Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2021/00430

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:Н.Д,

Э.Г,

Э.Э,

Э.Эр,

Э.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Л,

Г.Э,

Г.П нарт холбогдох,

Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...М сумын Засаг даргын Захирамж ...Монгол Улсын Их хурлын 2002 оны 28.37 дугаар тогтоолыг үндэслэн захирамжлах нь 1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор 1989 оноос өмнө гэр бүлийн хэрэгцээнд хашаа, байшин барьж суурьшсан иргэдийн газрыг анх олгогдсон буюу 1989 оны ерөнхий төлөвлөгөө, дэвсгэр зургийн хэмжээг үндэслэн эзэмшүүлсүгэй. 2. Тухайн иргэний оршин сууж буй багийн Засаг даргын тодорхойлолт, тойм зургийг ерөнхий төлөвлөгөө түүний дэвсгэр зураг ашиглан газар эзэмшүүлэх гэрээ хийхийг газрын төлбөрийн байцаагч /Ч.Уранчимэг/, /С.Отгонжаргал/ нарт үүрэг болгосугай. 3. Газрын тухай хууль зөрчсөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулах ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг газар зохион байгуулагч /Б.Балдан/, БОУ-ын байцаагч /Б.Намуунцэцэг/ нарт захирамжийн биелэлтэд хяналт тавихыг Тамгын газрын дарга /Ш.Янжиндулам/-д тус тус үүрэг болгосугай.

1.1988 онд А.ЭМ сумын Засаг дарга Хын 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 44 тоот захирамжаар М сумын 5 дугаар багийн 36-05 тоотод анх удаа шинээр 44м2 газар олгогдож байсан.

2.1988 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Э.Г 643625 дугаартай цэргийн батлахад ам бүл 9 эцэг: Эрдэнэбилэг, эх Н.Д, ах Э, эгч Эр, дүү нар Г, Гт, Эр, Бр,Ор гэж бичигдсэн байдаг.

3.М сумын 5 дугаар багийн Засаг дарга Г.Дгийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Тодорхойлолтод: А.Э нь тус багийн 36-05 тоотод оршин суух ам бүл 9 амьдарч байсан. Оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.

4. М сумын Засаг дарга Г.Дгийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Тодорхойлолтод: А.Э нь тус багийн 36-05 тоотод, ам бүл 9, амьдарч байсан.1989 оноос оршин суугч байсан нь үнэн болохыг тодорхойлов.

5.Х аймгийн Улсын бүртгэлийн Хэлтсийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1875 дугаартай тоотод Улсын бүртгэлийн хэлтсийн цахим санд М сумын 5 дугаар багийн 36-05 тоотод дараах иргэд нь оршин суудаг бүртгэлтэй. Иргэний үнэмлэх авч байсан бүртгэлтэй болно. Үүнд:

Н.Д 2002 онд, Э.Э 2004 онд, Э.Эр 2003 онд, Э.Г 2002 онд, Э.Г 2002 онд, Э.Гт 2002 онд, Э 2002 онд, Э.Б 2004 онд,

6.М сумын Засаг дарга Ц.Г-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/992 дугаартай албан тоотод Манайд ирүүлсэн хүсэлтийн дагуу 2009 онд 5-36-5 тоот хашааг хувааж иргэн Д.Бд 240м2, газрыг шилжүүлэн үлдсэн 260м2 газар болох 5 дугаар багийн 5-36-5 тоот хашааны газрыг Э.Гт сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 138 тоот эзэмшүүлэх захирамжаар 0262729 дугаартай эзэмших жижиг ногоон гэрчилгээг авсан байна.Уг гэрчилгээн дээр хамтран эзэмшигч байхгүй байна дарга Ц.Гансүх.

7.М сумын Засаг дарга Ц.Гийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний 1/144 дугаартай албан тоотод М сумын 5-36-5 тоотод хашааг М сумын Засаг дарга Халтарын 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар газар эзэмшүүлэх захирамжаар эзэмших гэрчилгээтэй байна. Уг газрын хууль ёсны өв залгамжлагч нь Н.Д мөн тул гэрчилгээ авахыг хүссэн бөгөөд шүүхийн маргаантай, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна дарга Ц.Гансүх.

1.Н.Д би 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.Гийн 5-36-5 тоотод байгаа газрын байршлын кадастрын зурагт ганц Э.Гийн нэр дээр 443м2 газар байгаа. Уг 443м2 газар өмчлөгдөөгүй.

2.Н.Д би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Х аймгийн Газрын даамал Ж.Мээс Э.Гийн 5-36-5 тоотод эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг авахад Э.Гийн нэр дээр 443м2 газар байна. Уг газар өмчлөгдөөгүй байна.

3.Н.Д би Х аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын тасгийн дарга З.Наас 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Э.Гийн 5-36-5 тоотод эзэмшиж байгаа газрын кадастрын зураг авахад Э.Гийн нэр дээр 443м2 газар нь өмчлөгдөөгүй.

1.М сумын 5 дугаар багийн 36-5 тоотод анх удаа 1992 онд А.Э нь 42м2 сууцны байшин барьсан.

2.Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 09-нимй өдрийн 1346 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу М сумын 5 дугаар багийн 36-5 тоотод байрлах шавар байшинг Үнэлгээний албаар зах зээлийн үнэлгээг тодорхойлуулахад сууцны байшин 3876,8, Тамбур 619,0, Хашаа 247,3, Газар өмчлөх эрх 2569,5 нийт дүн 7312.6 гэж тооцов. Уг байшингийн зардлын хандлагаарх үнэлгээ 7312,6 мянга төгрөг болж байна.

Өмчлөл: Сууцны байшингийн өмчлөгч нь Э.Г, Н.Д нар болно.

Байршил нь: Уг байшин М сумын 5-36-5 тоотод байршилтай 1992 онд ашиглалтад орсон.

1.1996 онд А.Э нь М сумын 5-36-5 тоотод 28м2 талх нарийн боовны цехийг барьсан.

2. Г.Л нь Д.Б-г 5-36-5 тоот газарт Х аймгийн Т сумаас нүүлгэн ирэхдээ Э.Гаас 2008 онд 1 жил гуйж өвөлжөөд 2009 онд нүүхдээ Д.Б нь Э.Гаас 5-36-5 тоотод байрлах 28м2 талхны цехийг 800.000 төгрөгөөр худалдаж аваад нүүсэн.

1.Н.Д би Х аймгийн Х банкнаас зээл гаргуулан авахаар Э.Гийн нэр даар 5-236-5 тоотод байгаа газарт 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Газар эзэмших эрхийн жижиг ногоон 0014618 дугаартай гэрчилгээг М сумын газрын албанаас авсан.

2. 2004 онд Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Н.Д миний гарын үсэгтэй.

Иймд Нэхэмжлэгч Н.Д, Э.Э, Э.Эр, Э.Г, Э.Б, бид нарын хууль ёсны М сумын 5 дугаар багийн 36-5 тоотод байгаа 443м2 газар, 64м2 хашаа, 42м2 сууцны байшин үл хөдлөх эд хөрөнгө мөн тул бидний өмчлөлд өгнө үү...гэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Миний бие нэхэмжлэгч Н.Д М сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 5 тоотод байрлах газраас Г.Л, Г.П, Г.Э нарыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн нөхөр талийгаач Ганхуягтай 1996 онд танилцаад 1999 оноос М сумын 5 дугаар багийн 36-5 тоотод хамтран амьдрах болсон. Ингэхдээ бид 2 хүнээс, шургааган шаамал байшин худалдаж авч өөрсдийн хүчээр барьж авсан. Бүх шатны шүүхээр өдийг хүртэл явсан. Иймд нэхэмжлэгч Н.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анх 1988 онд М сумын 5 дугаар хорооны 36-05 тоот газрыг М сумын Засаг дарга Б.Халтарын 2003 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 44 тоот захирамжаар А.Э гэдэг хүнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон юм.

1988 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ам бүл есүүлээ амьдарч байсан гэдэг нь талийгаач хүү Э.Гийн иргэний үнэмлэхээр нотлогдоно. Мөн түүний цэргийн батлахад эцэг А.Э, эх Н.Д, ах Э.Э, эгч Э.Эр, дүү Э.Г, Э.Б, Э.Э, Э.Гт гээд ам бүл 9 гэж тодорхойлсон. Мөн М сумын 5 дугаар багийн Засаг дарга Г.Д 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр А.Э нь ам бүл 9, М сумын 5 дугаар хорооны 36-05 тоотод оршин сууж байсан бөгөөд 1999 онд А.Э нь нас барсан гэх тодорхойлолт өгсөн байдаг. Мөн тус багийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр А.Э нь ам бүл 9-лээ амьдарч байсан гэх тодорхойлолтыг Захиргааны хэргийн шүүх, Орхон аймгийн шүүхэд удаа дараа өгч 9 жил энэ асуудлаар маргаж байна.

Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 875 тоот албан бичигт М сумын 5 дугаар багийн 36-05 тоотод Н.Д нь найман хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн гэсэн байдаг. Миний хоёр хүүхэд энэ хаяг дээр 2003, 2004 онд иргэний үнэмлэх авсан.

1992 онд М сумын 5 дугаар хорооны 36-05 тоотод А.Э нь 42 метр квадрат сууцны байшин барьсан. Уг сууцны байшинг 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүгч н.Нийн 1346 дугаар захирамжаар үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд хашаа 64 метр квадрат, байшин 42 метр квадрат, газар 43 метр квадрат байна.42 метр квадрат байшингийн хууль ёсны өмчлөгч нь Э.Г, Н.Д нар бөгөөд М сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлалтай гэж тогтоогдсон.

2000 онд манайх талх нарийн боов хийдэг байсан. Тэр үед талийгаач хүү маань Г.Лыг авчирж байсан. Тухайн үед 28 метр квадрат талхны цех барьсан юм. Энэ цехийг барихын тулд 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр М сумын 5 дугаар хорооны 36-05 тоот газрын барьцаалж Хас банкнаас талийгаач хүү Э.Гийн нэр дээр 3.000.000 төгрөгийн зээл авч байсан. Ингэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байсан юм.

2009 онд Г.Л М сумын газрын даамал н.Нтай хуйвалдаж 2003 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 44 тоот захирамжаар А.Эт олгосон газрын гэрчилгээг үгүйсгэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн хамтран эзэмшигчээр охин Г.Эг бүртгэсэн байсан.Энэ талаар өмгөөлөгчдийн холбоо болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад хуурамч гэдэг нь нотлогдсон.

Сум дундын шүүх хуйвалдсан.Б.Баасанбаяр өмгөөлөгч Г.Лтой хамаатан. Б.Баасанбаяр би шүүгч байсан хүн хоёулаа ярилцъя гэж байсан. Би хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Г.П Х аймгийн Төмөрбулаг суманд төрсөн гэдэг нь Х аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Г.Э нь талийгаач Э.Гийн охин гэдэг нь үндэслэлгүй.Мөн Г.Л нь талийгаач Э.Гтай хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй.Үүгээр Энхбаясгалан нь Ганхуягийн хууль ёсны өвлөгч биш болох нь тогтоогдож байна.

Г.Л Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүүхдээ талийгаач Э.Гаар овоглуулах хүсэлтээ өгсөн байдаг. Талийгаачийн нас барснаас 1 жилийн дараа ийм хүсэлт гаргасан байсан. Г.Л өмнө нь хүүг минь зоддог байсан. Миний хүү амьд сэрүүн байсан бол сайхан амьдарч байх байсан.Г.Л шүүх хурал болохоор шүүх хуралдааныг хойшлуулах арга хэмжээ авдаг.Б.Баасанбаяр өмгөөлөгч миний гэрчилгээ паспортыг Улсын бүртгэлийн хэлтэст өгөөд бусниулж байгаа.

1919 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 583 дугаартай албан тоотод н.Пүрэвдаш нь таны хүү Э.Гаар овоглоогүй. 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Г.Л нь эцэг тогтоолгосон байна.Ингэж хуурамч бичиг баримт бүрдүүлж Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байгаа юм. Мөн М сумын 5 дугаар хорооны 36-05 тоот газрын гэрчилгээнд бүртгүүлсэн байсан.

Шүүгч н.Эрдэнэбат, Г.Л хоёр намайг удмын өвчтэй, хүүхдүүд нь сэтгэцийн өвчтэй гэж доромжилдог. Миний хүүхдүүд сэтгэцийн өвчингүй гэдэг нь нотлогдсон. Энэ талаар дээд шүүхэд хандсан байгаа. Намайг Улаанбаатар хот руу яв гэсэн. Би 3 удаа Улаанбаатар хот руу явсан. Энэ зардаа Г.Лоос гаргуулна. Мөн хуурамч нотлох баримт бүрдүүлсэнд нь хариуцлага хүлээлгэнэ.Эрдэнэбат шүүгч Г.Лын талд шийдвэрлэсэн.Тэгээд намайг сэтгэцийн өвчтэй гэсэн. Миний ээж Оросын нутагт төрсөн хүн. Миний удамд сэтгэцийн өвчтэй хүн байхгүй. Би 12 хүүхэд төрүүлж, 66 насандаа анх удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байсан юм. Би энэ талаарх баримтаа үзүүлсэн. Надад шинжилгээ хийлгүүлсэн. Намайг эрх зүйн харилцаанд оролцуулахгүйн тулд ийм байдалд оруулсан.

Урд шүүхэд хандаад гарсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 18 дугаар шийдвэрийг би зөвшөөрөхгүй, хуурамч бичиг баримтыг үндэслэж гаргасан шийдвэр, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 919 дугаартай шийдвэрийг бас зөвшөөрөхгүй.Иймд Н.Д, Э.Э, Э.Эр, Э.Г, Э.Б нар нь хууль ёсны өмчлөгч мөн тул М сумын 5 дугаар хорооны 36-05 тоотод байрлах 443 метр квадрат газар, 64 метр квадрат хашаа, 42 метр квадрат байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү...гэв.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмждлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 1996 онд талийгаач нөхөр Ганхуягтай танилцаж, 1999 оноос хойш М сумын 5 дугаар хорооны 36-05 тоотод одоог хүртэл амьдарч байна. 2012 онд нөхөр маань нас барсан. Энэ цагаас хойш хадам ээж маань энэ асуудлаар заргалдаж байна. Үүнд нь би их харамсаж, бас гайхдаг.Мөн төрийн албан хаагчдыг надтай хуйвалдсан гэж гүтгэдэг. Одоо ач, зээ нар маань төрсөн. Бид одоог хүртэл хамт амьдарч байгаа энэ үл хөдлөх эд хөрөнгө бол бидний хууль ёсны өмч хөрөнгө мөн юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь хариуцагч Г.Л, Г.Э, Г.Пүрэвдаш нарт холбогдуулан газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Д, Э.Э, Э.Эр, Э.Г, Э.Б нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч талаас газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаар дор дурьдсан үйл баримтууд тогтоогдож байна.

Үүнд: Нэхэмжлэгч Н.Д нь шүүх хуралдаанд ...М сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Н.Д, Э.Э, Э.Эр. Э.Г, Э.Б нар юм. Г.Л нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрын алба болон үл хөдлөх эд хөрөнгийн газрын ажилчидтай хуйвалдан бид нарын өмчлөлийн хашаа, байшин газрыг авсан...хэмээн мэдүүлэг, тайлбар өгч байх боловч хэрэгт энэ талаарх ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй ба М сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Н.Д, Э.Э, Э.Эр. Э.Г, Э.Б нар болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хэрэгт уг маргаж буй газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хүчинтэй эсэх талаарх Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийн хуулбар хувь авагдсан.

Мөн Н.Д нь хариуцагч Г.Л, Г.Э, Г.Пүрэвдаш нарт холбогдуулан М сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Д, Э.Э, Э.Эр. Э.Г, Э.Б нар мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасныг, шүүх иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 919 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэдийгээр Н.Д нь...дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр бус, зөвшөөрөхгүй...гэх тайлбарыг гаргаж байгаа ч нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар урьд өмнө гаргасан тус шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг нэхэмжлэгч Н.Д нь хүү Э.Э, Э.Г, охин Э.Эр, Э.Б нарын өмнөөс шүүхэд гаргаж, итгэмжлэлийг нотлох баримтаар ирүүлсэн.

Тэрээр хүү Э.Г, охин Э.Эр, Э.Б нарын өмнөөс нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрхтэй харин хүү Э.Эоос Н.Дд олгосон итгэмжлэл нь түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш олгосон байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд түүний өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Л, Г.Э, Г.П нарт холбогдох газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Д, Э.Э, Э.Эр. Э.Г, Э.Б нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Л, Г.Э, Г.Пүрэвдаш нарт холбогдох М сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Д, Э.Э, Э.Эр. Э.Г, Э.Б нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ДАВААХҮҮ