Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 00569

 

             “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03927 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т, Б.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 139 0458 211,52 төгрөг, зээлийн хүү 6 483 713,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 596,52 төгрөг нийт 145 547 521,79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Т, Б.Г нар  2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ1105101460 дугаар зээлийн гэрээ байгуулж, 146 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ барьцаалсан болно. Үүнд: БГ1105101460 дугаарт Ипотекийн гэрээгээр Б.Т, Б.Г нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж, 171г байр 37 тоот 76.91 м.кв, улсын бүртгэлийн Ү-2204020972 дугаартай 3 өрөө орон сууц, БГ1105101460А дугаартай ипотекийн гэрээгээр Б.Т, Д.Г нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 20 дугаар байр 42 тоот 29 м.кв, улсын бүртгэлийн Ү-2205006011 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Б.Т, Б.Г нар ЗГ1105101460 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 255 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 139 045 211,52 төгрөг, зээлийн хүү 6 483 713,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 596,52 төгрөг нийт 145 547 521,79 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар Б.Т, Б.Г нараас 145 547 521,79 төгрөг гаргуулж, БГ1105101460 дугаартай ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж, 171г байр 37 тоот 3 өрөө орон сууц, БГ1105101460А дугаартай Ипотекийн гэрээгээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 20 дугаар байр 42 тоот, 2 өрөө орон сууцыг худалдан ЗГ1105101460 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Т, Б.Г нараас 145 528 925,27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 596,52 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Б.Т, Б.Г нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол, Намъяжугийн гудамж, 171г байр, 37 тоот хаягт байрлах 76,91 мкв, эрхийн улсын бүртгэлийн Y-2204020972 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 20 байр, 42 тоот хаягт байрлах 29 мкв, эрхийн улсын бүртгэлийн Y-2205006011 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 955 887,61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 955 795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарсан гэж үзэж байна. Хариуцагч Б.Т, Б.Г нар шүүхэд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч боломжоор хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч Б.Т, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 139 045 211,52 төгрөг, зээлийн хүү 6 483 713,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 596,52 төгрөг нийт 145 547 521,79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1105101460 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, 146 000 000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй.

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Г” ХХК-иас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт болно.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бөгөөд хариуцагч талаас энэ талаар гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК-иас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан атлаа нэмэгдүүлсэн хүү тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцээгүй тул нэмэгдүүлсэн хүүнд 18 596,52 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гомдол гаргаагүй.

Хариуцагч нар өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй гэх үндэслэлээр тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хариуцагч Б.Т-д 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, хариуцагч Б.Г-д 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссан тул уг хугацааг сунгасан, мөн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч нар өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу 2017 оны12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул өмгөөлөгч авах эрхээр нь хангасан гэж үзнэ.

Иймд хариуцагч нарыг өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгах, зохих ажиллагаа хийгээгүй, талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 955 795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

                                                                                                            Д.БАЙГАЛМАА