гэж хэлсэн. Дараа нь 2016 оны 6 дугаар сард бяруу нь дахин алга болсон. Би алга болсныг нь өөрт нь хэлсэн. Энэ хүн түүнээс хойш над руу холбоогүй, сураггүй болсон. 2017 оны өвөл би аймагт ирэхэд энэ хүн уулзаж миний бяруу хаана байна вэ гэж асуухад нь би алга болсон, хоёр жилийн хугацаа өнгөрлөө би мэдэхгүй гэж хэлсэн. Мөн надад Дгийн хүмүүсээс сураглаж өгөөч, тийшээ явсан байж магадгүй гэсэн. Манай өвөлжөөний ойролцоо газарт Улаанхус сумын зарим малчид болон Дгийн хүмүүсээс асуулаа байхгүй байна гэж хэлсэн гэдгийг нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгч над руу залгаж бярууг яах гэж байна гэхэд ямар бяруу вэ гэж асуухад. Чамд нийлүүлсэн бярууг олж өгөөрэй гэсэн. Би хаанаас олж өгөх вэ гэж хэлсэн. Тэгээд энэ хүн хуулийн байгууллагад өгөхөөс өмнө чи өөрөө мэдэж бярууг өгөөрэй, би тухайн үед хариулж чадахгүй гэж хэлэхэд та хүчээр үлдээсэн. Надад үхэр нь байхгүй учраас би олж өгөхгүй. Ааваар дамжуулж үхрээ авчирсан болохоос би энэ хүнийг танихгүй. Тэр үед өөрөө миний малыг маллаж өг гэж гуйгаад одоо бол миний үхрийг олж өг гэж дайсагнаж байна. Би тэр үхрийг асууж сурагласан, эрж хайсан уу гэдгийг Б сумын иргэдээс асуусан ч болно. Нутгийн хүмүүс намайг Х биш Т гэж дууддаг тэр хавийн хүмүүс бүгд намайг мэдэж байгаа. Иймд миний бие энэ үхрийн үнийг төлөхгүй, би хариуцахгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч О.У, хариуцагч Х.Х нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр 2015 оны 05 дугаар сард нэхэмжлэгч О.У өөрийн хоёр бяруу үхрийг ачиж ирж, хариуцагч Х.Хд хариуцуулан маллуулахаар харилцан итгэлцлийн харьцааны үндсэн дээр үлдээсэн болох нь нотлогдож байна.

Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар нэхэмжлэгч О.У хоёр бяруу үхрийг хариуцуулан маллуулахаар хариуцагч Х.Хд шилжүүлэн өгснөөр талуудын хороонд хадгалалтын гэрээ байгуулагдсан байна.

Талууд хариу төлбөр төлөх тухай тохиролцоогүй буюу хадгалагч нь төлбөр шаардаагүй тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.2-т зааснаар хариу төлбөргүй хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.1-д заасны дагуу хариуцагч (хадгалагч) Х.Х нь хадгалалтыг төлбөргүй гүйцэтгэж байгаа бол хадгалж байгаа эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн адил нөхцөлөөр хадгалах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч (хадгалагч) Х.Х нь өөрт нь итгэж хадгалуулсан үүргээ зөрчиж хоёр бяруу үхрийг алдаж, улмаар эрж хайгаад алаг хүрэн бярууг олж аваад нэхэмжлэгч О.Уд буцаасан, үлдсэн хар алаг бяруу үхэр нь өнөөдрийг хүртэл олдоогүй, одоогоор 4 насны том үнээ болсон гэдгийг хариуцагч Х.Х хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч (хадгалагч) Х.Х нь алга болсон үхрийг эрж хайсан гэх боловч үүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, эрх бүхий байгууллагад хандаагүй байна. Харин нэхэмжлэгч О.У үхрээ эрж хайж байсан нь М.Хы тодорхойлолтоор нотлогдож байна.

Иймд хариуцагч (хадгалагч) Х.Х нь Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д заасны дагуу хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан тул нэхэмжлэгч (хадгалуулагч) О.Уд учирсан хохирол болох 4 настай монгол үнээ нэг буюу 650000 төгрөгийг хариуцагч Х.Хгаас гаргуулан нэхэмжлэгч О.Уд олгох зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө бүрдүүлэх үүрэгтэй учир нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэлүүлэхэд төлсөн гэх 20000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20630 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Хгаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох 20150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-ийг тус тус баримтлан хариуцагч РД:0000 Ш овогт Хы Хгаас 4 настай монгол үнээ нэг буюу 650000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РД:0000 Х овогт О Уд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20000 (хорин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Ун улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20630 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Хгаас 20150 (хорин мянган нэг зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Уд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК