Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/00876

 

 

 

 

2020 03 16

101/ШШ2020/00876

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Ухолбогдох

 

70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагч Э.У, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гэрч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.О би А.Этэй анх 2015 оны 6-р сард амаар Зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2015 оны 12 сар хүртэл зээлүүлсэн. Тохиролцсон хугацаа дуусахад үндсэн зээл болон хүү аль алийг нь буцааж өгөөгүй нэхүүлж, зугтааж явсан. Ингэж явсаар арай гэж Утай уулзалдан 2018 оны 02 сарын 07-нд Зээлийн гэрээ-гээ нөхөж гараар бичүүлэн, 2018 оны 03-р сарын 01-ээс эхэлж төлөлт хийгээд 2018 оны 08-р сард дуусгана гэсэн боловч хугацаандаа дахин төлөлт хийлгүй явсаар 2018 оны 12 сарын 21-нд 2,500,000 төгрөг, 2018 оны 12 сарын 25-нд 7, 500,000 төгрөг, 2019 оны 04 сард 1,500,000, 2019 оны 06 сард 1,000,000 төгрөг төлснөөс хойш нэг ч төгрөг өгөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд сүүлдээ утсаа ч авахаа больсон. Тиймээс Зээлийн гэрээнд заасны дагуу авах ёстой байсан хүүгээ авалгүй, харин үндсэн зээл 50,000,000 төгрөгийг Ут зээлэлгүй банкинд хадгалсан бол арилжааны банкны хадгаламжны дундаж хүүгээр тооцоход уг 3 жилийн хугацаанд нийт 20,000,000 төгрөгөөр нэмэгдсэн байх ёстой байсан учир уг олох ёстой байсан орлогоо үндсэн зээл болох 50,000,000 төгрөг дээрээ нэмээд 70,000,000 төгрөгийг хариуцагч Э.Уаас гаргуулан өгнө үү хэмээн хүсч байна. 12,500,000 төгрөг төлсөн болохыг зөвшөөрч байна, зээлийн хүүнд тусдаа 1,500,000 төгрөг өгсөн гэжээ.

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.О нь Э.У надаас 70,000,000 төгрөг нэхэж нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.О нь А.Э гэх хүнтэй 2015.06 сард 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлж зээлийн гэрээ хийжээ. Үүнийгээ надаас нэхэмжилсэн учир би 70,000,000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөг аваагүй, хариуцагч 20,000,000 төгрөг авсан. 15,000,000 төгрөгийг Гүенбаатарт, 15,000,000 төгрөгийг 3 хүнд тав таван саяар нь өгсөн. Нэхэмжлэгч нь удаа дараа шаардаад байхаар нь 50,000,000 төгрөг авсан баримт бичиж өгсөн. Иргэний хуулийн 281.1-д зааснаар 20,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Хүү алданги нэхэмжлэх ёсгүй, 14,000,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэх 6,000,000 төгрөгийг төлнө гэв.

 

Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Э.Ут холбогдуулан зээл 50,000,000 төгрөг, олох байсан орлого 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 6 сард амаар зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй 2015 оны 12 сар хүртэл зээлдүүлсэн, зээлийг төлөхгүй байсан тул 2018 оны 02 сарын 07-ны өдөр зээлийн гэрээг нөхөж бичүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь зээл 50,000,000 төгрөгийг аваагүй, 20,000,000 төгрөг авсан, үлдэх мөнгийг 15,000,000 төгрөгийг Э.Г, 15,000,000 төгрөгийг өөр 3 хүн тав таван сая төгрөгөөр авсан тул үндсэн зээлээс үлдэх 6,000,000 төгрөгийг төлнө, 64,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараас үзэхэд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 50,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж, хариуцагч 20,000,000 төгрөгийг дансаар, 15,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэж зөвшөөрч, үлдэх 15,000,000 төгрөгийг аваагүй, Э.Г авсан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан хариуцагч Э.Уын хаан банкны 5024226287 дансанд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга, гэрч Э.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн Би хариуцагч Э.Утай үеэлүүд юм. 2015 оны 5 сард манай ах У найз Оаас 20,000,000 төгрөг зээлж авсан, би 15,000,000 төгрөг зээлж авсан. Б, О буюу Г-О, Ё гэх 3 хүн Оаас ахаар дамжуулж 15,000,000 төгрөгийн зээл авсан. ...2018 оны 03 сард О надтай уулзаад миний хийж байгаа ажлуудыг харж бүтэн өдөр цуг дагаж явж байгаад шөнийн 1 цагт мөнгө авсан гэсэн бичиг хийлгэж авсан. Баталгаа маягаар бичээд өгчих гээд бичүүлж авсан. 15,000,000 төгрөг нь миний Голомт банкны дансанд орсон. ...Би От 15,000,000 төгрөг төлөх ёстой. Би 12,000,000 төгрөг цувуулаад төлсөн... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 50,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэдгээ нотлож чадаагүй, түүнчлэн зээлийн гэрээг амаар байгуулж, сард 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж нэхэмжлэлд дурьдсан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтаа 2018 оны 02 сарын 07-ны өдөр Э.У, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Э.Г нарын бичиж өгсөн 50,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, авсан зээлээ төлнө гэсэн баримтад үндэслэж байна.

Уг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч Э.У болон гэрч Э.Г нараас аль алинаас зээлийн гэрээний үүргээ шаардаж байсан гэж үзэхээр байна.

Иймээс хариуцагчийн дансаар хүлээн авсан 20,000,000 төгрөг, бэлнээр авсан гэж зөвшөөрч байгаа 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг хариуцагч Э.У төлөх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн тул хариуцагчийн хүүнд төлсөн гэх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрсөн 14,000,000 /12,500,000 төгрөг бэлнээр, 1,500,000 төгрөг Голомт банкны орлогын баримттай/ төгрөгийг хасч, үлдэх 21,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 20,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасан хохиролд хамаарахгүй, тодруулбал гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд хамаарахгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Э.Уаас зээл 21,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.От олгож, нэхэмжлэлээс 49,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Уаас 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.От олгож, нэхэмжлэлээс 49,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ