Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00340

 

                                          

 

 

 

 

 

 

 

                                 ГК ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/04174 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГК ХХК-ийн хариуцагч Ш.Ат холбогдуулан гаргасан 11 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ГК ХХК-ийн ...орон сууцыг иргэн Б.А нь 2004 оны 5 дугаар сард 29 тоот орон сууц захиалгын гэрээгээр захиалж орон сууцаа хугацаанд нь хүлээж авсан боловч гэрээний 6.1, 6.2-т заасан үлдэгдэл төлбөр, хүү, алдангийг төлөлгүйгээр орон сууцыг Ш.Ат худалдсан байдаг. Захиран эрхгүй этгээдээс орон худалдан авсан Ш.А хохирч үлдэх эрсдэлтэй болсон тул Б.Аөмнөөс орон сууцны төлбөрийн үлдэгдэл 8 000 ам.долларыг төлөх, хүсэлтийг компани дэмжиж хүү, алдангиа Б.А гаргуулан авах шийдвэр гарган Ш.Атэй зохих гэрээг байгуулж орон сууц өмчлөх эрхийг түүнд шилжүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгсөн. Харин Ш.А гэрээнд заасан төлбөрийн үүрэг болох 22 800 000 төгрөгийг гэрээний хугацаа хожимдуулан гүйцэтгэсэн тул гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг төлөх үүрэгтэй. Иймд талуудын хооронд байгуулсан 32/29 тоот орон сууц захиалгын гэрээний үүргийг хожимдуулсны торгууль 11 400 000 төгрөгийг Ш. Ариунчимэгээс гаргуулан ГК ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Ш.А нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.А гэрээ байгуулж үнийг 100 хувь төлж худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед Б.А нь уг байрыг улсын комисс хүлээж аваагүй учир бүх айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа улсын комисс хүлээн авах үед нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө... гэж худалдсан байдаг. Гэтэл Б.Азүгээс уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөөгүй. Удаа дараа маргаан хийсний эцэст ГК ХХК, Б.А нарын хооронд 8 000 ам.долларын маргаантай асуудлын улмаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа талаар олж мэдсэн. 2020 оны 08 дугаар сарын сүүлээс эхлэн Ж.М нь утсаар болон гэрт удаа дараа хүн дагуулж ирсэн. Ингэхдээ “Алтансүх бид хоёрын гэрээ хүчингүй болсон би байраа авна суллаж өг, энэ хүнд зарлаа... гэх мэтээр их дарамт үзүүлж эхэлсэн. Ингээд аргагүй эрхэнд Б.Атөлөх ёстой 8 000 ам.долларыг төлөхөөр болсон. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ж.М нь Ундрам плаза дээр хүрээд ир уулзъя гэсэн. Зуслан дээр байшин барьж байгаа мөнгө их хэрэгтэй байна. Нөхрийг чинь хүлээмээргүй байна. Улсын бүртгэлд материалаа хурдан өгмөөр байна. Ордер гурав хоногийн дотор гарна. Ордероо гарангуут банк бусад тавиад мөнгө аваад өг. Өдөрт нь гаргадаг банк бус байгаа гэж хэлсэн. Улсын бүртгэлийн албанд гэсэн бичиг, гэрээний хамт бэлдээд ирсэн байсан, яаралтай материалаа өгмөөр байна гэж шахаанд оруулж, хуурч гарын үсэг зуруулсан. Өмнө нь манай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөр хүний нэр дээр гаргаж байсан бөгөөд уг асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гэрчилгээг нь хүчингүй болгуулж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2020 оны 9 дүгээр сарын 30-ны үдээс хойш гарсан. 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр банкнаас зээл гарсан.Тухайн өдөр мөнгө өгөх гэсэн боловч ГК ХХК болон иргэн Ж.Мын нэр дээр ямарваа нэгэн данс байгаагүй тул 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр бэлэн 22 800 000 төгрөгийг нотариатаар гэрчлүүлэн хүлээлгэн өгч 8 000 ам.долларыг төлж барагдуулсан. Орон сууц захиалгын гэрээндээ хэт өндөр торгууль тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 22 800 000 төгрөгийг хэт богино хугацаанд төлөх шаардлагыг тавьсан бөгөөд ганц хоног хэтрэхэд л маш өндөр хариуцлага оногдуулахаар заасан байсан. Ж.Мын данс руу мөнгийг нь шилжүүлье гэхээр дансны дугаараа өөрөө өгдөггүй, бэлнээр өгөх гэхээр баримтгүй авах гээд дайраад байдаг байсан. Ж.Мт авч өгсөн зээлийг бид хоёр 3 жил гаруй хугацаанд төлж дуусахаар байгаа. Гэтэл ахин алданги 11 400 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуульд зааснаар бусдад хариуцлага тооцох, үүргийн зөрчилд оногдуулах торгуулийн хувьд хуульд заасны дагуу явагдах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

            Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Аээс 2 280 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГК ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 120 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Аээс 51 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Ш.А нь ...хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.А гэрээ байгуулж байрны үнийг бүрэн төлж худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед Б.А нь “... уг байрыг улсын комисс хүлээж аваагүй учир бүх айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа улсын комисс хүлээн авах үед нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө...” гэж худалдсан байдаг. Гэтэл Б.А нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ш.Аийн нэр дээр гаргаж өгөөгүй. Гэтэл ГК ХХК, Б.А нарын хооронд гэрээний төлбөрт 8 000 ам.долларын маргаантай асуудлаас шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа талаар олж мэдсэн.  Хариуцагч нь 2007 оноос хойш уг орон сууцанд амьдарсаар байхад нэхэмжлэгч ГК ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр П.Одзаяа гэх хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, хариуцагчийн өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээс эхлэн Ж.М нь утсаар болон Ш.Аийн гэрт удаа дараа хүн дагуулан ирж дарамт үзүүлж эхэлсэн. Иймээс Ш.А нь Б.Атөлөх ёстой 8 000 ам.долларыг төлж гэрчилгээ гаргуулж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баримт үйлдэж 8 000 ам.доллар өгсөн бөгөөд нэхэмжлэгчид уг баримтыг үндэслэн шаардах эрх үүсгэхгүй юм. Ш.А нь ГК ХХК-тай гэрээний харилцаатай байгаагүй, өр төлбөргүй. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасны дагуу зөвхөн бусдын төлбөрийг төлсөн этгээдэд шаардах эрх бий болно. Харин бусад этгээд хэн нэгнээр бусдын өр төлбөрийг төлж барагдуулахыг шаардах эрхгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Дурдсан орон сууцыг иргэн Д.Алтансүх, ГК ХХК-аас 2004 онд 29 500 ам.доллараар хүдалдан авч, нэхэмжлэгчид 21 500 ам.долларын үлдэгдэл төлбөртэй байсныг хариуцагч Ш.А 2007 онд Б.А 29 500 ам.доллараар худалдан авч, мөн оноос эхлэн өнөөг хүртэл амьдарч байгаа талаар тайлбарлаж байна. Түүнчлэн иргэн Б.А нэхэмжлэгчид 8 000 ам.доллар буюу 22 800 000 төгрөг төлөөгүй байсныг нэхэмжлэгч хожим мэдсэн гэх тайлбарыг гаргаж. Уг 22 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх замаар орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар зохигчид харилцан тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 32/29 тоот гэрээ байгуулсан” гэж дүгнээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцэх бөгөөд зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй” гэж бодит нөхцөл байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээгээр бэлэн байгаа эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлдэг. Харин 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой цаг хугацааны туршид гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж бий болсон үр дүнг ажил гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлдэг. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд ГК ХХК нь Б.А ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний үр дүнд маргаан бүхий эд хөрөнгийг ГК ХХК нь барьж гүйцэтгэж, Б.Аэд хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Харин 2007 онд Б.А нь уг эд хөрөнгийг ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болох эд хөрөнгийг Ш.Ат шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Ш.А нь Б.А маргаан бүхий орон сууцыг авахдаа уг эд хөрөнгөтэй холбоотой төлбөр тооцоо байхгүй талаар шийдвэр гүйцэтгэлийн бичигтэй танилцсан тул гэрээ байгуулж худалдаж авсан. Гэтэл ГК ХХК барилгын ажлыг зохих журмын дагуу гүйцэтгээгүй, эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Аэд эсхүл Б.А гэрээ байгуулж авсан Ш.Ат шилжүүлээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй байдаг.

Шүүхийн шийдвэрт дурьдсан шиг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл худалдагч нь эд хөрөнгө түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Уг үүргээ гүйцэтгэснээр төлбөр шаардах эрхтэй болдог. ГК ХХК нь уг үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй. Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсний дараа эсхүл тогтоосон хугацаанд шаардах нь үндэслэлтэй бөгөөд төлбөртэй холбоотой асуудлаас шалтгаалан өмчлөх эрхийг шилжүүлээгүй нь хууль бус юм. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дахин баримт үйлдэж уг үүргээ гүйцэтгэхдээ мөнгөн төлбөр авахаар шаардсан нь үндэслэлгүй юм. Хууль зүйн хувьд нэг үүргийг гүйцэтгэхдээ хоёр удаа тохиролцож, хоёр удаа төлбөр авахаар шаардах боломжгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажлыг гүйцэтгэсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар эд хөрөнгийг худалдсан гэж үзсэн ч ГК ХХК нь уг орон сууцыг Б.Аэд эсхүл Б.А гэрээ байгуулсан Ш.Ат шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл дахин баримт үйлдэж үүнийг шүүх худалдсан гэсэнд дүгнэлт хийсэн нь нэг хөрөнгийг хоёр удаа худалдаж худалдагч хоёр гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэх агуулгатай хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Хариуцагч,  нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч 32/29 тоот гэрээний 3.1. 3.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д ... зааснаар анз төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 32/29 дугаартай орон сууц захиалгын гэрээнд “Захиалагч хүсэж, гүйцэтгэгч зөвшөөрсөн тохиолдолд тухайн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгууль хүлээж урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийн хугацааг 7 хоногоор сунгаж болох ба энэ тохиолдолд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр төлбөрийг торгуулийн хамт бүрэн төлнө” гэж заасан байх бөгөөд уг агуулгаас харвал захиалагчийн хүсэлтийн дагуу, гүйцэтгэгч зөвшөөрсөн тохиолдолд торгууль оногдуулахаар байна. Энэ нөхцөл нь захиалагчаас хүсэлт гаргасан тохиолдолд хэрэгжихээр буюу тодорхой болзолт нөхцөл байдлыг заасан байх ба захиалагч хүсэлт гаргаагүй учраас уг заалт хэрэгжих боломжгүй юм. Мөн уг нөхцлөөс харвал талууд хугацааг сунгахаар тохиролцсон. Гэрээний хугацаа сунгагдаж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэл хойшлогдож байна гэж ойлгодог. Иймээс гэрээний хугацааг хойшлуулж байгаа тохиолдолд хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т “...үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл уг хугацаанаас хэт бага “24 цаг 5 хоног” гэх хугацааг тогтоосон байдаг. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “... иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал ...”-ын зарчимд нийцээгүй. Уг хугацааг нэг хоног хэтрүүлэхэд 50 хувийн торгууль оногдуулна гэсэн нь хэт өндөр хариуцлага бөгөөд шударга бус байна. Нэхэмжлэгч ГК ХХК нь маргаан бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд орон сууц худалдан борлуулах, захиалагчтай гэрээ байгуулдаг энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг хуулийн этгээд юм. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-д “Аж ахүйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна”, 202.2.2-д “үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус хуульд үл нийцэх хугацаа тогтоосон”, 202.2.10-д “санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон” гэж заасан байдаг. Гэтэл гэрээний төслийг бэлдэж ирсэн ГК ХХК-ийн захирал Ж.М нь гэрээнд хуулиар хориглосон, гэрээнд тусгасан тохиолдолд хүчин төгөлдөр бус байх нөхцлүүдийг тусгасан. Хүчин төгөлдөр бус гэрээ, хүчин төгөлдөр бус байх гэрээний заалтын дагуу шаардах эрх үүсэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх хүлээн аваагүй.  Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хэний захиалгаар, хэн барьж, хэнээс хэнд шаардах эрхийг шилжүүлсэн эсхүл худалдан борлуулсныг тогтооход шаардлагатай баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх энэ талаар таамаглаж дүгнэлт хийсэн. ГК ХХК, Б.А нарын 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 29 тоот “Орон сууц захиалгын гэрээ” хэрэгт авагдаагүй байдаг.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 101/ШШШ2020/01526 дугаар шийдвэрээр Б.Анэхэмжлэлтэй, ГК ХХК-д холбогдох иргэний хянан шийдвэрлэсэн байдаг. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хоёр гэрээг эх хувиар гаргаж өгсөн. Иймээс хариуцагчаас гэрээг эх хувиар гаргаж өгөх боломжгүй, уг материал нь шүүхийн архивт байгаа учраас шүүхээс гараагүй баримтад хуулбар үнэн тэмдэг дарж өгөхгүй гэсэн тайлбарыг өгсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч болон хариуцагч нар хэргийн бодит нөхцөл байдалд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөхөд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг шүүхийн журмаар цуглуулах хүсэлтийг гаргаж байсан боловч хүлээн аваагүй. Талууд үйлдсэн баримтад заасан мөнгөн төлбөрийг төлөх хариуцагч бэлэн болгосны дараагаар ГК ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Маас байгууллагын данс эсвэл өөрийн дансны дугаарыг явуулахыг хүссэн боловч мөнгийг бэлнээр баримтгүйгээр авна, эсхүл өөрийн эхнэрийн данс руу авна гэсэн тул мөнгөн төлбөрийг шилжүүлэлгүй тодорхой хугацаа өнгөрсөн байдаг. Хуулийн этгээдийн лавлагаанаас харвал хуулийн этгээдийн дансны талаарх мэдээлэл тусгагдаагүй байдаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШШ2020/01526 дугаар шийдвэртэй иргэний хэргийн материалд ГК ХХК-аас ирүүлсэн хуулийн этгээдийн лавлагаанд хуулийн этгээдийн дансны мэдээлэл хэсэгт дансгүй талаар дурьдсан байдаг. Хэргийн оролцогчоос нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх боломжгүй байсан тул уг иргэний хэргийн материалаас 32 дахь талд авагдсан ГК ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, ГК ХХК, гүйцэтгэх захирал Ж.М нарын нэр дээр арилжааны банкинд харилцах данстай эсэх талаарх лавлагааг арилжааны банкнуудаас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр татгалзсан байдаг. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баримт үйлдэх үед хариуцагч нь зээл авсан тохиолдолд мөнгөн төлбөрийг төлөх боломжтой талаар хэлж байсан. Гэтэл “Хаан банк” ХХК-аас авах зээл хариуцагчаас үл шалтгаалах байдлаар хойшилсон байдаг. Уг зээлийг хариуцагчийн нөхөр Бнэр дээр авсан. Иймээс зээлийн гэрээ, зээл хүссэн өргөдөл зэрэг баримт нь хариуцагч мөнгөн төлбөрийг төлөх хугацаа ямар шалтгааны улмаас хойшилсон, мөнгөн төлбөрийг төлөхөд хариуцагчид боломжит хугацаа олгогдсон эсэхийг тогтооход чухал холбогдолтой байсан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хаан банк” ХХК, Б нарын байгуулсан дугаар ЗГ/202045700933 тоот “Зээлийн гэрээ”, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээл хүссэн өргөдөл зэргийг гаргуулах, тухайн зээлийн гэрээг байгуулагдах үед хариуцан ажиллаж байсан Л.Ц, хариуцагчийн нөхөр Бийг гэрчээр оролцуулах хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан байдаг. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээнд гарын үсэг зуруулахаар дарамталсан, гарах гарцгүй болгосон нөхцөл байдлыг бий болгож байсан талаар бичсэн байдаг. 2007 оноос хойш гэр бүлийн хамтаар уг 29 тоот орон сууцанд амьдарч байгаа. Гэтэл Ж.М нь уг орон сууцыг бусдад худалдан борлуулах гэж байна гэж бусдын хөрөнгөнд нэвтэрч маргаан үүсгэсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг П.Оийн өмчлөлд гаргаж байсан. Энэ талаарх баримт нь Б.Анэхэмжлэлтэй, ГК ХХК-д холбогдох иргэний хэргийн материалд авагдсан байдаг. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай баримт авагдсан байдаг. Уг баримтууд нь талуудын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн баримтыг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг бодитойгоор тогтооход чухал ач холбогдолтой байсан. Хариуцагч Ш.А 2007 оноос хойш гэр бүлийн хамтаар уг орон сууцанд амьдарч байгаа гэх тайлбараа нотлох зорилгоор 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Дулаанаар хангах гэрээ”-г Б.Анэхэмжлэлтэй, ГК ХХК-д холбогдох иргэний хэргээс нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн баримтад хариуцагчийн эрх ашиг сонирхолд илтэд хохиролтой, шударга ёс, бодит нөхцөл байдалд нийцэхгүй заалтуудыг тусгасан. Ш.Аийн хувьд 29 500 ам.долларыг Б.Аэд төлж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг авсан. Гэтэл худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй, худалдан борлуулах, арилжих, бэлэглэх, барьцаалан зээл авах зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй 13 жил хохирсон. Мөн энэ хугацаанд нэхэмжлэгч ГК ХХК, Ж.Мын удаа дараагийн хууль бус үйлдлээс болж цаг хугацаа, мөнгө, сэтгэл санаагаараа их хохирсон. Ш.Аийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах хүсэл эрмэлзэл, хэцүү байдалд орсныг далимдуулж баримтад гарын үсэг зуруулж, дахин мөнгө авсан. Ш.А нь ГК ХХК, Б.А нарын 13 жилийн маргаан бүхий мөнгөн төлбөрийг өөрөө төлсөн байхад дахин алданги нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй, гомдолтой байна. Шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дах заалтад “... хариуцагч Ш.Аээс 51 430 271,465 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГК ХХК-д олгосугай” гэж заасан нь 1 дэх заалттайгаа уялдахгүй, хуулиас зөрсөн их хэмжээний тэмдэгтийн хураамжийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ГК ХХК нь хариуцагч Ш.Ат холбогдуулан орон сууц захиалгын гэрээний алдангид 11 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээний төлбөр 22 800 000 төгрөгийг хугацаа хожимдуулж төлсөн тул үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг төлөх үүрэгтэй” гэж тайлбарласан бол хариуцагч “төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан, төлбөр төлөх хугацаа, хариуцлагын хувь хэмжээг хэт өндөр тогтоосон” гэх үндэслэлээр татгалзжээ.

 

Анхан шатны шүүх талуудын тохиролцоо болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг 5 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж алдангид 2 280 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон байна. Иргэн Б.А нь ...тоот хаягт байрлах 100 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч компаниас 29 500 ам.доллар буюу 84 075 000 төгрөгөөр худалдан авч, гэрээний төлбөрөөс 61 275 000 төгрөг төлж, 22 800 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Улмаар хариуцагч Ш.А нь маргаан бүхий орон сууцыг Б.А худалдан авсан байна. Нэхэмжлэгч компани төлбөрийн үлдэгдэл 22 800 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж, тэрээр 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид 22 800 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ. /хх4, 27-28/

 

Нэхэмжлэгч нь шаардлагаа орон сууц захиалгын гэрээний 3.1, 3.2 дах хэсэгт заасныг үндэслэсэн байна. Талуудын байгуулсан гэрээний 3.1.а-д “Гэрээ байгуулснаас хойш захиалагч 48 цагийн дотор 5 000 000 төгрөг, өмчлөх эрхийн гэрчилгээ гардан авснаас хойш 24 цагийн дотор үлдэгдэл 17 800 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө”, 3.2 “захиалагч хүсэж, гүйцэтгэгч зөвшөөрсөн тохиолдолд тухайн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгууль хүлээж урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийн хугацааг 7 хоногоор сунгаж болох ба энэ тохиолдолд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр төлбөрийг торгуулийн хамт бүрэн төлөх” тохиролцоо нь үг хэллэгийн хувьд ойлгомжгүй байхын зэрэгцээ, хуульд нийцээгүй, хэрэгжих боломжгүй заалт байна.  

 

Хэргийн 3 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд ГК ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг субъект болох нь тогтоогдож байх ба энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд бусад этгээдтэй Иргэний хуульд зааснаар гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөлтэй гэрээг байгуулахаар байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2, 202.2.2-т “Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна” гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч компани нь барилгын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй байгуулж байгаа гэрээндээ үүрэг гүйцэтгэх хугацааг хэт богино тогтоож Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн байх тул гэрээний холбогдох хэсэг нь мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлж боломжит хугацаанд биелүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, талуудын тохиролцоо нь хууль болон гэрээнд нийцээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/04174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ГК ХХК-ийн хариуцагч Ш.Ат холбогдуулан гаргасан 11 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  51 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

     ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

                   А.МӨНХЗУЛ