Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1799

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05187 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХХХХ-т холбогдох,

 

Түрээсийн төлбөр болон засварын зардалд 31 030 665 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ,

Прокурор: ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “West Wing” төвийн үйлчилгээний зориулалттай 525 м.кв талбайг ХХХХХХ-т 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2013/02 дугаар гэрээ байгуулж түрээслүүлсэн. Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 22, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд гэрээний хугацааг сунгасан ба 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн байрнаас нүүх гэж байгаа тухай ХХХХ-ийн албан бичгийн хуулбар ирсэн. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн байрыг актаар хүлээлцсэн. ХХХХХХ түрээсийн байрыг хүлээлцсэний дараа төлбөрийг шилжүүлэхдээ 8 хоног ашигласны төлбөрт 3 485 460.64 төгрөг дутуу төлсөн. Түүнчлэн ХХХХХХ нь түрээсийн гэрээний 3.12-т заасныг зөрчиж, байрнаас нүүхдээ засвар хийгээгүй ба тухайн байрыг дахин түрээслэхийн тулд зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан учир өөрийн хөрөнгөөр засвар хийж, 27 545 205 төгрөгийн зардал гаргасан. Иймд 8 хоногийн түрээсийн төлбөр болон засварын зардал нийт 31 030 665 төгрөгийг ХХХХХХ-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХХХ нь ХХХХ-ийн объектыг түрээслэн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нүүж орж, түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Нийгмийн даатгалын хэлтсийн шинэ байр ашиглалтад орсон учир түрээсийн байрнаас нүүн гарах тухай мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19/735 тоот албан бичгээр мэдэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор цэвэрлэгээ үйлчилгээг хийж, нүүж дууссан. 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хийсэн ба уг баталгаагаар нийт 10 591 721 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсныг ХХХХ-ийн дансанд шилжүүлсэн. Иймд түрээсийн төлбөр болон засварын зардалтай холбоотой ямар нэгэн шаардлага дууссан. Засвар хийхэд 27 000 000 төгрөгийн зардал гарсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд энэ нь урсгал бус харин капитал засварт зарцуулах мөнгө гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээслүүлэгч ХХХХ тодорхой хэмжээний засвар хийсэн байгаа боловч талууд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байр хүлээлсэн акт үйлдсэн байна. Уг актаас үзэхэд цахилгааны шугам хэвийн гэж бичигдсэн байх бөгөөд анх тус байранд орохдоо ямар байдалтай байсан талаарх акт байхгүй байна. Иймд анх хүлээлгэж өгсөн болон сүүлд хүлээн авсан үеийнхийг хооронд нь харьцуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.5, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.7-д заасныг баримтлан хариуцагч ХХХХХХ-ээс 12 372 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 18 658 085 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313 110 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч ХХХХХХ-ээс 212 911 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ-ийн дарга ХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг хариуцагч талаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, бодит үнэнд нийцүүлэлгүй хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайлбал, шүүхээс талууд гэрээ байгуулсан байна, түрээсийн хугацаа сунгагдсан байна, тооцоо нийлсэн байна, тооцооны үлдэгдлийн баталгааг хийж үүрэг дуусгавар болсон байна  гэж дүгнэсэн атлаа засварын асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй орхигдуулсан байна гэж дүгнэжээ. Уг дүгнэлтдээ түрээсийн гэрээний 3.5, 3.10, 3.1.2-д заасныг хамаатуулсан нь хууль бус, мөн түүнчлэн ХХХХ тухайн байранд урсгал засвар бус, барилгын үйл ажиллагааны зориулалтыг өөрчилж ханыг нурааж өрөөний байрлал өөрчилж засварлахдаа бараа материал худалдан авсан, засвар хийхээс өмнөх байдал, засвар хийсний дараахь байдлыг харуулсан гэрэл зураг, ажил гүйцэтгүүлсэн бусад баримтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр талуудын үйлдсэн акт шүүхэд бодит үнэлгээ, нотлох баримт болох ёстой. Гэтэл тус актыг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг шүүх үнэлээгүй. Шүүх хэргийг хэлэлцэх явцад ХХХХ ХХХХХХ-т байраа түрээслэхээс өмнөх байдлын зураг, түрээсийн хугацаа дуусаж хүлээн авахдаа байрны эдэлгээнд ямар өөрчлөлт орсон талаарх зураг авч баталгаажуулаагүй байж, байрны бүтэн засвар хийж, зохион байгуулалтыг өөрчилсний дараа гарсан зардлыг ХХХХХХ-ээс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХХХ-т холбогдуулан түрээсийн төлбөр болон засварын зардалд нийт 31 030 665 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй байгуулсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-ны дагуу төлөх ёстой байсан 10 591 721 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

 

Талууд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны ХХХ тоотод байрлах “West wing” төвийн 525 м.кв талбайг 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцож 2013/02 дугаартай түрээсийн гэрээ байгуулж /хх.5-8/, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх талаар 2014 оны 01 дүгээр сарын 22, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд гэрээг шинэчлэн байгуулахдаа /хх.10-20/ түрээсийн талбайг 470 м.кв гэж эдгээр 2 гэрээнд заажээ.

 

Хэргийн 23 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талбайг 525 м.кв гэж заасан байгаа нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээнд заасан хэмжээтэй тохирч байх боловч талуудын гэрээг сунган байгуулсан гэх 2014 оны 01 дүгээр сарын 22, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрүүдийн гэрээнд уг хэмжээ зөрүүтэй байна.

 

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээсэлсэн тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх учиртай. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсгийг хөлсөлсөн эсхүл бүхэлд нь түрээсэлсэн үйл баримт тодорхой бус байхад зохигчдын хооронд иргэний эрх зүйн ямар төрлийн харилцаа үүссэнийг зөв тодорхойлох, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, хэргийн 21 дэх талд авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “West wing” төвийг хүлээлцсэн акт гэх баримтад 2 дугаар давхрын шатны урд талын шилэн хаалга, барилгын зарим хаалга, хаалганы цоож, өрөөний цонх, плита, парны хаалт, сетка, бочки, суултуурын таг зэрэг эд зүйлийг засварлах шаардлагатай гэж бичсэн байх боловч нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтуудад /хх.73-228/ дээрх эд зүйлсийг засварлахад зориулж зардал гаргасан гэх байдал тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч ХХХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                                                                     ШҮҮГЧ                          Г.ДАВААДОРЖ

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ