Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

Б.Э, Б.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Б.Амармөрөн /онлайнаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Л.Батжаргал, Б.Гантөмөр /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: Р.Оюунсүрэн нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/25 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.Э, Б.Н нарт  холбогдох 2029001030103 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын давж заалдах гомдол, прокурор Б.Амармөрөнгийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ц сумд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ц сумд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Э-н цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь шүүгдэгч Б.Э, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б.Н, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2029001030103 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн модон иштэй үнс, шороо мэт саарал өнгийн зүйлээр бохирлогдсон хутганы нийт урт 23 см, ажлын хэсэг нь 12 см, хутганы иш хэсэг нь 11 см урттай, ажлын хэсэгтээ гурван ширхэг зууван хэлбэрийн нүхтэй, модон ишний хоёр талд 2 ширхэг тав тогтоосон, ишний арын дээд хэсэгт оосор хийх нүхтэй, SТЕЕI JAРАN гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хутгыг хэрэгт хавсарган хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ц сумд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н-г хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Э-н цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэмээн Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны товыг тогтоож хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг мөрдөн байцаагч хангаж шийдвэрлэсэн ба шүүх мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгчийн хангаж шийдвэрлэсэн тогтоолоос хийгдээгүй ажиллагаа болох “О, Б нарыг гэрчээр асуух, хохирогч Б.Э, Б.Н нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасны дагуу нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагаа хийлгэх”-ээр, хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болно.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгчийн захирамжид мөрдөгчийн тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “гэрч Б, О нарыг байцаалгах" хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа дээрх ажиллагаа хийгээгүй байх тул дээрх гэрч нарыг байцаах шаардлагатай гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагаанаас гадна шүүх хуралдааны явцад дээрх хуульд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоохоор хуульчилсан.

Хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон асуудлын талаар болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа асуувал зохих гэрч нарыг асууж тодруулсан бөгөөд тэдгээр гэрч нар нь хэргийн үйл баримтын талаар хангалттай мэдүүлсэн, хоорондоо зөрүүгүй байдлаар мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх нэр дурдсан гэрч нарыг байцаах нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Учир нь, гэрч нарыг дахин байцааснаар хэргийн нөхцөл байдал, үйл баримт, шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй юм. Нөгөөтээгүүр дээрх гэрч нарыг байцаах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тохиолдолд шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан тэдгээр гэрч нараас асуулт асуух замаар хариулт авч хэргийн нөхцөл байдал болон нотолбол зохих байдлыг тогтоох, мэдүүлгийн зөрүүг арилгах хууль зүйн хувьд бүрэн боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

“Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд

нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.”, 2 дахь хэсэгт “Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх

хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно." гэж тус тус заажээ.

 Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал нүүрэлдүүлэн байцааж болохоор хуульчилсан байх бөгөөд мөрдөгчийн тогтоолд заасан дээрх ажиллагааг тухайн үед хийлгэхээр гэрч Б.Э, Б.Н нарыг мөрдөгч дуудсан боловч Б.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно. Б.Э, Б.Н нар нь өнөөдрийн тухайд яллагдагч гэх нэр томьёотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дээрх хуулийн заалтаас үзэхэд Б.Э, Б.Н нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа хийгдэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/25 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Амармөрөн эсэргүүцэлдээ: “....1.“Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н, Б.Э нарын мэдүүлэг зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгуулах” гэжээ.      Хохирогч Б.Э-н “...би Н-н машинд очоод Н-г машиндаа сууж байхад нь татаж гаргаж ирээд би түрүүлээд Н-г зодсон. Н миний урдаас зодолдоод байж байхад Б найзтайгаа хамт гарч ирээд Н бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг нь /хх-ийн 73-р хуудас/

- Хохирогч Б.Н-н “...машин дотор байхад дагз руу цохисон. Хэн цохисныг нь мэдэхгүй машинаас буугаад Э-т заамдуулаад зогсож байхад Э-тай хамт явж байсан хоёр залуу салгаад тэр үед нь Э юм уу тэр хоёр залуу цохисныг нь би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэгтэй /хх-ийн 66-р хуудас/ ноцтой зөрүү байхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан “Нүүрэлдүүлж мэдүүлэг авах” үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Э, Б.Н нарыг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн 2029001030103 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба мөн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж хуульчилсан тул дээрх хүмүүсээс нүүрэлдүүлж мэдүүлэг авах боломжгүй байна.

2. Мөн захирамждаа “Гэрч Х.Т, Ж.О нараас мэдүүлэг авах” гэжээ

- 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэрч Ж.О /хх-ийн 88-90-р хуудас/, гэрч Х.Т /хх-ийн 82-84-р хуудас/ тус тус мэдүүлэг авагдсан ба уг мэдүүлгүүд нь хоорондоо ямар нэгэн ноцтой зөрүүгүй, гэрч тус бүр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон асуудал болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх бүх зүйлээ хангалттай мэдүүлсэн байна.

3. “Хохирогч Б.Э-ыг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18-22 цагийн хооронд хаана, хэнтэй, юу хийсэн, гэрч Г.Б, М нараас болсон зүйлийн талаар тодруулах” гэжээ.

- Гэрч Г.Бий “...2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ утсаар тоглоод байж байхад 19 цагийн үед Э ах манай гэрт ирээд хэсэг юм ярьж байгаад намайг дэлгүүр лүү архинд явуулаад би дэлгүүрээс Хараа гэсэн нэртэй 0,5 граммтай архи авсан. Тэгээд тэр архиа Э ахад өгсөн. Э ах тэр архины талыг уугаад манай гэрт унтаад өгсөн. 22 цагийн үед Э ах сэрээд намайг ахынхаа машиныг унаад гэрт хүргээд өг гэсэн” гэх /хх-ийн 80-р хуудас/

- Гэрч Т.М-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Б бид хоёр гар утсаараа тоглоом тоглож байсан. Тэгэхэд цаг хэд болж байсныг санахгүй байна харуй бүрий болж байсан. Тэгэхэд Г.Б-н ажлын газрын ах гээд нэг танихгүй залуу архи уучихсан нэлээн халамцуу хагас шил архи барьчихсан манай гэрт орж ирсэн” гэх мэдүүлгүүдээр /хх-ийн 77-р хуудас/ Б.Э нь 18-22 цагийн орчимд Г.Б, Т.М нарын гэрт байсан тухайн Г.Б, Т.М нарын гэрээс 22 цагийн үед гарч явсан болох нь тогтоогдсон байхад нэг хийгдсэн ажиллагааг дахин хийлгэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрхээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн шалгагдсан ба хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Яллагдагч Б.Э, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2029001030103 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” гэсний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №251 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №144 дугаартай шийтгэх тогтоолоор яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байхад шүүгч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд яллагдагч Б.Э, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2029001030103 дугаартай хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, яллагдагчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/25 дугаартай захирамжийг хүчингүй болгож  өгнө үү" гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд Б.Э, Б.Н нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзлээ.

Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэл болж байна.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх нь яллагдагчийн гэм буруу, нотлох баримтын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх үндэслэл болохгүй ч хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтууд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд хангалттай эсэх, яллах дүгнэлт хуульд заасны дагуу бичигдсэн зэргийг шалгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн тохиолдолд хэргийг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхээр шүүгчийн шийдвэр гаргах ажиллагаа юм. Яллагдагчийг шүүхэд шилжүүлснээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гарах бөгөөд шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол тогтоолын аль нэг хэлбэрээр гарна.

Гэтэл анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн Б.Э, Б.Н нарт холбогдох хэргийг хүлээн авч шийдвэрлэхдээ өмнөх шийтгэл тогтоол гарснаас хойш хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх өөр баримт хэрэгт авагдаагүй байхад, түүнчлэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020ШЗ/251 шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцээгүй тул шүүхийг мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх ...биелүүлнэ ” гэсэн хуулиар хүлээлгэсэн шаардлагыг зөрчиж хууль буруу хэрэглэсэн гэж үзлээ.

Б.Э, Б.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хэрэг мөн гэж үзэн шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ЕШЗ/14 дугаартай захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад хэргийг шүүгч Г.Даваанаран дангаараа буюу бүрэн бус бүрэлдэхүүнээр шүүх хуралдаанаар хэлэлцжээ. Энэ нь шүүх шийдвэр гаргахдаа хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Мөн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэл хуульд нийцээгүй тул шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Л.Б-н давж заалдах гомдол, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Б.А-н эсэргүүцэл үндэслэлтэй байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад нотлон тогтоохоор заасан. Шүүх хуралдаанд оролцогчийг заавал оролцуулахыг хуулиар үүрэг болгоогүй ч мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 1.3-т “шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр” гэж заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцсон хүн анхан шүүх хуралдаанд оролцож болох агуулгыг илэрхийлж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн шийдвэрээр хохирогчоор тогтоогдсон болон гэрчээр мэдүүлэг өгсөн хүнийг хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын дагуу талуудын  хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж  дахин мэдүүлэг авах нь хууль зөрчихгүй. Шүүгчийн захирамжид заасан гэрчийн мэдүүлэг авахаар заасан хүн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн хүн байна.

Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/25 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  шүүгдэгч Б.Э, Б.Н нарт  холбогдох 2029001030103 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр  тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Э, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.НАСАНЖАРГАЛ

                                    ШҮҮГЧИД                                              Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ