Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00553

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар101/ШШ2017/00553

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххтоотод оршин суух, Ц.Бы /РД: 000000000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: хххххххххххххххххххххх тоотод оршин суух, Гын О /РД: 00000000000/

Хариуцагч: ххххххххххххх тоотод оршин суух Бадарчийн Г РД: 000000000/ нарт холбогдох

Байранд хийсэн засвар болон хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 26.613.541 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Гын байрны засварт шаардлагатай зардал 34.183.394 төгрөг, цахилгааны төлбөр 3.834.331 төгрөг, түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг, байр түрээслэсэн 30 сарын түрээсийн зардал 9.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөг, нийт 64.017.725 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

Хариуцагч Б.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Баатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б нь 2011 оны 8 дугаар сард Б.Гын өмчлөлийн Хххххххххххххххххххххххаягт байрлалтай хувийн сууц болон газар, гражыг зээлээр худалдах, худалдан авахаар түүнтэй харилцан тохиролцсон. Б.Г нь Ц.Быг байрандаа ор гээд шахаад байсан тул тэрээр 2011 оны 8 дугаар сарын 15-ны Б.Гын хашаа, байшинд нүүн орсон.

Газар болон байшингийн нэр шилжүүлэх болоход Б.Г нь бичиг баримтгүй, иргэний үнэмлэх нь байхгүй байсан бөгөөд иргэний үнэмлэхээ Сэлэнгэ аймагт хураалгасан гэсэн тул 1.000.000 төгрөг өгсөн.

Мөн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт Б.Гын өмнөөс 2.147.000 төгрөг төлсөн. Байранд нь ороход Б.Г нь 53.000 төгрөгийн цахилгааны төлбөрөө төлөөгүй байсан тул уг мөнгийг нь төлсөн. Охин Г.От нь 100.000 төгрөг өгсөн. Б.Гын өмчлөлийн байранд 22. 863.541 төгрөгийн засвар хийсэн. 380 вольтын шугам тавиулахад 450.000 төгрөгийн зардал гарсан.

Б.Гын байрандаа ор гэсэн шаардлагын дагуу Ц.Б байранд нь нүүн орсон байсан бөгөөд засвар, үйлчилгээг цаг алдахгүй хийсэн. Хас банкинд данс нээлгэн лизингийн гэрээг байгуулж мөнгө байршуулах үед Б.Г нь хашаа, байшингаа зарахаа болилоо гэх болсон.

Б.Г нь өр төлбөрөө төлүүлж хашаа, байшингаа бусдын өр төлбөрт алдахгүй болмогцоо худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзах болсонд гомдолтой байгаа.

Худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Гтай 2011 оны 8 дугаар сард байгуулсан бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой засан сайжруулалтын зардлаа нэхэмжлэх үед уг хөрөнгийн өмчлөгчөөр охин Г.О нэмж бүртгэгдсэн тул түүнийг хариуцагчаар татан оролцуулсан.

Иймд хариуцагч нараас цахилгааны төлбөрт төлсөн 53.000 төгрөг, иргэний үнэмлэх авахад нь 1.000.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 2.147.000 төгрөг, охин Г.От нь өгсөн 100.000 төгрөг, байрыг нь засан сайжруулсан засварын зардал 22.836.541 төгрөг, 380 вольтын шугам тавиулахад гарсан зардал 450.000 төгрөг, нийт 26.613.541 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г миний бие Ц.Бтай 2011 оны 8 дугаар сараас эхлэн ххххххххх тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000дугаарт бүртгэлтэй, 2 давхар хувийн сууц, авто машины граж, хашаа, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгийг худалдахаар харилцан тохиролцсон гэх боловч тохирсон үнэ хөлсийг төлөөгүйн улмаас талууд марган улмаар Б.Г миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Б.Г намайг байраа зарах гэж байхад Ц.Б нь худалдан авна гэсэн атлаа мөнгөө төлөөгүй, банкаар зээл хөөцөлдөөгүй, гэсэн атлаа байранд маань өөрийн дураар засвар хийсэн байсан.

Иймд Ц.Бы хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцыг чөлөөлүүлж, мөн түүнээс хувийн сууцыг ашигласан төлбөр, би өөрөө дүүгийнхээ байранд түрээсийн төлбөр төлж амьдарсан төлбөр, нийт 18.020.000 төгрөгийг Ц.Баас нэхэмжилсэн.

Энэхүү маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн ба Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, хяналтын шатны шүүх 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч Ц.Бы байранд хийсэн засвар болон хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 26.613.541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Бы нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд намайг болон аав Б.Гт холбогдуулан 26.613.541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Уг мөнгөний асуудалд миний бие ямар ч холбоогүй, огт хамааралгүй. Энэ талаарх шүүхийн шийдвэрүүдэд миний нэр огт байхгүй ба ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй. Тиймээс уг нэхэмжлэл надад огт хамаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б нь 2011 оны 8 дугаар сард миний өмчлөлийн ххххххххх тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000дугаарт бүртгэлтэй, 96 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, 4 авто машины граж, газрын хамт 60.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон боловч ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээг байгуулж иргэний эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд тэрээр банкинд урьдчилгаа 30 хувиа байршуулсан хэмээн надад итгүүлсэн.

2011 оны 11 дүгээр сард хэлэлцээрээ цуцласаар байхад Ц.Б нь банкны зээл хөөцөлдөөгүй атлаа шүүхийн шийдвэр гарч байшинг хураан авах хүртэл 2 жилийн турш миний өмчид хууль бусаар амьдарч байх хугацаандаа надад огт хэлэлгүй, дур мэдэн засвар хийсэн гэх боловч уг засвар нь чанаргүйн дээр миний байшинд хүн амьдрах нөхцөлгүй болгож эвдэн сүйтгэсэн байсан.

Бид маргаж улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажиллагаа хийн 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 01 тоот төлбөр төлөгчөөс эд хөрөнгө хураан авсан тухай акт үйлдэн байшинг газрын хамт Ц.Б, түүний эхнэр н.Оюунчимэг нараас хүлээн авсан.

Ц.Б 2 жил миний байшинд үнэ төлбөргүй суусан, мөн амьдарч байх хугацаандаа өмчлөгч миний зөвшөөрөлгүй засвар хийх нэрийдлээр миний байшингийн галладаг зуух болон агаар орох цонх ханыг битүүлж хүйтэн, дээвэр, хананаас ус алддаг болгон таазнууд усанд автаж унжсан байдалтай байсан.

Ийм ч учраас би байшингаа хүлээн авсны дараа бүрэн хэмжээний засвар хийж эхэлсэн ба дээврээ 2.000.000 төгрөгөөр засч битүүлсэн боловч галладаг зуух авч хаяснаас болж хүн амьдрах нөхцөлгүй болсон тул би дахин засвар хийсэн. Байшинг хэвийн хэмжээнд буюу анх байсан байдалд нь аваачихад 32.183.394 төгрөгийн зардал гарахаар байна.

Мөн би Ц.Бы амьдарч байх хугацааны цахилгааны мөнгө 3.834.331 төгрөгийг өмнөөс нь төлсөн бөгөөд одоог хүртэл би өөр байр түрээслэн амьдарсаар байгаа юм. Би өөрийн байраа зарна гэхээсээ өмнө бусдад сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлдэг байсан бөгөөд Ц.Б миний байшинг худалдаж авна гэж худал хэлэн 2 жил, 6 сар амьдрах хугацаанд 15.000.000 төгрөг олох байсныг алдсан. Мөн би өөрөө бусдын байр түрээслэн сар бүр 300.000 төгрөг төлж амьдарсан ба одоо ч төлсөөр байгаа юм.

Тухайн үед би байшингаа зарж борлуулаад өөр байр авахаар тохиролцсон байсныгаа авч чадаагүй. Ц.Баас болж эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаа бүхий л зүйлээрээ хохирсоор байгаадаа маш их гомдолтой байна.

Миний байшинг хүн амьдрах боломжгүй болсныг сэргээн засварлаж буцаан хэвэнд оруулахад шаардлагатай зардалд 34.183.394 төгрөг, цахилгааны мөнгө 3.834.331 төгрөг, 30 сарын түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг, би өөрөө байр түрээслэн бусдад түрээсийн төлбөрт төлсөн 9.000.000 төгрөг, Ц.Бы буруутай үйл ажиллагааны улмаас хууль зүйн туслалцаа авсан 2.000.000 төгрөг, нийт 64.017.725 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Баас нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г нь Ц.Бд холбогдуулан хувийн сууц болон газраа түүний эзэмшлээс чөлөөлүүлэх, хувийн сууцыг ашигласан хугацааны төлбөр болон өөрт учирсан хохиролд 18.020.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн дагуу шүүх 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ц.Быг гэр бүлийнх нь хамт албадан гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүх Б.Гын нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон.

Иймд түүний гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, өмнө нь шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Г, Г.О нарт холбогдуулан байранд хийсэн засвар болон хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 26.613.541 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Б.Г нь байрны засварт шаардлагатай зардал 34.183.394 төгрөг, цахилгааны төлбөр 3.834.331 төгрөг, түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг, байр түрээслэсэн 30 сарын түрээсийн зардал 9.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөг, нийт 64.017.725 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

 

Б.Г нь Ц.Бд холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс хувийн сууц болон газар чөлөөлүүлэх, мөн хувийн сууц эзэмшиж, ашигласан төлбөр 17.000.000 төгрөг, бусдын байранд түрээсийн төлбөрт төлсөн 1.020.000 төгрөг, нийт 18.020.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Ц.Б нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргахад Баянзүрх дүүргийн шүүх 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 765 тоот шийдвэрээр доорхи байдлаар шийдвэрлэжээ.

Үүнд: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 3 дугаар гудамж, 66 тоотод байрлах, 96 м.кв талбай бүхий 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, 700 м.кв газрыг хариуцагч Ц.Бы хууль бус эзэмшлээс чөлөөлж

Нэхэмжлэгч Б.Гаас 21.740.152 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 18.020.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Б.Г нь дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 438 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.Гаас 21.740.152 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Бд олгож гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн ба хяналтын шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 452 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Ц.Бы хувьд нэхэмжлэгч Б.Гын эд хөрөнгөд оруулсан засан сайжруулалтын зардлыг шаардахад энэ тогтоол саад болохгүй гэжээ.

/ХХ-ийн 3-9, 73-85 дугаар тал/

 

Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 3 дугаар гудамж, 66 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг нь засан сайжруулсан засварын зардал 22.836.541 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.Б нь тухайн үед буюу 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимейт ХХК-иар уг орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалт болон хийгдсэн засварын ажлын хэмжээг 22.863.541 төгрөг гэж үнэлсэн талаарх баримтыг Б.Гын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх явцад нотлох баримтаар өгчээ.

Уг үнэлгээг нэхэмжлэгч Б.Г эс зөвшөөрч шүүх Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийг шинжээчээр томилсноор Ц.Бы хийсэн засан сайжруулалтыг 15.377.000 төгрөг гэж үнэлсэн байх ба шүүх уг 2 үнэлгээг харьцуулахад хийсэн ажлын тоо, хэмжээ тохирч байх боловч хийсэн ажлын зардлыг тооцсон тооцоо дутагдалтай байсан байх бөгөөд барилгыг засахад худалдан авсан зарлагын баримт болон үнэлгээний тайлангуудыг харьцуулан үзээд материалын зардлыг 14.116.300 төгрөг, цалин 2.131.442 төгрөг, тээврийн зардал 164.628 төгрөг, механизмын зардал 1.003.320 төгрөг, шууд бус зардал 1.224.762 төгрөг, хувийн сууцыг засан сайжруулахад нийт 18.640.152 төгрөгийн зардал гарсан байна гэж үзсэн байна.

/ХХ-ийн 3-9, 73-85, 94-101 дүгээр тал/

 

Иймд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 3 дугаар гудамж, 66 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг засан сайжруулсан засварын зардлыг 22.836.541 төгрөг бус 18.640.152 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Гын хувийн сууцыг засан сайжруулсан нь мөн засан сайжруулахад 18.640.152 төгрөгийг зарцуулсан нь хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

 

Хариуцагч Б.Г нь иргэний үнэмлэхээ авах зорилгоор нэхэмжлэгч Ц.Баас 1.000.000 төгрөгийг авснаа мөн түүний өмнөөс Ц.Б нь шийдвэр гүйцэтгэх албанд 2.147.000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрч тус тус тайлбараа гаргасан тул дээрхи төлбөрүүдийг хариуцагч Б.Гаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Гын төлөх цахилгааны төлбөрт 53.000 төгрөг төлсөн, охин Г.От нь 100.000 төгрөг өгсөн, 380 вольтын шугам тавиулахад 450.000 төгрөгийн зардал гарсан гэх боловч энэ нь нотлогдоогүй, уг зардлыг гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

Б.Г нь 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлхи хугацааны цахилгааны төлбөрт 46.377 төгрөгийг 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлсөн байгааг дурьдлаа.

/ХХ-ийн102-105, 108-110 дугаар тал/

 

ххххххххххххххххххххххххххх тоотод байршилтай, 96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээ Ц.Б, Б.Г нарын хооронд 2011 оны 8 дугаар сард амаар хийгдсэн, энэ талаарх хүчин төгөлдөр шийдвэрүүд байх бөгөөд уг гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг хожим 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр уг хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгэгдсэн Г.От хариуцуулах үндэслэлгүй болно.

/ХХ-ийн 93 дугаар тал/

 

Иймд хариуцагч Б.Гаас 21.787.152 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.826.389 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Г.От холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Б.Гын байрны засварт шаардлагатай зардал 34.183.394 төгрөг, цахилгааны төлбөр 3.834.331 төгрөг, түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг, байр түрээслэсэн 30 сарын түрээсийн зардал 9.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөг, нийт 64.017.725 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хуторок ХХК-ийн инженерын тус байрны засварын ажилд 32.183.394 төгрөг шаардлагатай талаарх төсөв гэх баримтыг үндэслэн түүний орон сууцанд засвар шаардлагатай гэж үзэхгүйгээс гадна энэ нь түүний орон сууцанд засвар шаардлагатайг нотолсон баримт биш болно.

Б.Г нь Х.К ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээг хэзээ байгуулсан болох нь тодорхойгүй, гэрээг байгуулсан огноогүй тул уг гэрээ гэх баримтыг үндэслэн түүний орон сууцанд засвар шаардлагатай гэж үзэх боломжгүй.

Мөн тэрээр Ч.Х ХХК-иар дээвэр засах ажил гүйцэтгүүлсэн гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, үүнийгээ нотлоогүй болно.

/ХХ-ийн 131-143, 156 дугаар тал/

 

Ц.Б нь 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Гын өмчлөлийн хувийн сууцанд амьдарсан талаар талууд маргахгүй байгаа ба Б.Гын хувийн сууцны байр байдлын талаарх гэх хэргийн 144-154 дүгээр тал дахь фото зургууд нь хувийн сууцыг өмчлөгч Б.Гт хүлээлгэн өгснөөс хойшхи хугацаанд буюу 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр авсан тул уг зургуудыг үндэслэн дээрх хувийн сууцанд засвар шаардлагатай гэж үзэх боломжгүй.

/ХХ-ийн 144-154 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Гын өмчлөлийн хувийн сууцанд амьдарч байх үеийнхээ буюу 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны мөнгийг төлж байсан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд түүний амьдарч байсан хугацааны цахилгааны зардал 3.834.549 төгрөгийг хариуцагч Б.Г төлсөн болох нь тогтоогдлоо.

/ХХ-ийн 115-122, 155 дугаар тал/

 

Хариуцагч Б.Г нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өмгөөллийн хөлс хэмээн Н.Нарантуяа, Д.Бүтэнбаяр нарт 2.000.000 төгрөг өгсөн баримт байх боловч үүнийг нэхэмжлэгч Ц.Бы буруутай үйлдлийн улмаас болсон гэж үзэхгүй бөгөөд Н.Нарантуяа нь хариуцагч нарын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцож байсан, Д.Бүтэнбаяр нь уг хэрэгт хэргийн оролцогчоор оролцож байгаагүй ажээ.

/ХХ-ийн 161 дүгээр тал/

 

Мөн хариуцагч Б.Г түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг, бусдын байрыг түрээслэсэн 30 сарын түрээсийн зардал 9.000.000 төгрөг тус тус нэхэмжилснийг гаргуулах үндэслэлгүй. Учир нь Б.Гыг бусдын орон сууцыг түрээслэсэнд нэхэмжлэгч Ц.Быг буруутгах боломжгүйгээс гадна зохигчдын хооронд орон сууц хөлслөх болон түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Баас 3.834.331 төгрөг гаргуулан хариуцагч Б.Гт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 60.183.394 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Б.Гын нотлох баримтаар ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд түүнд орон сууцыг нь хүлээлгэж өгсөн байдлын талаарх бичлэг, мөн түүний байранд засвар шаардлагатай гэх бичлэгийг тус тус хуульд заасан арга хэрэгслээр олж авч, бэхжүүлсэн гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдлаа.

 

Хариуцагч Г.Оийг шүүх хуралдаанд оролцуулах үүднээс хуралдааныг удаа дараа хойшлуулсан, мөн түүнийг БНСУ-д зорчиж байгаа гэсэн хэдий боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, хариуцагч Г.О шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцолын хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Гаас 21.787.152 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.826.389 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Г.От холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Баас 3.834.331 төгрөг гаргуулан хариуцагч Б.Гт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 60.183.394 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291.017 төгрөгийг болон хариуцагч Б.Гын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 635.990 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 266.886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд, нэхэмжлэгч Ц.Баас 76.300 төгрөг гаргуулан хариуцагч Б.Гт тус тус олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 12304/Б дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН