Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 234

 

 

С.Ү-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03535 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Ү-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г банк 120 мянгат салбар, “Т” ХХК, Ү.Б нарт тус тус холбогдох

 

Г банкны 120 мянгат салбар болон С.Ү, Ү.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ2105107701 дугаартай орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ү.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Хариуцагч Ү.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Хариуцагч Ү.Б-ын өмгөөлөгч Н.Д,

Хариуцагч Г банк 120 мянгат салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ү нь Б.У-ийн хүсэлтээр орон сууцны зээлийн гэрээний батлан даагчаар гарын үсэг зурахыг зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэгэн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед миний бие маш хүндээр өвдсөн тул зөвхөн банкны ажилчид болон орон сууц худалдаж байгаа “Т” ХХК-ийн хүмүүст итгээд тухайн гэрээнд гарын үсэг зур гэсэн газар нь гарын үсгээ зурсан. Тухайн үед Б.У хүү Ү.Б-тай орон сууц зээлээр авч өгөх гэсэн чинь батлан даагч хэрэгтэй байна. Чи өндөр цалинтай, байнгын ажилтай юм чинь батлан даалт гаргаад өгөөч гэж гуйсан. Өөрөөс чинь ямар ч мөнгө гарахгүй, зөвхөн баталгаа гаргаад өгчих, бид урьдчилгаа төлбөрийг нь төлчихсөн. Ү.Баянтамир өөрөө сар сардаа зээлээ төлөөд явчихна гэж ойлгуулсан. Орон сууц худалдаж байгаа хүмүүс ч урьдчилгаа төлбөрөө авчихсан гэж хэлж байсан. Банкны ажилчид ч батлан даагчаар гарын үсэг зуруулна гэж тайлбарлаж байсан. Ингээд миний бие зөвхөн батлан даалтын гэрээнд гарын үсэг зурчихлаа гэж бодоод явж байтал 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний Г банкны дансанд 114 800 000 төгрөгийн орлого ороод 114 800 000 төгрөгийн зарлагыг надад мэдэгдэлгүйгээр хийсэн байсан. 3 дугаар сарын 03-наас эхлээд сар бүр миний цалингаас Г банк 1 392 840.78 төгрөгийг зээлийн гэрээнд суутгаж авч эхэлсэн. Тухайн үед миний бие маш хүнд байсан учраас энэ талаар асуудал үүсгэж чадаагүй. Харин Ү.Б-аас энэ юу болоод байгаа юм бэ гэж асуухад энэ мөнгийг буцаагаад өгнө гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Т” ХХК-иас байрны урьдчилгаа төлбөрөө төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш Г, “Т” ХХК, Ү.Б нар үгсэн хуйвалдаж, хууран мэхлэж орон сууцны зээлийн гэрээг байгуулж миний итгэлийг эвдэж зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр гарын үсэг зуруулан мэхлэснийг ойлгосон. Тухайн зээлийн гэрээгээр зээлж авсан мөнгийг “Т” ХХК шилжүүлээд авчихсан, Ү.Б нь тухайн орон сууцанд одоог хүртэл амьдарч, Г банк зээлийн хүүгээ, үндсэн төлбөрийн хамт иргэн С.Үнэнбат надаар төлүүлээд байж байгаа нь шударга ёс, бодит байдалд нийцэхгүй байна. С.Ү маш ихээр хохирч байгаа тул хууран мэхлэх аргаар байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ү, Б.У, Ү.Б бид 3 уулзаж, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авах гэж байгаа байрандаа ирж үзээд харилцан ярилцах үед миний аав С.Ү ухаан эрүүл саруул байсан нь үнэн. Ийм учраас миний зүгээс ямар нэгэн хэлбэрээр албадан зуруулаагүй, өөрөө хүлээн зөвшөөрсөн. Байрны зээл гарч “Т” ХХК-ийн дансанд мөнгө ордог журам Г банкинд байдаг гэж банкны эдийн засагч тайлбарладаг. Энэ нь нэхэмжлэлдээ дурдсан 114 000 000 төгрөг юм. Уг нь энэ байрыг Өнөболд гэгч хүний нэртэй Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй иргэн Даваахүү гэгч хүнээс худалдаж авсан байр юм. Энэ байр “Т” ХХК оролцоод байгааг ойлгохгүй байна. Байрны гэрээг итгэл эвдэн гарын үсэг зуруулсан гээд байгааг миний аав болох С.Ү нь 2016-2017 оны 5 дугаар сард шинэ байр анх удаа худалдан авсан татварын хөнгөлөлт 3 000 000 төгрөг өөрийн дансаар шилжүүлэн авч хэрэглэсэн нь энэ хүн огт юу юу ч мэдэхгүй дарамт шахалтад орж банктай хууль бус гэрээнд гарын үсэг зурсан гэж ойлгохгүй байна. Харин хүний амьдрал итгэл эвдэж 26 жил мартсан хүү надад аав эцэг болсон хүнийхээ хувьд түшиг тулгуур болох нь гэж хүүгийнхээ хувьд баярлаж байна гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Олимп хороололд Тайм тауэр орон сууцны хотхоныг захиалан бариулсан бөгөөд нэхэмжлэгч С.Ү нь уг хотхонд орон сууц худалдан авахаар гэр бүлийн хамт борлуулалтын албатай уулзаж орон сууцны төлбөрийг банкны зээлийн эх үүсвэрээр төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь Г банканд орон сууцны зээлд хамрагдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга нь бодит үнэнд нийцээгүй байх бөгөөд “Т” ХХК болон Г банк нь С.Ү-ыг хууран мэхлэх замаар гэрээнд гарын үсэг зуруулаагүй, орон сууц худалдан авах болон зээлд хамрагдах үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр, хуулийн хүрээнд явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд С.Ү-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Г банк болон С.Ү, Ү.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай 114 800 000 төгрөгийн зээл авч, ЗГ2105107701 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээг байгуулахдаа Г банк хуульд заасан шаардлага болон Монгол банкны журмын дагуу зээлийг олгосон. С.Ү, Ү.Б нар тус зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний агуулга эрх, үүргээ ойлгож гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд зээлийн гэрээг байгуулж, зээл олгосон. Зээл өгөөд буцаагаад авсан гэж байна. Энэ нь зээлдэгчийн данснаас С.Ү-ын, Ү.Б нарын харилцан тохиролцож байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу “Т” ХХК-ийн дансанд орсон. Мөн гэрээний 2.10-т Энэхүү зээлийн гэрээний 2 ба түүнээс дээш иргэн байгаа тохиолдолд хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн зээлдэгчээс банк шаардах эрхтэй гэж заасан байдаг. Суутгалын талаар Иргэний хууль болон гэрээнд банк данснаас нь суутгаж авах талаар зааж өгсөн байгаа. Мөн нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн гэж байгаа боловч бидний зүгээс хууран мэхэлж зээлийн гэрээ хийсэн зүйл байхгүй бөгөөд Иргэний хуульд заасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан, Г банкны 120 мянгат салбар болон С.Ү, Ү.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ2105107701 дугаартай орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 731 950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч С.Ү-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ү.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд хариуцагч нарыг хуйвалдаж хууран мэхэлсэн, итгэлийг эвдэн төөрөгдөлд оруулж зээлийн гэрээг байгуулсан гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан бол шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангасан. Гэвч нэхэмжлэгч С.Ү нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн ноцтой төөрөгдснийг нотлох ганц ч нотлох баримт хэрэгт байхгүй болно. Нэхэмжлэгч С.Ү нь ганц 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд биш 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнд, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ипотекийн гэрээнд болон зээл төлөх хуваарьт гарын үсэг зурсан нь түүнийг хууран мэхлэгдээгүйг болон хуссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. С.Ү нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасанчлан хүсэл зоригоо илэрхийлэх үйлдэл, уг илэрхийллийнхээ цар хүрээ, үр дагавар, ач холбогдлын талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл огт алга байгаа болно. Үүнийг мөн орон сууцны гэрчилгээнд С.Ү өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг орон сууцыг худалдан авсан гэж Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан зэрэг олон нөхцөл байдлууд давхар нотлоно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийг хангаж буруу шийдвэрлэсэн. Энэ нь дээр дурдсан гэрээ, баримтуудад С.Ү гарын үсэг зурсан байдалд шүүх дүгнэлт хийгээгүйгээс тодорхой харагдана. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Ү хариуцагч Г банкны 120 мянгат салбар, “Т” ХХК, Ү.Б нарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ2105107701 дугаартай орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Ү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Г”, “Т” ХХК, Ү.Б нар үгсэн хуйвалдаж хуурч мэхлэн итгэл эвдэж зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний батлан даагчаар бус зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас буюу хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл тул талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ2105107701 дугаартай орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч Ү.Б татгалзлаа С.Ү, Б.У нартай 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авах гэж буй байраа үзсэн. Аав С.Ү-ын ухаан санаа эрүүл байсан. Албадаж гарын үсэг зуруулаагүй, татварын хөнгөлөлт өөрийнхөө дансаар шилжүүлэн авсан нь юу ч мэдэхгүй, дарамт шахалтанд орж банктай хууль бус гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “Т” ХХК татгалзлаа тус компани орон сууц бариулсан. С.Ү гэр бүлийн хамт уг орон сууцнаас худалдан авахаар борлуулалтын албатай уулзаж орон сууцны төлбөрийг банкны зээлээр төлөхөөр болж гэрээ байгуулж уг гэрээний дагуу зээлд хамрагдсан. Нэхэмжлэлийн агуулга бодит үнэнд нийцээгүй, түүнийг хууран мэхлэж гэрээнд гарын үсэг зуруулаагүй гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагад нийцэж байгаа эсэх нь эрх зүйн маргааныг тогтоох, хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой байтал шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хоорондын уялдаа холбоог анхаараагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдөл нь тухайн хэлцэл болон түүнээс үүсэх үр дагаврын талаар хэлцлийн аль нэг тал, эсвэл хоёр тал урьдчилан буруу төсөөлсөн байхыг, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хуурч мэхлэх нь хэлцлийн аль нэг тал нь нөгөө талдаа тухайн хэлцэл болон түүнээс үүсэн гарах үр дагаврын талаар зориуд санаатайгаар буруу төсөөлөл бий болгохыг ойлгоно.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээ байгуулахад батлан даагчаар бус зээлдэгчээр гарын үсэг зурж ноцтой төөрөгдсөн, эсхүл хариуцагч “Г”, “Т” ХХК болон Ү.Б нар орон сууцны урьдчилгааг төлсөн гэж хуурч мэхэлсэн, эсвэл ноцтой төөрөгдсөний улмаас хуурч мэхлэгдсэн аль нь болохыг тодруулаагүй буруу байна.

                                                                                                       

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн үр дагавартай холбон тайлбарласан байхад анхан шатны шүүх хэлцлийн үр дагаврын талаар тодруулж дүгнэлт хийгээгүй, зээлийн гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд оруулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болжээ.                                                                                                           /хх-208-209 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт эрх зүйн дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нь ноцтой төөрөгдөж хүсэл зоригоосоо гадуур өөр хэлцэл хийсэн, ямар хэлцэл хийх байснаа орон сууцны зээлийн гэрээ хийсэн талаар дүгнээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсон байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хуулийн хэрэглээ зөв болох учиртай.

 

Иймд анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулан зөвтгөж хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Ү.Б-ын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ү.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ     

           

                             ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ