Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/01429

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/01429

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 34-528 тоот хаягт оршин суух, Бэсүд овогт Ганхуягийн Баярмаа /регистрийн дугаар ХЗ87120809/-ийн нэхэмжлэлтэй,

 

: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9а байр хаягт байрлах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдох

 

ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны №Б/57 тушаалыг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тушаалаар мэдээллийн санг хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан.

Учир нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны №Б/57 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

******* нь мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдахуйц буруутай үйл ажиллагаа хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад дурдсан үйл явдал болоогүй юм.

Гэтэл Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гэх үйлдлийг гаргасан гэж үзэж дээрх заалтыг баримталж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь сахилгын зөрчил тус тусдаа тогтоогдсон байх, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг гаргасан байх зэрэг дээрх хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцлүүдээс нэгийг ч гаргаагүй.

Мөн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/18 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зөрчлийг гаргаагүй 3 хүртлэх насны хүүхэдтэй эх тул ажлаас халахыг хориглох заалтад хамаарч байгаа.

Иймд ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны №Б/57 тушаалыг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны №Б/57 тушаалыг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 4,345,997 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

 

Хариуцагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай сан нь Тариалангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, холбогдох бусад хууль, журам, тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг улсын төсвийн байгууллага юм. ******* нь гүйцэтгэх захирлын 2009 оны 09 сарын 14-ний өдрийн дугаар 35 тоот тушаалаар тус санд ажилтнаар орон ажиллаж байх хугацаанд 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Шандун Фотон Ловол хэви индасри интернейшнл трейдинг компанитай NCB/11/GG/01-AM-2012 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу нийт 8400 ширхэг трактор, дагалдах техник хэрэгслийг ажлын хэсэг хүлээн авч, тус тракторыг монгол улсын хилээр орж ирсэн техникийн бичиг баримтыг /сертификат/ сангийн мэдээллийн сан, зээлийн гэрээ, эргэн төлөлт хариуцсан мэргэжилтэн ******* нь хүлээн авч трактор авахыг хүссэн иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан трактор авах зөвшөөрлийн хуудсыг олгодог болно. *******г техник борлуулалтын албанд трактор, дагалдах эд анги, сэлбэг хэрэгсэлийн зээлийн гэрээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан хугацаанд бараа материал дутагдсан тухай дараах ноцтой зөрчил илэрч тогтоогдсон байна. Үүнд:

Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/01 тушаалаар 2015 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын ажил гүйцэтгэсэн ба комиссын тооллогын тайлан, санхүүгийн мэдээнд бага оврын трактор 1116 ширхэг байх ёстойгоос 1100 ширхэг гэж тоолон 16 ширхэг трактор дутсан зөрчил гарсан.

Гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар А/17 тушаалаар 2016 оны жилийн эцсийн тооллогын комиссын тооллогын дүн, санхүүгийн тайлан мэдээгээр нийт 73 ширхэг трактор байхаас 61 ширхэг тоологдож 12 трактор дутаж, улмаар 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн дугаар А/27 тушаалаар Дотоод хяналт шалгалтын комисс байгуулагдан шалгалт хийсэн бөгөөд 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн комиссын актаар улсад 12 ширхэг бага оврын трактор дутсан зөрчил тогтоогдсон тухай акт гарсан. Тус 12 ширхэг трактор нь улсад нийт 60,000,000 төгрөгийн хохирол учруулж байгаа болно.

Мөн Сангийн Үйлдвэрлэлийн баазын хашаанд үлдэгдэл 61 ширхэг трактор нь тоногдож, худалдах боломжгүй бөгөөд ажиллах нөхцөл алдагдсан, хэвийн ажиллагааг хангаж угсархад шаардагдах сэлбэг, тоног төхөөрөмжүүдийг Шинэ ундрах булаг трейдинг ХХК-тай АҮ/2016/80 тоот гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус гэрээг дүгнэсэн актын дагуу сангийн зардлаар 7,000,000 төгрөгөөр сэлбэг хэрэгсэл худалдан авсан ба цаашид сэлбэг хэрэгсэл дутагдсаар байна.

******* нь 2009 оноос үйлдвэрлэл, техник борлуулалтын албанд трактор, дагалдах эд ангийн мэдээллийн сан, зээлийн гэрээ, эргэн төлөлт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг чөлөөлөгдөх хүртэл хугацаанд хийж байсан ба удаа дараа дутагдсан бараа материалын зөрчлийн талаар ямар нэгэн ажил хийгээгүй, улсад учирсан хохирол шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна.

Мөн иргэн аж ахуй нэгжүүдэд олгосон трактор, бараа материалын зээлийн эргэн төлөлт хангалтгүй, Улсын сангийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсэн байна.

Дахин нэмэгдэж дутагдсан трактор, дагалдах техник хэрэгслийн гэрээ хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн *******гийн ажлын дутагдал болон ноцтой зөрчлийн тухай 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурал-аар хэлэлцэн ажлаас халж хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах тухай байгууллагын хамтын шийдвэр гарсан бөгөөд тус дутагдсан трактор, сэлбэг хэрэгсэлтэй холбогдох үйл баримтыг холбогдох этгээдийн хамт эрүүгийн цагдаагийн газар өгч шалгуулж байгаа болно.

******* нь байгууллагын трактор, техникийн зээлийн гэрээ, эргэн төлөлт, мэдээллийн сан хариуцсан ажилтан бөгөөд ажил олгогчийн мэдлийн эд хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, ирсэн гарсан трактор тоног төхөөрөмжүүдэд гэрээ, гэрээний өөрчлөлт хийх зөвшөөрөл, зээлийн эргэн төлөлтийг хариуцан ажиллах үүрэгтэй ба тус хийсэн ажлын талаар байгууллагын мэдээллийн сан үүсгэн хяналт тавих ажлыг хариуцсан эрх, үүрэг бүхий албан тушаалтан юм.

Дээрхи үйл баримт, дотоод хяналтын актыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д *******гийн Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд ажилтантай байгуулсан гэрээний 7-р зүйлийн 7.3-т зааснаар Шунахайн сэдлээр сангийн ...өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсаны улмаас хохирол учруулсан... хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж зааснаар, мөн хуулийн 40.1.5-д ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл эс үйлдэхүй нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөдөлмөрийн дотоод журам-ын 10-р зүйлийн 10.1.8-д зааснаар Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэгт /...эд материалын болон бусад хохирол учруулсан.../ нь актаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны техник тоног төхөөрөмжийн судалгаа, мэдээлэл, зээлийн гэрээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан *******г тус сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажлаас чөлөөлжээ.

 

Дээрх 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрмийн 22 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн ажээ.

 

Хариуцагч нь *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаар тайлбарлахдаа, түүнийг техник борлуулалтын албанд трактор, дагалдах эд анги, сэлбэг хэрэгсэлийн зээлийн гэрээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд буюу 2015 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогоор 16 ширхэг трактор, 2016 оны жилийн эцсийн тооллогын комиссын тооллогоор 12 трактор дутсан, мөн Сангийн Үйлдвэрлэлийн баазын хашаанд үлдэгдэл 61 ширхэг трактор нь тоногдож, худалдах боломжгүй бөгөөд ажиллах нөхцөл алдагдсан, хэвийн ажиллагааг хангаж угсархад 7,000,000 төгрөгийн зардлыг сангаас гаргасан, цаашид сэлбэг хэрэгсэл дутагдсаар байгаа, удаа дараа дутагдсан бараа материалын зөрчлийн талаар ямар нэгэн ажл . хийгээгүй, улсад учирсан хохирол шийдэгдээгүй хэвээр үлдсэн, иргэн аж ахуй нэгжүүдэд олгосон трактор, бараа материалын зээлийн эргэн төлөлт хангалтгүй, улсын сангийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсэн, дахин нэмэгдэж дутагдсан трактор, дагалдах техник хэрэгслийн гэрээ хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн *******гийн ажлын дутагдал болон ноцтой зөрчлийн тухай 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурал-аар хэлэлцэн ажлаас халж хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах тухай байгууллагын хамтын шийдвэр гарсан гэжээ.

 

Гэвч эд хөрөнгө дутсан, хугацаа хэтэрсэн өр нэмэгдсэн зэрэг зөрчилд нэхэмжлэгч *******гийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нотлогдож тогтоогдоогүй байх тул Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хэдийгээр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын Дотоод хяналт шалгалт хийх тухай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/27 дугаар тушаалын дагуу явагдсан шалгалтын комиссын дүгнэлтэд ...Тракторын зээл, гэрээ, эргэн төлөлт хариуцсан мэргэжилтан ******* ... нар нь хариуцсан албан үүрэгтээ хайхрамжгүй хандаж зарим тракторуудыг урьдчилгаа төлбөр хийлгэлгүй, гэрээ байгуулахгүйгээр олгосон байж болзошгүй, эсхүл санаатайгаар хөрөнгийг шамшигдуулсан, дутаасан зэрэг ноцтой зөрчлүүдийг дахин давтан үйлдэж, байгууллагад ихээхэн хэмжээний санхүүгийн хохирлыг учруулсан... гэж дурдсан байх боловч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаал гарах үед түүний гэм буруутай эсэх нь нотлогдож тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон техник борлуулалтын албаны техник тоног төхөөрөмжийн судалгаа, мэдээлэл, зээлийн гэрээний мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд, ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзэхээргүй байна.

 

*******г эрхэлж байсан ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4,345,997 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийн баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *******гийн нэг сарын дундаж цалин 857,927 төгрөг (639,783+974,000+960,000=2,573,783; 2,573,783/3=857.927) нэг өдрийн цалин 40,468 төгрөгийг ажилгүй байсан 4 сар 28 хоногт тооцход 4,564,819 төгрөг байх боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ хариуцагчаас гаргуулахаар шаардсан 4,345,997 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны Техник тоног төхөөрөмжийн судалгаа, мэдээлэл, зээлийн гэрээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4,345,997 төгрөгийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2.     Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд даалгасугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч տ, 人 , хөнгөн үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид 84,486

 

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА