Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 500

 

Н.Соёлмаа, Д.Дамдиндорж нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06690 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Соёлмаа, Д.Дамдиндорж,

Хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Н.Соёлмаад 43 000 000 төгрөг, Д.Дамдиндоржид 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од,

Хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар,

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Хишигбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Соёлмаа шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ганбаатар нь өнгөрсөн оны цагаан сараар тааралдахдаа нөхөр бид хоёрт хандан “манай эхнэрийн нэр дээр байдаг манай гэр бүлийн өмч болох эксковаторыг 120 000 000 төгрөгөөр худалдаад авчих, жилийн дотор өөрийн зардлаа нөхнө” гэхэд нь түүнд итгэж, худалдан авахаар болсон. Ингээд хашаа, байшингаа зараад 43 000 000 төгрөгийг төлсөн. Төлбөрийг гүйцэд төлөх боломжгүй болмогц тэрээр “60 000 000 төгрөгийг нь яаж ийгээд төлчих” гэхэд нь “эксковатораа ажиллуулаад үлдэгдэл мөнгийг өөрөөр нь төлүүлчихье” гэсэн. Гэвч манай гэр бүлийн санхүүгийн боломж болохгүй байсан тул тэрээр өөрийн үеэл Н.Дамдинбазараас 25 000 000 төгрөгийг гаргуулж, эксковатораа ажиллуулан үлдэгдэл төлбөрийг төлүүлэх замаар 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2005 УН улсын дугаартай эксковаторыг бид хоёрын дундын өмч болгож өгөхөөр 2014 оны 5 дугаар сард ярилцан тохиролцож, уг мөнгийг үеэлээсээ авсан. Ц.Ганбаатар нь уг эксковаторыг 2014 оны хавар Дундговь аймаг руу ажилд авч яваад одоог хүртэл холбоо барихгүй байгаа ба урьд төлсөн мөнгийг эгүүлэн болон ярилцсан тохиролцсон эксковатораа өгөхгүй байх тул урьдчилан төлсөн 43 000 000 төгрөгөө нэхэмжлэн тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Дамдиндорж шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Ганбаатар нь 2014 оны 5 дугаар сард Ж.Баяраад 120 000 000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн эксковаторыг худалдахаар тохиролцож, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд Ж.Баяраагийн эзэмшилд шилжүүлэн өгөхөөр тохиролцож Эрдэнэт хотод эксковаторыг зориулалтын трейлэр автомашинаар тээвэрлүүлэн хүргүүлсэн. Ингэхдээ хариуцагч Ц.Ганбаатар нь Ж.Баяраатай эхний ээлжинд эксковаторын үнийн 50 хувийг нь төлөөд үлдэгдэл 50 хувийн төлбөрт Эрдэнэт хотод эксковаторыг цаашид ажиллуулж олсон орлогын 50 хувийг cap бүр хийж барагдуулахаар тохиролцсон.

Ийнхүү тохиролцсоны дагуу Ж.Баяраа нь өөрийн гар дээр бэлэн мөнгө хараахан байхгүй байсан тул хариуцагч Ц.Ганбаатартай тохиролцсон хэлцлээ надад тайлбарлан 25 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч, гэхдээ энэ мөнгөө шууд эксковаторын төлбөрт Ц.Ганбаатар, Р.Туул нарын дансанд хийцгээе гэсэн юм. Бид эксковаторын төлбөрийг бүрэн дуусгаад Ж.Баяраа эзэмшилдээ шилжүүлэн авсны дараагаар эксковаторыг ажиллуулж олсон орлогоо хувь тохирч хувааж авч байхаар тохирсон юм. Ингээд эксковаторын төлбөрт тооцуулан 25 000 000 төгрөгийг дараах байдлаар хариуцагч Р.Туулын Хаан банкин дахь 5462074345 дугаартай дансруу шилжүүлсэн. Үүнд, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ц.Ганбаатарын төрсөн дүү Ц.Нямсүрэнгийн Хаан банкин дахь 5017112473 дугаартай дансаар дамжуулан 19 500 000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 06 ны өдөр 5 000 000 төгрөгийг, Ж.Баяраагийн эхнэр Н.Соёлмаагийн дансаар дамжуулан 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд Ж.Баяраа ч удалгүй өөрийн эзэмшлийн автомашин, хашаа байшин зэргээ худалдаж 43 000 000 төгрөг, нийт 68 000 000төгрөгийг эксковатор худалдан авахаар шилжүүлээд байтал, хариуцагч Ц.Ганбаатар, Р.Туул нар нь эксковаторыг ямар нэгэн шалтгаангүйгээр Өмнөговь аймаг руу буцаан авч явсан. Үүнээс хойш бидэнд эксковаторыг буцаан өгөхгүй, тохиролцсон хэлцлээсээ буцаж, эксковаторын төлбөрт шилжүүлсэн мөнгийг бид маш олон удаа буцаан олгохыг шаардсан боловч өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон хариуцагч нарын өмгөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 43 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Р.Туул, Ц.Ганбаатар бид Дундговь аймгийн Хулт гэдэг газар эксковатораа түрээсэлж сард 18 000 000 төгрөгийн орлоготой ажиллаж байхад Н.Соёлмаагийн нөхөр Ж.Баяраа “Эрдэнэт хотод би 24 000 000 төгрөгийн ажил авчихлаа, та хоёр 18 000 000 төгрөгөө аваад бид 6 000 000 төгрөгийг авбал бидний ахуй амьдрал дээшлэх гээд байна” гэж удаа дараа гуйхаар нь зөвшөөрөөд Дундговь аймгаас Эрдэнэт хот дахь ажил руу эксковатораа зөөж тухайн газар ажиллуулсан билээ. Н.Соёлмаа түүний нөхөр Ж.Баяраа бидэнд түрээсийн мөнгө дутуу өгсөн байгаа. Иймд Н.Соёлмаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч Н.Соёлмаад 38 780 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Дамдиндоржид 24 500 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Соёлмаа, Д.Дамдиндорж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Соёлмаагийн төлсөн 373 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн төлсөн 282 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Соёлмаагийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.Соёлмаа нь бусдад өгсөн мөнгөө авъя хэмээн маргаж байгаа ба маргааны зүйл нь мөнгө буюу төлбөр болно. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Өгсөн мөнгөө авъя хэмээн маргаж байгаа маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх материаллаг хууль нь Иргэний хууль тул уг хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчимд нийцүүлэн зохицуулна хэмээн уг хуульд заасан тул шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа.

Мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох баримт хэмээн үнэлэхгүй байгаа эсхүл уг баримт нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэх факт биш талаарх үндэслэлээ тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийх шаардлага Иргэний хуульд байхгүй, түүнчлэн хэлцлийг амаар хийж болдог байхад энэ талаарх баримт байхгүй гэдэг үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй хэмээн дүгнэж байгаа нь хууль хэрэглээний алдаа юм.

Н.Соёлмаагаас хариуцагч Ц.Ганбаатарын дансанд мөнгө шилжиж орсныг хариуцагч үгүйсгээгүй ба уг мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэв талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа  үүсээгүй гэдэг үндэслэлээр шилжүүлсэн мөнгөө шаардах эрх Н.Соёлмаад байхгүй юм бол уг мөнгийг шаардах эрх түүний гэр бүлийн хүн Ж.Баяраад үүсэх үү. Гэвч мөнгө шилжүүлээгүй тул өгөөгүй мөнгөө Ц.Ганбаатар нараас шаардах эрх Н.Соёлмаагийн нөхөр Ж.Баяраад байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэний хуульд худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулсан байхыг шаарддаггүй. Талуудын хооронд эксковатор худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн нь нэхэмжлэгч Н.Соёлмаа, Д.Дамдиндорж нарын нийт 68 000 000 төгрөг /үүнээс баримттай буюу дансаар шилжүүлсэн нь нэхэмжлэгч Н.Соёлмаагаас 38 780 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Дамдиндоржоос 24 500 000 төгрөг/-ийг хариуцагч нарт эксковаторын төлбөрт тооцон шилжүүлэн төлсөн, хариуцагч Ц.Ганбаатар нь Ж.Шижирбаатарын хамт эксковаторыг Эрдэнэт хотод зориулалтын тээвэрлэгч трэйлэр автомашинаар тээвэрлүүлэн хүргүүлж, Ж.Баяраа, Н.Соёлмаа нарын эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримтуудаар хангалтгай нотлогддог.

Өөрөөр хэлбэл талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлсэн байхад талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч гэрээний зүйл болох эксковаторыг ямар нэгэн шалтгаангүйгээр буцаан авч явсан үйлдэл нь хариуцагч гэрээнээс татгалзаж байна гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч нар эксковаторын төлбөрт нийт 68 000 000 төгрөг авсан хэрнээ мөнгийг буцаан нэхэмжлэгч нарт олгоогүй, олгосон баримт байхгүй зэрэг учир шалтгаануудыг анхан шатны шүүхээс огт авч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгч Н.Соёлмаа нь 38 780 000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Дамдиндорж нь 24 500 000 төгрөгийг эксковаторын үнэд төлснөө буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Р.Туул, Ц.Ганбаатар нарт холбогдуулж гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, эксковаторыг худалдаагүй, түрээсэлж байсан тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Н.Соёлмаа нь Р.Туул, Ц.Ганбаатар нарт худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна гэж, мөн 25 000 000 төгрөгийг Д.Дамдиндоржоос зээлж төлсөн, жич нэхэмжилнэ гэж тайлбарласан, хариуцагч нар нь эксковаторыг Эрдэнэт рүү явуулахдаа Н.Соёлмаатай гэрээ байгуулаагүй, түүний нөхөр Ж.Баяраатай хэлэлцэн тохирч эксковатороо түрээсэлсэн гэж, түрээсийн төлбөрөө хэлэлцэн тохиролцсоноор төлөөгүй тул үлдэгдлийг нэхэмжилнэ гэж, нэхэмжлэгч Д.Дамдиндорж нь Ж.Баяраагийн гуйлтаар 24 500 000 төгрөгийг эксковаторын үнэд шилжүүлсэн гэснийг хариуцагч үгүйсгэн, Д.Дамдиндорж гэх хүнийг мэдэхгүй, түүнтэй гэрээ байгуулаагүй гэж тус тус тайлбарлажээ. 

Талуудын тайлбарт дурдсанаар Р.Туул, Ц.Ганбаатар нарын дансанд Н.Соёлмаа болон Ж.Баяраагаас орлого хийсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг, дансны хуулга  /хх-5, 6, 34, 35, 44-47/ хэрэгт авагдсан боловч юуны төлбөр болох гүйлгээний утга тусгагдаагүй,    мөн нэхэмжлэгч худалдах, худалдан авах, хариуцагч түрээсийн гэрээ байгуулсан гэж өөр өөрөөр тайлбарлан мэтгэлцсэн ч энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй.

Н.Соёлмаа нь Р.Туул, Ц.Ганбаатар нарын дансанд шилжүүлсэн мөнгийг өөрийн нөхөр Ж.Баяраагийн хариуцагч нартай хийсэн гэрээний төлбөр гэж зөвшөөрсөн,  худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой төлбөрийг буцаан шаардаж байгаа гэж тайлбарласан ч хэрэгт Ж.Баяраа худалдах, худалдан авах гэрээг хариуцагч нартай байгуулсан баримт авагдаагүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Дамдиндорж нь Ж.Баяраагийн гуйснаар 25 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарласан атлаа хариуцагч нараас эксковатор худалдан авахаар шилжүүлсэн гэсэн зөрүүтэй тайлбар гаргасан, хариуцагч нар түүнийг танихгүй, гэрээ байгуулж байгаагүй гэх боловч уг мөнгө нь бодитоор тэдний дансанд орсон тул ямар гэрээний үүрэгт уг мөнгийг шилжүүлсэн нь тодорхойгүй байна.

Иймд хэн хэний хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, уг гэрээний гол нөхцөлийг зохигчид хэрхэн тохиролцсоноор нэхэмжлэгч нараас хариуцагч нарт мөнгө шилжүүлснийг  тогтоолгүйгээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх байдлаар зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа тодорхойгүй байхад нэхэмжлэгч нарыг худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй байх бөгөөд хэргийн дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, маргааны үйл баримтыг тогтоох шаардлагатай.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Соёлмаагаас төлсөн 373 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Дамдиндоржоос төлсөн 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ