Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/02126

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/02126

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 74 дүгээр байр, 35 тоот хаягт оршин суух Сартуул овогт Санвайдагвын Даваадорж /РД:НТ74042915/,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Шадивлан 1-75 тоот хаягт оршин суух Алаг адуут овогт Найдангийн******* /РД:НТ81091911/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Нарны зам, Миний хайпер маркет 2 давхарт байрлах Сонгинохайнгай ХХК /регистрийн дугаар 2616866/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,827,210 төгрөг гаргуулах .

ؿ : *******, Н.Алтанцоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул, М.Золзаяа .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******, Н.Алтанцоож нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: *******, Н.Алтанцоож бид 2015 оны 10 дугаар сарын 03-аас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дэнжийн мянгын зах дээр хөдөө орон нутгаас ирдэг махнаас бэлэн мөнгөөр авч зээлээр*******ХХК-нд нийлүүлдэг байсан.*******ХХК-ийн мах хариуцсан захирал Н.Баатарцогт, менежер Д.Батбаяр нар бидэн дээр ирж махаа авдаг байсан ба нийт 22 удаагийн худалдан авалтаар 30,213,110 төгрөгийн мах авсан. Үүнээс 13,385,900 төгрөгийг нь Хаан банкны харилцах дансаар эдгээр хүмүүс шилжүүлдэг байсан. Үлдэгдэл 16,827,210 төгрөгийг авахаар бид удаа дараа дээрх байгууллагын захирал, хуулийн зөвлөх, ерөнхий нягтлан бодогч нартай уулзаж хандсан боловч тооцоо нийлж өгнө гээд удаашруулсаар сүүлдээ уулз гэсэн захирлууд нь солигдоод хариуцах эзэнгүй болж өдий хүрснээр бид маш их хохирч байна. Иймд Сонгинохайнгай ХХК-иас махны үлдэгдэл төлбөр 16,827,210 төгрөгийг гаргуулж, *******ид 15,927,210 төгрөг, Н.Алтанцоожид 900,000 төгрөгийг олгож өгнө үү.

16,827,210 төгрөгөө авах гэж 2015 оны 12 дугаар сарын 01-ээс хойш удаа дараа очсон боловч махны захирлууд нь ээлж дараалан солигдон өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан*******ийн махны тооцоо нэртэй хүснэгтийг Н.Баатарцогтоор өөрөөр нь хэлүүлж байгаад Н.Баатарцогтын эгчээр нь компьютер дээр бичүүлж авсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баатарцогт нь*******ХХК-ийг төлөөлж хэлцэл хийсэн нь тогтоогдож байна. Дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, Баатарцогтын өөрийн нь мэдүүлэг зэрэг бүх зүйлээс харахад нэхэмжлэгч нараас 30,210,110 төгрөгийн махыг аваад үлдэгдэл 16,827,210 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг Баатарцогт өөрөө хүлээн зөвшөөрч баталгаажсан байна. Иймээс ажил олгогчийн зүгээс*******ХХК хариуцах үндэслэлтэй. Харин Н.Баатарцогтоос ямар байдлаар нэхэмжилж авах нь хариуцагчийн асуудал тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баатарцогт гэдэг манай ажилтны буруугаас болсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Махыг Баатарцогт гэдэг хүн ченжүүдээс худалдаж аваад байгууллагад тушаадаг. Баатарцогтын нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу Баатарцогтод байгуулагаас мөнгийг төлдөг. Энэ харилцааг авч үзвэл байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас бусдад учруулсан хохирлыг байгууллага хариуцаад дараа нь байгууллага ажилтнаасаа нэхэмжлэх байдал өнгөцхөн харагдаж байгаа. Гэхдээ харилцааг авч үзэхэд Баатарцогт энэ компанид үндсэндээ 20 жил ажилласан байгууллагын итгэлийг хүлээсэн ажилтан байсан. Өмнө нь цагаан идээний нийлүүлэлт хариуцаж байхдаа зөрчил гаргаад байгууллага нь түүнийг уучлаад махны салбарт томилсон, махны салбарыг хариуцан 4 сар ажиллаад зөрчил гаргаад явсан. Энэ хэргийн нэхэмжлэгч Н.Алтанцоож нь Н.Баатарцогтын төрсөн дүү. Н.Баатарцогт өөрийнхөө махны мөнгийг аваад, цаашаа яаж өгдөг байсан нарийн юмнуудыг эд нар өөрдсөө мэдэж байгаа. Ченжүүдээс Миний дэлгүүрт мах нийлүүлж, худалдах худалдан авах харилцаа үүсч байна. Бид хүлээж авсан махны төлбөрийг төлсөн баримт байгаа юм. Худалдааны харилцаа явагдаж байгаа бол анхан шатны баримтаар баталгаажуулах ёстой. Баатарцогт болон нэхэмжлэгч нарын хооронд компанид мах нийлүүлж байгаа субъектуудын хооронд мах нийлүүлсэн анхан шатны баримт байхгүй.*******ХХК-ийн хувьд Н.Алтанцоож, ******* нарын мах гэж хүлээж авсан баримт байхгүй. Яагаад гэхээр Баатарцогт энэ хүмүүсээс авчихаад салбаруудаар нь тараагаад өгчихдөг байгууллагын тооцоон дээр Баатарцогтоос авсан мах л гэж байгаа. Гэтэл Баатарцогт нэхэмжлэгч нар нь ч гэсэн хоорондоо нарийн данс тооцоо байхгүй. Тэгэхээр хариуцагч талын хувьд ч Даваадоржоос ийм мах хүлээн авса гэдгээ нотолж чадахгүй. Сонгинхангай ХХК нь ажилтандаа итгэл хүлээлгэсэн үйлдэл харагдаж байна. Нэхэмжлэгч нар өгсөн авснаа нарийн баримтжуулж падаанаа үйлдээгүйн гай гарч ирж байгаа юм. Нотлох үүрэг нь нэхэмжлэгч талд байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, Н.Алтанцоож нар нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16,827,210 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч*******ХХК нь махны худалдаачдаас мах худалдан авч, худалдан авалтыг хийсэн ажилтан буюу Н.Баатарцогтын үйлдсэн нэхэмжлэхийг үндэслэн махны үнийг төлдөг гэх үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь 2015 оны 10 дугаар сарын 03-ын өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч*******ХХК-д 22 удаагийн нийлүүлэлтээр 30,213,110 төгрөгийн махыг худалдсан, үүнээс 13,385,900 төгрөгийг дансаар хүлээн авсан гэх боловч талуудын хооронд 30,213,110 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах-худалдан авах харилцаа үүссэн болох нь нотлогдож тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэдийгээр худалдах-худалдан авах хэлцлийг талууд амаар хийж болох боловч ямар хэмжээтэй мах нийлүүлэх хийгээд нийлүүлснээ баталгаажуулсан байх нь гэрээний талуудын эрх, үүрэг, улмаар гэрээний биелэлт үр дүн, төлөх төлбөрийг тодорхой болгох ач холбогдолтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Гэвч нэхэмжлэгч нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хариуцагч*******ХХК-иас 16,827,210 төгрөгийн авлагатай болохоо нотолсонгүй.

Нэхэмжлэгч нар нь*******ид 30,213,110 төгрөгийн төлбөртэйгээс 16,827,210 төгрөг олгогдоогүй гэх Н.Баатарцогтын гаргасан тооцоо болон жолооч гэх Н.Мөнх-Очирын тодорхойлолт, Н.Баатарцогт*******ХХК-д ажиллаж байсан талаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр нь нэг талын уг сурвалжтай буюу хийгдсэн хэлцэл, мөнгөн төлбөрийн үлдэгдэл дүнг талууд харилцан тохиролцож тодорхойлсон гэж үзэхээргүй, Н.Баатарцогтын гаргасан 16,827,210 төгрөг Аланцоожид олгогдоогүй гэх тооцоо нь*******ХХК-ийн ажилтны гаргасан тооцоо биш байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч*******ХХК-иас 16,827,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, Н.Алтанцоож нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА