Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/00397

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/00397

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б........................тоотод оршин суух, М.С /РД: 000000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, өөрийн байр, БЗт холбогдох

Түрээсийн төлбөр болон засварын зардалд 31.030.665 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Ч.Г,

Прокурор Э.Ундраххэрлэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БЗ нь М.Сгийн өмчлөлийн хххххххххххххххххххххххх тоотод байрлах, ххххххххххххх төвийн үйлчилгээний зориулалттай, 525 м.кв талбай бүхий ажлын байрыг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2013/02 тоот түрээсийн гэрээний дагуу түрээслэж эхэлсэн.

Уг гэрээний хугацаа дуусахад 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2014/01 тоот, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2014/05 тоот түрээсийн гэрээг тус тус дахин байгуулж түрээсийн байрыг тасралтгүй үргэлжлүүлэн ашигласан.

Түрээсийн байрны 470 м.кв талбайг нь БЗ, 55 м.кв талбайг нь Төрийн банк тус тус түрээсийн гэрээний дагуу ашигласан ба хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг нь түрээслэсэн тул гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй.

БЗ нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон түрээсийн байрнаас нүүх гэж байгаа тухай албан бичиг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүнээр дамжиж ирсэн.

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түрээслүүлэгч талаас Ш.О, Б.Цэвээн, Д.Т нар, түрээслэгч талаас тус байгууллагын нягтлан бодогч Р.С , хүний нөөцийн мэргэжилтэн Б.Ө, эдийн засагч С.Б, хөрөнгө хариуцсан ажилтан Б.З нар байлцан түрээсийн байрыг албан ёсоор хүлээлцэн акт үйлдсэн.

Түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх хугацааг олон удаа хэтрүүлж чирэгдэл учруулж байсан ба хамгийн сүүлд түрээсийн байрыг актаар хүлээлцсэний дараа төлбөрийг шилжүүлэхдээ 8 хоног ашигласны төлбөр буюу 3.845.460,64 төгрөг дутуу төлсөн.

Түрээсийн гэрээний 3.12-т Түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссаны дараа ажлын байрны цаашдын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс ажлын байрыг анхны байдалд нь оруулж өгнө гэсэн заалтыг зөрчиж нүүж гарахдаа засвар хийгээгүй. М.С нь байранд засвар хийх гэж байгаа, хийж байгаа талаар амаар удаа дараа мэдэгдэхэд огт хэрэгсээгүй.

2016 оны сард талууд уулзан тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн түрээсийн байрнаас гарахаас өмнөх хугацааны түрээсийн төлбөр 10.591.721 төгрөгийг шилжүүлж авсан.

М.С нь өөрийн зардлаар бараа, материал худалдан авч бусдаар засварын ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 8 хоногийн түрээсийн төлбөр 3.485.460 төгрөг, засварын зардал 27.545.205 төгрөг, нийт 31.030.665 төгрөгийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү.

Материалын зардал 14.256.625 төгрөг, ажлын хөлс 12.372.580 төгрөг, тээврийн зардал 916.000 төгрөг, нийт 27.545.205 төгрөг болж байгаа гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Ч.Г нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах, өөрийн байр нь ажлын байрны нөхцөл муу, ус, дулаан хэвийн хэмжээнд явагдахгүй, иргэдэд үйлчлэх боломжгүй байдал үүсэж ажиллах боломжгүй болсон. Энэхүү нөхцөл байдлыг холбогдох дээд шатны байгууллагуудад удаа дараа танилцуулснаар өөрийн байртай болох хүртлээ нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэх үүднээс иргэн М.Сгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулан 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нүүж орсон.

Түрээсийн төлбөрийг сард 13.500.000 төгрөгөөр тооцон 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан ба энэ хугацаанд орох байсан байрны барилгын ажил зогсон орох боломжгүй байснаас 2014/01 тоот гэрээгээр 13.070.474 төгрөгийн түрээсийн төлбөртэйгээр хугацааг дахин 6 сараар сунгасан ба мөн 2014/05 тоот гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээгээ сунгасан.

Байрыг түрээслэх хугацаанд дээд газраас санхүүжилт орж ирэх бүрт түрээсийн төлбөрийг шилжүүлж ажиллаж байсан.Тус хэлтэс ашгийг төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш, иргэдэд үйлчилдэг төрийн байгууллага тул санхүүжилт орж ирэхгүй, саатах тохиолдол манай хэлтсээс шалтгаалахгүй нэг удаа гарч байсан. Энэ үед иргэн М.Сг төлөөлөх холбогдох хүмүүстэй уулзаж асуудлыг танилцуулан санхүүжилт орж ирмэгц асуудлыг шийдвэрлэж байсан.

2015 онд санхүүжилт зөвшөөрөгдөн орж ирснээр 2015 оны 11 дүгээр сард тус хэлтсийн шинэ байр ашиглалтанд орсон ба түрээсийн байрнаас нүүх тухай мэдэгдлийг иргэн М.Сд 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 19/735 тоот албан бичгээр хүргүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор цэвэрлэгээг хийж бүрэн нүүж дууссан.

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгааг 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр үйлдсэн ба уг баталгаагаар нийт үлдэгдэл өр төлбөрийг 2 тал харилцан баталж үлдэгдэл төлбөр 10.591.721 төгрөгийг М.Сгийн дансанд шилжүүлсэн. Үүнээс үзэхэд түрээсийн төлбөр болон засварын зардалтай холбоотой ямар нэгэн шаардлага дууссан.

Иймд М.Сгийн түрээсийн төлбөр 3.485.460 төгрөг, засварын зардал 27.545.205 төгрөг, нийт 31.030.665 төгрөг гаргуулах тухай шаардлагы хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 31.030.665 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 8 хоногийн түрээсийн төлбөр 3.485.460 төгрөг, материалын зардал 14.256.625 төгрөг, ажлын хөлс 12.372.580 төгрөг, тээврийн зардал 916.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч БЗтэй 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч БЗ нь М.Сгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн булгийн 6-д байрлах, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай, 525 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг буюу 470 м.кв талбайг 3 сарын хугацаанд эзэмшиж, ашиглахаар, сард 13.500.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр тохирсон нь зохигчийн тайлбар, түрээсийн гэрээ болон түрээсийн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

Уг гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр мөн оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тус тус сунгасан ба 1 сард төлөх түрээсийн төлбөрийг 13.070.470 төгрөг хэмээн тохирчээ.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн булгийн 6-д байрлах, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай, 525 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө иргэн М.Сгийн өмчлөлийн хөрөнгө болох нь түүнд 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон 0032646 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 5-23 дугаар тал/

 

Хариуцагч БЗ нь иргэн М.Сгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус нэг хэсгийг нь түрээслэсэн тул уг гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ.

 

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний талууд түрээсийн байрыг хүлээлцэх акт үйлдсэн ба түрээслүүлэгч талаас Б.Цэвээн, Д.Т, Ш.О, түрээслэгч талаас нягтлан бодогч Р.С , хүний нөөцийн мэргэжилтэн Б.Ө, эдийн засагч С.Б, хөрөнгө хариуцсан ажилтан Б.З нар байлцсан бөгөөд актад өрөө тасалгааний зарим тоноглол эвдэрсэн, 2 давхрын шатны урд талын шилэн хаалга хагарсан, цонх хагарсан, 1 давхрын 2 шилэн хаалга цоожгүй, 1 давхрын шалны плита хагарсан, паарны хаалт эвдэрсэн, 1 давхрын бие засах өрөөний суултуур эвдэрсэн, барилгад урсгал засвар хийх шаардлагатай талаар тус тус тусгажээ.

/ХХ-ийн 21-22 дугаар тал/

 

Нэхэмжлэгч М.С болон хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан бодогч нар 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлэхэд уг хугацаанд түрээслэгч нь 10.591.721 төлөхөөр тооцоо гарсныг хариуцагч БЗ 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төлсөн нь талуудын тайлбар, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 50-53 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага нь түрээсийн байрыг ашигласан үеийн төлбөр буюу тооцоо нийлсэний дагуу 10.591.721 төгрөгийг төлж түрээсийн төлбөрийн тооцоог дуусгасан тул 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 8 хоногийн түрээсийн төлбөр 3.485.460 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д түрээсийн хугацаа дууссаны дараа түрээслэн авсан барилга байгууламж, эд хөрөнгийг бүрэн бүтэн, анх түрээслэн авсан байдлаар нь хүлээлгэн өгнө,

3.10-т Жил бүрийн урсгал засварын зардлыг түрээслэгч тал хариуцна,

3.12-т Түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссаны дараа ажлын байрны цаашдын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс ажлын байрыг анхны байдалд нь оруулж өгнө хэмээн тохиролцжээ.

/ХХ-ийн 16-20 дугаар тал/

 

Түрээслэгч БЗ гэрээнд заасан дээрхи үүргүүдийг биелүүлээгүйгээс гадна түрээсийн байрыг хүлээлцэхэд уг байранд засвар хийх шаардлагатай байсан нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Түрээслэгч БЗ гэрээнд заасан дээрхи үүргүүдийг биелүүлээгүй тул түрээслэгч М.С нь өөрийн хөрөнгийг анхны байдалд нь оруулахын тулд Млоус ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан засварын ажлын хөлсөнд 12.372.580 төгрөгийг төлсөн ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 26-31 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу засварын ажлын хөлсөнд төлсөн 12.372.580 төгрөгийг түрээслүүлэгч М.Сгаас гарсан зардал гэж үзэн уг мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй.

 

Харин барилгын материалын зардал 14.256.625 төгрөг, тээврийн зардал 916.000 төгрөг, нийт 15.172.625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь засвар түрээслүүлэгч М.Сгийн хөрөнгийг засан сайжруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн худалдан авсан гэх зарим материалын болон гарсан зардлыг уг засвар шаардлагатай түрээсийн байрыг засахад зарцуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Тухайлбал: 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр барилгын хог хаягдал ачуулсан төлбөрт 500.000 төгрөг төлсөн баримт байх боловч уг төлбөрийг хэн төлсөн, ямар байгууллага, иргэн хог хаягдал ачуулсан нь тодорхой бус ажээ.

Хүрээ Цамхаг ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Гүүдкуалити ХХК-д түрээс хэмээн 100.000 төгрөг төлсөн талаархи төлбөрийн баримт авагдсаныг М.Сгийн барилгын засан сайжруулалтанд зарцуулагдсан гэж үзэхгүй.

2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр М.С нь 21.600 төгрөгийн үнэ бүхий бээлий, маск, монометр зэргийг, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 147.000 төгрөгийн бараа гэх зэргээр эд зүйлийг худалдан авсныг уг барилгын засан сайжруулалтанд зарцуулсан гэж үзэхэд эргэлзээтэй. Мөн тухайн үед түрээслэгч байгууллага түрээсийн байрыг гэрээний дагуу ашиглаж байсан, өөрөөр хэлбэл засварын ажил эхлээгүй цаг үе байгааг дурьдлаа.

М.Сгийн өөрийн байрны засварт зориулан зарцуулсан буюу худалдан авсан гэх баримтуудын зарим нь худалдан авсан огноо байхгүй байгаа тул нотлох баримтын хэмжээнд буюу түрээсийн байрны засварт зориулан авсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүслээ.

/ХХ-ийн 73-228 дугаар тал/

 

Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс 12.372.580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Сд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 18.658.085 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс 12.372.580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Сд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 18.658.085 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс 212.911 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Сд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН