Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 734

 

 

 

 

 

 

 

 

 

С.О- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00114 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.О- хариуцагч А.Э-од холбогдуулан гаргасан 29 964 450 төгрөг гаргуулах үндсэн, 28 270 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Э- нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг түр зээлээч гээд өөрийн Хаан банкны 5031004173 тоот дансаараа дамжуулан зээлж авсан. Өнгөрсөн хугацаанд миний бие удаа дараа уг мөнгөө нэхэхэд өгнө гээд янз бүрийн шалтаг хэлсээр өгөлгүй өдийг хүрсэн. Иймд А.Э-оос 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Өнгөрсөн хугацаанд тус мөнгөө төлөх талаар 2-3 удаа уулзсан боловч боломжгүй байна гэсэн хариуг өгдөг байсан. Нэхэмжлэгч нь А.Э-од 20 000 000 төгрөгийг зээлүүлсэн учраас тус мөнгөө буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Мөн А.Э- нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 74 ширхэг эд зүйлийг жагсаалт үйлдэж харилцан өгч авалцсан ба эдгээр эд зүйлийн үнэ 9 964 450 төгрөгийг дараа нь төлнө гэж хэлээд С.О-эс худалдаж авсан. Энэ талаар хариуцагч маргадаггүй. Нэгэнт авсан болохоор үнийн дүнг нь төлнө гэсэн хариу тайлбар өгсөн. Гэвч энэхүү эд зүйлийн үнийн дүнгээс нэхэмжлэгч хариуцагч нь 670 000 төгрөгийн үнэтэй гар утас өгч, авалцсан гэж тайлбарласан учир гар утасны үнэ 670 000 төгрөгийг хасаад үлдэх 9 294 450 төгрөгийг нь А.Э-оос гаргуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа багасган тодорхойлж байна. Миний хувьд талуудын хоорондын нарийн зүйлийг сайн мэдэхгүй боловч намын асуудал, Засаг дарга болгосон гэж зээлж авсан мөнгөө өгөхгүй байж болохгүй. С.О-эс хэд хэдэн хүн мөнгө зээлж авсан ба бусад 3 хүн нь зээлж авсан мөнгөө төлсөн байхад, А.Э- 20 000 000 төгрөгөө төлөөгүй үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч 20 000 000 төгрөгийг аваагүй гэж маргадаггүй, авснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

А.Э- миний нэр дээр С.О- 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие түүнээс зээлж аваагүй, харин тэр өөрөө бэлэглэсэн болно. Гэвч тус мөнгийг 2017 оны 3 дугаар сараас гэнэт нэхэж “Стар кредит ББСБ”-тай зээлийн гэрээ хий гэж дарамталсан. Мөн залилсан луйвардсан гэх мэтээр доромжилсон. Намайг тус асуудлыг тодруулахаар 2017 оны 6 дугаар сарын эхээр ажил дээр нь очиход 3 хувийн хүү тооцох заалттай гэрээнд гарын үсэг зуруулах гэж тулгахад миний бие гарын үсэг зураагүй болно. Би С.О-тэй 2008 оноос бизнес, улс төрийн хүрээнд анд нөхдийн журмаар хуурай ах дүү шиг хамтран ажиллахдаа өөрийн санхүү, цаг хугацаа, итгэл үнэмшил, сэтгэл зүй, биеэ үл хайрлан орон байраар харамгүй тусалж явсан. Тухайлбал 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 8 дугаар сар хүртэл манайд амьдарч байсан. Түүний байгуулсан “Дундговь-Ардчилал клуб” ТББ нь миний өмчлөлийн байранд 2009 оноос 2011 он хүртэл байрлаж байсан. Мөн түүний гүүрэн самбарыг би өөрийн мөнгөөр автокран, машин хөлсөлж Улаанбаатараас Дундговь аймагт ачиж буулгаж байсан. Тэр хүнийг Дундговь аймагт нэг ч хүн танихгүй байхад нь 2009 онд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, 2010 онд Ардчилсан намын Дундговь аймгийн хорооны дарга, 2014 онд Дундговь аймгийн Засаг даргад хүчин зүтгэж бусдын хэл ам, хэрүүл шуугиан зодоон цохионд өртөж сэтгэл санааны хохирол хангалттай амсаж явсан. Энэ бүхэнд зориулж бэлэглэсэн мөнгөө нэхэмжилж байгаа тул түүний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Түүнтэй холбоотой үйл явдлууд буюу миний сэтгэл санаа, цаг хугацаа, нэр хүнд, орон байраа ашиглуулж байсан зэргийг 20 000 000 төгрөгийн хохирол болгон үнэлж нэхэмжлэх болно. Тухайн үйл явдлуудын гэрчтэй учир нотлох баримт бичиг шаардлагагүй гэж үзэж байна.

2017 оны 3 дугаар сард нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл ойлголцол үүссэнээс болоод С.О- гэнэт хариуцагчид чи надаас 20 000 000 төгрөг зээлсэн, тэр мөнгөө 3 хувийн хүүтэй бодож өг, гэрээнд гарын үсэг зур гэх мэтээр 2017 оны 5 дугаар сард дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Нэхэмжлэгч 20 000 000 төгрөгөө хариуцагчид өөрөө бэлэглэсэн. Бэлэглэж байгаа шүү гэж хэлээгүй ч гэсэн тус мөнгийг өгөх үед надтай хамт өөр хоёр хүн байсан. Нэхэмжлэгч сэтгэлээсээ бэлэглэсэн учраас Засаг дарга болох үед мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болох үед нь ажиллаж байсан хүмүүст нь урамшуулал болгож 20 000 000 төгрөгийг хэрэглэсэн. Бусдаар би өөртөө хэрэглээгүй гэсэн тайлбарыг хариуцагч хэлж байгаа. 9 000 000 гаран төгрөгийн эд хөрөнгө авсан гэж бид хүлээн зөвшөөрч байна. 2015 онд манайх жуулчны баазыг нээх үед нэхэмжлэгч манай складад ширээ, аяга, таваг бүхий эд хөрөнгүүд байгаа. Та хоёрт хэрэгтэй эдгээр зүйлүүдийг жагсаалтаар хүлээгээд ав. Бид дөрвөн уулынхаа складад өөр үйл ажиллагаа явуулах гэж байгаа учраас хурдан чөлөөлж өгөөч гэхээр нь тухайн үед бид хоёрт мөнгөний бололцоо муу байсан болохоор жуулчныхаа баазад үйл ажиллагаа явагдаж эхлэхээр мөнгийг нь өгье гэж тохиролцож нэхэмжлэгчээс эд зүйл авсан. Жагсаалтыг хариуцагчийн фэйсбүүк рүү нь явуулсан. Жагсаалтын доод талд нь эдгээр эд хөрөнгүүдийг 5 жилийн өмнө авч байсан учраас жагсаалтад бичигдсэн бүх эд хөрөнгүүд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй байна. Та нар хүлээж авахдаа жагсаалтаа хийж аваарай гэж бичсэн байсан. Эдгээр эд хөрөнгүүдийг бид нар авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа. Н.О эгч С.О- даргын гэр бүлийнх нь хүн юм. Н.О- эгчид 1 000 000 төгрөгийг Ард кино театрын ард байрлах Хаан банкнаас авч өгсөн. Н.О- эгчтэй уулзах үед би байсан. Тухайн үед нутгийн зөвлөлийн шинэ жил болж байсан. Н.О- эгч тайлбартаа энэ мөнгийг сайн санахгүй байна гэсэн байна. Гар утасны 670 000 төгрөг болон мөн худалдааны төв нээж тус худалдааны төвийн ур талд нь том самбар тогтоогч хийсэн байгаа. Энэ самбар тогтоогчийг манай нөхөр А.Э- Улаанбаатар хот, дэнжийн мянгын тэнд байрлах хотын захиргааны складнаас ачиж авчирч байсан. Зам тээврийнх нь зардал 670 000 төгрөг болсон. Эдгээр мөнгөн дүнг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаад Ашид билгүүн компанийн үнэлгээгээр тогтоосон үнийн дүнгээр тооцож, 8 336 350 төгрөгөөс /670 000+670 000+1 000 000/ нийт 2 340 000 төгрөгийг хасаад үлдэх 6 996 350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 20 000 000 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

А.Э-ын гэрт байрлаж, үйл ажиллагаа явуулж байсан “Дундговь-Ардчилал клуб” ТББ-ын түрээсийн болон ашиглалтын /урсгал зардлын/ төлбөр, мөн түүний гэрт амьдарч байсан С.О- түрээсийн төлбөр зах зээлийн ханшаар 16 500 000 төгрөг, С.Од-Эрдэнийг Дундговь аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болоход хүчин чармайлт гаргаж нэг баг болж ажилласан. Ц.Батбилэг, Ч.Цэцэгжүгдэр, Ц.Шинэхүү, А.Балдан-Осор нарт С.О- өмнөөс А.Э-ын олгосон цалин урамшуулал нийт 11 100 000 төгрөг, Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу С.О- хүсэлтээр зар сурталчилгааны гүүрэн самбар тээвэрлэсэн зардал 670 000 төгрөг, нийт 28 270 000 төгрөгийг дараах үндэслэлээр гаргуулахаар нэхэмжилж байна.

С.О- нь 2010 оны 5 дугаар сараас нийгэм, улс төрийн үйл ажиллагаа явуулах гэж “Дундговь-Ардчилал клуб” ТББ үүсгэн байгуулж Адьяа овогтой Эрдэнэцогтын эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Бага тойруу 4 дүгээр байрны 08 тоот 3 өрөө орон сууцанд үйл ажиллагаагаа явуулж байсан ч урсгал зардлыг /гэрэл, халаалт, цэвэр бохир ус гэх мэт/ А.Э- төлж байсан. Тухайн үед байрны түрээсийн болон бусад зардлыг тооцож өгнө, туслалцаа үзүүлж байгаад маш их баярлаж байна гэж намын нөхдийн дунд хэлдэг байсан. Гэсэн ч А.Э-од өгсөн зүйл байхгүй. Үүнийг “Дундговь-Ардчилал клубт” ажиллаж байсан Ц.Батбилэг, Э.Цэцэгжүгдэр нар нотолно. Мөн С.О- нь Эрдэнэцогтоос өөр Дундговь аймагт таних мэдэх дотны хүн байхгүйн улмаас Эрдэнэцогтын гэрт аймгийн Засаг дарга болж төрийн хангамж эдлэх /тусгай орон байраар хангуулах/ хүртлээ амьдарч байсан. Энэхүү хугацаа нь С.О- аймагт улс төр хийж эхэлсэн хугацаа буюу 2011 онд “Дундговь-Ардчилал клуб” ТББ-ыг үүсгэн байгуулсан цагаас эхлэн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаа хамаарна. Манай гэрт амьдарч байсныг аймгийн Засаг дарга байх үед жолоочоор нь ажиллаж байсан О.Сүрэнхүү зэрэг олон хүмүүс нотлохоос гадна Улсын бүртгэлийн хэлтэс дэх хаягийн бүртгэл гэрчилнэ. Иймд 55 сар Эрдэнэцогтын гэрт ажиллаж мөн амьдарч байсан түрээсийн төлбөр 15 500 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн С.Од-Эрдэнийг АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, Намын дарга, аймгийн Засаг дарга болгоход А.Э- нь орон байр, эд хогшлоор дэмжээд зогсохгүй, гэр бүлийн хүн, найз нөхөд, төрөл садангаа хүртэл энэ үйл ажиллагаанд татаж татан оролцуулж их ажил үүргийг гүйцэтгэхдээ С.О-эс нэг ч төгрөгийн цалин, урамшуулал авч байгаагүй. Дээрх албан тушаалуудыг 2009, 2011, 2014 онуудад А.Э-ын бүрдүүлсэн баг хамт олны тусламжтайгаар олж авсан тул Үндэсний зөвлөлдөх хороо, намын дарга, аймгийн Засаг дарга С.О- өмнө ямар ч үүрэг хүлээх ёсгүй ч А.Э- нь зарим нэг хүмүүст цалин урамшуулал болгож С.О- өмнөөс мөнгө болон эд материалын урамшил олгосон. Тухайлбал А.Балдан-Осорт 1 400 000 төгрөгийн үнэ бүхий CRUX маркийн, Ц.Шинэхүүд 2 200 000 төгрөгийн үнэ бүхий VAR- 15 маркийн мотоцикль урамшуулал болгож өгсөн, “Дундговь-Ардчилал клуб” ТББ-д ажиллаж байсан Ц.Батбилэгт 5 000 000 төгрөг, Э.Цэцэгжүгдэрт 2 500 000 төгрөгийг цалин болгож тус тус өгсөн. Иймд А.Э-ын цалин урамшуулал болгож өгсөн нийт 11 100 000 төгрөгийг нэхэмжилж байна.

С.О- хүссэнээр зар сурталчилгааны гүүрэн самбарыг Улаанбаатар хотын Дэнжийн мянгад байрлах хот тохижилтын аж ахуйн хашаанаас кран хөлслөн ачуулж, жолооч Г.Амартүвшин, Ц.Ганболд нарыг хөлслөн Дундговь аймагт тээвэрлэн авчруулсан ба өнөөдөр тэрхүү самбар С.О- худалдааны төвийн урд талд хуучнаар хүнсний үйлдвэрийн зүүн жигүүрийн урд байрлаж байгаа. Тэр үед краны хөлс 330 000 төгрөг, тээврийн зардалд 670 000 төгрөг төлсөн. Үүнийг жолооч Г.Амартүвшин, Ц.Ганболд нар нотолно. Иймд Г.Амартүвшин, Ц.Ганболд нарт өгсөн тээврийн зардал 670 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд түрээсийн зардал 16 500 000 төгрөг, цалин урамшуулал 11 100 000 төгрөг, тээврийн зардал 670 000 төгрөг, нийт 28 270 000 төгрөгийг С.О-эс нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч А.Э-ын төлөөлөгч А.Нансалмаа нь С.О-эс 28 270 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч байна. Тухайлбал “Дундговь-Ардчилал клуб” ТББ-ын түрээсийн болон ашиглалтын төлбөр, С.Од-Эрдэнийг гэртээ амьдруулж байсан түрээсийн төлбөр гэж нэхэмжилсэн. С.О- нь А.Э-ын орон сууцанд өөрийнх нь зөвшөөрсний дагуу хаягийн бүртгэлтэй байсан боловч орон сууцыг түрээсэлж амьдарч байгаагүй. Энэ айлаар орж гарч байсан нь үнэн. Энэ талаар ямар ч түрээсийн гэрээ хийгээгүй. Нэр бүхий иргэдэд 11 100 000 төгрөг С.О- өмнөөс өгсөн гэж түүнийгээ нэхэмжилсэн боловч С.О- нь өөрөө төлсөн, баримтаар нотлоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Э-оос 27 666 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2 298 100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар нэхэмжлэгч С.О-эс 28 270 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.Э-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 139/Ш32017/00992 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 2 дугаар заалтаар Хатгин овгийн Адъяагийн Эрдэнэцогтын Хаан Банкны 5031004173, 5450382488 тоот, Төрийн банкны 220000252825, 221100051987 тоот, Хас банкны 5000140803 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг 20 000 000 /хорин сая/ төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээг авч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /257 950+174 381/ 432 331 төгрөг, хариуцагчаас төлсөн 330 307 төгрөгөөс ногдох 299 300 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 31 007 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч А.Э-од, хариуцагч А.Э-оос 296 282 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

С.О-, А.Э- нар нь намын журмын нөхөд, улс төрийн шугамаар 2009 оноос харьцаж ирсэн. Дундговь аймагт хэн ч танихгүй С.Од-Эрдэнийг АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, аймгийн намын дарга, Дундговь аймгийн Засаг дарга болгохын төлөө А.Э- түүний нөхөд нэгэн сэтгэлээр зүтгэж амжилтад хүрсэн.

Хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Ц.Батбилэг, Ц.Эрдэнээ, А.Балдан-Осор, Э.Цэцэгжүгдэр, Ц.Шинэхүү нарын мэдүүлгээр 20 000 000 төгрөгийг С.О- нь А.Э-од зээлүүлээгүй гэдэг нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх баримтууд болон мэдүүлгүүдийг үнэлэлгүй шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

А.Э-оос гаргасан 28 270 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь бодит байдалтай нийцсэнгүй. Энэхүү мөнгийг гаргуулах үндэслэл нь Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын 7 дугаар баг, Бага тойруу 4 дүгээр байрны 8 тоотод байршилтай А.Э-ын эзэмшлийн 80 м.кв 3 өрөө орон сууцанд С.О- 2010 онд үүсгэн байгуулсан “Дундговь-Ардчилал клуб” үйл ажиллагаа явуулж тэрхүү клубын ажиллагааг тогтмол, хэвийн явуулах нөхцөлийг хангахын тулд С.О- Э.Цэцэгжүгдэр, Ц.Батбилэг нарыг ажилтнаар авч ажиллуулсан байдаг. Гэвч тэрээр 2014 он хүртэл цалин хөлс, улмаар клубын урсгал зардлуудыг ч төлдөггүй байсан ба А.Э- бүгдийг зохицуулан С.О- өмнөөс төлбөр тооцоог барагдуулан явж ирсэн. 2014 онд С.О- шилжүүлсэн 20 000 000 төгрөгөөс Э.Цэцэгжүгдэр, Ц.Батбилэг нарт цалин хөлс урамшуулал олгосон. Энэхүү үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч Э.Цэцэгжүгдэр, Ц.Батбилэг нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. С.О- нь А.Э-ын гэрт амьдарч байсан ба өнөөдрийг хүртэл түүний албан ёсны гэрийн хаяг А.Э-ын гэрийн хаягт бүртгэлтэй байдаг. С.О- нь 5 жил орчим А.Э- болон журмын нөхөдүүдээ өөрийн үйл хэрэгт зүтгүүлчхээд ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөнгүүт нүүр буруулж, А.Э-ын эзэмшлийн байруудад 55 сар гаруй амьдарч, үйл ажиллагаа явуулж байсныгаа үгүйсгэж энэ талаар гэрчийн мэдүүлэг өгөх гэсэн хэн нэгнийг дарамтлах, хуурамч бичлэг хийх зэргээр ёс зүйгүй ааш зан гаргаж байгаад их гомдолтой байна. Түүний жолооч О.Сүрэнхүү даргыг А.Э-ынхоос очиж авдаг байсан гэж мэдүүлсээр байхад С.О- нь увайгүй зан гаргаж А.Э-ынд орж гарч л явдаг байсан, мөн Улаанбаатар хотоос ачиж авчруулсан өнөөдөр С.О- эзэмшлийн худалдааны төвийн талбайд байрлаж байгаа зар сурталчилгааны том самбар тогтоогчийг тээвэрлэж ирсэн жолооч Ц.Ганболд тээврийн хөлсөө А.Э-оос авсан гэж мэдүүлсэн байхад би төлсөн гэх зэргээр итгэж явсан журмын нөхрийнхөө санаанд багтамгүй үйлдэл үзүүлж байгаад, тэр болгон нь баримт, мэдүүлгээр нотлогдож байхад шүүх бодит үнэнийг харахгүйгээр нэг талыг барьж А.Э-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, С.О- нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгүүдийг дүгнээгүй, дутуу үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, А.Э-ын 28 270 000 төгрөгийг С.О-эр гаргуулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч С.О- нь А.Э-оос зээлдүүлсэн 20 000 000 төгрөгийг  эд зүйлийн үнэ болох 9 964 450 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 20 000 000 төгрөгийг зээлж аваагүй, харин улс төрийн ажилд оролцсон гэж бэлэглэсэн тул буцаан төлөх үндэслэлгүй гэж маргасан, харин 74 нэр төрлийн эд зүйлийг бусдаар дамжуулан хүлээн авснаас гар утасны үнэ болон тээврийн зардлыг хасаад 5 996 350 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

            Мөн хариуцагч нь өөрийн орон сууцанд амьдруулсны түрээсийн зардал 16 500 000 төгрөг, цалин урамшуулалд бусдад олгосон 11 100 000 төгрөг, тээврийн зардал 670 000 төгрөг, нийт 28 270 000 төгрөгийг С.О-эс гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргасан байна.

 

            Нэхэмжлэгч С.О- нь 20 000 000 төгрөгийг А.Э-ын ХААН банк дахь 5031004173 тоот дансанд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлснээ баримтаар нотолсон, уг мөнгийг А.Э- хүлээн авснаа үгүйсгээгүй, харин бэлэг байсан гэх тайлбар нь эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй, мөнгөний шаардлагатай байна гэсний дагуу зээлдүүлсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч баримтаар няцаагаагүй байна.

 

            С.О- нь “Дундговь-Ардчилал клуб” төрийн бус байгууллагыг байгуулан ажиллаж эхэлснээс хойш Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Дундговь аймаг дахь Ардчилсан намын хорооны дарга, аймгийн Засаг дарга болох хүртэлх бүх л хугацаанд ажилд нь хамтран зүтгэсний урамшуулал гэж 20 000 000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлгүйгээр бэлэглэснийг гэрчүүд мэднэ гэж хариуцагч А.Э- тайлбарласан ч гэрчүүдийн мэдүүлэг нь ажлын хөлс, урамшуулалд мөнгө эд зүйлийг А.Э-оос авсан агуулгатай, харин С.О-эс А.Э-од 20 000 000 төгрөг бэлэглэснийг нотлохгүй байна.

 

            Шүүх гэрчийн мэдүүлэг тус бүрийн агуулгыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн байх тул гэрчийн мэдүүлгийг зөв үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

            Түүнчлэн С.О- нь эхнээсээ ажлын үр дүн гарахаар урамшуулна гэдгээ байнга амлаж байсан гэх боловч тодорхой үйлдэл хийсэн, тодорхой үр дүн бий болгосон тохиолдолд А.Э-од шагнал олгохоор амлаж нийтэд зарласан Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгох урьдчилсан нөхцөл бүрдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Дээрхээс дүгнэвэл шүүх 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчихгүй юм.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 74 нэр төрлийн эд зүйлсийн нийт үнэ нь “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 8 336 350 төгрөг болохыг тогтоосон ба 670 000 төгрөгийн үнэтэй гар утас авснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг үндэслэн шүүх 7 666 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь баримтад үндэслэгджээ.

 

            Иймд нэхэмжлэлийг 27 666 350 төгрөгөөр хангасан нь зөв.

 

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд А.Э- нь өөрийн орон сууцыг С.О-д түрээслүүлэхээр хүлээлгэн өгч, хугацаа, төлбөрийн хэмжээ зэрэг  гэрээний гол нөхцлийг харилцан тохиролцсон, нэхэмжлэгчид хөлс төлөх гэрээний үүрэг үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Мөн А.Балдан-Осорт 1 400 000 төгрөгийн  үнэ бүхий CRUH маркийн, Ц.Шинэхүүд 2 200 000 төгрөгийн үнэ бүхий VAR маркийн мотоцикль, Ц.Батбилэгт 5 000 000, Э.Цэцэгжүгдэрт 2 500 000 төгрөгийг цалин болгож өгсөн, эдгээр хүмүүс нь уг урамшууллыг авснаа гэрчүүд хэлсэн тул нийт 11 100 000 төгрөгийг С.О-эс гаргуулна гэх боловч уг мөнгөн дүн болон тодорхой үнэ бүхий эд зүйлсийг С.О- төлөх үүрэгтэй болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

            Мөн зар сурталчилгааны гүүрэн самбарыг тээвэрлэсэн тээврийн зардлыг              С.О- төлөх талаар талууд тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Иймд 28 270 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, шүүх уг шаардлагыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ