Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01294

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01294

 

И.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/02019 дугаар шийдвэртэй

И.Мын нэхэмжлэлтэй Нт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 тоот захирамжаар төлбөр төлөгч И.Маас 60,030,000.00 төгрөг гаргуулж, Нью энержи стар ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Н шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14280271/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14280271/05 тоот хураах тогтоол үйлдэн хураасан. Дээрх орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14280271/04, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14280271/05 тоот битүүмжлэх, хураах тогтоол үйлдсэн ажиллагаа хийхдээ тухайн орон сууцны өмчлөгч иргэн И.Мд мэдэгдээгүй, байлцуулаагүй гарын үсэг зуруулаагүй, хадгалалт хамгаалалтыг шилжүүлээгүй үйлдсэн нь өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаа хийжээ. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4 дахь заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна. Мөн дээрх хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч И.М нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр өгсөний дагуу Н нь хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэн зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 134,900,000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулах зорилго илэрхийлж байна. Хөрөнгийн үнэлгээ хийсэн Файн Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтыг зөрчсөн хэрэглэх ёстой үнэлгээний арга, аргачлалыг хослуулан хэрэглээгүй зэрэг үйлдэл гаргасан байна. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч буюу өмчлөгч И.М нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлын нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргаж байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Файн Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа хэргээс нотлох баримтын хэмжээнд оролцогч талын хувьд гаргуулан авах хүсэлт өгсөн боловч үүргээ биелүүлээгүй зөвхөн зурган фото хэлбэрээр авахыг зөвшөөрсөн болно гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чойсүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар захирамжаар И.Маас 60,030,000 төгрөгийг гаргуулж Нью энержи стар ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14280217 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар И.Мын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14280271/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2022 эны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 14280271/05 дугаар тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч И.М нь 400,000,000 төгрөгөөр, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/25 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Файн-Эстимэйнт ХХК-ийг томилоход 134,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 4-227/2148, 4-227/2149 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч талуудад үнэлгээг мэдэгсэн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдах дуудлага худалдаанд дээрхи байр нь оруулах байсан боловч шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээ зах зээлийн бодит ханшаар үнэлэгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Н-т холбогдох дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 28 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Файн Эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/04523 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч И.Мын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн холбогдох баримтыг нэхэмжлэгч гарган өгөөгүй гэжээ. Угтаа энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардан авч хуулийн буюу 7 хоногийн хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 07-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дахь хэсэг бол шийдвэр гүйцэтгэлийн процессын ажиллагаатай холбоотой гомдлыг хэрэглэх агуулгын ойлголт бөгөөд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан нь тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан зүйл заалтаар хэрэгждэг. Шүүх мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг хэрэглэсэн атлаа гуравдагч этгээдээр хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч буюу хөрөнгит үнэлгээний Файн Эстимэйт ХХК-ийг оруулаагүй мөртлөө Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл, 8 дугаар зүйлд нийцсэн тайлан гаргасан хэмээн дүгнэсэн. Хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн, орлогын гэсэн 3 төрлийн арга хэрэгсэл байдаг бөгөөд хөрөнгийн тайланд хэрхэн тэрхүү үнэлгээг гаргасан, ямар харьцуулалтын аргыг хэрэглэсэн, хосолсон уу эсвэл дан ганц аргаар үнэлсэн үү гэдгийг хөрөнгийн үнэлгээний шинжээч буюу үнэлгээчин тайлбарлах эрхтэй. Мөн тухайн хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээдийг тусгай зөвшөөрөлгүй гэж нэхэмжлэгч талаас дурьдаагүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй зүйлийг шүүх дурьджээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхагвасүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв гэжээ. Угтаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхагвасүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай, шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд холбогдогчоор оролцсон бөгөөд тэрхүү баримтыг гарган өгөх боломжгүй утсаар мэдэгдсэн байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хуулийн 77 дугаар зүйлд заасан мэдэгдэх хуудсыг гардуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чойсүрэн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэв.

3. Нэхэмжлэгч И.М нь Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх.1-2, 51/

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өмчлөгчид мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураасан гэж тайлбарласан байна.

5. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар захирамжаар И.М нь 60,030,000 төгрөгийг Нью энержи стар ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ. /хх.41-42/

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр И.М бүртгэгджээ. /хх.88/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14280271/04 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 14280271/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.6-9/

7. Хэргийн 52-58 дугаар талд шийдвэр гүйцэтгэгч барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураахдаа тэмдэглэл үйлдсэн, уг тэмдэглэлд ...Н.Должин гэх хүн байв. Би гарын үсэг зурахгүй, удахгүй эндээс нүүнэ гэсэн тул 2 гэрч байлцуулан, эрх үүрэг тайлбарлан уг орон сууцыг хураав гэж тэмдэглэсэн байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай 4-227/470 дугаар мэдэгдлийг И.М 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авчээ. /хх.59/

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж тус тус заасан. Анхан шатны шүүх хариуцагч Н үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураах ажиллагааг тухай бүрт нь мэдэгдэж байсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

9. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүрэг гүйцэтгэгчид И.М 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-227/470 дугаар мэдэгдэх хуудсаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх.58-65/

9.а. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/25 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Файн эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр ...орон сууцны зах зээлийн хандлагаарх үнэ цэнийг 134,900,000 төгрөг гэж тогтоосон гэсэн дүгнэлт гаргажээ. /хх.70-92/

10. Шинжээчээр томилогдсон Файн эстимейт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул анхан шатны шүүх шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь буруу биш байна.

11. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 4-227/2148, 4-227/2149 тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч И.М, төлбөр авагч Нью энержи стар ХХК-ийн төлөөлөгч нарт хүргүүлсэн талаарх баримт авагджээ. /хх.93-94/

12. Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 28 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Файн Эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд өмчлөгч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

14. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр товлогдсон. Иймд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх ...И.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхагвасүрэнгийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2022/10039 дугаартай захирамжаар хангаж, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. /хх.119-120/

15. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

16. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул... гэж зөрчилтэй бичсэнийг залруулсан найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/02019 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул гэснийг заасныг баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.ИЧИНХОРЛОО