Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 497

 

Д.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Б.Чинбат, Б.Баасандорж,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Хт холбогдох эрүүгийн 201625013848 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

 

Д.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэцээ гүн" ХХК-ийн баруун талд байрлах автомашины зогсоолд байсан "LM Локал менежмент" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 13-57 УБП улсын дугаартай "Ланд Крузейр 200" загварын автомашины 2 талын хос толийг хулгайлж, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчиний 116 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хохирогч Д.Лгийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж, "Самсунг" загварын LCD зурагт, Баяд хийцийн эмээл, "Тошиба" загварын зөөврийн компьютер, арьсан цүнх, "Сони" загварын зургийн аппарат, багажтай хайрцаг, "Ланд Крузейр 78" загварын автомашин, виски 2 ширхэг, тахилын хайрцаг, "Панасоник" загварын суурин утас зэргийг хулгайлан авч, нийт 14.630.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 15-ны орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ хотхоны 40/5-8 тоотод оршин суух хохирогч С.Хын орон байранд нэвтэрч, 55 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50-328 тоотод байрлах хохирогч Ц.М орон байранд нэвтэрч, “Самсунг” загварын зурагт хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Хүрхрээ хотхоны 23 дугаар байрны 8 давхарт байсан хохирогч А.М “Каннондэйл” загварын унадаг дугуйг хулгайлж, нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Аминий орон сууцны 9 дүгээр байранд буюу хохирогч В.Дийн гэрт нэвтэрч, 32 инчийн “Грундиг” загварын зурагт хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Хыг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Хт шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Хын цагдан хоригдсон нийт 130 /нэг зуун гуч/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээж, Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч А.Мөрөн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний эхнэр 1 нас 2 сартай хүү Х.Тэмүүлэнтэй үлдсэн. Сая 2018 оны 4 дүгээр сарын 24-нд эргэлтээр ирээд “би хүүхдийг чинь төрсөн эцэг Т.Дашдондовт чинь өгөөд ирсэн, би чамайг 2 жил хүлээж чадахгүй. Хүү чинь бор хоолонд орчихсон юм чинь өөрөө өсгөнө биз. Би амьдралаа бодлоо” гэж хэлээд явсан. Хүү минь 60 настай эцэг дээр минь байж чадахгүй, эцэг минь зүрхний суурь өвчтэй, эмнэлгийн хяналтанд байдаг. Надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. Би хүүгээ сайн хүн болгож, өөрийн ажиллаж байгаа “Хишиг Арвин” ХХК-д цалингийн зээлээ төлж, цаашид ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэдгээ хууль, шүүхийн өмнө баталж чадна. Миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолд "Шүүгдэгч Д.Хт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзан үзэж, шүүхээс түүнд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв гэжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй" гэж заасан байна. Дээрх нөхцөл байдлуудыг судлан үзэхэд миний үйлчлүүлэгч урьд нь хулгайн гэмт хэргээр 2 удаа шийтгүүлэн зохих ялаа бүрэн эдэлж дууссан тул түүнийг урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан гэж эрх зүйн байдлыг нь дордуулах хуулийн заалт байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч ялтан Д.Хыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэстэй байна. Мөн миний үйлчлүүлэгч Д.Х нь Батчимэгтэй 2015 онд нэг гэрт орж, хамтран амьдарч байгаад 2017 онд нэг хүүхэдтэй болсон. Шүүгдэгч Д.Хыг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлсний дараа түүний эхнэр нь бага насны хүүхдээ Д.Хын аав Дашдондовт орхиод явсан байна. Д.Хын аав Дашдондов нь бамбай булчирхайн хүнд өвчтэй, эмнэлгийн байнгын хяналтанд байдаг. Одоо аав Дашдондов нь Д.Хын 1 настай хүү Х.Тэмүүлэнгийн хамт "Хишиг-Арвин" ХХК-ийн ажилчдын түрээсийн байранд амьдарч байна. Д.Хын аав Дашдондов нь бамбай булчирхайн хүнд өвчтэй, эмнэлгийн байнгын хяналтанд байдаг талаарх холбогдох баримт болон Д.Хын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Иймд ялтан Д.Хын гэм буруугаа хүлээж, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэйгээ өрх толгойлон үлдэж, ар гэрийн байдал нь хүндэрч байгаа байдлуудыг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд зүйлийг хулгайлсан, 2016 оны 11 дүгээр сарын 5, 6-ны өдөр иргэн Лхагвасүрэнгийн орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хулгайлсан, иргэн Д.Х, Ц.Мөнхцэцэг, Мандуул нарын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.Хт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

 

Д.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэцээ гүн" ХХК-ийн баруун талд байрлах автомашины зогсоолд байсан "LM Локал менежмент" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 13-57 УБП улсын дугаартай "Ланд Крузейр 200" загварын автомашины 2 талын хос толийг хулгайлж, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 24-28 дугаар хуудас/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 64 дүгээр хуудас/, хохирогч Ц.Нармандах /1 дүгээр хавтас, 69-71 дүгээр хуудас/, гэрч Т.Отгонбаатар /1 дүгээр хавтас, 76 дугаар хуудас/, Д.Хын сэжигтнээр өгсөн /1 дүгээр хавтас, 118-119 дүгээр хуудас/, Д.Хын яллагдагчаар өгсөн /1 дүгээр хавтас, 124-126 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 144-145 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, 149 дүгээр хуудас/,

 

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчиний 116 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хохирогч Д.Лгийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж, "Самсунг" загварын LCD зурагт, Баяд хийцийн эмээл, "Тошиба" загварын зөөврийн компьютер, арьсан цүнх, "Сони" загварын зургийн аппарат, багажтай хайрцаг, "Ланд Крузейр 78" загварын автомашин, виски 2 ширхэг, тахилын хайрцаг, "Панасоник" загварын суурин утас зэргийг хулгайлан авч, нийт 14.630.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 8-9 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 6-7, 10-12 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, 52 дугаар хуудас/, хохирогч Д.Л /1 дүгээр хавтас, 67-68 дугаар хуудас/, гэрч Н.Болдбаатар /1 дүгээр хавтас, 77-78 дугаар хуудас/, гэрч Э.Энхзол /1 дүгээр хавтас, 79-80 дугаар хуудас/, Д.Хын сэжигтнээр өгсөн /1 дүгээр хавтас, 114-116 дугаар хуудас/, Д.Хын яллагдагчаар өгсөн /1 дүгээр хавтас, 124-126 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 144-145 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №02/1304 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 89-93 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, 150-152 дугаар хуудас/,

 

2017 оны 3 дугаар сарын 15-ны орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ” хотхоны 40/5-8 тоотод оршин суух хохирогч С.Д.Хын орон байранд нэвтэрч, 55 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, 15-21 дүгээр хуудас/, хохирогч С.Д.Х /2 дугаар хавтас, 41, 42-43 дугаар хуудас/, Д.Хын сэжигтнээр өгсөн /2 дугаар хавтас, 86-87 дугаар хуудас/, Д.Хын яллагдагчаар өгсөн /2 дугаар хавтас, 95, 144-145 дугаар хуудас/ нарын мэдүүлэг /2 дугаар хавтас, 144-145 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №03/068 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас, 52-58 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, 150-152 дугаар хуудас/,

 

2017 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50-328 тоотод байрлах хохирогч Ц.М орон байранд нэвтэрч, “Самсунг” загварын зурагт хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, 25-27 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, 39 дүгээр хуудас/, хохирогч Ц.Мөнхцэцэг /2 дугаар хавтас, 45-46, 49 дүгээр хуудас/, Д.Хын сэжигтнээр өгсөн /2 дугаар хавтас, 92-93 дугаар хуудас/, Д.Хын яллагдагчаар өгсөн /2 дугаар хавтас, 144-145 дугаар хуудас/ нарын мэдүүлэг,

 

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Хүрхрээ хотхоны 23 дугаар байрны 8 давхарт байсан хохирогч А.А.М “Каннондэйл” загварын унадаг дугуйг хулгайлж, нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, 231 дүгээр хуудас/, хохирогч А.Мандуул /2 дугаар хавтас, 237 дугаар хуудас/, Д.Хын яллагдагчаар өгсөн /2 дугаар хавтас, 249-250 дугаар хуудас/ нарын мэдүүлэг,

 

2017 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Аминий орон сууцны 9 дүгээр байранд буюу хохирогч В.Дийн гэрт нэвтэрч, 32 инчийн “Грундиг” загварын зурагт хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, 22-24 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, 39 дүгээр хуудас/, хохирогч В.Дийн мэдүүлэг /3 дугаар хавтас, 44-45 дугаар хуудас/, Д.Хын сэжигтнээр өгсөн /2 дугаар хавтас, 89-90 дүгээр хуудас/, Д.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас, 144-145 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Д.Хт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь Д.Хын эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул түүний дээрх үйлдлүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “давтан” гэсэн шинжийг заасан бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдэх ойлголтыг халсан тул энэ шинжээр гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иймд, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Хыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутай гэснийг өөрчлөв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт болон шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Д.Хт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан түүнд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр Д.Хт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

2002 оны Эрүүгийн хууль, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэнсэх зохицуулалтын аль алинд нь “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэх” нөхцөлийг заажээ.

 

Шүүгдэгч Д.Х нь 2010, 2012 онуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсаны дараа 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлснаас үзэхэд тэрээр нийгэмд ажил хөдөлмөр эрхэлж зөв амьдрах, засарч хүмүүжих зэрэг өөрийгөө нийгэмд авч явах дадал, зан төлөвийг бий болгоогүй, өөрийн буруутай үйлдэлд дүгнэлт хийгээгүй байдал нь хорих ялыг тэнсэх хуульд заасан нөхцөлийг хангахгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.