Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 139/ШШ2017/00442

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 139/ШШ2017/00442

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7-р баг, Нарлагын 4-8 тоотод оршин суух ******* овгийн *******ийн Од-Эрдэнэ /ХА*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 7-р баг, Нарлагын 6-3 тоотод оршин суух ******* овгийн *******гийн Эрдэнэцогт /ЗЮ72082712/-д холбогдох 29964450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 31-ний өдөр 139/2017/00203/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., гэрч Ц. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Од-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Эрдэнэцогт нь 2014 оны 7 сарын 17-ны өдөр 20000000 төгрөгийг мөнгөний хэрэг байна түр зээлээч гээд өөрийн 5031004173 тоот дансаараа дамжуулан зээлж авсан. Өнгөрсөн хугацаанд миний бие удаа дараа уг мөнгөө нэхэхэд өгнө өгнө гээд янз бүрийн шалтаг хэлсээр өдийг хүрсэн. Иймд А.Эрдэнэцогтоос 20000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсанаар Эрдэнэцогт нь 2014 оны 7 сарын 17-нд өөрийн 5031004173 тоот дансандаа 20 сая төгрөгийг түр зээлээч мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд зээлж авсан байдаг. Өнгөрсөн хугацаанд тус мөнгөө төлөх талаар 2-3 удаа уулзсан боловч боломжгүй байна гэсэн хариуг өгдөг байсан юм байна лээ. Нэгэнт нэхэмжлэгч нь Эрдэнэцогтод 20 сая төгрөгөө зээлүүлсэн учраас тус мөнгөө буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 оны 7 сарын 9-нд 74 ширхэг эд зүйлийг дараа нь мөнгийг нь төлнө гэж хэлээд худалдаж авсан. Үүн дээр хариуцагч тал маргадаггүй. Нэгэнт авсан болохоор үнийн дүнг нь төлнө гэсэн хариу тайлбар ирүүлсэн учраас энэ тайлбарыг нь үндэслээд тус үнийн дүнг нь хүлээж авахад бэлэн байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Эрдэнэцогт манай гэр бүлийн хүн байгаа юм. Хариуцагч маань Од-Эрдэнэ даргатай 2008 оноос 2017 оны 3 сар хүртэл намын болон найз, нөхдийн, ажил хэргийн холбоотойгоор хамтран ажиллаж ирсэн. 2017 оны 3 сард нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл ойлголцол үүссэнээс болоод С.Од-Эрдэнэ дарга гэнэт хариуцагчид чи надаас 20 сая төгрөг зээлсэн, тэр мөнгөө 3 хувийн хүүгээр бодож өг, гэрээнд гарын үсэг зур гэх мэтээр 2017 оны 5 сард дарамт шахалт үзүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 20 сая төгрөгөө хариуцагчид өөрөө бэлэглэсэн. Бэлэглэж байгаа шүү гэж хэлээгүй ч гэсэн тус мөнгийг өгөх үед надтай хамт өөр хоёр хүн байсан. Нэхэмжлэгч сэтгэлээсээ бэлэглэсэн учраас Засаг дарга болох үед мөн үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болох үед нь цаг наргүй ажиллаж байсан хүмүүст нь урамшуулал болгож уг 20 сая төгрөгийг хэрэглэсэн. Бусдаар би өөртөө хэрэглээгүй гэсэн тайлбарыг хариуцагч хэлж байгаа. 9 сая гаран төгрөгийн эд хөрөнгийг авсан гэж бид хүлээн зөвшөөрч байгаа. 2015 онд манайх жуулчны баазыг нээх үед нэхэмжлэгч манай складанд ширээ, аяга, тавга бүхий эд хөрөнгүүд байгаа. Та хоёрт хэрэгтэй гэвэл эдгээр зүйлүүдийг жагсаалтаар хүлээгээд ав. Бид дөрвөн уулынхаа складанд өөр үйл ажиллагаа явуулах гэж байгаа учраас хурдан чөлөөлж өгөөч гэхээр нь тухайн үед бид хоёрт мөнгөний бололцоо муу байсан болохоор жуулчныхаа баазад үйл ажиллагаа явагдаж эхлэхээр мөнгийг нь өгье гэж тохиолцож нэхэмжлэгчээс эд зүйл авсан. Жагсаалтыг хариуцагчийн фэйс бүүк рүү нь явуулсан. Жагсаалтын доод талд нь эдгээр эд хөрөнгүүдийг 5 жилийн өмнө авч байсан учраас яг жагсаалтанд бичигдсэн бүх эд хөрөнгүүд байгаа, байхгүй нь мэдэхгүй байна. Та нар хүлээж авахдаа жагсаалтаа хийж аваарай гэж бичсэн байсан. Эдгээр эд хөрөнгүүдийг бид нар авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа. Одгэрэл эгч Од-Эрдэнэ даргын гэр бүлийнх нь хүн байгаа юм. Одгэрэл эгчид 1 сая төгрөгийг ард кино театрын ард байрлах хаан банкнаас авч өгсөн байдаг. Одгэрэл эгчтэй уулзах үед би байсан. Тухайн үед нутгийн зөвлөлийн шинэ жил болж байсан. Одгэрэл эгч тайлбартаа энэ мөнгийг сайн санахгүй байна гэсэн байна лээ.Гар утасны 670000 төгрөг, мөн худалдааны төв нээж байгаа. Тус худалдааны төвийн ур талд нь том самбар тогтоогч хийсэн байгаа. Энэ самбар тогтоогчийг манай нөхөр Эрдэнэцогт Улаанбаатар хот, дэнжийн мянгын тэнд байрлах хотын захиргааны скланднаас ачиж ирж байсан. Зам, тээврийнх нь зардал 670000 төгрөг болсон. Эдгээр мөнгөн дүнг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасах юм бол үлдсэн мөнгийг бид хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Од-Эрдэнэ нь А.Эрдэнэцогтод холбогдуулан 29964450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Хариуцагч А.Эрдэнэцогт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нар нь бэлэг учраас 20000000 төгрөгийг төлөхгүй, харин 74 нэр төрлийн эд зүйлээс өгсөн мөнгө, гар утас, тээврийн хөлс зэргийг хасаад үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах зүйлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Од-Эрдэнэ нь хариуцагч А.Эрдэнэцогтын хаан банк дахь 5031004173 тоот данс руу 2014 оны 07 сарын 17 нд 20000000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /ХХ-4, 92 хуудас/

Хариуцагч А.Эрдэнэцогт нь С.Од-Эрдэнийн нэхэмжилж буй 20000000 төгрөгийг бэлэг гэж маргаж байгаа боловч дээрх татгалзалаа нотлох бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Гэрч А.Балдан-Осор, Э.Цэцэгжүгдэр, М.Баянсан, Б.Цэрэнчунт, И.Шинэхүү, Ц.Батбилэг, Ц. нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хуралдааны явцад өгсөн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч С.Од-Эрдэнэ нь хариуцагч А.Эрдэнэцогтод 20000000 төгрөг бэлэглэсэн болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

Талуудын хооронд хэдийгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжсэн байх тул тэдний дунд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч А.Эрдэнэцогтоос 20000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Од-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Од-Эрдэнэ, хариуцагч А.Эрдэнэцогт нарын хооронд 74 нэр төрлийн 9964450 төгрөгний эд зүйлийн үнийг нь дараа төлөх нөхцөлтэйгээр худалдах худалдах авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна. /ХХ-24, 39/

Хариуцагч А.Эрдэнэцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нар нэхэмжлэгч С.Од-Эрдэнийн нэхэмжилсэн 74 нэр төрлийн 9964450 төгрөгний эд хөрөнгийн үнэнд тооцож нэхэмжлэгчийн эхнэр Одгэрэлд 1000000 төгрөг бэлнээр, 670,000 төгрөгөнд тооцож гар утас, Худалдааны төвийн урд талд байрлуулсан самбар тогтоогчийг Улаанбаатар хотоос авчирсан зам тээврийн зардал болох 670,000 төгрөгний зардлуудыг хасч тооцуулахаар маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 670,000 төгрөгний үнэ бүхий гар утсыг төлбөрт тооцож хүлээн авсаныг зөвшөөрч, бэлэн 1000000 төгрөг, самбар тогтоогчийг тээвэрлэн ирсэн зардал 670,000 төгрөгийг зөвшөөрөөгүй, хариуцагч тал өөрсдийн тайлбарыг нотлох бичгийн баримтыг тус шүүхэд ирүүлээгүй тул 74 нэр төрлийн эд хөрөнгийн нэхэмжилсэн үнэ болох 9964450 төгрөгнөөс 670,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 9294450 төгрөгийг хариуцагч А.Эрдэнэцогтоос гаргуулан нэхэмжлэгч С.Од-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 сарын 20-ны өдрийн 139/ШЗ2017/00992 дугаар захирамжаар хариуцагч А.Эрдэнэцогтын Хаан банкны 5031004173, 5450382488 тоот, Төрийн банкны 220000252825, 221100051987 тоот, Хас банкны 5000140803 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг 20000000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон ба хэргийг шийдвэрлэж эцэслэн шийдвэрлэж байгаа тул энэхүү шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Од-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432331 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эрдэнэцогтоос 304422 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Од-Эрдэнэд олгохоор шийдлэвлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.Эрдэнэцогтоос 20000000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Од-Эрдэнэд олгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Эрдэнэцогтоос 9294450 /есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Од-Эрдэнэд олгосугай.

3.******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 сарын 20-ны өдрийн 139/ШЗ2017/00992 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 2-р заалт ******* овгийн *******гийн Эрдэнэцогтын Хаан банкны 5031004173, 5450382488 тоот, Төрийн банкны 220000252825, 221100051987 тоот, Хас банкны 5000140803 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг 20000000 /хорин сая/ төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон хэсгийг хүчингүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432331 /дөрвөн зуун гучин хоёр мянга гурван зуун гучин нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эрдэнэцогтоос 304422 /гурван зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Од-Эрдэнэд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.