Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,    иргэдийн төлөөлөгч С.Амаржаргал, нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч М.Нэргүй, түүний өмгөөлөгч Ц.Мандал, шүүгдэгч О.Цэвээнхүү, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Мажигсүрэнгийн Нэргүй, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Отгонбаярын Цэвээнхүү нарт холбогдох эрүүгийн 2016 2501 4021 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Дорнод аймгийн СДШ-ийн 1993 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж  тэнсэгдсэн,

Дорнод аймгийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2 “б”-д зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймгийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар,

 Дорнод аймгийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, ялаас хэлтрүүлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Шарайд овогт Мажигсүрэнгийн Нэргүй /РД:ЖД:71122976/,

                Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 37 тоотод оршин суух, ам бүл 2, аавтайгаа хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, ял хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Их Монгол овогт Отгонбаярын Цэвээнхүү /РД:УЗ94120811/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Нэргүй нь урьд хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт иргэн Б.Төмөрбаатарт адуу өгнө хэмээн хууран мэхэлж, 300.000 төгрөг залилан авсан,

мөн бусадтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт иргэн Ж.Цэсэнжавын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түрийвчтэй бичиг баримт, 30.000 төгрөг зэрэг эд зүйлс дээрэмдсэн,

дангаараа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 23А байрны 7 давхарт иргэн Ш.Эрдэнэхүүгийн эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 600.000 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.Цэвээнхүү нь бусадтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт иргэн Ж.Зэсэнжавын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түрийвчтэй бичиг баримт, 30.000 төгрөг зэрэг эд зүйлс дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

                  

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нэргүй мэдүүлэхдээ: Боосон зүйл байхгүй. Хохирогчийн хэтэвч нь газарт унахаар нь би авсан. Өөр хүн байгаагүй. Би боогоогүй. Эрдэнэхүүгийн хувьд би Эрдэнэхүүтэй тамхи авч байхад дэлгүүрт таарсан. Тэгээд би гараад орцных нь үүдэнд тамхи татах гэхэд энд тамхи татаж болохгүй гэхээр нь би юун сүртэй юм гэхэд шууд намайг хүрэн цүнхээрээ шатны уруу цохиод унагаасан. Намайг ногоон иштэй хумсны хутгаар 4 удаа хатгасан байсан. Би тухайн үед маш их цус алдсан. Надад цохисон үйлдэл байхгүй. Надад өөрөө чи битгий илүү дутуу юм яриад байгаарай гээд 250.000 төгрөг над руу шидээд, энийг аваад зайлаарай гэсэн. Дорнод аймгийн Хэрлэн суманд болсон асуудал дээр би Өршөөлийн хуулиар суллагдаад ээж, аавынхаа газар дээр очсон. Би хохирогчоос 300.000 төгрөгийг авсан нь үнэн. Ээж, аавынхаа газарт зориулаад дууссан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Цэвээнхүү мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би орой 16 цаг өнгөрч байхад би Нэргүй ахтай таарсан. Тухайн үед Нэргүй ах 2 залуутай хамт явж байсан. Тэгээд бид 4 хамт яваад 1 шил архи хувааж ууцгаасан. Дараа нь би гэр рүүгээ харьлаа гээд КТМС-ийн урд талын автобусны буудал руу явж байхад Нэргүй ах манай найз энд байгаа 2-уулаа хамт явъя гэхэд би дагаад явсан. Тэгээд КТМС-ийн арын гудамжаар явж байхад Нэргүй ах 1 ахтай юм яриад байх шиг байсан, би араас нь дагаад явсан. Тухайн үед Нэргүй ахыг тэр ахыг танидаг юм болов уу гэж бодсон. Тэгээд нөгөө ах манай хүүхэд байна гээд хүүхэдтэйгээ уулзаад бид нар хамт тэр гудамж руу орсон. Тэгээд Нэргүй ах нөгөө ахтай чинь зогсож байхаар нь хажууд нь очоод зогсох үед чи жоохон хүүхэд яв гэхээр нь би нөгөө ахтай зууралдахад Нэргүй ах гүйсэн. Би араас нь гүйсэн. Тэгтэл хойноос 2 залуу ирээд бариад авсан. Тэгээд дээрэмдсэн юмаа өг, цагдаа дуудсан гээд байсан. Удалгүй цагдаа ирээд би цагдаагийн машинд суугаад явсан гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Зэсэнжавын өгсөн: " ... явж байтал 2 залуу араас ирээд толгой дээрээс юмаар бүтээгээд, битүүлээд боогоод газар унагаад куртикны дотор халаасанд байсан түрийвч болон дотор нь байсан эд зүйлсийг аваад 2 залуу буцаад зүүн тийшээ зугатаахаар нь би босч ирээд "...наадах чинь юм дээрэмдээд зугатаачихлаа шүү дээ" гэж хэлэхэд худгийн ойролцоо явж байсан 3-н залуу миний түрийвчийг аваад зугатаасан 2 залуугийн араас нь гүйгээд 1-ийг нь нүүрс зарж борлуулах цэгийн хажууд бариад зогсож байсан, нөгөө залуу нь олдохгүй байна гэсэн, тэгээд цагдаа дуудсан ..." гэх мэдүүлэг /1хх 15-16/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Даваацэрэнгийн өгсөн: "... гэр лүү өгсөж явтал бид 3-ын урдаас улаан худгийн хажууд 2 эрэгтэй хүн дээрээс уруудаад гүйгээд хажуугаар өнгөрөхөд 56-аас 59 орчим насны эрэгтэй хүн араас нь " ...наад 2 хүнээ бариад аваарай, миний юмыг дээрэмдчихлээ" гэхээр нь би найз Нэргүйгийн хамт 2 эрэгтэй хүний араас гүйгээд ... 20-оос 22 орчим насны залууг барьж аваад ... цагдаа дуудсан, эд зүйл дээрэмдсэн 2 залуугийн баригдсан залуу нь 178 см орчим өндөртэй, бор царайтай, 20-оос 22 орчим насны хавтгай нүүртэй, ноосон малгай, саарал өнгийн куртик өмссөн залуу байсан, намхан 40-өөс 45 орчим насны, 165 см өндөртэй залуу нь мухар гудамжинд ороод буцаад нохойтой айлын хашааны хаалгаар нь ороод хашааг нь цааш давж шууд зугатаасан ..." гэх мэдүүлэг /1хх 22-23/,

Мөрдөн байцаалтад О.Цэвээнхүү яллагдагчаар өгсөн: "... М.Нэргүй замын цаанаас намайг дуудаад цэргийн хотхоноос дээшээ өгсье гээд хамт 50 орчим насны согтуу эрэгтэй хүний араас дагаад, ... улаан худаг хүртэл алхсан, ... намайг Нэргүй “...боочих, боочих” гээд байхаар нь би 50-аас 60-н насны эрэгтэй хүнийг араас нь хоолойноос нь гараараа бооход тэр хүн газар унасан, тэгээд би тэр өвгөнтэй зууралдаад байж байхад М.Нэргүй түүний дээр унаад куртикны энгэрийн дотор халаасанд нь байх түрийвчийг аваад явахаар нь би 50-аас 60 орчим насны эрэгтэй хүний доороос нь босоод гүйхэд араас 18-аас 20 орчим насны 3-н залуу ирээд, М.Нэргүй мухар гудамж руу дээшээ өгсөөд гүйгээд алга болоод намайг тэдгээр хүмүүс барьж авсан юмаа ..." гэх мэдүүлэг /1хх 43-44/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Төмөрбаатарын өгсөн: "... Би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт таксины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 41-43 ДОА дугаарын автомашинтай таксинд явах санаатай зогсож байтал эрэгтэй эмэгтэй 2 хүн миний машинд суусан, ... тэр хоёр хоорондоо мөнгө төгрөг хэрэгтэй байна, мал зарах талаар ярьсан, ... тэгээд эмэгтэй нь түрүүлээд буусан, эрэгтэй нь үлдээд таксины мөнгө өгөх явцдаа энэ хүүхэн манай эхнэр юмаа, адуу мал зарах гээд байгаа юм, тоо өнгөрөөгөөд адуу мал зарна, мал зарах гэхээр малын тоо таарчихаад байдаг, даага зарна гэсэн, тэгэхээр нь би тэр залуугаас даага хэдэд өгөх вэ гэхэд тэр залуу даагаа 200.000 төгрөгт өгнө гэсэн, тэхээр нь тэр залууд 2 даага зарах уу гэхэд тэр залуу 2 даага зарна, надаа 70-80-аад даага байгаа гэсэн. Тэгээд өөрийгөө Нэргүйбат гэж танилцуулсан залуу миний утасны дугаарыг аваад машинаас буусан, .... 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нэргүйбат гэх залуу 86643868 дугаараас надруу залгаад банкны мөнгө олдохгүй байна, 200.000 төгрөг өгчих, тоо болох гээд би мал руугаа явах гээд яараад байна, тоо өнгөрөөгөөд малаа өгье гэсэн, тэгэхээр нь би дотроо Нэргүйбат гэх залуугийн хөдөө байдаг гэрийг нь мэдсэн болохоор Нэргүйбатад хандаж " ...чи гэрт хүрч ирээд 200.000 төгрөгөө авах уу" гэж хэлсэн, тэгээд удалгүй Нэргүйбат гэрт ирээд надаас 200.000 төгрөг аваад явсан, ... 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нэргүйбат надруу залгаад адуу малаа гаднаа хураасан байна, Баянбулаг гэдэг газар гэрт хүрээд ир гэсэн, тэгээд би портер машин тэрэг хөөцөлдөөд явж байтал 9-н цаг өнгөрөөгөөд Нэргүйбат над руу дахин яриад “...манай жаал, дүү 2 эмнэлгээр явж байгаа мөнгө хэрэгтэй байна, чи 150.000 төгрөг өгөөч манай дүү чамаас очиж мөнгө авнаа” гэж хэлсэн, тэгээд ногоон аксент маркийн машинтай нэг залуу хүрч ирээд надаас 100.000 төгрөг аваад явсан, тэгээд би портер машинтай Баянбулаг гэх газар очсон, тэгсэн Нэргүйбат гэртээ байхгүй байсан, Нэргүйбатын манай авгай гэж надад анх танилцуулсан хүүхэн нь “...Нэргүйбат чинь манай нөхөр бишээ, манай нөхрийн найз юм, Нэргүйбат Гурванзагал сум руу явсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /1хх 173/,

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Батсайханы өгсөн: " ... Би 2015 оны 12 дугаар сарын 10-ны орой ажлаа тараад гэртээ ирсэн, ... манай нөхөр таксинд явж байгаад авгай нөхөр 2-той танилцлаа, 2 даага зарах гэсэн юм, малын тооны дараа очоод даагаа авчих гэсэн, одоо малчны зээлээ төлөх гээд мөнгө хэрэгтэй гээд байна, мөн газрын гэрчилгээ болон иргэний үнэмлэхээ барьцаанд тавья гээд байна гэх зэргээр надад хэлсэн, тэхээр нь би нөхөртөө " ...одоо хүмүүс хэцүү болсон, баруун зүүн гараараа авч өгөлцье" гэж хэлсэн, тэгээд маргааш нь ажилдаа яваад ирэхэд манай нөхөр нөгөө хүн чинь утасдаад байна гээд .... тэгээд намайг гэртээ байхад манай нөхөр лүү нөгөө хүн залгахаар нь нөхөр утсаа спикер дээр нь тавиад яриаг нь сонссон, тэгэхэд нөгөө залуу "...хөгшөөн мөнгө хэрэгтэй болоод байна, одоо мөнгөө өгчих, тооны дараа даагаа авчирч өгье" гээд байсан, ... тэгээд би 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр найзаасаа 200.000 төгрөг зээлээд гэртээ байж байхад манай нөхөртэй утсаар яриад байсан залуу ганцаараа орж ирсэн, тэгээд манай нөхөр тэр залууд 200.000 төгрөг бэлнээр өгсөн, тэгээд маргааш нь манай нөхөр ахыгаа дуудаад портертой нөгөө залуугийн хөдөө гэрлүү явах гээд аймгаас гарч байхад нөгөө залуу манай нөхөр лүү яриад "...хөгшөөн манай дүүд 100.000 мянган төгрөг өгчихөө" гэж хэлэхээр нь манай нөхөр тэр залуугийн дүүд 100.000 мянган төгрөг өгчихөөд тэгээд нөгөө залуугийн хөдөө гэрлүү яваад очтол манай нөхрөөс мөнгө авдаг залуутай цуг явж байсан хүүхэн нь "...тэр залуу чинь манай нөхөр бишээ, манай нөхрийн найз юмаа, манайхаас өчигдөр орой яваад өгсөн" гэж хэлсэн гэсэн, тэгээд манай нөхөр хоосон ирсэн юм гэх мэдүүлэг /1хх 177-178/,

Мөрдөн байцаалтад гэрч Ю.Дашцэрэнгийн өгсөн: “...2015 оны 12 дугаар сард манай нөхрийн танил хүн болох Нэргүй нь хүнээс 300.000 төгрөг зээлсэн юм байна лээ, тэрийгээ авахдаа намайг өөрийнхөө эхнэр гэж хэлээд тэгээд манай гэрийг зааж өгөөд өөрийнхөө гэр байгаа юм гэж хэлээд 300.000 төгрөгийнхөө оронд даага аваарай гэсэн байсан, бид нар түүнийг нь мэдээгүй байж байтал танихгүй хүмүүс ирээд “...Нэргүйгийн эхнэр үү, Нэргүй өөрөө хөдөө гэртээ байна гэж утсаар ярилаа, зээлсэн мөнгөнийхөө оронд даага өгнө гэж хэлсэн” гэсэн, ингээд тэдгээр хүмүүстэй уулзаад учир байдлыг тайлбарлаж өгөөд аймаг явж цагдаагийн газарт өргөдөл гаргасан ...” гэх мэдүүлэг /1хх 181/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Эрдэнэхүүгийн өгсөн: “... тухайн өдөр би манай найзын төрсөн өдөр болоод шөнийн 03 цаг 35 минутын үед БЗД-ийн 4 дүгээр хороо, 23а байр руу гэр лүүгээ орж байхад орцны үүдэнд үл таних 2 залуу зогсож байгаад араас нэг нь дагаж орц руу орсон, тухайн үед лифт зогссон байсан учир шатаар дээшээгээ 7-н давхарт явж байхад нөгөө залуу буюу намхан нь миний араас шуугаараа боосон, тэгэхээр нь эргэж харахад газар унагаасан, тэгээд миний дээр гараад цамцны захаар хоолой боосон, би ухаан балартаж, ухаан алдахын өмнө халаасанд байсан гэрийн түлхүүрээ санаад баруун гартаа атгаж байгаад үзүүрийг нь ил гаргаад намайг боож байсан залуугийн нүүр рүү цохиж боолтноос гарсан, ... нүүр рүү нь нилээн хэдэн удаа цохиод би хариу үйлдэл үзүүлээд босоод хажуу айлын хаалгыг өшиглөж тусламж гуйсан, энэ үед араас хоолой боосон залуу цүнхнээс мөнгө аваад зугатаахад нь куртикных нь ханцуйнаас барихад куртикээ тайлаад зугатаасан, зугатаахдаа гартаа атгасан байсан мөнгөнөөсөө хэсгийг нь алдаад шатаар доошоо буугаад орцоор гараад зугатаасан, тэгэхээр нь цагдаа дуудсан, нүүр рүү нь түлхүүрээр цохих үед нөгөө залуугийн нүүрнээс маш их цус гарч энд тэнд асгарсан байсан ...” гэх мэдүүлэг /2хх 49-50/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 28/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 29-32/, эд зүйл хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 33-43/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /2хх103/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 46-49, 2хх 98/, Эрүүгийн хэргийн төв архивын хариу /1хх 63/, Шийтгэх тогтоол /1хх 64-87/, 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар шүүгчийн захирамж /1хх76/, шүүгдэгч М.Нэргүйн зан байдлын  тодорхойлолт /1хх 88/, шүүгдэгч О.Цэвээнхүүгийн зан байдлыг тодорхойлсон баримт бичгүүд /1хх 89-90/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9982 дугаартай ДНК-ийн дүгнэлт /2хх77-78/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжээчийн 15772 дугаартай дүгнэлт /2хх62-63/, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2хх 44-46/, эд зүйл хураан авсан тэмдэглэл / 2хх33/, оргодол эрэн сурвалжлах тухай баримт /2хх4/, хохирогчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /2хх158,169,176 зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Нэргүйг урьд хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа буюу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт иргэн Б.Төмөрбаатарт адуу өгнө хэмээн хууран мэхэлж, залилан 300.000 төгрөг авсан, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүгдэгч О.Цэвээнхүүтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт иргэн Ж.Цэсэнжавын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түрийвчтэй бичиг баримт, 30.000 төгрөгийн эд зүйлс дээрэмдсэн, мөн дангаараа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 23А байрны 7 давхарт иргэн Ш.Эрдэнэхүүгийн эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 600.000 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэгт,

          шүүгдэгч О.Цэвээнхүүг шүүгдэгч М.Нэргүйтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт иргэн Ж.Зэсэнжавын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түрийвчтэй бичиг баримт, 30.000 төгрөгийн эд зүйлс дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

                Шүүгдэгч М.Нэргүй нь урьд Дорнод аймгийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, ялаас хэлтрүүлж суллагдсан,  ялаас хэлтрүүлж суллагдсан гэх баримт хэрэг авагдсан хэдий ч Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь хэсэгт “ хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван таван жил өнгөрсөн;” гэж заасны дагуу түүний эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хугацаа дуусаагүй байна гэж үзэв.  

   Иймд шүүгдэгч М.Нэргүйг урьд хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа бусдыг хууран мэхэлж, залилан 300.000 төгрөг авсан, шүүгдэгч О.Цэвээнхүүтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түрийвчтэй бичиг баримт, 30.000 төгрөгийн эд зүйлс дээрэмдсэн,  мөн дангаараа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 600.000 төгрөг дээрэмдсэн, шүүгдэгч О.Цэвээнхүүг шүүгдэгч М.Нэргүйтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түрийвчтэй бичиг баримт, 30.000 төгрөгийн эд зүйлс дээрэмдсэн гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч М.Нэргүй, О.Цэвээнхүү нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч М.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

          Шүүгдэгч О.Цэвээнхүү нь хохирогч Ж.Зэсэнжавт 118.000 төгрөг, шүүгдэгч М.Нэргүй нь хохирогч Б.Төмөрбаатарт 300.000 төгрөгийг тус тус сайн дураар нөхөн төлсөн бөгөөд хохирогч Ш.Эрдэнэхүүд 830.000 төгрөг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд тус тус заасны дагуу шүүгдэгч М.Нэргүйгээс 830.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Эрдэнэхүүд олгох нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Нэргүй урьд нь Дорнод аймгийн СДШ-ийн 1993 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж  тэнсэгдсэн, 1996 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Дорнод аймгийн шүүхийн 02 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2 “б”-д зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймгийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, ялаас хэлтрүүлж суллагдсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд” гэж заасны дагуу түүнийг онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Харин шүүгдэгч О.Цэвээнхүү урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, ял хойшлуулсан гэх баримт хэрэгт авагдсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал арилсан байх тул ялгүйд тооцов. 

             Шүүхээс шүүгдэгч М.Нэргүйд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар зарим хэсгийг нь нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа согтуугаар дахин хүнд гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүхээс шүүгдэгч О.Цэвээнхүүд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуугаар бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Нэргүй 186 хоног, шүүгдэгч О.Цэвээнхүү 161 хоног тус тус цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. М.Нэргүй нь урьд хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хуурч мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн,

            О.Цэвээнхүү нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэвээнхүүд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нэргүйд 6 /зургаа/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Нэргүйд 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял болох хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар М.Нэргүйг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нэргүйд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг онцгой  дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Цэвээнхүүд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Нэргүй нь 186 хоног, О.Цэвээнхүү нь 161 хоног цагдан хоригдсоныг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

           

7. Шүүгдэгч О.Цэвээнхүү бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Нэргүйгээс 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Эрдэнэхүүд олгосугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нэргүй, О.Цэвээнхүү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧИД                                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                  Т.ШИНЭБАЯР