Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/04174

 

2020 12 21 101/ШШ2020/04174

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.А холбогдох,

 

11,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ГХХК-ийн захирал Ж.М, хариуцагч Ш.А, өмгөөлөгч У.Т, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч ГХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн 4-р хороонд тус компанийн барьсан ... тоот орон сууцыг иргэн Б.А нь 2004 оны 05-р сард 29 тост Орон сууц захиалгын гэрээгээр захиалж орон сууцаа хугацаанд нь хүлээж авсан боловч гэрээний 6.1, 6.2-т заасан үлдэгдэл төлбөр түүний хүү, алдангийг төлөлгүйгээр орон сууцыг Ш.А зарсан байдаг. Захиран эрхгүй этгээдээс орон худалдан авсан Ш.А хохирч үлдэх эрсдэлтэй болсон тул түүний зүгээс гаргасан орон сууцны төлбөрийн үндсэн үлдэгдэл 8.000 ам долларыг нь Б.А өмнөөс төлөх, хүсэлтийг компани дэмжиж хүү, алдангиа Б.А гаргуулан авах шийдвэр гарган Ш.Атэй зохих гэрээг байгуулан уг орон сууц өмчлөх эрхийг түүнд шилжүүлэн, өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгсөн. Харин Ш.А нь мөн манайхтай хийсэн гэрээнийхээ төлбөрийн үүрэг болох 22.800.000 төгрөгийг гэрээний хугацаа хожимдуулан гүйцэтгэсэн тул гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг манайд төлөх үүрэгтэй үлдсэн. ГХХК, Ш.А нарын хооронд байгуулсан "Орон сууц захиалга"-ын 32/29 тоот гэрээний үүргийг хожимдуулсны торгууль болох 11.400.000 төгрөгийг Ш. Аээс гаргуулан ГХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Ш.А би Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .........тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Атэй гэрээ байгуулж уг байрны үнийг 100 хувийн бүрэн төлөлттэйгээр худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед Б.А нь ...уг байрыг улсын комисс хүлээж аваагүй учир бүх айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа улсын комисс хүлээн авах үед нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө... гэж худалдсан. Гэтэл Б.Аийн зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний өмчлөл дээр гаргаж өгөөгүй. Удаа дараа маргаан хийсний эцэст ГХХК, Б.А нарын хооронд 8.000 долларын маргаантай асуудлын улмаас миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа талаар олж мэдсэн. 2020 оны 08 дугаар сарын сүүлээс эхлэн Ж.М нь утсаар болон манай гэрт удаа дараалан хүн дагуулж орж ирж ...А бид хоёрын гэрээ хүчингүй болсон би байраа авна суллаж өг. Би энэ хүнд зарлаа... гэх мэтээр асар их дарамт үзүүлж эхэлсэн. Тиймээс би аргагүй эрхэнд ...Б.Аийн төлөх ёстой 8.000 долларыг би төлье. Та гэрчилгээг маань гаргаад өгчих... гэсэн боловч тухайн өдөр хэрүүл маргаан болоод дууссан. Маргааш нь өөрөө над руу залгаад ...гэрчилгээг чинь гаргаад өгье 8.000 доллар төлчих... гэсэн. Тухайн үед мөнгө байгаагүй учраас ...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нөхрөө ирэхээр зээл хөөцөлдье... гэж хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ж.М гуай ...Ундрам плаза дээр хүрээд ир уулзъя... гэсэн. Уулзахад ...зуслан дээр байшин барьж байгаа надад мөнгө их хэрэгтэй байна. Нөхрийг чинь хүлээмээргүй байна.Улсын бүртгэлд материалаа хурдан өгмөөр байна. Ордер гурав хоногийн дотор гарна. Тэгэхээр чи ордероо гарангуут банк бусад тавиад мөнгө аваад өг. Өдөрт нь гаргадаг банк бус байгаа... гэж хэлсэн. Улсын бүртгэлийн албанд гэсэн бичиг, гэрээний хамт бэлдээд ирчихсэн ...яаралтай материалаа өгмөөр байна... гэж шахаанд оруулж, хуурч гарын үсэг зуруулсан. Урьд нь миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөр хүний нэр дээр гаргаж байсан бөгөөд уг асуудлаар би улсын бүртгэлийн ерөнхий газар хандаж гэрчилгээг нь хүчингүй болгуулж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2020 оны 9 дүгээр сарын 30-ны үдээс хойш гарсан. Мөн өдөр манай нөхөр Б.Б ажлаасаа ирсэн. (Жич:хөдөө 20 хоног ажиллаад 10 хоног амардаг) Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зээлээ хөөцөлдсөн. 2020 оны 10 дугаар сарын 2-нд/Баасан гараг/ гарна гэсэн боловч банкны үйл ажиллагааны улмаас 2020 оны 10-р сарын 5-ны өдөр/Даваа гараг/ банкнаас зээл гарсан.Тухайн өдөр мөнгө өгөх гэсэн боловч ГХХК болон иргэн Ж. Мрын нэр дээр ямарваа нэгэн данс байгаагүй тул 2020 оны 10-р сарын 6-ны өдөр /Мягмар гараг/ бэлэн 22.800.000/Хорин хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг нотариатаар гэрчлүүлэн хүлээлгэн өгсөн. Нотариат дээр мөнгө хүлээлгэн өгөх үед Ж.М: Заавал нотариатаар гэрчлүүлэн мөнгө өгөх гэлээ/ хэмээн байж боломгүй хараалын үгсээр дайрч доромжилсон. Өөрийнхөө дансыг өг гэж удаа дараа хэлсэн боловч данс байхгүй гээд байсан учраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Бэлэн мөнгө хүлээлцэх хэлцэл хийж 22.800.000 төгрөг буюу 8.000 долларыг төлж барагдуулсан.

 

Ж.М гуайн зүгээс Орон сууц захиалгын гэрээ гэх баримтыг үйлдэхдээ хэт өндөр торгууль бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 22.800.000 төгрөгийг хэт богино хугацаанд төлөх шаардлагыг тавьсан ганц хоног хэтрэхэд л маш өндөр хариуцлага оногдуулахаар заасан байсан байна. Нөгөөтэйгүүр Ж.М гуайн данс руу мөнгийг нь шилжүүлэх гэхээр дансны дугаараа өөрөө өгдөггүй, бэлнээр өгөх гэхээр баримтгүй авах гээд дайраад байдаг байсан. Иймээс нотариат орж баримт үйлдэж байж өгсөн. Гэтэл нотариат дээр баримт үйлдэх үед чи надад баримтгүй итгээд өгч чадахгүй байна уу?... гэх мэтээр дайрч давшилж манай нөхөртэй маргалдаж зодоон цохион үүсгэх шахсан(нотариатын хүн мэдэж байгаа). Манай гэр бүлийн хувьд 22.800.000 төгрөгийг олох гэдэг тийм ч амар байгаагүй. Өөрийн машин тэрэг, ээмэг бөгж гээд байсан бүхнээ өндөр хүүтэй зээлийн барьцаанд тавьж байж уг мөнгийг гаргасан. Ж.М гуайд авч өгсөн зээлийн мөнгийг бид хоёр 3 жил гаруй хугацаанд төлж дуусахаар байгаа. Гэтэл ахин дахин алданги гээд 11.400.000 төгрөг нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.М гуайн удаа дараа хийдэг маргаанаас болж амгалан тайван байдал алдагдаж, энгийн амьдралын хэвшил өөрчлөгдөж, түгшүүртэй, асар их өр зээлтэй амьдарч байна. Манай гэр бүл Ж.М гуайд ч, Б.Аэд ч ямар ч буруу зүйл хийж байгаагүй. Энэ хоёр хүний 8.000 долларын асуудлаас болж манай гэр бүл сэтгэл санаа болон эд материалын маш их хохирол амсаж байгаа учир маш их гомдолтой байна.Иргэний хуульд зааснаар бусдад хариуцлага тооцох, үүргийн зөрчилд оногдуулах торгуулийн хувьд ч хууль заасны дагуу явагдах ёстой. Гэтэл хууль зүйн хувьд байгуулсан гэх гэрээний хувьд ч торгууль тооцох эрх зүйн үндэслэлгүй. Ж.М нь торгууль шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч ГХХК, хариуцагч Ш.Ат холбогдуулан 2020.09.22-ны өдрийн .... тоот Орон сууц захиалгын гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 11,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

 

Зохигч 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр .... тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод орших 100 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны төлбөрийн үлдэгдэл үнэ 22,800,000 төгрөгийг хариуцагч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээ нь нэхэмжлэгчид илтэд ашигтай, хариуцагчийн эрхийг дордуулж шахамдуулан гэрээнд гарын үсэг зуруулсан, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад ашиглах зорилгоор гэрээ байгуулсан тухай хариуцагч маргасан ба энэ талаархи татгалзлаа хуульд нийцүүлэн нотлоогүй байна.

 

Дурдсан орон сууцыг иргэн Б.А, ГХХК-иас 2004 онд 29,500 ам.доллараар худалдан авч, нэхэмжлэгчид 21,500 ам.доллар төлж 8,000 ам.долларын үлдэгдэл төлбөртэй байсныг хариуцагч Ш.А 2007 онд Б.Аээс 29,500 ам.доллараар худалдан авч, мөн оноос эхлэн өнөөг хүртэл амьдарч байгаа талаар тайлбарлаж байна. Түүнчлэн иргэн Б.А, нэхэмжлэгчид 8,000 ам.доллар буюу 22,800,000 төлөөгүй байсныг нэхэмжлэгч хожим мэдсэн гэх тайлбарыг гаргаж, уг 22,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх замаар орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар зохигч харилцан тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 32/29 тоот гэрээ байгуулсан гэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцэх бөгөөд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зохигчийн хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд дээрх барилгыг барьж ашиглалтад оруулахад хариуцагчийн оролцоо, хамааралгүй нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч хууль тогтоомжид заасан барилга барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр тус барилгын ажлыг гүйцэтгэсэн нь хариуцагч мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Хариуцагч барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэх, техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь хариуцагчийг захиалагч буюу зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй.

 

Хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч 32/29 тоот гэрээний 3.1, 3.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд ... гүйцэтгээгүй ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж зааснаар анз төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.

 

Хариуцагч орон сууцны өмчлөх эрхийг нотолсон ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэх байгууллагаас хүлээн авч 10 дугаар сарын 06-ны өдөр 22,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, зохигч энэ талаар маргаагүй. Хариуцагч ...... тоот гэрээний 3.1а-д заасан 24 цагийн буюу нэг хоногийн хугацааг 5 хоногийн хугацаагаар хэтрүүлэн төлбөрийг төлсөн нь ийнхүү гэрээний хариуцлага хүлээх үндэслэлийг бий болгож байна.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч аливаа этгээд гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэхээр хуульчилсан ба нэхэмжлэгч гэрээ байгуулахтай холбоотой хууль ёсны давуу байдлаа зүй бусаар ашиглаж дурдсан орон сууцыг хариуцагч 13 жилийн хугацаанд өмчлөх эрхээ нотлох боломжгүйгээр эзэмшиж байгаа, өмчлөх эрхээ нотлох баримт бичгийг гаргуулан авах хүсэл зоригийг ашиглан мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэх хугацааг хэт богино хугацаагаар тогтоосон гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлд үүргийг хууль, гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгэх талаар зохицуулж, гэрээний талууд үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тохирсон бол гэрээний хугацааг баримтлах хэдий ч зохигчийн хооронд байгуулсан гэрээний үүргийн хувьд иргэний эрх зүйн харилцааны мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхтэй холбоотой суурь зарчим, зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Үүргийн шинж чанараас шалтгаалан талууд үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоох бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаагаа гэрээгээр тодорхойлсон нь нөгөө талын үүрэг гүйцэтгэх наад захын боломжит хугацааг харгалзан үзсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл талууд биелэгдэх боломжгүй хугацааг хэн алиндаа тулгах боломжгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх боломжит хугацаа олгоогүйгээс алдангийн хэмжээ илт их тогтоогдсон гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн 5 хоногийн хугацаа хэтрүүлэн үүргээ гүйцэтгэснийг харгалзан нэхэмжлэгчийн шаардсан алданги 11,400,000 төгрөгийн 1/5 хувиар тооцон хариуцагч Ш.Аээс 2,280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,120,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Аээс 2,280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,120,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Аээс 51,430 271,465 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГХХК-д олгосугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ