Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/03535

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/03535

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 18 дугаар байрны 57 тоот хаягт оршин суух, Ехөс овогт Содномцэрэнгийн Үнэнбат /регистрийн дугаар /-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Яалалтын ,

: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ЧӨЧөлөө, Жетро төвийн 2 дугаар давхар хаягт байрлах Голомт банк 120 мянгат салбар,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Тайм тауэр хотхон, 218 дугаар байр хаягт байрлах*******ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Тайм тауэр хотхон 26 дугаар байрны 88 тоот хаягт оршин суух, Ёгос овогт Үнэнбатын Баянтамир /регистрийн дугаар РЭ91050456/ нарт ,

Голомт банкны 120 мянгат салбар болон *******, Ү.Баянтамир нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ2105107701 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт, хариуцагч Ү.Баянтамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* нь Б.Ууганчимэгийн хүсэлтээр Орон сууцны зээлийн гэрээний батлан даагчаар гарын үсэг зурахыг зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэгэн гэрээнд гарын үсэг зурсан юм. Тухайн үед миний бие маш хүндээр өвдсөн байсан тул зөвхөн банкны ажилчид болон орон сууц худалдаж байгаа*******ХХК-ийн хүмүүст итгээд л тухайн гэрээнд гарын үсэг зур гэсэн газар нь гарын үсгээ зурчихсан.

Тухайн үед Б.Ууганчимэг хүү Ү.Баянтамиртаа орон сууц зээлээ авч өгөх гэсэн чинь батлан даагч хэрэгтэй байна. Чи өндөр цалинтай, байнгын ажилтай юм чинь батлан даалт гаргаад өгөөч гэж гуйсан. Өөрөөс чинь ямар ч мөнгө гарахгүй, зөвхөн баталгаа гаргаад өгчих, бид урьдчилгаа төлбөрийг нь төлчихсөн. Ү.Баянтамаир өөрөө сар сардаа зээлээ төлөөд явчихна гэж ойлгуулсан.

Орон сууц худалдаж байгаа хүмүүс ч урьдчилгаа төлбөрөө авчихсан гэж хэлж байсан. Банкны ажилчид ч батлан даагчаар гарын үсэг зуруулна гэж тайлбарлаж байсан. Ингээд миний бие зөвхөн батлан даалтын гэрээнд гарын үсэг зурчихлаа гэж бодоод явж байтал 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний Голомт банкны дансанд 114,800,000 төгрөгийн орлого ороод 114,800,000 төгрөгийн зарлагыг надад мэдэгдэлгүйгээр хийсэн байсан.

Тэгээд л 3 дугаар сарын 03-наас эхлээд сар бүр миний цалингаас Голомт банк 1,392,840.78 төгрөгийг зээлийн гэрээнд суутгаж авч эхэлсэн. Тухайн үед миний бие маш хүнд байсан учраас энэ талаар асуудал үүсгэж чадаагүй. Харин Ү.Баянтамираас энэ юу болоод байгаа юм бэ гэж асуухад энэ мөнгийг буцаагаад өгнө өө л гэж хэлж байсан.

Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Тайм тү Тайм ХХК-иас байрны урьдчилгаа төлбөрөө төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

Энэ цагаас эхлээд л Голомт банк, Тайм тү Тайм ХХК, Ү.Баянтамир нар үгсэн хуйвалдаж, хууран мэхлэж Орон сууцны зээлийн гэрээг байгуулж миний итгэлийг эвдэж зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр гарын үсэг зуруулан мэхлэснийг ойлгосон.

Тухайн зээлийн гэрээгээр зээлж авсан мөнгийг Тайм тү Тайм ХХК шилжүүлээд авчихсан, Ү.Баянтамир нь тухайн орон сууцанд одоог хүртэл амьдарч, Голомт банк зээлийн хүүгээ, үндсэн төлбөрийн хамт иргэн ******* надаар төлүүлээд байж байгаа нь шударга ёс, бодит байдалд нийцэхгүй байна.

******* маш ихээр хохирч байгаа тул хууран мэхлэх аргаар байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ү.Баянтамир шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Содномцэрэн овогтой Үнэнбатын Баянтамир нь 1991 онд Хөвсгөл аймагт төрсөн. Дээд боловсролтой. Ам бүл 2, ээж Ууганчимэгийн хамт амьдардаг. Миний аав ******* нь тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлдээ хүү намайг Голомт банк,*******ХХК нартай үгсэн хуйвалдаж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж хүчин төгөлдөр бус болгох гэжээ. Үүнд тайлбар гаргахад: *******, Б.Ууганчимэг, Ү.Баянтамир бид 3 уулзаж, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авах гэж байгаа байрандаа ирж үзээд харилцан ярилцах үед миний аав ******* ухаан эрүүл саруул байсан нь үнэн. Ийм учраас миний зүгээс ямар нэгэн хэлбэрээр албадан зуруулаагүй, өөрөө хүлээн зөвшөөрсөн. Байрны зээл гарч*******ХХК-ийн дансанд мөнгө ордог журам Голомт банкинд байдаг гэж банкны эдийн засагч тайлбарладаг. Энэ нь нэхэмжлэлдээ дурдсан 114,000,000 төгрөг юм. Уг нь энэ байрыг Өнөболд гэгч хүний нэртэй Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй иргэн Даваахүү гэгч хүнээс худалдаж авсан байр юм. Энэ байр*******ХХК оролцоод байгааг ойлгохгүй байгаа. Байрны гэрээг итгэл эвдэн гарын үсэг зуруулсан гээд байгааг миний аав болох ******* нь 2016-2017 оны 05 сард шинэ байр анх удаа худалдан авсан татварын хөнгөлөлт 3,000,000 төгрөг өөрийн дансаар шилжүүлэн авч хэрэглэсэн нь энэ хүн огт юу юу ч мэдэхгүй дарамт шахалтад орж банктай хууль бус гэрээнд гарын үсэг зурсан гэж ойлгохгүй байна. Харин хүний амьдрал итгэл эвдэж 26 жил мартсан хүү надад аав эцэг болсон хүнийхээ хувьд түшиг тулгуур болох нь гэж хүүгийнхээ хувьд баярлаж байна. Ингээд мэргэн шүүх та бүгдийн шийдвэр үнэнд иргэн би итгэж байна гэжээ.

 

Хариуцагч Ү.Баянтамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 1987 онд МУИС-ийн оюутан байхдаа танилцаж үерхэж эхэлсэн. 25 настай амьдрал үзээгүй би энэ хүнийг Ховдод ажиллаж байсан эхнэр охиноо хуурч мэхлэн миний амьдралаар тоглож байсныг хожуу мэдсэн боловч нэгэнт оройтож би хүүгээ төрүүлсэн. Үүнээс хойш 26 жилд би Монгол улсад өрх толгойлсон ганц бие эмэгтэй нэртэйгээр ганц хүү минь эцгийн хайр халамж үзэлгүй өсөх болсон. 1990 оны ганц бие эх хүний амьдрал бол Орос-Хятадын дунд хар ганзага хийх байсан. Ингээд ганц хүүгээ эмээ өвөөд нь орхиж сайн хүн боловсролтой хүн болгох гэж 26 жил зүтгэж 2010 онд тархины цус харвалтаар группд орсон. Гэвч би хүүгээ дунд сургууль мөн Улаанбаатар хотод ХУИС-ийн хятад хэл орчуулагч, мөн гэрээр цэвэр орос хэлтэй ярианы Англи хэлтэй хүн болгож өсгөсөн. Миний хүү даруу төлөв зантай. Ингээд 2014 онд Иргэний бүртгэлийн Ерөнхий газарт архивын хэлтэст ажиллаж 2016 онд 2 жил ажиллаж ипотекийн зээлийн болзол хангасан байх үед би аав *******ад хандаж зээлийн тухай ярьж мөнгөн тусламж хүссэн. Энэ үед ******* эрүүл саруул уулзаж, цаг хугацаанд нь ирж байсан. Иргэний хувьд эцэг хүний хувьд 26 жил хаягдсан хүүхдэдээ тусалж, бид хамт явж нотариат орж, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Банк болон бүх урсгал зардал, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байрны болон амь насны даатгалын 2,000,000 гаран төгрөгийг би төлсөн. Дараа нь байр худалдаж авсан татварын хөнгөлөлт 3,000,000 төгрөгийг би хөөцөлдөж мөн урсгал зардлыг би төлж авч өгсөн. Үүний дараа ******* нь гэнэт хувиран зээлийн гэрээг цуцлуулна байраа зар гэж шаардсан. Би хүслээр нь банк бусад газраар явдаг, байр зарагдахгүй банк 114,000,000 төгрөгийн зээлийг хааж ир гэдэг юм. Ингээд би 30 хувийн урьдчилгаа 49,000,000 төгрөг төлөхөөр харин 59,000,000 төгрөгийг аав нь цалингийнхаа 1/4 хувийн хүүтэй тэнцэх мөнгийг нь төлөх л үүрэг үлдсэн. Одоогийн байдлаар миний амьдралд ийм л зовлон байна. Би хөдөлмөрлөж байгаа цаашид ээж болон эцэг *******аас хүсэх нь хүүгийн бодоод ******* одоогийн байдлаар 14 сар 1,392,000 төгрөг төлсөн. Хаягдаж гээгдсэн үрийнхээ төлөө энэ бол их мөнгө биш. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ *******, Ү.Баянтамир 2-н нэр 2-лаа байдаг. Гэрээ цуцлахад харин ч *******ад ашиггүй. Одоо 8 орчим жил үлдсэн учир өмч мөн л *******ад үлдэх боломжтой. Хүн хүнд өгч байхын оронд. Алдсан тоглуулсан итгэл эвдсэн хүн бол ******* биш эх хүү бид 2-ын амьдрал өнчин хаягдсан хүү тоглуулсан амьдралыг харин энэ хүн ямар үнээр үнэлэх бол. Яаж хүүгээ шүүхийн өмнө дуудаж чадаж байна. Дээд боловролтой юмны учир ойлгох хүн шүү дээ. Ингээд дахин хэлэхэд зээлийн гэрээ хийхэд Ү.Баянтамир, *******, Б.Ууганчимэг бид нар ухаан санаа эрүүл бүгд дээд боловсролтой хүмүүс. Үүнийг албадан гарын үсэг зуруулсан юм шиг нэхэмжлэлд бичсэн байдаг. Харин зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болговол бид 2 энэ хүнд мэхлэгдсэн доромжлогдсон амьдрал дээр хүү Ү.Баянтамир нь дахин банк тусламжид хамрагдах эрхгүй болж 2 дахь хохирол үзэх болоод байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь тухайн байрыг өөрийн нэр дээр авсан бөгөөд татварын буцаан олголтоо авчихсан байгаа.

******* нь эхнэрээ нууж намайг залуу байхад минь хуурч мэхэлж, хүүхэдтэй болгоод хаясан хүн. Одоо хүүхэддээ анхаарал тавих ёстой. Өдийг хүртэл би зөвхөн өөрөө хүүгээ өсгөлөө, одоо энэ байр авахад нь ингэж хандаж байгаад гомдолтой байна. Намайг хуурамч баримт бүрдүүлсэн гэж байгаа юм бол шалгуулах газраар нь шалгуулъя. Харин би өөр шигээ хууртагдсан эхчүүдийн хамт ******* шиг хуурамч хүмүүстэй тэмцэнэ гэв.

 

Хариуцагч*******ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ын нэхэмжлэлтэй,*******ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.*******ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.*******ХХК нь Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннүгийн гудамж, Олимп хороололд Тайм тауэр орон сууцны хотхоныг захиалан бариулсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь уг хотхонд орон сууц худалдан авахаар гэр бүлийн хамт борлуулалтын албатай уулзаж орон сууцны төлбөрийг банкны зээлийн эх үүсвэрээр төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь Голомт банканд орон сууцны зээлд хамрагдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга нь бодит үнэнд нийцээгүй байх бөгөөд*******ХХК болон Голомт банк нь *******ыг хууран мэхлэх замаар гэрээнд гарын үсэг зуруулаагүй, орон сууц худалдан авах болон зээлд хамрагдах үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр, хуулийн хүрээнд явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Голомт банк болон *******, Ү.Баянтамир нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай 114,800,000 төгрөгийн зээл авч, ЗГ2105107701 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээг байгуулахдаа Голомт банк хуульд заасан шаардлага болон Монгол банкны журмын дагуу зээлийг олгосон. *******, Ү.Баянтамир нар тус зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний агуулга эрх, үүргээ ойлгож гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд зээлийн гэрээг байгуулж, зээл олгосон. Зээл өгөөд буцаагаад авсан гэж байна. Энэ нь зээлдэгчийн данснаас *******ын, Ү.Баянтамир нарын харилцан тохиролцож байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу*******ХХК-ийн дансанд орсон. Мөн гэрээний 2.10-т Энэхүү зээлийн гэрээний 2 ба түүнээс дээш иргэн байгаа тохиолдолд хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн зээлдэгчээс банк шаардах эрхтэй. гэж заасан байдаг. Суутгалын талаар Иргэний хууль болон гэрээнд банк данснаас нь суутгаж авах талаар зааж өгсөн байгаа. Мөн нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн гэж байна. Бидний зүгээс хууран мэхэлж зээлийн гэрээ хийсэн зүйл байхгүй бөгөөд Иргэний хуульд заасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Голомт банк ХХК болон*******ХХК, Ү.Баянтамир нарт холбогдуулан Голомт банкны 120 мянгат салбар болон *******, Ү.Баянтамир нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ2105107701 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Голомт банкны 120 мянгат салбар болон *******, Ү.Баянтамир нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2105107701 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, банк зээлдэгчид 114,800,000 төгрөгийн зээлийг олгож, мөн өдөр БГ2105107701 дугаартай Ипотекийн гэрээ байгуулагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076894 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 216 байр, 88 тоот, 63,1 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж, талууд барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зээлдэгчид дээрх орон сууцны зээлийн санхүүжилтээр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076894 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 216 байр, 88 тоот, 63,1 м.кв 2 өрөө орон сууцыг Тайм тү Тайм ХХК-иас худалдан авч, *******, Ү.Баянтамир нар орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

Гэвч нэхэмжлэгч *******ын хувьд дээрх орон сууцыг худалдан авах, өөрөө өмчлөгч нь болох хэрэгцээ, шаардлага байгаагүй буюу хүү Ү.Баянтамирын худалдан авч буй орон сууцны зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох хүсэл, зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь Орон сууцны зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар оролцохоор зөвшөөрсөн боловч орон сууцны зээлийн гэрээнд заагдсан өөрийн хүлээх үүрэг, нөхцлийг бүрэн ойлголгүй, өөрийгөө хамтран зээлдэгч хэмээн андуурч үндсэн зээлдэгч, зээлийн үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан болох нь хариуцагч Ү.Баянтамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганчимэг*******ХХК-иас орон сууц худалдан авахаар тохиролцсон, улмаар*******ХХК болон Ү.Баянтамир нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-15/0413 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан, орон сууцны урьдчилгаа төлбөрт 49,218,000 төгрөгийг Ү.Баянтамир худалдагч талд төлсөн мэтээр бодит бус баримтыг бүрдүүлж, банкны зээлд хамрагдсан үйл баримтуудаар тогтоогдлоо.

 

Дээрх орон сууцыг худалдсан*******ХХК нь орон сууцны урьдчилгаа төлбөр 49,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч *******, Ү.Баянтамир нарт холбогдуулан шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Ү.Баянтамир болон Б.Ууганчимэг нарын хүсэлтээр зээлийн гэрээний батлан даагчаар гэрээнд гарын үсэг зурсан, урьдчилгаа төлбрөө төлчихсөн гэхээр нь зөвшөөрөөд гэрээнд гарын үсэг зурсан. Хэрвээ*******ХХК урьдчилгаа төлбөрөө аваагүй бол Голомт банкнаас зээл олгогдохгүй гэж бодож байна гэж тайлбар гаргаж байжээ. Харин хариуцагч Ү.Баянтамир нь нэхэмжлэлийн шаардлага 49,218,000 төгрөгийг*******ХХК-д дангаараа хариуцан төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, зохигч эвлэрснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6539 дүгээр захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгч ******* нь хүссэн хэлцлийнхээ агуулгыг андуурсан буюу хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар Голомт банкны 120 мянгат салбар болон *******, Ү.Баянтамир нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ2105107701 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан, Голомт банкны 120 мянгат салбар болон *******, Ү.Баянтамир нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ2105107701 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 731,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА