Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1176

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.О нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00876 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.У  холбогдох,

 

Гэрээний үүрэгт 70 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О  би Э.У ай 2015 оны 6 дугаар сард амаар зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 12 дугаар сар хүртэл зээлдүүлсэн. Тохиролцсон хугацаа дуусахад үндсэн зээл болон хүү аль алийг нь буцааж өгөөгүй. Э.У ай уулзаж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг нөхөж гараар бичүүлж авсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж төлөлт хийгээд мөн оны 08 дугаар сард дуусгана гэж амласан.

Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сард 1 500 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сард 1 000 000 төгрөг төлсөн. Одоо зээлийн гэрээгээр тохиролцсон хүү авахгүй.

Үндсэн зээл болох 50 000 000 төгрөгийг Э.У  зээлэхгүй банкинд хадгалсан бол 3 жилийн хугацаанд нийт 20 000 000 төгрөгөөр нэмэгдсэн байх ёстой байсан учир уг олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байна. Иймд Э.У  үндсэн зээл 50 000 000 төгрөг, олох байсан орлого 20 000 000 төгрөг нийт 70 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Э.У  нь 12 500 000 төгрөг төлсөн ба зээлийн хүүнд гэж тусдаа 1 500 000 төгрөг өгсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.О  нь анх нэхэмжлэл гаргахдаа А.Э  гэх хүнд 2015 оны 06 дугаар сард 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлж зээлийн гэрээ хийсэн гэжээ. Энэ мөнгийг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул би 70 000 000 төгрөгийг төлөхгүй.

Нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөг аваагүй, 20 000 000 төгрөг авсан. 15 000 000 төгрөгийг н.Г , 15 000 000 төгрөгийг өөр 3 хүнд 5 000 000 төгрөгөөр хуваан өгсөн. Нэхэмжлэгч удаа дараа шаардаад байхаар нь 50 000 000 төгрөг авсан гэх баримтыг бичиж өгсөн. Зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Хүү, алданги нэхэмжлэх ёсгүй. 14 000 000 төгрөгийг төлсөн, одоо үлдэх 6 000 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.У  21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О т олгож, нэхэмжлэлээс 49 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Э.У  нь үндсэн зээл болох 50 000 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гараар бичгийн баримт үйлдсэн байхад уг баримтыг анхан шатны шүүх өөрийн дураар буруу тайлбарласан. Э.У  буюу хэргийн оролцогч нэг талд хэт давуу байдал олгон, Э.У ыг нэхэмжлэгч Ц.О аас дамжуулан зээл авч бусдад тараасан болгож, хөтөлж асуулт асууж, цаашаагаа бусдад зээлсэн гэдгийг нотолсон баримт байхгүй байхад бусдад зээлсэн хэмээн 35 000 000 төгрөгийг Э.У  авсан хэмээн хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн.

Тухайн үед нэхэмжлэгч нь хариуцагчид итгэж, түүнд 50 000 000 төгрөг зээлсэн. Дараа нь мөнгөө буцаан нэхэхэд Э.У  дүү Э.Г аа өгсөн гэхээр нь түүний үгэнд итгэж, баталгаа болгох үүднээс Э.Г-аар  мөнгө авсан тухай давхар нотолгоо бичүүлж авсан.

Гэтэл шүүх шууд Э.У ын хэлсэн үгээр Э.Г болон бусад этгээдүүдэд нэхэмжлэгчээс авсан мөнгөө дамжуулан зээлсэн хэмээн дүгнэсэн. Мөн бусад этгээдийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэх боломжтой асуудал байхад шүүх өөрийн дураар нэг талд хэт давуу байдал олгож, шударга бус шийдвэр гаргасан.

Мөн зээлийн гэрээг сарын 5 хувийн хүүтэй байгуулсны дагуу Э.У  12 500 300 төгрөгийг “зээлийн хүү” хэмээн төлсөн бөгөөд бусад шилжүүлсэн мөнгийг ч мөн ‘зээлийн хүү” гэж тооцож шилжүүлсэн нь хэрэгт авагдсан банкны баримтаар нотлогддог.

Өөрөөр хэлбэл, хүүтэй зээлүүлсэн гэдэг нь уг банкны баримтаар нотлогдоод байхад шүүх төлсөн мөнгийг хүү гэж тооцолгүй, үндсэн зээлээс хасч шийдвэр гаргасан.  Цаашлаад нэхэмжлэгч уг 50 000 000 төгрөгөө Э.У  зээлэлгүй банкинд хадгалсан бол арилжааны банкны хадгаламжны дундаж хүүгээр тооцоход 4 жил гаруйн хугацаанд нийт 20 000 000 төгрөгөөр нэмэгдсэн байх ёстой. Уг 20 000 000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж үзэж хохиролд тооцно. Нэхэмжлэгч өөрийн хадгаламжийн дансны тодорхойлолт, хуулгыг нотлох баримтаар гаргаж өгөөд байхад олох ёстой байсан орлогыг хохиролд тооцохгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.О  нь хариуцагч Э.У  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг, олох байсан орлогод 20 000 000 төгрөг, нийт 70 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 20 000 000 төгрөг зээлснээс 14 000 000 төгрөгийг төлсөн үлдэх 6 000 000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 50 000 000 төгрөгийг хариуцагчид зээлсэн гэдгээ нотлох үүрэгтэй. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хаан банк дахь Э.У ын эзэмшлийн 5024226287 тоот дансанд 20 000 000 төгрөг 5540348218 тоот данснаас орлого болж орсон байна.

 

Гэрч Э.Г ын мэдүүлгээс дүгнэвэл 2015 оны 05 дугаар сард Э.У  нь Ц.О аас 20 000 000 төгрөг зээлсэн, Э.Г нь Ц.О аас 15 000 000 төгрөг зээлсэн, уг 15 000 000 төгрөгийн зээл нь өөрийнх нь Голомт банк дахь данс руу орсон, түүнчлэн н.Б , н.Г гэх 3 хүн Э.У аар дамжуулж Ц.О аас 15 000 000 төгрөг зээлсэн гэжээ.

 

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Э.У  нь “Ц.О аас 2015 онд 50 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээл төлөлтийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 10 000 000 төгрөг төлж дуусгавар болгох болно” гэх бичгийн баримт,

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Э.Г нь “миний бие өөрийн үеэл ах Э.У аар дамжуулан 50 000 000 төгрөг зээлж авсан, авсан зээлээ 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна” гэх бичгийн баримтуудыг үйлдэж Ц.О т өгсөн байна. Үүнээс дүгнэвэл 50 000 000 төгрөгийг тус бүр Э.У , Э.Г нарт нэгэн зэрэг зээлсэн дүгнэхгүй юм.

 

Иймд гэрч Э.Гын мэдүүлэг, Э.У ын дансны хуулга дахь 20 000 000 төгрөгийн орлогыг дээрх 2 бичгийн баримт, талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Э.У  нь Ц.О аас 35 000 000 төгрөгийг зээлсэн, Э.Г нь Ц.О аас 15 000 000 төгрөгийг зээлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ч.О  болон Э.У  нарын хооронд зээлийн гэрээний харилцаа нь 35 000 000 төгрөгийн хэмжээнд үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх тул нэхэмжлэгчээс зээлийн хүүд тооцож авсан гэх 14 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь хуульд нийцнэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 21 000 000 /35 000 000-14 000 000/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Өөрөөр хэлбэл, Ц.О т н.Н  зээлийн хүү гэж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Э.У  зээлийн хүү гэж хүлээн зөвшөөрч төлсөн гэж дүгнэхээргүй байна.

 

Зээлийн гэрээг талууд байгуулахдаа хугацаа тохироогүй байсан ба Э.У ын гараар бичсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн баримтад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 10 000 000 төгрөгөөр тооцож зээлийг төлнө гэснээс дүгнэвэл зээлдэгч нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зээлийг төлөх байсан, зээлээ уг хугацаанд төлөөгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар хохирол төлөх үүрэгтэй юм. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэснийг зөвтгөв.

 

Харин нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн хадгаламжийн дэвтрээс хадгаламжийн хүүг тодорхойлох боломжгүй байна. Иймд хохирол шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                 Э.ЗОЛЗАЯА