Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 01864

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01429 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдох

 

  Гүйцэтгэх захирлын 2016 оны №Б/57 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Алтангадас,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тушаалаар мэдээллийн санг хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Учир нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны №Б/57 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна. Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдахуйц буруутай үйл ажиллагаа хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад дурдсан үйл явдал болоогүй юм. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гэх үйлдлийг гаргасан гэж үзэж дээрх заалтыг баримталж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь сахилгын зөрчил тус тусдаа тогтоогдсон байх, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг гаргасан байх зэрэг дээрх хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүдээс нэгийг ч гаргаагүй. Мөн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/18 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зөрчлийг гаргаагүй 3 хүртлэх насны хүүхэдтэй эх тул ажлаас халахыг хориглох заалтад хамаарч байгаа. Иймд ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны №Б/57 тушаалыг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сан нь Тариалангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, холбогдох бусад хууль, журам, тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг улсын төсвийн байгууллага юм. Г.Баярмаа нь гүйцэтгэх захирлын 2009 оны 9 сарын 14-ний өдрийн дугаар 35 тоот тушаалаар тус санд ажилтнаар орон ажиллаж байх хугацаанд 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын “Шандун фотон ловол хэви индасри интернейшнл трейдинг” компанитай NCB/11/GG/01-AM-2012 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 8400 ширхэг трактор, дагалдах техник хэрэгслийг ажлын хэсэг хүлээн авч, тус тракторыг Монгол Улсын хилээр орж ирсэн техникийн бичиг баримтыг /сертификат/ сангийн мэдээллийн сан, зээлийн гэрээ, эргэн төлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Баярмаа нь хүлээн авч трактор авахыг хүссэн иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан трактор авах зөвшөөрлийн хуудсыг олгодог болно. Г.Баярмааг техник борлуулалтын албанд трактор, дагалдах эд анги, сэлбэг хэрэгсэлийн зээлийн гэрээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан хугацаанд бараа материал дутагдсан тухай дараах ноцтой зөрчил илэрч тогтоогдсон байна. Үүнд: Гүйцэтгэх захирлын 2016 оны 1 сарын 05-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/01 тушаалаар 2015 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын ажил гүйцэтгэсэн ба комиссын тооллогын тайлан, санхүүгийн мэдээнд бага оврын трактор 1116 ширхэг байх ёстойгоос 1100 ширхэг гэж тоолон 16 ширхэг трактор дутсан зөрчил гарсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн  А/17 тоот тушаалаар 2016 оны жилийн эцсийн тооллогын комиссын дүн, санхүүгийн тайлан мэдээгээр нийт 73 ширхэг трактор байхаас 61 ширхэг тоологдож 12 трактор дутаж, улмаар 2016 оны 10 сарын 17-ны өдрийн А/27 тоот тушаалаар Дотоод хяналт шалгалтын комисс байгуулагдан шалгалт хийсэн. 2016 оны 10 сарын 31-ний өдрийн комиссын актаар улсад 12 ширхэг бага оврын трактор дутсан зөрчил тогтоогдсон тухай акт гарсан. Тус 12 ширхэг трактор нь  нийт 60 000 000 төгрөгийн хохирол учруулж байгаа болно. Мөн сангийн үйлдвэрлэлийн баазын хашаанд үлдэгдэл 61 ширхэг трактор нь тоногдож, худалдах боломжгүй бөгөөд ажиллах нөхцөл алдагдсан, хэвийн ажиллагааг хангаж угсарахад шаардагдах сэлбэг, тоног төхөөрөмжүүдийг “Шинэ ундрах булаг трейдинг” ХХК-тай АҮ/2016/80 тоот гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус гэрээг дүгнэсэн актын дагуу сангийн зардлаар 7 000 000 төгрөгөөр сэлбэг хэрэгсэл худалдан авсан ба цаашид сэлбэг хэрэгсэл дутагдсаар байна. Г.Баярмаа нь 2009 оноос үйлдвэрлэл, техник борлуулалтын албанд трактор, дагалдах эд ангийн мэдээллийн сан, зээлийн гэрээ, эргэн төлөлт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг чөлөөлөгдөх хүртэл хугацаанд хийж байсан ба удаа дараа дутагдсан бараа материалын зөрчлийн талаар ямар нэгэн ажил хийгээгүй, улсад учирсан хохирол шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна. Мөн иргэн аж ахуй нэгжүүдэд олгосон трактор, бараа материалын зээлийн эргэн төлөлт хангалтгүй, Улсын сангийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсэн байна. Дахин нэмэгдэж дутагдсан трактор, дагалдах техник хэрэгслийн гэрээ хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн Г.Баярмаагийн ажлын дутагдал болон ноцтой зөрчлийн тухай гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн хуралаар хэлэлцэн ажлаас халж хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах тухай байгууллагын хамтын шийдвэр гарсан бөгөөд тус дутагдсан трактор, сэлбэг хэрэгсэлтэй холбогдох үйл баримтыг холбогдох этгээдийн хамт эрүүгийн цагдаагийн газар өгч шалгуулж байгаа болно. Г.Баярмаа нь байгууллагын трактор, техникийн зээлийн гэрээ, эргэн төлөлт, мэдээллийн сан хариуцсан ажилтан бөгөөд ажил олгогчийн мэдлийн эд хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, ирсэн гарсан трактор тоног төхөөрөмжүүдэд гэрээ, гэрээний өөрчлөлт хийх зөвшөөрөл, зээлийн эргэн төлөлтийг хариуцан ажиллах үүрэгтэй ба тус хийсэн ажлын талаар байгууллагын мэдээллийн сан үүсгэн хяналт тавих ажлыг хариуцсан эрх, үүрэг бүхий албан тушаалтан юм. Дээрхи үйл баримт, дотоод хяналтын актыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар Г.Баярмааг ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд ажилтантай байгуулсан гэрээний 7-р зүйлийн 7.3-т зааснаар шунахайн сэдлээр сангийн өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсаны улмаас хохирол учруулсан, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж зааснаар, мөн хуулийн 40.1.5-д ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл эс үйлдэхүй нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.8-д зааснаар Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэгт /... эд материалын болон бусад хохирол учруулсан .../ нь актаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Баярмааг урьд эрхэлж байсан Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны техник тоног төхөөрөмжийн судалгаа, мэдээлэл, зээлийн гэрээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 345 997 төгрөгийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргуулж нэхэмжлэгч Г.Баярмаад олгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд даалгаж,  

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Баярмаа нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 84 486 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын “Шандунь фотон ловол хэви индастри интернейшнл” ХХК-тай 2012 оны 2 сарын 01-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 8400 ширхэг бага оврын тракторыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам авч санд шилжүүлэн өгснөөр бид газар тариалан эрхлэгчидтэй гэрээ байгуулан олгох үйл ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэж ирсэн. Дээрхи хугацаанд ихэнх тракторуудыг гэрээгээр борлуулсан бөгөөд Сангийн 2016 оны балансад 73 ширхэг бага оврын трактор бүртгэлтэй үлдсэн байдаг. Гэтэл гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон тооллогын комиссын тайлан, Дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлт, хүнс, хөдөө аж ахуйн яамны улсын ахлах байцаагчийн актаар 11 ширхэг трактор, 9 ширхэг хадуур нийт 56 838 602 төгрөгийн хохирол учруулсан. 61 ширхэг трактор тоногдож, сэлбэг хэрэгсэл эд анги нь дутаж эвдэрсэн, хэвийн ажиллах боломжгүй болсон байдалтай байгааг засварлахад өнөөдрийн байдлаар 7 000 000 /долоон сая/ төгрөгийн сэлбэгийг худалдан авч хийгээд байна. Г.Баярмаа нь нь 2009 оноос эхлэн мэдээллийн сан, гэрээний мэргэжилтэний үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2012 онд трактор, хадуур худалдаж борлуулж эхэлсэн үеэс тус трактор, хадуурыг хөнгөлттэй нөхцөлөөр аж ахуй нэгж, иргэдэд олгох, гэрээ байгуулах, хуваарилах, эргэн төлөлт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд нь ажлын хариуцлага алдаж, үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас трактор, тармуур дутааж байгууллагад хохирол учруулсан болох нь Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн  А/17 тоот тушаалаар байгуулагдсан тооллогын комиссын тайлангаас ойлгогдож байна. Г.Баярмаа нь батлагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу дутагдсан трактор, хадуурын талаар судалгаа мэдээлэл гаргадаггүй, илэрсэн зөрчил дутагдал мөн олгосон техникийн зээлийн эргэн төлөлтийн талаар ажил хийдэггүй байсан байдал нь тус трактор, хадуур дутаасан тухай актаар тогтоогдсон ноцтой зөрчилтэй үйлдэл, эс үйлдэхгүйгээр холбоотой байна. Г.Баярмаагийн дутаасан трактор, хадуурын тухай 2016 оны 10 сарын 31-ний өдрийн "Дотоод хяналт шалгалтын комисс"-ын дүгнэлт гарсан. Дутагдсан трактор, тоногдсон сэлбэг хэрэгслийг олгох, гэрээ байгуулах, эргэн төлөлтийг төвлөрүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан Г.Баярмаагийн гаргасан ноцтой зөрчлийн тухай 2016 оны 11 сарын 16-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн төлбөрийг төлүүлэх, ажлаас халж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх тухай байгууллагын шийдвэр гарсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчийн 2017 оны 3 сарын 25-ны өдрийн 13-03/01 тоот актад манай байгууллагын 2012-2016 оны хооронд бага оврын трактортой холбогдох санхүү аж ахуйн үйл ажиллагаанд аудитын шалгалтыг хийсэн бөгөөд 2012-2016 онуудад тус тус Г.Баярмаа нь тухайн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байснаас харахад тус актаар тогтоогдсон 11 ширхэг трактор, 9 ширхэг хадуур нийт 56 838 602 төгрөгийн хохирол учруулсан зөрчилд Г.Баярмаа нь хариуцлага хүлээн, төлбөрийг төлөх ёстойг тогтоосон гэж үзэхээр байна. Г.Баярмаа нь хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан ноцтой зөрчил буюу шунахайн сэдлээр сангийн болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон байхад дутагдуулсан тухай баримтуудыг буруу үнэлсэн. Г.Баярмаа нь сангийн трактор, хадуурын олголт, гэрээ, зээлийн эргэн төлөлт хариуцсан үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан гэдэг нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тооллогын тайлан, дотоод хяналтын акт, яамны улсын ахлах байцаагчийн акт зэргээр тогтоогдож байх бөгөөд байгууллагын эд хөрөнгө дутагдуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон байтал дутуу, буруу үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Баярмаа нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Г.Баярмаа нь 2009 оны 9 сарын 14-ний өдрөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

 

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажилтан Г.Баярмаар Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны техник тоног төхөөрөмжийн судалгаа, мэдээлэл, зээлийн гэрээ хариуцсан мэргэжилтны албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3,  хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8-д заасныг тус тус үндэслэжээ. /хх-ийн 6-7 дугаар тал/

 

Анхан шатны шүүх ажил олгогчоос ажилтан Г.Баярмааг хөдөлмөрийн ноцтой зөрчил буюу “шунахайн сэдэлтээр байгууллагын эд хөрөнгийг дутаасан, шамшигдуулсан” гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн ба хариуцагч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Хэрэгт хариуцагч байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шалгалтын комиссын дүгнэлт авагдсан, уг дүгнэлтэд  ажилтан Г.Баярмааг “...санаатайгаар байгууллагын эд хөрөнгийг шамшигдуулсан нь ноцтой зөрчилд тооцогдоно” гэж дурдсан байх боловч энэ нь тухайн байгууллагын өөрийнх нь дотооддоо гаргасан дүгнэлт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь хэрэгт хариуцагч байгууллагаас Эрүүгийн цагдаагийн газрын, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд байгууллагын эд хөрөнгө дутсан талаар гомдол гаргаж, энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа  явагдаж байгаа болох нь цагдаагийн байгууллагын албан бичгээр тогтоогдож байх боловч уг баримтад ажилтан Г.Баярмаагийн “...санаатайгаар байгууллагын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан” гэх буруутай үйлдлийн талаар агуулсан баримтат мэдээлэл агуулаагүй байна. /хх-ийн 132-138 дугаар тал/

 

            Иймд нэхэмжлэгч Г.Баярмааг хөдөлмөрийн гэрээнд  заасан уг төрлийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

            Мөн ажилтан Г.Баярмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болох эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь ажилтан Г.Баярмаатай ажил олгогчоос байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тэрээр “техник тоног төхөөрөмжийн судалгаа, мэдээлэл, зээлийн гэрээний мэргэжилтэн”-ий албан тушаал эрхэлж байсан байх бөгөөд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш байна.

 

Иймд анхан шатны шүүх Г.Баярмааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд техник тоног төхөөрөмжийн судалгаа, мэдээлэл, зээлийн гэрээний мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай  тус тус нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 486 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ