Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/03927

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/03927

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Г ХХК

 

Хариуцагч: Б.Т

 

Хариуцагч: Б.Г

зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 139,045,211.52 төгрөг, зээлийн хүү 6,483,713.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,596.52 төгрөг, нийт 145,547,521.79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Т, Б.Г нар нь 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ1105101460 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 146,000,000 /нэг зуун дөчин зургаан сая/ төгрөгийг жилийн 8 /найман/ хувийн хүүтэйгээр 240 /хоёр зуун дөчин/ сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дор дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдийг барьцааны гэрээний дагуу барьцаалсан болно. Үүнд:

1.    БГ1105101460 дугаарт Ипотекийн гэрээгээр Б.Т, Б.Г нарын өмчлөлийн БЗД, 25-р хороо, 13-р хороолол, Намьяанжугийн гудамж, улсын бүртгэлийн дугаар бүхий 3 өрөө орон сууц,

2.    БГ1105101460А дугаарт Ипотекийн гэрээгээр Б.Т, Д.Г нарын өмчлөлийн БГД, 12-р хороо, 6 бичил хороолол,  улсын бүртгэлийн дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэтэл зээлдэгч Б.Т, Б.Г нар нь ЗГ1105101460 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролисон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 255 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 139,045,211.52 төгрөг, зээлийн хүү 6,483,713.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,596.52 төгрөг нийт 145,547,521.79 /Нэгзуун дөчин таван сая таван зуун дөчин долоон мянга таван зуун хорин нэгэн төгрөг далан есөн мөнгө/ төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар баръцаалагчийн шаардлагыг хангана гэж 174 дүгээр зүйлийн 174.1 -т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үурэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

         Б.Т, Б.Г нараас 145,547,521.79 /Нэг зуун дөчин таван сая таван зуун дөчин долоон мянга таван зуун хорин нэгэн төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Гд олгуулж өгнө үү.

         БГ1105101460 дугаарт Ипотекийн гэрээгээр БЗД, 25-р хороо, 13-р хороолол, Намьяанжугийн гудамж,  тоот 76.91 м.кв, улсын бүртгэлийн дугаар бүхий 3 өрөө орон сууц, БГ1105101460А дугаарт Ипотекийн гэрээгээр БГД, 12- р хороо, 6 бичил хороолол,  тоот 29 м.кв, улсын бүртгэлийн  дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ1105101460 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 139,045,211.52 төгрөг, зээлийн хүү 6,483,713.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,596.52 төгрөг, нийт 145,547,521.79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хариуцагч Б.Т 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, хариуцагч Б.Гд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг өмнө нь хойшилсон 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн шүүх хуралдааны дараа мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байна. Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1105101460 дугаар орон сууцны зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 7 дугаар тал/ Уг гэрээгээр 146,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатайгаар жилийн 8 хувийн хүү төлөхөөр тохиролцон байгуулсан. Гэрээний дагуу 146,000,000 төгрөгний зээл олгогдсон болох нь хариуцагч Б.Т-ын Голомт банк дахь дугаар зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд хариуцагч нарт зээлийг буцаан төлөх үүрэг үүсжээ.

 

Хариуцагч нь зээлийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн, нэхэмжлэгч талаас удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардаж байсан нь 2015 оны 11 дүгээр сарын, 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн, 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн анхааруулга, мэдэгдэлээр тогтоогдож байна. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн талаар маргаагүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах эрх үүссэн байна. Гэрээний энэхүү заалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцэж байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь жилийн 8 хувийн хүүтэй тул сард 0,666667 хувь, өдөрт 0,022222 хувийн хүү тооцогдоно. Гэрээ байгуулагдсанаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил, 11 сар, 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Үүнээс тооцвол хариуцагч нь зээлийн хүүнд жилд 11,680,000 төгрөг буюу 2 жилд 23,360,000 төгрөг, сард 973,333.33 /11,680,000/12/ төгрөг буюу 11 сард 10,706,666.63 төгрөг, хоногт 32,444.44 /973,333.33/30/ төгрөг буюу 14 хоногт 454,222.16 төгрөг, нийт 34,520,888.79 төгрөг төлөх үүрэгтэй. Улмаар үндсэн зээлийг нэгтгэн тооцвол хариуцагч нь зээлийн гэрээг цуцлах хүртэл 180,520,888.79 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний хугацаанд нийт 34,037,345.20 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан ба энэ нь хариуцагчийн дээрх зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагч нь үүнээс илүү буцаан төлөлт хийсэн эсэх талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эдгээрээс тооцвол зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 146,000,000 төгрөг, хүүнд 34,520,888.79 төгрөг, нийт 180,520,888.79 төгрөг төлөх үүрэгтэйгээс 34,037,345.20 төгрөгийг төлж, үлдэх 146,483,543.59 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэвч нэхэмжлэгч нь үндсэн зээлд 139,045,211.52 төгрөг, хүүнд 6,483,713.75 төгрөг, нийт 145,528,925.27 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд тооцох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байх тул нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй юм. Иймд нэмэгдүүлсэн хүү болох 18,596.52 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 145,528,925.27 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,596.52 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын хувьд: Зохигчидын хооронд байгуулагдсан дээрх ЗГ1105101460 дугаар орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол, Намъяжугийн гудамж, 171г байр, 37 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцанд холбогдох БГ1105101460 дугаар ипотекийн гэрээ, Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 20 байр, 42 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцанд холбогдох БГ1105101460А дугаар ипотекийн гэрээг тус тус байгуулж дээрх үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна. Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т нийцсэн байна. Түүнчлэн нь БГ1105101460А дугаар ипотекийн гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 20 байр, 42 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч нь иргэн Д.Гансүх байна. /хэргийн 22 дугаар тал/ Ийнхүү зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын хамтран өмчлөх эд хөрөнгө байгаа нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т нийцэж байгааг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Б.Т, Б.Г нараас 145,528,925.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,596.52 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Т, Б.Г нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол, Намъяжугийн гудамж,  тоот хаягт байрлах 76,91 мкв, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, оот хаягт байрлах 29 мкв, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 955,887.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 955,795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД