Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 541

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатар, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0686 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0762 дугаар магадлалтай, Б.А-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0686 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.4, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан иргэн Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун /17025/ Ар Зайсангийн гудамж, 98 дугаар байрны 103 тоот 117,49 м.кв талбайтай орон сууц болон ГГ-2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгээгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  дээрх орон сууц болон автомашины зогсоолыг Б.А-ын өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0762 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул хотхоны 98 дугаар байрны 103 тоот орон сууц, ГГ2-2 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр  Б.А-ыг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гуравдагч этгээд Улаанбаатар хотын банкнаас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0762 дугаар магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Магадлалын Хянавал хэсгийн 1,2.3 дахь догол мөрүүдэд:

“Могул скай” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98, Г97 тоот хаягт баригдаж буй “Могул скай” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн дуусаагүй барилга (30 хувь болон 95 хувийн гүйцэтгэлтэй)-г барьцаалан Зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан цаг хугацаанаас нь хойш буюу гуравдагч этгээд Улаанбаатар хотын банкинд өмчлөх эрх болон барьцааны эрх үүссэнээс хойш иргэн Б.А нь Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

Хянавал хэсгийн 4 дэх догол мөрөнд “Хэдийгээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд баригдсан Могул таун хотхоны 98-р байрны 103 тоот 117,49 кв.м талбайтай орон сууцыг, ГГ2-2 тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Б.А-ыг тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01-р сарын 22-ны өдрийн 102/ШШ/2016/00821 дугаар шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04-р сарын 01-ний өдрийн 637 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дугаар тогтоол гарсан ч энэ нь тухай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр Б.А-ыг бүртгэж, гэрчилгээ олгох үндэслэл болохгүй юм” гэж дүгнэн.

Хянавал хэсгийн 5 дахь догол мөрөнд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн заалт болон Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн заалтыг,

Мөн тогтоох хэсгийн хуулийн үндэслэлийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх хэсэгт “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн нь хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч иргэн Б.А-ын шүүхээр нэгэнт эцэслэн тогтоогдсон өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч иргэн Б.А нь өмчлөх эрхтэй болохыг шүүхээр нэгэнт эцэслэн тогтоогдсон (Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/0621 дугаар тогтоол) тул Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийх хүсэлт гаргаагүй харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу “шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримтыг үндэслэн бүртгэнэ” гэсэн шинээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр зохицуулсан заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх Улаанбаатар хотын банкийг өмчлөх эрхтэй мэтээр дүгнэсэн байна.

Хэрвээ давж заалдах шатны шүүх “улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зохицуулсан байна” гэж үйл явдлыг дүгнэсэн нөхцөлд Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэсэн заалтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн заалтыг хэрэглэвэл зохих байсан гэж үзэж байна.

Учир нь, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан “эрх бүхий байгуулага” буюу Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд баригдсан Могул таун хотхоны 98-р байрны 103 тоот 117,49 кв.м талбайтай орон сууцыг, ГГ2-2 тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Б.А-ыг тогтоож шийдвэрлэсэн нь энд дурдсан улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах заалтын үндэслэл болох юм.

2. Магадлалын Хянавал хэсгийн 6 дахь догол мөрөнд “... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014.05.23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр түдгэлзүүлснээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно/, 18 дугаар зүйлийн 18.1.10 дахь хэсэгт “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж бүртгэлийг үйл ажиллагаанд хориглох нөхцөл байдал тогтоогдсоны улмаас эрхийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хуульд нийцнэ гэж үзнэ” гэж дүгнэжээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.12-ны өдрийн 181/ШШ2016/01521 дүгээр шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.15-ны өдрийн 720 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.09.22-ны өдрийн 001/ХТ2016/00621 тоот тогтоолоор “... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.09.04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрт заасан төлбөрийг “Могул Скай” ХХК-иас албадан гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас ... Б.А-ын 103 тоот орон сууц, ГГ2-2 тоот автомашины зогсоолтой... холбоотой бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай...” гэж,

Тус орон сууцанд оршин суудаг шүүхийн шийдвэрээр өмчлөгч болох нь тогтоогдсон 28 иргэн, 2 хуулийн этгээдтэй холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон.

Улаанбаатар хотын банкинд барьцаалагдсан дуусаагүй барилгаас ашиглалтанд орсон орон сууцны 89 орчим орон сууц болон 220 орчим автомашины зогсоолоос дээр дурдсан шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.А нарын 28 иргэн, 2 хуулийн этгээдэд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон билээ.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийи 18.1 /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараа зүйлийг хориглоно/, 18 дугаар зүйлийн 18.1.10” гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэглэсэн

- Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3.

-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэг.

- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”,

-  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”                                                             

- 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн, зөв байх”,

- 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”,

- 13 дугаар зүйлийн 13.4-т “Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгч тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр бие даан мэдүүлэг гаргана”, гэсэн хуулиудын заалтуудыг үндэслэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх болох орон сууц өмчлөх эрхийг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр болон энд дурдсан хуулиудаар хууль ёсны байх гэдгийг тогтоосон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Б.А-ын уг орон сууцыг өмчлөх эрхтэй холбоотойгоор хууль, гэрээ, шүүхээр тогтоосон ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0762 дугаар магадлалыг хүчингүй болгож. Өмчлөх эрхийг бүртгэн, Улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч жлсын бүртгэлийн газар даалгахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Монгол Улсын иргэн Б.А-ын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, ...” гэж заасан хүний үндсэн эрх болох орон сууц өмчлөх эрхийг шударгаар олж авсныг баталгаажуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Нэхэмжлэгч Б.А нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Могул скай” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам (Ар Зайсангийн гудамж, 98) хаягт орших “Могул таун” орон сууцны хотхоны 1А байрны 103 тоот, 117.49 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах (худалдан авах)-аар тохиролцсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд “Могул скай” ХХК-ийн хооронд дээрх гэрээ байгуулагдах үед уг “Могул таун” орон сууцны хотхоны 3564 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нь эрхийн улсын Ү-2206018350 дугаарт, мөн хотхоны 2717 м.кв талбай бүхий 95 хувийн гүйцэтгэлтэй автозогсоол нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Могул скай” ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгогдсон байсан, түүнчлэн, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  “Зээлийн барьцааны гэрээ”-гээр “... /дээрх/ баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт”, “... автозогсоолын зориулалттай барилгын 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт” тус тус “Улаанбаатар хотын банк” ХХК-нд барьцаалагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байна.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 821 дүгээр шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 621 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.А-ыг дээр дурдсан 103 тоот 117.49 м.кв талбайтай орон сууц болон ГГ2-2 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоосон, нэхэмжлэгчээс “...өмчлөгчөөр Б.А-ыг шүүх тогтоосон байхад хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох …/-ыг хориглох/”-оор, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “...мэдүүлэгт дурдсан ... эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... /мэдүүлэг хүлээн авахаас татгалзах/”-аар, 19 дүгээр зүйлийн 19.2-т “...эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд ...-ийн зөвшөөрлийг заавал авсан байх”-аар тус тус заасан байх тул өмнө бүртгэгдсэн өмчлөх эрх, барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл хүчинтэй, өмчлөх эрхийн бүртгэл өөрчлөгдсөнөөр “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох” барьцаалагчийн зөвшөөрөл аваагүй тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлэн бүртгэх боломжгүй, Б.А-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл дээрх хуулийн заалтуудад нийцсэн, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглээгүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатараас  хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийх хүсэлт гаргаагүй харин ... хуулийн 16.1 дэх хэсэгт заасан “шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шинээр бий болсныг нотлох баримтыг үндэслэн бүртгэнэ” гэсний дагуу шинээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр ... нэхэмжлэл гаргасан” гэх боловч, “Могул таун” орон сууцны хотхоны тухайн үед дуусаагүй байсан орон сууц, үйлчилгээний болон авто зогсоолын барилгыг “Могул скай” ХХК нь 2011 онд өөрийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг өмчлөх эрхээ үндэслэн, уг дуусаагүй барилгуудыг түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан байх тул “гүйцэтгэлийн явцад” бий болсон маргаан бүхий Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, 98 хаягт орших “Могул таун” орон сууцны хотхоны 1А байрны 103 тоот, 117.49 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ГГ2-2 тоот автомашины зогсоолын “өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх”-ээр хуульд заасан харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг ... эрхийн улсын бүртгэлд бүртгэж болох”-оор заасан, тухайн барилгын хувьд энэ нь “анхдагч” бүртгэл болох бөгөөд, барилга баригдаж дууссан нь уг анхны бүртгэлийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд “Могул скай” ХХК-ийн өмчлөх эрх болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн барьцааны эрх 2011 онд үүссэн, үүний дараа буюу 2013 онд нэхэмжлэгч Б.А болон “Могул скай” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх /маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг/ Улаанбаатар хотын банкийг өмчлөх эрхтэй мэтээр дүгнэсэн” гэх гомдол үндэслэлгүй, түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... /иргэний шүүхийн шийдвэрээр/ Б.А нарын 28 иргэн, 2 хуулийн этгээдэд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон” гэх боловч, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг үйл баримт нь  “... өмчлөгчөөр бүртгээгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй байх тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.      

Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх ... хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0762 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА