Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/02604

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/02604

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол багийн 10-01 тоот хаягт оршин суух, Ямаат овогт Намсрайжавын Соёлмаа /регистрийн дугаар ГН68022309/,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 19 дүгээр баг, Их залуу, Шанд 13б гудамж, 4 тоот хаягт оршин суух, Цээж хошуу овогт Дугарын Дамдиндорж /регистрийн дугаар:ИБ72011914/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 48-1052 тоот хаягт оршин суух, Өрлүүд овогт Цэвээний Ганбаатар /регистрийн дугаар: ГН67020518/, Хөгдүүд овогт Рэнцэнгийн Туул /регистрийн дугаар ЦГ70011661/ нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт *******д 38,780,000 төгрөг гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөг Д.Дамдиндоржид гаргуулах тухай нэхэмжлэлтэй .

 

ؿ : нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч Г.Нацагдорж, нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч Ц.Ганбаатар,*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, О.Одонтуяа .

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Ц.Ганбаатар нь өнгөрсөн оны цагаан сараар тааралдахдаа нөхөр бид хоёрт хандан манай эхнэрийн нэр дээр байдаг манай гэр бүлийн емч болох экскаваторыг 120 сая төгрөгөөр худалдаад авчих, жилийн дотор өөрийн зардлаа нөхнө гэхэд нь түүнд итгэж, худалдан авахаар болсон. Ингээд хашаа. байшингаа зараад 43,000,000 төгрөгийг төлсөн. Төлбөрийг гүйцэд төлөх боломжгүй болмогц тэрээр 60 сая төгрөгийг нь яаж ийгээд төлчих, экскаватораа ажиллуулаад үлдэгдэл мөнгийг өөрөөр нь төлүүлчихье" гэсэн. Гэвч манай гэр бүлийн санхүүгийн боломж болохгүй байсан тул тэрээр өөрийн үеэл Н.Дамдинбазараас 25 сая төгрөгийг гаргуулж, экскаватораа ажиллуулан үлдэгдэл төлбөрийг төлүүлэх замаар 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2005 УН улсын дугаартай экскаваторыг бид хоёрын дундын өмч болгож өгөхөөр 2014 оны 5 дугаар сард ярилцан тохиролцож, уг мөнгийг үеэлээсээ авсан. Ц.Ганбаатар нь уг экскаваторыг 2014 оны хавар Дундговь аймаг руу ажилд авч яваад одоог хүртэл холбоо барихгүй байгаа ба урьд төлсөн мөнгийг эгүүлэн болон ярилцсан тохиролцсон экскаватораа өгөхгүй байх тул урьдчилан төлсөн мөнгөө нэхэмжлэн тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч нараас 43,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа 4,220,000 төгрөгөөр багасгаж хариуцагч нараас 38,780,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эксковаторыг түрээслүүлэх хэлцэл огт хийгдээгүй. Эксковаторыг худалдан авсан учраас худалдан авсан үнийг төлөхөөр богино хугацаанд их хэмжээний мөнгийг шилжүүлсэн. Хэдийгээр худалдах-худалдан авах хэлцэл хийсэн, гэрээ хийсэн бичгийн баримт байхгүй ч гэсэн их хэмжээний мөнгийг шилжүүлсэн баримт нь талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн болохыг нотолж байна. Хэрвээ түрээсийн гэрээ хийсэн бол тийм их хэмжээний мөнгө орж ирж байхад ямар учиртай мөнгө болохыг асуух ёстой ч хариуцагч нар чимээгүй байсан. Тийм өндөр үнээр эксковатор түрээслүүлдэг гэж бодохгүй байна. Хэрэв тийм бол би өмгөөлөгч хийгээд хэрэг байна уу гэж бодогдлоо. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч Д.Дамдиндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ц.Ганбаатар нь 2014 оны 5 сард иргэн Ж.Баяраад 120,000,000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн экскаваторыг худалдахаар тохиролцож, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд Ж.Баяраагийн эзэмшилд шилжүүлэн өгөхөөр тохиролцож Эрдэнэт хотод экскаваторыг зориулалтын трейлэр машинаар тээвэрлүүлэн хүргүүлсэн. Ингэхдээ хариуцагч Ц.Ганбаатар нь иргэн Ж.Баяраатай эхний ээлжид эксковаторын үнийн 50 хувийг нь төлөөд, үлдэгдэл 50 хувийн төлбөрт Эрдэнэт хотод экскаваторыг цаашид ажиллуулж олсон орлогын 50 хувийг cap бүр хийж барагдуулахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу иргэн Ж.Баяраа нь өөрийн гар дээр бэлэн мөнгө хараахан байхгүй байсан тул хариуцагч Ц.Ганбаатартай тохиролцсон хэлцлээ надад тайлбарлан 25,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч, гэхдээ энэ мөнгөө шууд Экскаваторын төлбөрт Ц.Ганбаатар,******* нарын дансанд хийцгээе гэсэн юм. Бид Экскаваторын төлбөрийг бүрэн дуусгаад Баяраа эзэмшилдээ шилжүүлэн авсны дараагаар Экскаваторыг ажиллуулж олсон орлогоо хувь тохирч хувааж авч байхаар тохирсон юм. Ингээд экскаваторын төлбөрт тооцуулан 25,000,000 төгрөгийг дараах байдлаар хариуцагч*******ын Хаан банк дахь 5462074345 дугаартай дансруу шилжүүлсэн. Үүнд:

1. 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ц.Ганбаатарын төрсөн дүү Ц.Нямсүрэнгийн Хаан банк дахь 5017112473 дугаартай дансаар дамжуулан 19,500,000 төгрөгийг,

2. 2014 оны 07 дугаар сарын 06 ны өдөр 5,000,000 төгрөгийг,

3. Ж.Баяраагийн эхнэр *******гийн дансаар дамжуулан 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Ингээд Ж.Баяраа ч удалгүй өөрийн эзэмшлийн машин, хашаа байшин зэргээ худалдаж 43,000,000 төгрөг, нийт 68,000,000 төгрөгийг экскаватор худалдан авахаар шилжүүлээд байтал, хариуцагч Ц.Ганбаатар,******* нар нь Экскаваторыг ямар нэгэн шалтгаангүйгээр Өмнөговь аймаг руу буцаан авч явсан. Үүнээс хойш бидэнд Экскаваторыг буцаан өгөхгүй, тохирсон хэлцлээсээ буцаж, Экскаваторын төлбөрт шилжүүлсэн мөнгийг бид маш олон удаа буцаан олгохыг нэхсэн боловч өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан Эксковатор худалдан авахаар шилжүүлсэн 25 сая төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү томъёолсон нь хариуцагч нараас худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардаж бус харин тэдгээрт шилжүүлсэн өөрийн мөнгийг буцаан гаргуулах шаардлага байсан.

Д.Дамдиндорж нь Ж.Баяраагийн тэрээр Ц.Ганбаатартай эксковатор худалан авах хэлцэл хийж байгаа, төлбөрийг төлж дуусгасны дараа эксковаторыг ажиллуулж олсон орлого хувь тохирч хувааж авах гэх саналыг хүлээн зөвшөөрч 25 сая төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн байдаг.

Харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нараас шилжүүлсэн мөнгийг түрээсийн гэрээний төлбөрт тооцсон, худалдах-худалдан авах гэрээг байгуулаагүй гэх тайлбарыг мэдсэн.

Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж байгаа үндсэн зорилго нь тэдгээргээс худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардаж бус өөрийн хариуцагч нарын дансанд шилжүүлсэн 25 сая төгрөгийг буцаан гаргуулах шаардлага юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буюу хариуцагч нар нь нэхэмжлэгчийн 25 сая төгрөгийг авсан хэрнээ буцаан өгөхгүй байгаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно гэв.

 

Нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн өмгөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Дамдиндорж болон хариуцагч Ц.Ганбаатар,******* нарын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Ганбаатар,******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь*******, Ц.Ганбаатар бид Дундговь аймгийн Хултад Экскаватораа түрээсэлж сард 18,000,000 төгрөгийн орлоготой ажиллаж байхад *******гийн нөхөр Баяраа Эрдэнэт хотод би 24,000,000 төгрөгийн ажил авчихлаа та хоёр 18,000,000 төгрөгөө аваад бид 6,000,000 төгрөгийг авуул бидний ахуй амьдрал дээшлэх гээд байна гэж удаа дараа гуйхаар нь зөвшөөрөөд Дундговь аймгаас Эрдэнэт хот дахь ажил руу Экскаватораа зөөж тухайн газар ажиллуулсан билээ. *******, түүний нөхөр Баяраа бидэнд түрээсийн мөнгө дутуу өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд түрээсийн гэрээ бодитоор байгуулагдсан. Гэвч эх хувиар нь гаргаж өгч чадахгүй байна. Харин Түрээсийн гэрээний загвар нь ямар байсныг нотлох зорилгоор иргэн Ж.Баяраа гэж бичсэн, Ж.Баяраа өөрөө гарын үсэг зураагүй гэрээний төслийг шүүхэд гаргаж өгсөн. Талууд худалдах-худалдан авах хэлцэл, гэрээ хийгээгүй, Д.Дамдиндоржийн мөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, Д.Дамдиндорж нар нь хариуцагч Ц.Ганбаатар,******* нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт *******д 38,780,000 төгрөг гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг Д.Дамдиндоржид гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүхэд тодруулахдаа, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан бол нэхэмжлэгч ******* нь 43,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа 38,780,000 төгрөг болгон багасгаж шаардсан шаардлагаа өөрчлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг шүүхээс даалгахад, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж бичгээр гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. ... гэж заасныг баримтлан, нэхэмжлэгч ******* 43,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 38,780,000 төгрөг болгон багасгаж шаардсан нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч ******* 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ROBEX маркийн 2005 УН улсын дугаартай эксковаторыг 120,000,000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч*******, Ц.Ганбаатар нартай тохиролцон урьдчилгаанд 43,000,000 төгрөг төлсөн, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй экскаваторыг буцаан авсан тул төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж шаарджээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талуудын хооронд экскаватор худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй, амаар тохиролцон худалдан авахаар болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч гэрээ, хэлцэл нотлох баримтаар авагдаагүй, талууд шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нар эксковаторыг худалдаагүй, түрээслүүлсэн гэх тайлбарыг гаргаж, экскаваторыг нэхэмжлэгч *******тай биш, түүний нөхөр Ж.Баяраагийн гуйлтаар түрээслүүлэхээр тохиролцон шилжүүлсэн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд нотолсонгүй.

 

Нэхэмжлэгч ******* нь эксковатортай холбоотой гэрээ, хэлцэлд оролцоогүй, нөхрийнхөө нэрийн өмнөөс хариуцагч нарт мөнгө шилжүүлж байсан учраас мөнгөө авахаар нэхэмжлэл гаргасан хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт нэхэмжлэгч *******гийн нөхөр гэх Ж.Баяраа, хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нар хэлцэл хийх замаар харилцан тохиролцож эксковаторыг Эрдэнэт хот руу тээвэрлэсэн, хэлцлийн дагуу төлбөр мөнгийг тохиролцсон, улмаар эксковатор тодорхой газруудад ажиллаж байсан талаархи тайлбарыг зохигчийн хэн аль нь гаргаж байна.

 

Гэвч нэхэмжлэгч *******, хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нарын хооронд экскаваторыг худалдах-худалдан авах агуулга бүхий иргэний эрх зүйн харилцаа үүссэн байдал хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нараас 38,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Дамдиндорж, хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нараас эксковатор худалдан авахаар шилжүүлсэн 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч Д.Дамдиндорж нь 25,000,000 төгрөгийг хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нараас эксковатор худалдан авахаар тохиролцон урьдчилгаанд төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Дээр дурдсанаар эксковаторыг худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

Нэхэмжлэгч Д.Дамдиндорж нь нэхэмжлэгч *******гийн нөхөр гэх Ж.Баярааг Ц.Ганбаатартай эксковатор худалдан авах хэлцэл хийж байгаа, төлбөрийг төлж дуусгасны дараа эксковаторыг ажиллуулж олсон орлогоо хувь тохирч хувааж авах гэсэн саналыг хүлээн зөвшөөрч 25,000,000 төгрөгийг иргэн Ц.Нямсүрэн, хариуцагч Ц.Ганбаатар нарт шилжүүлсэн гэх тайлбар нь хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч Д.Дамдиндорж өөрийн хүсэл зоригийн үүднээс хариуцагч нартай хэлцэл хийж дурдсан мөнгийг шилжүүлээгүй, харин иргэн Ж.Баяраагийн хүсэлтээр түүний өмнөөс зохих төлбөрийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

Иймд иргэн Ж.Баяраа болон нэхэмжлэгч Д.Дамдиндорж нарын хоорондын тохиролцоо, хэлцлийн үр дагаврыг хариуцагч Ц.Ганбаатар,******* нар хүлээхгүй.

 

Хариуцагч нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих замаар нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн 25,000,000 төгрөгийг авсан гэж үзэх үндэслэл, үйл баримтыг нэхэмжлэгч Д.Дамдиндорж нотлоогүй, харин Ж.Баяраа Д.Дамдиндорж нарын хооронд хэлцэл хийгдсэний улмаас хариуцагч нарын данс руу мөнгө шилжсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Ганбаатар,******* нарт холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 38,780,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дамдиндоржид олгуулах тухай нэхэмжлэгч *******, Д.Дамдиндорж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн төлсөн 373,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА