Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/02019

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        04          29                                     101/ШШ2022/02019          

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Ц.Л нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 тоот захирамжаар төлбөр төлөгч И.М-аас 60,030,000.00 /жаран сая гучин мянган/ төгрөг гаргуулж, “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14280271/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14280271/05 тоот хураах тогтоол үйлдэн хураасан.

Дээрх орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14280271/04, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14280271/05 тоот битүүмжлэх, хураах тогтоол үйлдсэн ажиллагаа хийхдээ тухайн орон сууцны өмчлөгч иргэн И.М-д мэдэгдээгүй, байлцуулаагүй гарын үсэг зуруулаагүй, хадгалалт хамгаалалтыг шилжүүлээгүй үйлдсэн нь өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаа хийжээ. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4 дахь заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна.

Мөн дээрх хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч И.М нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр өгсөний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний “Файн Эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэн зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 134,900,000.00 /нэг зуун гучин дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулах зорилго илэрхийлж байна.

Хөрөнгийн үнэлгээ хийсэн “Файн Эстимэйт” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтыг зөрчсөн хэрэглэх ёстой үнэлгээний арга, аргачлалыг хослуулан хэрэглээгүй зэрэг үйлдэл гаргасан байна.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч буюу өмчлөгч И.М нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлын нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргаж байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Файн Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа хавтаст хэргээс нотлох баримтын хэмжээнд оролцогч талын хувьд гаргуулан авах хүсэлт өгсөн боловч үүргээ биелүүлээгүй зөвхөн зурган фото хэлбэрээр авахыг зөвшөөрсөн болно гэжээ.

 

Хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

И.М-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар захирамжаар И.М-аас 60,030,000 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14280217 дугаар тогтоолоор үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар И.М-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14280271/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2022 эны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 14280271/05 дугаар тогтоолоор хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч И.М нь 400,000,000 төгрөгөөр, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/25 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Файн-Эстимэйнт” ХХК-ийг томилоход 134,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээг талуудад 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 4-227/2148, 4-227/2149 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч талуудад үнэлгээг мэдэгсэн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдах дуудлага худалдаанд дээрхи байр нь оруулах байсан боловч шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээ зах зээлийн бодит ханшаар үнэлэгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч И.М-ын шүүхэд гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас И.М-д хүргүүлсэн 2022.02.01-ний өдрийн 4-227/2148 тоот үнэлгээний мэдэгдэл, 2021.12.24-ний өдрийн 14280271/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2021.01.04-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.01.07-ны өдрийн 4-227/470 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас И.М-д хүргүүлсэн үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2022.01.07-ны өдрийн И.М-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан үнийн саналын хуулбар, “Файн Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, И.М-аас Ц.Л-д олгосон итгэмжлэл /хх-ийн 3-33, 98/ зэрэг баримтуудыг, 

Хариуцагчаас хариу тайлбар, 2021.12.24-ний өдрийн 14280271/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2021.12.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2022.01.04-ний өдрийн 14280271/05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.01.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.01.07-ны өдрийн 4-227/470 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас И.М-д хүргүүлсэн үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2022.01.07-ны өдрийн И.М-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан үнийн санал, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, /99999999/ дугаарын утас руу дуудлага хийсэн тухай мэдээлэл, 2022.01.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.01.19-ний өдрийн 4-101/1264 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Н” ХХК-д хүргүүлсэн үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2022.01.24-ний өдрийн 22/036 дугаартай “Н” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн хариу, 2022.01.26-ны өдрийн 1/25 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2022.01.26-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022.01.26-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2022.01.31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, “Файн Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022.02.01-ний өдрийн 4-227/2149 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Н” ХХК-д хүргүүлсэн үнэлгээний мэдэгдэл, 2022.02.01-ний өдрийн 4-227/2148 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас И.М-д хүргүүлсэн үнэлгээний мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.04.29-ний өдрийн 3/385 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаал, 2014.04.15-ны өдрийн 637 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2014.04.15-ны өдрийн 7405/2 дугаартай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 51-94, 101-104/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ”Файн Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. 

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай захирамжаар:

-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах заалтыг баримтлан өргөдөл гаргагач “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тайлбар гаргагч И.М-аас 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг тайлбар гаргагч И.М 2014 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж,

-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар өргөдөл гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, И.М-аас  улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.  /хх-ийн 41-42/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч И.М-ыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “Н” ХХК-ийн хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 7405/Ч дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдрийн 637 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 52-94, 105-106/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч И.М-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцыг битүүмжилж, хураан авсан, уг ажиллагааны явцад  тэмдэглэл үйлдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т: “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т: “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь эдгээр ажиллагааны талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй  байгааг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 52-58/

 

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэнээр төлбөр төлөгч И.М нь 400,000,000 төгрөг гэж үнэлсэн, төлбөр авагч “Н” ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох  хүсэлт гаргажээ. /хх-ийн 59, 85-86 тал/

Нэгэнт талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1/25 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Файн Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 66-69/

 

“Файн Эстимэйт” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг “134,900,000” төгрөг гэж  үнэлжээ./хх-ийн 70-93/

 

Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Файн Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  мэдэгдэж, танилцуулсан байна./хх-ийн 93-94/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д: “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу И.М нь дээрх үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзнэ. /хх-ийн 2 тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнийн саналыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. “Хөрөнгийн үнэлгээний тайланд дараахь зүйлийг тусгана”, 9.3.1.үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл”, 14 дүгээр зүйлийн 14.1.Үнэлгээчин дараахь үүрэг хүлээнэ”, 14.1.6. “үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх” гэж заасан.

 

“Файн Эстимэйт” ХХК /РД:5353459/-ийн үйл ажиллагааны чиглэл нь “бизнесийн зөвлөгөө өгөх, хөрөнгийн үнэлгээ хийх, даатгалын зориулалтаар хохирлын нөхөн олговрын үнэлгээ хийх, үнэт цаасны зах зээлийн үнэлгээ хийх” гэж бүртгэсэн, үнэлгээчин Н.Ц нь Сангийн сайдын 2018 оны 284 дүгээр тушаалын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх №0 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байна. /хх-ийн 72, 89-91/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т: “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,

8 дугаар зүйлийн 8.1-д: “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж тус тус заажээ.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Олон Улсын Стандарт /IVS/-2020-105-д заасан зах зээлийн, орлогын, өртгийн хандлагаас өртгийн болон зах зээлийн хандлагыг сонгож, 134,900,000 төгрөг гэж үнэлсэн болохыг үнэлгээний тайланд тусгасан байна. 

 

Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэд үнэлэх гэж буй орон сууцны байршил,  ашиглалтын байдал зэрэг хөрөнгийн шинж байдлыг тодорхой тусгаж, өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын аргыг хослуулан хэрэглэж, орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй үндэслэлээ тайлбарлаж, улмаар өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын арга тус бүрээр хэрхэн үнэлснээ тусгаж, эцсийн дүгнэлтийг гаргасан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явц, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгасан гэж үзэхээр байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шинжээч “Файн Эстимэйт” ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байх ба харин нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй, ийнхүү зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. 

 

Иймд хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ”Файн Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И.М-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л-ийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлтийг  хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдав. /хх-ийн 110-112/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ”Файн Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И.М-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/04523 дугаар захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ