Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 287

 

                                

 

 

 

 

                                        

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч М.Цэнд-Аюуш, шүүгдэгч М.Аззаяа, хохирогч Д.Энхтайван, гэрч Ч.Баярмаа, Ч.Хишигмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Монгол овогт Мажигсүрэнгийн Аззаяад холбогдох эрүүгийн 2017 2501 1256 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхэд нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 37 дугаар гудамжны 850 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Монгол овгийн Мажигсүрэнгийн Аззаяа. /РД:ЦА80071795/

 

Холбогдсон хэргийн талаар:

М.Аззаяа нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Аззаяа мэдүүлэхдээ: Орой 23 цагийн үед гэртээ байж байтал манай ээжийн гэрт хүний дуу чангараад байхаар нь яваад ортол үл таних залуу хоёр охины хамт орж ирчихсэн залуу нь орилоод гэрийнхэнийг загинаад байхаар нь “...юу болоод байгаа юм бэ? Айлийн гэрт шөнө орж ирчихээд хөгшин хүн айлгаад” гэсэн чинь “...чи хэн юм гээд” над руу дайраад байсан. Тэгээд намайг барьж аваад байхад ээж урдуур орсон чинь ээжийг түлхэж унагахаар нь би хөгшин хүн унагалаа гээд түлхээд үүдээр гаргах гэтэл босгон дээр бүдэрч унасан. Тэгэж унахдаа бид 2 давхралдаад унасан. Тэгтэл манай ах Амарбаясгалан гадаа таараад намайг салгасан. Тэгтэл 20 минутын дараа дуудлагын цагдаа ирээд намайг авч явсан. Би цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирээд энэ хүнийг хоёр цаг орчим хүлээсэн. Нөгөө хүн би гомдолтой гээд өргөдөл гаргаж өгсөн. Тэгээд би болсон зүйлийнхээ талаар тайлбар өгсөн. Би хохирогчийг цохиогүй, нэг удаа түлхсэн чинь хаалганы босгонд бүдэрч унасан. Хохирол барагдуулна. Миний буруу зүйл байгаа. Бид 2 эв зүйгээр энэ асуудлаа шийдээд эвлэрч байна. Би эмчилгээний төлбөрийг нь төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхтайван мэдүүлэхдээ: Орой 22 цагийн үед гэртээ байхад охин гаднаас согтуу орж ирэхээр нь “...юу болов, яасан юм, хэнтэй уусан юм” гэж асуухад “...найз залуу Амараа намайг архиар шахсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд тэр Амраагийн гэрт очсон. Тэгтэл тэр айлийн хашаа, хаалга нь онгорхой байсан. Ортол Амраа нь унтаж байсан.  Би их ууртай байсан болохоор ороод чанга дуугаар загнасан. Тэгтэл гаднаас нэг залуу орж ирээд”... юу болоод яагаад байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь болсон зүйлийг ярисан чинь “...танай охин хэнд яаж ашиглуулах нь ямар хамаа байсан юм” гэхээр нь миний уур хүрээд тэр залуутай маргалдсан чинь намайг шууд толгойн тус газар гараараа цохисон. Тэгээд хутга шиг зүйл барихаар нь гараад зугатаасан. Над руу дайрах үед гэрт байсан эмээ зуураад салгасан. Энэ үеэр гэрээс нь гарч зугатаахад араас гарч ирээд түлхээд, дэгээдээд унагаасан. Дараа нь толгой дээр дэвсэлсэн. Гараараа толгой тус газар цохиж мөн хөлөөрөө толгой руу дэвсэлсэн. Намайг түлхэж газар унагаагаахад миний баруун хөл гэмтсэн. Эмчилгээний зардал болон бусад зардал 729.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ би ямар нэгэн баримт авчираагүй. Энэ миний буруу байна. Гэхдээ бид 2 эвлэрч байгаа гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Аззаяагийн өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байтал орой 23 цагийн үед манай ээжийн гэрт үл таних хүний дуу чангараад байхаар нь яваад ортол үл таних залуу хоёр охины хамт орж ирчихсэн нөгөө танихгүй залуу нь орилоод гэрийнхэнийг загинаад байхаар нь “...юу болоод байгаа юм” гэж асуутал чи хэн юм гээд над руу дайрсан. Тэр үед ээж урдуур орсон чинь ээжийг түлхэж унагахаар нь би барьж аваад түлхээд үүдээр гаргах гэтэл босгонд бүдэрч унасан ба би дээрээс нь унасан. Тэгтэл манай ах Амарбаясгалан гадаа 00 ороод ирж таараад намайг салгасан. Тэгээд манай эхнэр гэрээс гарч ирээд намайг дагуулаад авч явсан. Тэгтэл 20 минутын дараа дуудлагын цагдаа нар ирээд намайг авч явсан. Би цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирээд нөгөө хүнээ хоёр цаг орчим хүлээсэн. Нөгөө хүн би гомдолтой гээд өргөдөл гаргаж өгсөн. Тэгээд би болсон зүйлийнхээ талаар тайлбар өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас дуудахгүй байхаар нь би Төв аймгийн Баянчандмань яваад ирсэн. Тэгтэл цагдаагаас дуудаад надаас мэдүүлэг авсан. Би хохирогчийг цохиогүй, нэг удаа түлхсэн чинь хаалганы босгонд бүдэрч унасан. Хохирол барагдуулахгүй. Миний буруу.” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Энхтайваны өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад охин гаднаас согтуу орж ирэхээр нь “...юу болов, яасан юм” гэж асуухад найз залуу Амараа гэгч архиар шахсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Амараатай уулзах гээд Амараагийн гэрт очсон. Тэгтэл Амараа унтаж байсан бөгөөд эмээ нь Амарааг сэрээгээд загинасан. Тэгж байтал гаднаас нэг залуу орж ирээд”... юу болоод яагаад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь болсон зүйлийг ярисан чинь “...танай охин хэнд яаж ашиглуулах нь ямар хамаа байсан юм” гэхээр нь бид хоёр маргалдсан чинь шууд над руу дайраад толгойн тус газар гараараа цохисон. Тэгээд хутга шиг зүйл барихаар нь гараад зугатаасан. Над руу дайрах үед гэрт байсан эмээ гартай нь зууралдаад салгасан. Энэ үеэр гэрээс нь гарч зугатаахад араас гарч ирээд түлхээд, дэгээдээд унагаасан. Дараа нь толгой дээр дэвсэлсэн. Тэгтэл гэрт нь байсан таягтай хөл муутай өвөө салгаж байгаа харагдсан. Гараараа толгой тус газар цохиж мөн хөлөөрөө толгой руу дэвсэлсэн. Намайг түлхэж газар унагаагаад баруул хөл гэмтээсэн. Намайг зодсон хүнийг Азнаа гээд дуудаж байсаныг нь мэдэж байна. Овог нэрийг нь бүтэнээр мэдэхгүй, гэрийн хаяг нь Баянзүрх дүүргийн 21-р хороо, Сэлбийн 37-850 тоот. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад зардал 500.000 төгрөгийг нэхэмжилж байна” /хх-9/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4583 дугаар:

          1. Д.Энхтайваны биед зүүн чамархай, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цул хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, өвдөгний үе  орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-16/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Амарбаясгалангийн өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед нэг танихгүй залуу хоёр охин дагуулаад орилоод ороод ирсэн. Гэрлээ асаагаад юу болж байна гээд бостол ээж орноосоо боссон. Тэгтэл Азбилэг хаана байна гээд орилоод тэрнийг чинь ална гээд байсан. Тэгхээр нь өндийгөөд юу болоод байгаа юм гэтэл, чи юм уу, аав нь юм уу гэхээр нь би ах нь байна гэсэн. Тэгээд би орноосоо өндийг юу болоод байгаам гэж хэлээд хэсэг маргалдаж байгаад бие засахаар гадаа 00 орох гээд явтал манай дүү Аззаяа миний хажуугаар зөрөөд гэр рүү орсон. Тэгээд би 00 орчихоод буцаж иртэл хаалга онгойгоод бие биенээ заамдсан байдалтай газар унасан. Тэгэхээр нь би “...юу болоод байгаа юм” гэж хэлтэл гэрт байсан ээж хамт ирсэн хоёр охин салгасан. Тэгтэл нөгөө залуу газраас босоод би та нарыг ална гээд чулуу хайгаад байсан. Тэгээд удалгүй дүү охин, хүргэн нар юу болоод байгаа юм гээд орж ирсэн. Ээж нөгөө хүнд цай хийж өгөөд нөгөө хүн ахыгаа уучлаарай гээд хүүхдүүдийг аргадсан. Тэгтэл удалгүй цагдаа нар орж ирээд юу болсон талаар асуухад “...манай Аззаяаг зодсон” гэж хэлтэл цагдаа нар за хэсэг орно гэж хэлээд авч явсан. Д.Энхтайваныг цохисон зүйл байхгүй манай дүү Аззаяа түлхэх үед довжоон дээр бүдэрч унасан. Түүнээс зодож цохиогүй. Тухайн үед өвдөгний хэсгээр өмд нь урагдсан байсан. Манай дүү М.Аззаяа Д.Энхтайваныг гэрээсээ гаргах гэж заамдаад түлхэж унагаасан. Түүнээс зодолдсон зүйл байхгүй. Манай ээж мөн Д.Энхтайван гэх хүнийг дагаж ирсэн хоёр охин тухайн үйл явдлыг харж байсан” /хх-10/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Хишигмөнхийн өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед гэртэй байж байтал гэнэт хаалга онгойлгоод үл таних залуу орж ирээд “...Амараа байна уу чамайг цус нөжтэй чинь хутгаад өгье” гэсэн.  Тэгэхээр нь би юун хүн бэ, яах гэсэн юм гэтэл Амараа чинь манай охинтой архи уусан байна гээд уурлаад байсан. Тэр үед манай ач зээ нар газраар унтаж байсан. Амар-Амгалан зүүн орон дээр унтаж байсан. Баруун орон дээр би зээгийн хамт хэвтэж байсан. Би тэр хүнээс “Амраа гэж хэнийг хэлээд байгаа юм бэ” гэхэд миний ач хүү Амар-Амгаланг хэлсэн байсан. Тэгтэл араас нь хоёр охин орж ирсэн. Тэгээд нэг охиныг алгадаад энэ миний охин байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, чи айл андуурч орж ирээд байгаа юм биш үү, юу болоод байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл манай охиныг танай ач Амар-Амагалан удаа дараа уруу татаж архи уулгасан гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “... чи юу яриад байгаа юм, манай ач гадагш гарч явдагүй, оюутан хүүхэд” гэж хэлтэл танай ач Амар-Амгалан архи уулгасан байна гэж хэлсэн. Манай хүү 16 цагт гэртээ орж ирсэн танай охин чинь гэртээ хэдэн цагт орж ирсэн юм гэж асуутал хариулаагүй юм, тэгэхээр нь би манай ач хүү эрүүл байна наад охин чинь эрүүл байна гэж хэлээд өнөөдөр архи уусаныг юугаараа нотлоод байгаа юм гэж хэлтэл “...би согтууралыг нь тогтоолгосон” гэж хэлээд охиноо цохиод дуугаа өндөр болuоод байсан. Тэгтэл гаднаас манай бага хүү Аззаяа юу болоод байгаа юм бэ гэж хэлээд нөгөө залууг гар гээд түлхэсэн. Гэтэл нөгөө залуу хүү Аззаяаг заамдаж авах үед би дундуур нь ортол нөгөө залуу намайг түлхэсэн. Гэтэл Аззаяа чи яахаараа ээжийг түлхэж унагаадаг юм бэ гэж хэлээд барилцаж аваад түлхэсэн чинь будэрч унахдаа баруун өвдөг хэсэгт өмд нь урагдсан байсан. Тэгээд газраас босоод хутга барисан хүн намайг алах гээд байна гээд утсаараа цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд манай хүү Аззаяаг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Д.Энхтайваныг цохиогүй нэг удаа манай хүү Аззаяа түлхэх үед үүдний чулуун дээр бүдэрч унахдаа хөлөө гэмтээсэн. Түүнээс зодолдсон зүйл байхгүй. Манай хүү мөн Д.Энхтайван гэх хүнийг дагаж ирсэн хоёр охин тухайн үйл явдлыг харж байсан”  /хх 11/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Баярмаагийн өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед манай эцэг нас бараад 49 хоног нь болоод буяны зүйл өгөх гээд найз Энхбилэгийн гэрт очсон чинь Энхбилэгийг архи уусан байна гэх шалтгаанаас болоод аав Энхтайван ууралсан байдалтай байсан. Тэгээд хэнтэй архи уусан тухай асуухад найз залуу Амар-Амгалантай уусан гэж хэлээд намайг дагуулаад Амар-Амгалангийн гэрт хамт очсон. Тэр айлын хашааны хаалга, гэрийн хаалга нь онгорхой байсан болохоор шууд Энхтайван ах бид хоёрыг дагуулаад орсон. Оронгуутаа Амар-Амгалан гэж байна уу гэж асуутал Амар-Амаглан хоймор хэсэгт унтаж байгаад босч ирсэн, тэгтэл эмээ нь босоод унтаж байсан хүмүүс сэрээд боссон. Тэгтэл Энхтайван ах Амар-Амгаланд уурлаад загинаад байж байтал гаднаас Аззаяа гэх хүн орж ирээд чи одоо айлд орж ирээд настай хүн хүндлэхгүй чанга дуугаар дуугараад гээд хэлтэл хоорондоо маргалдаад унасан. Тэгтэл Аззаяа гэх хүн Энхтайван ахын нүүр рүү нь гараараа цохисон тэгээд хоорондоо барьцалдаад гарсан. Араас нь гараад хартал Энхтайван ахын утас нь газар уначихсан өөрөө газар суучихсан баруун хөлийн өмд хэсэг урагдсан байдалтай байсан. Тэгтэл газар унасан утсыг нь охин Энхбилэг авч өгөөд Энхтайван ах цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирээд Энхтайван ах, Аззаяа ах нарыг авч явсан. Миний харсанаар нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Би гадаа зодуулсан эсэхийг хараагүй намайг гарч ирэхэд унасан байдалтай баруун хөл нь гэмтээд доголчихсон байсан” /хх 13/ гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Энхбилэгийн өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед гэртэй орсон чинь аав Д.Энхтайван архи уулаа гэж намайг загинаад хаана хэнтэй уусан талаар асуухаар нь би “найз залуу Амар-Амгалантай уусанП гэж хэлсэн. Тэгтэл гаднаас манай найз Баярмаа орж ирсэн аавынхан 49 хоног болоод буяны юм өгөх гэж орсон. Тэгтэл аав Энхтайван архи уусан талаар Амар-Амгалантай уулзана гээд Баярмааг хамт явье гэж хэлээд бид гурав очисон. Тэгээд гэр рүү нь ороод Амар-Амгаланг яах гэж айлын охин хүүхэдтэй хамт архи уудаг юм гэж хэлтэл гаднаас Амар-Амгалангийн ах гэх Аззаяа гэх хүн орж ирээд “танай охин хэнтэй яаж явах асуудал бид нарт ямар хамаатай юм” гэж хэлээд маргалдсан. Тэгтэл Аззаяа нь шууд аав Д.Энхтайваныг цохих шиг болсон. Тэгээд бужигналдаад гэрээс гарсан араас нь гартал аавыг унагаагаад дээрээс нь цохиж байсан. Гар утас нь газар унасан байсаныг олоод аав Д.Энхтайванд өгтөл цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа ирээд Аззаяа гэх хүнийг авч явсан. Аав бид нар араас нь очиж өргөдөл гаргаж өгсөн тэгээд гэмтлийн эмнэлэг орж баруун хөлөө шохойдуулсан. Мөн толгой хэсэг нь хавдсан нүд хэсэг нь цус хурсан байсан. Манай аавыг М.Аззаяа гэх хүн цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед манай найз Баярмаа, Аззаяагын ах, ээж хоёр нь байсан” /хх.14/ гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч М.Аззаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх25/, хохирогч Д.Энхтайваны нэхэмжлэл /хх27/, эвлэрлийн гэрээ /хх49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Аззаяа нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч М.Аззаяаг бусдын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Д.Энхтайван шүүгдэгч М.Аззаяагаас 729.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Шүүхээс шүүгдэгч М.Аззаяад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

          Шүүгдэгч М.Аззаяа нь Д.Энхтайваны бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Я М.Аззаяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Монгол овгийн Мажигсүрэнгийн Аззаяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар М.Аззаяад тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан М.Аззаяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, М.Аззаяа цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Аззаяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

  1. Хохирогч энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Аззаяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ