| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/01256/И |
| Дугаар | 101/ШШ2022/02135 |
| Огноо | 2022-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/02135
| 2022 05 06 | 101/ШШ2022/02135 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Урианхан овогт Б.Э /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигин овогт М.Ц /рд:/,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Шаргачин овогт Д.Ч /рд:0/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 29,610,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Илүү төлөлт хийсэн 11,659,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч М.Ц, Д.Ч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр надтай №01 тоот зээлийн гэрээ байгуулан 21,500,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг төлөхдөө сар бүрийн хүүг өгч, үндсэн зээлээс 500,000 төгрөгөөс дээш мөнгө төлнө гэж тохирсон. Энэ зээлийг авахдаа зээлдэгч нар байнга гуйж ятгаснаар би байраа Буман дусал ББСБ-д барьцаанд тавьж, мөнгө авч өгсөн. Өөрсдөө цуг явж авсан. Тухайн үедээ зээлээ асуудалгүй төлнө гэж амлаж байсан. Энэ 2 жилийн хугацаанд миний хүсэлтээр хэд хэдэн удаа уулзаж байдал хүнд байгаа тухайгаа би хэлж, зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. Мөн 2020 оны 08 дугаар сард уулзаж, цар тахал гарч байдал хүнд болсон тул миний санаачилгаар зээлийн хүүг 2020 оны 09 сарын 02-ны өдрөөс 3 хувь болгон бууруулсан. Энэ хугацаанд би зээлээ төлөх гэж өөрийн найзынхаа, ээжийнхээ ээмэг бөгжийг ломбарданд 3 хувийн хүүтэй өгч одоо хүртэл авч чадаагүй байна. Мөн хариуцагч нар зээлээ төлөөгүйгээр болоод байрны барьцаа зээлээ сунгасан. Сая тэтгэврийн зээл авч төлж барагдуулсан гэх мэтээр би их хохирч байна. Хариуцагч нар энэ хугацаанд зээлийн хүүд нийт 9,950,000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл болох 21,500,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 8,110,000 төгрөг, нийт 29,610,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Би алданги нэхэмжлэх эрхтэй ч нэхэмжлээгүй болно гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараахи сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна. М.Ц би Б.Э*лтай 1999 онд Буйдхан кафе д ажилтнаар ороод анх танилцсан. 2002 оноос эхлэн Б.Э-аас ахуйн хэрэглээний зээл бага хэмжээгээр зээлээд хугацаанд нь төлөлт хийж өнөөдрийг хүртэл харилцан итгэлцэлтэй хамтрагч нар болсон. 2011 оноос Жуков худалдааны төвд, 2017 оноос эхлэн Лавай худалдааны төвд хүнсний болон барааны лангуу түрээслэн ажилласан хугацаанд барааны эргэлтийн мөнгө шаардлагатай болж Б.Э-д санал тавьсаны дагуу дараахи өдрүүдэд нийт 17,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр үйлдээгүй. 2017 оны 08 сараас 2018 оны 04 сарын хугацаатай харилцан тохирлцож зээлсэн. Үүнд:
2017.08.03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.08.23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017.09.08-ны өдөр 2.300.000 төгрөг, 2017.10.20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018.01.15- ны өдөр 2,000,000 төгрөг, 2018.01 сард 700,000 төгрөг, 2018 оны 02-р сард 1,000,000 төгрөг, 2018.04-р сард 1,000,000 төгрөг тус тус зээлдүүлсэн.
Б.Э-аас зээл авсанаас хойш 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Б.Э-ын Төрийн банкны 0 дансанд 15,794,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0 тоот данснаас, 2019.02.12-2020.01.17-ны өдөр хүртэл хугацаанд Б.Э-ын хаан банкны 0 дансанд өөрийн хаан банкны 0 данснаас болон Худалдаа хөгжлийн банкны 0 данснаас 12,115,900 төгрөг,
нийт 27,909,900 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.
Гэвч анх зээл авахдаа талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр хийх тухай Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй зээл өгсөн нөхцөл байдал нь зээлдэгч нараас Б.Э нь зээлийн хүү шаардах эрхгүй болж байна. Иймд үндсэн зээл 17,000,000 төгрөгийг төлж дуусгасан гэж үзэхээр байгаа тул илүү төлсөн 10,909,900 төгрөгийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн дээрх хугацаанд зээлдэгч нар Б.Э-д харилцан итгээд бичгийн баримт үйлдээгүй 1,500,000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгч байсан удаа ч бий. Гэвч энэ нь баримтгүй байгаа тул бид тооцоонд оруулаагүй болно. Ингээд харилцааны явцад Б.Э нь нэмж 5,000,000 төгрөгийн зээлийг өгөх үед бидний хууль эрхийн мэдлэггүй, хайхрамжгүй байдлыг далимдуулж зээлийн гэрээг хийхдээ 21,500,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлдүүлсэн байдалтай хийсэн нь гэрээгээр халхавчлан, бидний ашиг сонирхолтой байдлыг далимдуулан хууран мэхэлсэн гэрээ хийсэнийг өнөөдөр Б.Э-ын шүүхэд хандсан байдлаас харагдаж байна. Үнэн хэрэгтээ 2020 оны 02.02-08.02 хүртэл хугацаанд 5,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхэд 6 сарын хүүнд 1,500,000 төгрөг, 2020 оны 09 сараас 2022.02.02 хүртэл сарын 3 хувийн хүү төлөхөөр амаар тохирсон тул 18 сарын хугацаанд 2,700,000 төгрөг нийт 4,200,000 төгрөг зээлийн хүүнд, үндсэн зээлд 5,000,000 төгрөг нийт 9,200,000 төгрөг төлөх үүргийг хүлээж мөн амаар тохиролцсон байдаг.
Ингээд талуудын тохиролцооны дагуу Б.Э-ын хаан банкны 0 дансанд 2020.02.02-2021.12.26-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн Худалдаа хөгжпийн банкны 0 данснаас 1,260,000 төгрөг, өөрийн голомт банкны 0 данснаас 1,150,000 төгрөг, Төрийн банкны 0 данснаас 760,000 төгрөг, Хаан банкны 0 данснаас 6,200,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг нийт 9,950,000 төгрөгийг төлсөн байна. Эргэн төлөлтийг Б.Э нь үндсэн нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байдаг тул илүү төлсөн 750,000 төгрөгийг зээлдэгч нар буцаан шаардах эрх үүсч байна.
М.Ц нь Жуков худалдааны төвд 2011-2020 оны 02 дугаар cap хүртэл хугацаанд бэлэн хувцас, хүнсний бараа худалдаалах зориулалтаар талбай түрээслэн ажиллуулж байсан ба цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож цаашид ажиллах боломжгүй болж түрээсийн гэрээгээ цуцалж одоог хүртэл төлбөрийн чадваргүй, орлогогүй болсон байгааг зээлдүүлэгч Б.Э ойлгохгүй, шударга бус хандаж байгаад гомдолтой байна. Иймд Б.Э-аас зээлийн илүү төлөлт хийсэн 11,659,900 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:
Би хариуцагч нартай 20 жил үерхэж байна. 2002 оноос эхлээд тэд надаас мөнгө зээлж байсан. 2017, 2018 онд зээл авахдаа бичгээр гэрээ хийж байгаагүй гэж байна. Би хэзээ ч хүнд бичиг баримтгүй, гарын үсэггүйгээр мөнгө зээлүүлж байгаагүй. Би санхүүгийн техникум төгссөн хүн. Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийсэн гэрээний дагуу нэхэж байна. Хариуцагч нар өөрсдөө надаас 21,500,000 төгрөгийг Хүннү молл дотор байрлах кафед суугаад бэлнээр тоолж авсан. Би хүнтэй амаар тохиролцож мөнгө өгч байгаагүй. Би олон удаа хариуцагч нарт тусалж, мөнгө зээлдүүлж байсан. Ковидын өмнөх 2 жил банкны мөнгө төлөх боллоо гээд мөнгө гуйж байсан, би тэр үед нь дүүгийнхээ байрны мөнгийг хүртэл өгч байсан. Хариуцагч нар хууль мэдэхгүй хүмүүс биш. Лангууны гэрээгээ үзүүлэхэд банкнаас хангалттай мөнгө авдаг юм байна лээ. Нөхөр нь мөн хуулийн дээд сургууль төгссөн хүн. Хэзээч 5,000,000 төгрөг зээлж авч байгаа бол 21,500,000 төгрөг зээлдүүлсэн гэрээнд гарын үсэг зурахгүй. 21,500,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болохоо зээлийн гэрээний ар талд өөрөө тодорхой бичсэн байгаа. Тиймээс тэд мөнгөн дээр салан задгай хандаж гарын үсэг зурахгүй. Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээний дагуу л өөрийн өгсөн мөнгөө нэхэж байна. Хариуцагч нар надаас 2017-2018 онуудад бага, багаар хэд хэдэн удаа мөнгө зээлж авч байсан нь үнэн. Тухайн үед авч байсан зээлээ дор дор нь төлөөд дуусгасан. Авсан зээлээ төлөөд дуусгачихдаг байсан учраас би итгэж 21,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан 2020 оны 01 дүгээрсарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Буман дусал ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, кассын орлогын ордер, төлбөр төлсөн баримтууд, зээл төлөлтийн дансны хуулга, Начин заан ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд, тэтгэврийн зээлийн өргөдөл,
- хариуцагчаас гаргасан Мегамолл ХХК-ийн тодорхойлолт, зээлийн төлөлт хийсэн тооцоо, Хаан банк ХХК, Төрийн банк ХХК, Голомт банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч М.Ц, Д.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч М.Ц нь зээлийн төлбөрт илүү төлсөн 11,659,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ ...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 21,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж,
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг л зээлж авсан. Хууль мэдэхгүй байдлыг далимдуулан зээлийн гэрээний үнийн дүнг 21,500,000 төгрөг гэж гарын үсэг зуруулсан гэж,
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө Б.Э-аас 2017-2018 онуудад зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр удаа дараа мөнгө зээлж авч байсан ба буцааж төлөхдөө зээлийн хүү төлж байсан. Гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй тул 2017-2018 онуудад 10,909,900 төгрөг илүү төлөлт хийсэн. Тухайн үед авсан зээлээ бүрэн төлөөд дуусгасан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний зээлийн гэрээнд илүү төлөлт хийсэн 750,000 төгрөг, нийт 11,659,900 төгрөгийг гаргуулна гэж,
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ...2017-2018 онуудад зээлийн гэрээг тухай бүрт нь бичгээр байгуулж байсан. Хариуцагч нар 2002 оноос эхлэн тасралтгүй их, бага хэмжээгээр удаа дараа зээл авч байсан. Сөрөг нэхэмжлэлээр шаардаад байгаа 2017-2018 онуудад зээлдүүлж байсан мөнгийг зээлийн гэрээ байгуулж өгч байсан ба тухайн үедээ зээлээ төлөөд дууссан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээ нь тусдаа байгуулагдсан гэрээ бөгөөд илүү төлөлт хийсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж няцаасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч М.Ц нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.Э нь 21,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдүүлэх, М.Ц нь сар бүр 5 хувийн хүү төлөх, тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 6 дугаар тал/
Дээрх зээлийн гэрээний арын хуудсанд ...21,500,000, хорин нэгэн сая таван зуун мянган төгрөг авлаа. Ц, нөхөр Д.Ч Жич: сар бүр хүүгээ өгөөд үндсэн зээлээс 500 мянгаас доошгүй өгнө. 2020.01.31-нд гэж тэмдэглэгдсэн байна.
Хариуцагч М.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр 21,500,000 төгрөгийг аваагүй, 5,000,000 төгрөгийг зээлдэж авсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэрээр зээлийн гэрээний арын хуудсанд бичигдсэн дээрх бичвэрийг өөрөө бичсэн үйл баримтад маргаагүй атлаа ...хууль мэдэхгүй байдлыг далимдуулж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна.
Хариуцагч М.Ц нь зээлийн гэрээнд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 21,500,000 төгрөгийг хүлээн авсан болохоо өөрөө бичиж баталгаажуулсан зэрэг үйл баримтыг талуудаас гаргасан тайлбартай харьцуулан үзэхэд талуудын хооронд 21,500,000 төгрөгийн хэмжээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зээлдүүлэгч Б.Э нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээний зүйл болох 21,500,000 төгрөгийг зээлдэгч М.Ц бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь зээлдэгчийн мөнгө хүлээн авсан талаархи түүний бичвэрээр тогтоогдсон тул тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагджээ.
Хариуцагч М.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлах атлаа уг гэрээний дагуу үндсэн төлбөр, хүүд нийт 9,950,000 төгрөг төлсөн. 5,000,000 төгрөгөөс хүү тооцвол 9,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба илүү 750,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь харилцан зөрүүтэй тайлбарлаж гаргаж байна. Өөрөөр хэлбэл, 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр хүлээн авсан бол илүү төлөлт хийх ямар шалтгаан байсан талаарх үндэслэлээ хариуцагч тайлбарлаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Зохигчдын хэн аль нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.Цэцгээгээс 9,950,000 төгрөгийг төлсөн үйл баримтыг тайлбарласан. Талууд зээлийн гэрээний хүүг сарын 5 хувиар тохирсон байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан хүүг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 3 хувь болгон бууруулж нэхэмжилсэн.
Зээлдэгчийн нийт гүйцэтгэвэл зохих үүргийг тооцож үзвэл үндсэн төлбөр 21,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 сарын хүүг 5 хувиар тооцоход 6,450,000 төгрөг / 5 хувь, 1 сарын 1,075,000 төгрөг/ , 2020 оны 09 дүгээр 02-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 18 сарын хүүг 3 хувиар тооцоход 11,610,000 төгрөг /3 хувь, 1 сарын 645,000 төгрөг/, нийт 39,560,000 төгрөг байна. Гүйцэтгэвэл зохих 39,560,000 төгрөгийн үүргээс зээлдэгч М.Ц-ийн төлсөн 9,950,000 төгрөгийг хасч тооцвол 29,610,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Э-д төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч М.Ц-с 29,610,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Ч-тай зээлийн гэрээ байгуулаагүй атлаа эхнэр М.Ц-ийн хамт ирж мөнгийг авсан гэж тайлбарлаж, зээлийн төлбөрийг хамтран төлөх үүрэгтэй гэж түүнээс зээлийн мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй байх тул хариуцагч Д.Ч-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагч М.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,300,000 төгрөг, 2017 оны 10 сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 700,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сард 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Э-аас зээлж авсан. Дээрх мөнгөн хөрөнгүүдийг бичгээр зээлийн гэрээг байгуулалгүй зээлдэж авдаг байсан ба тухай үед нь бүрэн төлж барагдуулсан. Харин зээлийн төлөлтийг тухай бүрт төлөхдөө зээлийн хүү төлсөн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхгүй тул дээрх мөнгөн хөрөнгүүдэд тооцон төлсөн хүү нийт 10,909,900 төгрөгийг гаргуулна гэж шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болох 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнээс өмнөх цаг хугацаанд байгуулагдсан буюу 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгийн хүүд төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасанд хамаарахгүй байна.
Нөгөө талаар, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй.
Мөн хариуцагч М.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр 21,500,000 төгрөгийг зээлдэн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул уг гэрээний дагуу илүү 750,000 төгрөг төлсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч М.Ц-с гаргасан зээлийн төлбөрт илүү төлөлт төлсөн гэх нийт 11,659,900 /750,000+10,909,900/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс хэрэгт цуглуулж өгсөн хэргийн 115-158 дугаар талд авагдсан Буман дусал ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, кассын орлогын ордер, төлбөр төлсөн баримтууд, зээл төлөлтийн дансны хуулга, Начин заан ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримт, тэтгэврийн зээлийн өргөдөл зэрэг баримтууд нь энэ хамааралгүй байх тул шүүх үнэлээгүй болно.
Мөн хэргийн 37-104 дүгээр талд авагдсан хариуцагчаас гаргасан дансны хуулгууд нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд хамааралгүй, 2017-2019 оны баримтууд байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.Ц-с 29,610,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, хариуцагч Д.Ч-д холбогдох болон нэхэмжлэгч Б.Э-с 11,659,900 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Ц-с гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 306,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 202,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид 306,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ